Христиан гэр бүлүүд ээ, Есүсийн жишээг дуурайгтун
«[Христ] та нарыг Өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайллыг үлдээсэн» (1 ПЕТР 2:21).
1. а) Бурхны Хүү бүтээх ажилд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? б) Есүс хүн төрөлхтөнд хэрхэн ханддаг вэ?
БУРХАН тэнгэр газрыг бүтээхэд ууган Хүү нь оролцож, «уран дархнаар» ажиллажээ. Хүү Эцэг Еховатайгаа хамтран ажиллаж, олон төрөл зүйлийн амьтан, ургамлыг бүтээлцэж, хүн төрөлхтөнд зориулсан Диваажинг бэлдэлцсэн. Хожим нь Есүс гэдэг хүн болсон Бурхны Хүү хүмүүст их хайртай байсан. Тэрбээр «хүмүүсийн хөвгүүдээр бахдан байв» (Сур. 8:27–31, МБОХ, 2000; Эх. 1:26, 27).
2. а) Ехова төгс бус хүн төрөлхтний төлөө юу хийсэн бэ? б) Юунд тустай заавар зөвлөгөө Библид байдаг вэ?
2 Анхны хосыг нүгэл үйлдэхэд Ехова нүгэлт хүн төрөлхтнийг аврах арга хэмжээ авсан нь санаа зорилгынх нь нэг хэсэг болсон. Тэрбээр хүн төрөлхтнийг аврахын тулд Христийг золиос болгосон (Ром 5:8). Түүнээс гадна, хүмүүсийг төгс бус ч гэсэн жаргалтай амьдрахад нь тус болох зааврыг өөрийн Үг буюу Библиэр өгчээ (Дуу. 119:105). Еховагийн Үгэнд гэр бүлийг бат бэх, аз жаргалтай байлгахад зориулсан зөвлөгөө байдаг. «Эхлэл» номд гэр бүлийн талаар: «Эр хүн ... эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу» хэмээжээ (Эх. 2:24).
3. а) Есүс гэр бүлийн талаар юу заасан бэ? б) Энэ өгүүллээр юу авч үзэх вэ?
3 Бурхан гэр бүлийг үүрдийн холбоо байлгахаар санаачилсныг Есүс дэлхийд байхдаа онцлон тэмдэглэсэн. Бас нөхөр эхнэрийн харьцааг муутгадаг, гэр бүлийн аз жаргалыг үгүй хийдэг зан чанар, үйл хэргээс зайлсхийхэд туслах зарчмуудыг зааж сургасан (Мат. 5:27–37; 7:12). Энэ өгүүллээс нөхөр, эхнэр, эцэг эх, хүүхдүүд Есүсээс суралцан, жишээг нь хэрхэн дуурайж, гэр бүлээрээ аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарч болохыг мэдэж авцгаая.
Христиан нөхөр эхнэрээ хүндэтгэдэг
4. Есүсийн болон христиан нөхрүүдийн үүрэг юугаараа ижил бэ?
4 Бурхны тогтоосон журмаар, христиан хурлын Тэргүүн нь Есүс, өрхийн тэргүүн нь нөхөр юм. Элч Паул: «Христ чуулганы толгой байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ толгой юм. Христ Өөрөө тэр биеийн Аврагч мөн. Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла» гэж бичсэн (Ефес 5:23, 25). Үнэхээр ч Есүс шавь нартаа хэрхэн ханддаг байсан нь христиан эрчүүдэд эхнэртээ хэрхэн хандахын үлгэр жишээ болдог. Есүс Бурхны өгсөн эрх мэдлийг хэрхэн эдэлдэг байсныг үзье.
5. Есүс эрх мэдлээ хэрхэн эдэлдэг байсан бэ?
