Одоо урьд хожид байгаагүйгээр сэргэг байгтун!
«Бусдын адил унталгүй, харин сэргэг бөгөөд эрүүл ухаантай байцгаая» (1 ТЕСАЛОНИК 5:6).
1, 2. а) Помпей Геркуланум хоёр ямар хот байсан бэ? б) Эдгээр хотын суугчид ямар сануулгыг үл тоомсорлосон бэ? Үүнээс болж ямар уршигт хүрсэн бэ?
МАНАЙ эриний нэгдүгээр зуунд Везувий галт уулын бэлд Ромын Помпей, Геркуланум гэдэг цэцэглэн хөгжсөн хоёр хот байжээ. Энэ хоёр хот чинээлэг ромчуудын амарч зугаацдаг газар байв. Театруудад нь мянга гаруй хүн багтдаг бөгөөд Помпей хотын их амфитеатрт хотынхон бараг тэр чигээрээ багтахаар байсан аж. Хожим археологчид Помпей хотод 118 зоогийн газар байсныг тогтоожээ. Тэдгээрийн зарим нь мөрийтэй тоглоомын болон янхны газар байжээ. Тэнд садар самуун хийгээд эд хөрөнгөний хойноос хөөцөлдөх явдал газар авсан байсныг хана туурганы зураг болон бусад олдвор гэрчилдэг.
2 МЭ 79 оны наймдугаар сарын 24-нд Везувий галт уул оргилж эхэлжээ. Их үнс, тоос цацаж эхлэхэд, хоёр хотын оршин суугчид дүрвэн зугтсан бололтой гэж галт уул судлаачид үздэг. Үнэхээр ч олон хүн тэндээс явжээ. Гэтэл зарим хүн аюулыг дутуу үнэлсэн юм уу, сануулгыг үл тоомсорлосноос үлдэхээр шийджээ. Гэнэт шөнө дундын хирд уулнаас их хэмжээний халуун хий гарч, галт уулын тоос, чулуу Геркуланум уруу нүргэлсээр буун ирж, тэнд үлдсэн хүмүүс бүгд багтран үхжээ. Өглөө нь яг адилхан явдал болж, Помпей хотод байсан амьтай бүхэн үрэгджээ. Аюулын дохиог үл тоомсорлосон нь ийм эмгэнэлд хүргэжээ!
Иудейн эд юмсын тогтолцооны төгсгөл
3. Иерусалимын сүйрэл нь Помпей болон Геркуланум хотын мөхөлтэй юугаараа адил байсан бэ?
3 Помпей болон Геркуланум хотын мөхөл аймшигтай байсан ч уг явдлаас есөн жилийн өмнө, хүний гараар үйлдэгдсэн Иерусалимын сүйрэл түүнээс бүр ч илүү аймшигтай байжээ. Иерусалимын бүслэлтийг «түүхэн дэх хамгийн аймшигт бүслэлт» гэдэг бөгөөд сая гаруй иудей хүн үрэгдсэн тухай мэдээ байдаг. Гэхдээ Помпей болон Геркуланум хотынхонд аюулын дохио өгч байсан шиг Иерусалимын сүйрэл болохыг урьдчилсан сануулж байсан билээ.
4. Эд юмсын тогтолцооны төгсгөл ойрхон байгааг заах ямар ямар шинж тэмдгийг Есүс дагалдагчдадаа сануулж хэлсэн бэ? Энэ зөгнөл анх нэгдүгээр зуунд яаж биелсэн бэ?