5 Есүс «зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу» хүн байсан (Мат. 11:29). Гэхдээ хичээл зүтгэлтэй, бас хүлээсэн үүргээ хэзээ ч хөсөрдүүлдэггүй байв (Марк 6:34; Иох. 2:14–17). Шавь нартаа сайхан сэтгэлийн үүднээс зөвлөгөө өгдөг, шаардлагатай бол дахин дахин засаж залруулдаг байв (Мат. 20:21–28; Марк 9:33–37; Лук 22:24–27). Гэхдээ тэднийг харааж зүхдэггүй, гутаан доромжилдоггүй байсан. Бас хайрлуулах эрхгүй, заасныг нь ч хэрэгжүүлэх чадваргүй гэх бодлыг шавь нартаа төрүүлдэггүй байжээ. Харин ч тэднийг магтаж, зоригжуулдаг байсан (Лук 10:17–21). Шавь нараа хайрладаг, өрөвдөн энэрдэг байсан учир хайр хүндэтгэлийг нь хүлээсэн нь гайхах хэрэг биш ээ.
6. а) Есүс шавь нартаа хэрхэн ханддаг байснаас нөхөр хүн юунд суралцаж болох вэ? б) Петр нөхрүүдэд яахыг уриалсан бэ?
6 Есүсийн жишээг харахад христиан эрэгтэй тэргүүний эрхээрээ далайлган, дарангуйлан захирах бус, харин ч өөрийгөө золиослон бусдыг хүндэтгэж, хайрлах ёстой ажээ. Элч Петр нөхрүүдэд Есүсийг дуурайн эхнэрээ «хүндэтгэж» амьдрахыг уриалсан (1 Петр 3:7-г уншина уу). Тэгвэл христиан нөхөр эрх мэдэл эдлэхийн зэрэгцээ эхнэрээ хэрхэн хүндэтгэж болох вэ?
7. Нөхөр хүн эхнэрээ хүндэтгэдгээ юугаар харуулж болох вэ? Жишээгээр хэлнэ үү.
7 Нөхөр гэр бүлдээ хамаатай шийдвэр гаргахдаа эхнэрийнхээ санал бодол, сэтгэл санааг харгалзан үзэх нь эхнэрээ хүндэтгэдгээ харуулж байгаа хэрэг юм. Жишээлбэл, өөр газар нүүх, ажлаа солих эсвэл амралтаараа хаашаа явах, юмны үнэ нэмэгдэхэд мөнгө төгрөгөө юунд, яаж зарцуулах гэх мэтийн асуудлыг шийдэх хэрэгтэй боллоо гэж бодъё. Гэр бүлийнхээ бүх хүнд хамаатай иймэрхүү асуудлыг шийдэхдээ өрхийн тэргүүн эхнэрийнхээ саналыг харгалзан үзэх нь зөв бөгөөд ач тустай. Эхнэртэйгээ зөвлөвөл илүү ухаалаг, оновчтой шийдвэр гаргаж болох юм. Бас нөхөртөө захирагдахад эхнэрт нь амар байх болно (Сур. 15:22). Эхнэрээ хүндэтгэдэг христиан эрэгтэй эхнэрийнхээ хайр, хүндэтгэлийг, хамгийн гол нь, Еховагийн сайшаалыг хүлээдэг (Ефес 5:28, 29).
Эхнэр нөхрөө гүн хүндэтгэдэг
8. Еваг дуурайх ёсгүйн учир юу вэ?
8 Эрх мэдэлд захирагдахын төгс үлгэр жишээг Есүс христиан эхнэрүүдэд үзүүлсэн. Есүс болон анхны эмэгтэй эрх мэдэлд хэрхэн хандсаныг харьцуулахад эрс ялгаа гардаг. Ева эхнэрүүдэд сайн жишээ үзүүлж огт чадаагүй. Ехова Евад зориулж томилсон тэргүүнээр нь заавар өгүүлдэг байсан. Гэвч тэрбээр нөхрийнхөө эрх мэдлийг хүндэтгэлгүй, дамжуулсан зааврыг нь зөрчсөн (Эх. 2:16, 17; 3:3; 1 Кор. 11:3). Ева мэхлэгдсэн нь үнэн. Гэхдээ тэрбээр Бурхан юу мэддэгийг мэддэг мэтээр хэлсэн тэр дууг дагах эсэхээ нөхөртэйгөө ярилцах ёстой байсан. Гэтэл бүдүүн зүрх гарган нөхөртөө зааж зааварлажээ (Эх. 3:5, 6; 1 Тим. 2:14).
9. Есүс эрх мэдэлд захирагдах талаар ямар жишээ үзүүлсэн бэ?
9 Харин Есүс Тэргүүндээ захирагдах талаар төгс жишээ болсон. Тэрбээр «Бурхантай тэгш байх явдлыг Өөртөө хадгалах зүйл гэж үздэггүй» байснаа зан чанар, үйл хэргээрээ харуулсан. Есүс «Өөрийгөө хоосолж, боолын дүрийг авсан» билээ (Флп. 2:5–7). Эдүгээ Есүс Хааны эрх мэдэлтэй болсон ч урьдынх шигээ байгаа. Тэрбээр бүхий л талаар Эцэгтээ даруухнаар захирагддаг бөгөөд эрх мэдлийг нь бүрэн дүүрэн дэмждэг (Мат. 20:23; Иох. 5:30; 1 Кор. 15:28).
10. Нөхрийнхөө эрх мэдлийг хүндэтгэдэг эхнэр яадаг вэ?
10 Христиан эхнэр Есүсийн жишээгээр нөхрийнхөө эрх мэдлийг дэмжих учиртай (1 Петр 2:21; 3:1, 2-ыг уншина уу). Нөхрөө хүндэтгэдгээ хэрхэн харуулж болохыг жишээгээр үзье. Хүү нь ямар нэг арга хэмжээнд оролцох гэж ээжээсээ асуужээ. Хүү энэ тухайгаа эцэг эхдээ урьдчилж хэлээгүй учир ээж нь ааваасаа асуусан эсэхийг нь лавлах нь зүйтэй. Асуугаагүй бол ээж нь өөрөө шийдэхийн оронд нөхөртэйгөө ярилцах хэрэгтэй. Түүнээс гадна, христиан эхнэр хүүхдүүдийнхээ дэргэд нөхрийнхөөсөө өөр санал гаргах юм уу ухаалаг шийдвэр гаргах чадваргүй мэтээр ярих учиргүй. Нөхрөөсөө өөр саналтай бол хоёулхнаа ярилцах нь зүйтэй (Ефес 6:4).
Есүс эцэг эхчүүдэд үлгэр жишээ үзүүлсэн
11. Есүс эцэг эхчүүдэд ямар жишээ үзүүлсэн бэ?
11 Есүс гэр бүлийн амьдрал зохиож, үр хүүхэдтэй болоогүй ч христиан эцэг эхчүүдэд сайхан жишээ үзүүлсэн юм. Ингэж хэлэхийн учир юу вэ? Тэрбээр шавь нараа хайрлаж, тэвчээр гарган, үг яриа, үлгэр жишээгээрээ сургадаг байсан. Өгсөн даалгавраа яаж биелүүлэхийг өөрөө үлгэрлэн үзүүлсэн (Лук 8:1). Есүсийн шавь нар бие биетэйгээ яаж харьцах учиртайгаа Багшийнхаа харьцаанаас мэдэж авсан (Иохан 13:14–17-г уншина уу).
12, 13. Эцэг эхчүүд хүүхдүүдээ Бурхнаас эмээдэг болгоё гэвэл яах шаардлагатай вэ?
12 Ер нь, хүүхэд эцэг эхийнхээ сайныг ч, саарыг ч дуурайдаг. Тиймээс эцэг эхчүүд ээ, «Бид зурагт, кино үзэх гэх мэтийн асуудалд хэдэн цаг зарцуулдаг вэ? Библи судлах, дэлгэрүүлэх зэрэгт хэдэн цаг зарцуулдаг вэ? Үүгээрээ хүүхдүүддээ ямар жишээ үзүүлдэг вэ? Манай гэр бүл юуг эн тэргүүнд тавьдаг вэ? Еховаг шүтэх шүтлэгийг амьдралынхаа гол зорилго болгодгоо, аливаа шийдвэр гаргахдаа бодолцон үздэгээ жишээгээр харуулдаг бил үү?» гэж өөрсдөөсөө асуугаарай. Үр хүүхдээ Бурхнаас эмээдэг болгоё гэвэл эцэг эхчүүд Бурхны хуулийг юуны түрүүнд өөрсдийнхөө зүрх сэтгэлд шингээх учиртай (Д.хууль 6:6).
13 Эцэг эхчүүд Библийн зарчмыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг бол хүүхдүүд нь үүнийг заавал ажигладаг. Тийм эцэг эхийн үг яриа, захиас сургаал жинтэй тусдаг. Харин эцэг эх нь Библийн зарчим гэж ярихаас хэтэрдэггүйг ажигладаг хүүхдүүд Библийн зарчмыг чухал бус гэх юм уу амьдралд хэрэгжүүлэх боломжгүй гэж үздэг болох талтай. Улмаар ертөнцийн дарамт шахалтад буугаад өгчихдөг болж мэднэ.
14, 15. Эцэг эхчүүд үр хүүхдээ юуг эрхэмлэдэг болгох хэрэгтэй вэ? Үүний тулд яах хэрэгтэй вэ?
14 Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг дан ганц материаллаг хэрэгцээг нь хангах ажил биш болохыг христиан эцэг эхчүүд ойлгодог. Тиймээс хүүхдээ эд хөрөнгө хураах зорилготой хүн болгон хүмүүжүүлбэл туйлын харалган хэрэг болно (Ном. 7:12). Есүс сүнслэг зүйлийг эн тэргүүнд тавихыг шавь нартаа сургасан (Мат. 6:33). Тиймээс христиан эцэг эхчүүд Есүсийг дуурайж, үр хүүхдэдээ сүнслэг зорилго тавих хүсэл эрмэлзэл төрүүлэх нь зүйтэй.
15 Хүүхдүүдээ Бурханд үйлчлэх чин хүсэлтэй болгох нэг арга нь тэднийгээ бүрэн цагийн үйлчлэгчидтэй танилцуулах явдал юм. Тухайлбал, өсвөр насны хүүхэд эхлэгчид, дүүргийн харгалзагч болон эхнэртэй нь танилцаад хэчнээн их урам зориг авахыг бодоод үзээрэй. Миссионерууд, бетелчид, олон улсын барилгачид Еховад үйлчлэх нь ямар их баяр баясгалан авчирдгийг урамтай сайхан ярьж болох юм. Өөр сонин сайхан түүх ч ярих байх. Бас өөрсдийгөө золиослон Еховад үйлчилдэг тэдний жишээгээр танай хүүхдүүд ухаалаг шийдвэр гаргаж, Бурханд үйлчлэх зорилго тавиад, бүрэн цагаар үйлчлэхийн тулд амьдралаа авч явахад тохирсон мэргэжил эзэмшихээр шийдэж болох шүү дээ.
Хүүхдүүд ээ, Есүсийн жишээг дуурайхад юу туслах вэ?
16. Есүс эцэг эх болон тэнгэрийн Эцгээ хэрхэн хүндэтгэдэг байсан бэ?
16 Хүүхдүүд ээ, Есүс та нарт ч бас сайн жишээ үлдээсэн. Тэрбээр Иосеф Мариа хоёрын халамжид өссөн бөгөөд тэдэнд дуулгавартай байсан (Лук 2:51-ийг уншина уу). Тэд төгс бус ч гэсэн өөрийг нь өсгөж хүмүүжүүлэх үүргийг Бурхнаас авсныг Есүс ойлгодог байсан. Тийм ч учраас тэднийг хүндэтгэх ёстой байв (Д.хууль 5:16; Мат. 15:4). Хожим нь Есүс нас бие гүйцээд тэнгэрийн Эцэгтээ тааламжтай зүйлийг цаг ямагт үйлдэж байжээ. Үүний тулд сорилтыг тэвчих шаардлагатай байсан (Мат. 4:1–10). Хүүхэд залуус та бүхэнд ч заримдаа эцэг эхийнхээ үгэнд ормооргүй санагдах үе гардаг байж болох юм. Тийм үед Есүсийн жишээг дуурайхад юу туслах вэ?
17, 18. а) Хүүхэд залуус сургууль дээрээ ямар бэрхшээлтэй тулгардаг вэ? б) Сорилтыг давахын тулд юуг санаж явах хэрэгтэй вэ?
17 Танай сургуулийн ихэнх хүүхэд Библийн хэм хэмжээг бараг тоодоггүй юм уу огт хэрэгсдэггүй байх. Чамайг зохисгүй хэрэгт уруу татдаг, оролцохгүй гэхлээр чинь шоолдог байж болох юм. Өөрсдийнх нь хийдгийг хийхгүй гэснээс болж чамд нэр хоч өгдөг үү? Тэгэхэд нь яадаг вэ? Тэднээс айгаад, тэдэнтэй адил болбол эцэг эхээ ч, Еховаг ч гомдооно гэдгээ мэддэг биз ээ. Сургуулийнхаа хүүхдүүдийг дуурайвал эцэст нь юу болох вэ? Бодвол, чи эхлэгч, туслах үйлчлэгч болох эсвэл дэлгэрүүлэгчийн хэрэгцээ ихтэй нутаг юм уу Бетелд үйлчлэх гэх зэргийн зорилго өмнөө тавьсан биз ээ. Тэгвэл сургуулийнхаа хүүхдүүдтэй нөхөрлөх нь тэр зорилгодоо хүрэхэд тус болох уу?
18 Христиан хурлын залуус та бүхэнд итгэлийн сорилт тулгардаг уу? Тулгарахад нь яадаг вэ? Бидэнд үлгэр жишээ үзүүлсэн Есүсийг бодоорой. Есүс сорилтод бууж өгдөггүй байсан бөгөөд зөв гэж мэддэг зүйлийнхээ төлөө тууштай зогсдог байсан шүү дээ. Үүнийг санаж явбал буруу гэж мэддэг юмыг бусдын ятгалгад автан хийхгүй гэдгээ шуудхан хэлэх эр зоригтой байж чадна. Есүсийг дуурайн, Еховад дуулгавартай, баяр баясгалантай үйлчлэх ирээдүйгээ санаж яваарай (Евр. 12:2).
Гэр бүлээрээ жаргалтай амьдрахын нууц
19. Жинхэнэ аз жаргалын нууц юунд оршдог вэ?
19 Ехова Бурхан, Есүс Христ хоёр хүн төрөлхтөнд хамгийн сайн сайхныг хүсдэг. Одоохондоо бид төгс бус ч гэсэн тодорхой хэмжээгээр жаргалтай амьдрах боломжтой (Ис. 48:17, 18; Мат. 5:3). Есүс жаргалтай амьдралын үндэс болдог Бурхны тухай үнэнийг заасан. Түүгээр зогсохгүй, амьдралын хамгийн зөв замыг заасан. Бас утга учиртай амьдарч, зөв үзэл бодолтой байхын үлгэр жишээг өөрийн биеэр үзүүлсэн. Бид гэр бүлдээ ямар ч үүрэг хүлээдэг байсан, Есүсийн жишээг дуурайвал ач тусыг нь хүртэнэ. Тиймээс нөхрүүд ээ, эхнэрүүд ээ, эцэг эхчүүд ээ, хүүхдүүд ээ, Есүсийн жишээг дуурайгтун! Гэр бүлээрээ аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрахын нууц нь Есүсийн сургаалыг хүлээн авч, жишээг нь дагахад оршдог.
Хариулна уу
• Нөхөр хүн Бурхны оноосон эрх мэдлийг хэрхэн эдлэх нь зүйтэй вэ?
• Эхнэр хүн Есүсийн жишээг яаж дуурайж болох вэ?
• Есүсийн шавь нартаа хэрхэн ханддаг байснаас эцэг эхчүүд юу сурч болох вэ?
• Хүүхэд залуус Есүсийн жишээнээс юу сурч болох вэ?
[8-р хуудасны зураг]
Халамжтай нөхөр гэр бүлдээ хамаатай шийдвэр гаргахаасаа өмнө яадаг вэ?
[9-р хуудасны зураг]
Нөхрийнхөө эрх мэдлийг дэмждэгээ харуулах ямар нөхцөл эхнэр хүнд гарч болох вэ?
[10-р хуудасны зураг]
Хүүхдүүд эцэг эхийнхээ сайн үлгэр жишээг дуурайдаг