4 Есүс Христ Иерусалим сүйрэх тухай урьдаас хэлж, дайн дажин дэгдэх, өлсгөлөн болох, газар хөдлөх, ёс бус байдал даамжрах зэрэг үйл явдал сүйрлийн өмнө өрнөх учиртайг сануулжээ. Хуурамч зөнчид үйл ажиллагаагаа идэвхтэй явуулах боловч Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ дэлхий дахинд тунхаглагдах байв (Матай 24:4–7, 11–14). Есүсийн үг өнөөдөр өргөн цар хүрээтэй биелж байгаа хэдий ч нэгдүгээр зуунд бага хэмжээгээр бас биелсэн юм. Тухайлбал, Иудейд аймшигтай өлсгөлөн болсныг түүхэнд тэмдэглэжээ (Үйлс 11:28). Түүнчлэн, Иерусалим сүйрэхээс өмнөхөн тэр орчимд газар хөдөлснийг еврейн түүхч Иосеф тэмдэглэсэн байдаг. Иерусалимын төгсгөл ойртохын хэрээр бослого хөдөлгөөн, Иудейн улс төрийн бүлэглэлүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн, мөн иудей болон иудей биш хүмүүс хамт суудаг зарим хотод хүмүүсийг олноор нь алж хядах хэрэг байнга гарах болжээ. Гэлээ ч Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ «тэнгэрийн доорх бүх бүтээлд» тунхаглагдаж байлаа (Колоссай 1:23).
5, 6. а) МЭ 66 онд Есүсийн хэлсэн ямар зөгнөл биелсэн бэ? б) МЭ 70 онд Иерусалим устахад яагаад тийм олон хүн үрэгдсэн бэ?
5 Эцэст нь, МЭ 66 онд иудейчүүд Ромын эсрэг босжээ. Цести Галлыг цэргээ дагуулаад Иерусалимыг бүслэхээр ирэхэд дагалдагчид нь Есүсийн: «Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, энэ хотын эзгүйрэх нь ойрхон буйг мэдэх болно. Тэгэхэд Иудейд байгаа хүмүүс уулс уруу зугтаг, хотод байгаа хүмүүс тэндээс гараг. Хөдөө байгаа хүмүүс хот уруу бүү орог» гэж хэлж байсныг санажээ (Лук 21:20, 21). Иерусалимаас явах цаг болсон байлаа. Харин тэндээс яаж гарах вэ? Огт санамсаргүй байтал Галл цэргээ татан авч, Иерусалим болон Иудейд байсан христиануудад Есүсийн үгийг даган, уул уруу зугтах боломж олдов (Матай 24:15, 16).
6 Дөрвөн жилийн дараа, Дээгүүр өнгөрөх баярын үеэр генерал Титийн удирдсан Ромын цэрэг иудейчүүдийн бослогыг бүрмөсөн дарах зорилгоор иржээ. Түүний цэргүүд Иерусалимыг тойруулан «бэхлэлт босгож», тэндээс зугтах аргагүй болгов (Лук 19:43, 44). Иудейчүүд дайны аюул заналыг үл хайхран, Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэхээр Ромын эзэнт гүрний өнцөг булан бүрээс Иерусалимд хуран цуглаж байлаа. Ингэж тэд занганд оржээ. Түүхч Иосефийн тэмдэглэснээр Ромын цэргийн бүслэлтэд үрэгдэгсдийн ихэнх нь мөргөл үйлдэж явсан, тэр азгүй хүмүүс байв.a Иерусалимыг унахад Ромын эзэнт гүрэнд байсан бүх иудей хүний долооны нэг орчим нь үрэгджээ. Иерусалим сүмтэйгээ устсан нь Иудей улс Мосегийн Хуульд үндэслэсэн шашны тогтолцоотойгоо төгсгөл болсон гэсэн үг байлаа.b (Марк 13:1, 2).
7. Үнэнч христианууд Иерусалимын сүйрлийг эсэн мэнд давсны учир юу вэ?
7 Хэрэв иудей христианууд МЭ 70 онд Иерусалимд байсан бол амиа алдах юм уу, эсвэл олзлогдох байсан биз ээ. Харин тэд 37 жилийн өмнө Есүсийн хэлсэн сануулгыг анхаарсныг түүх баталдаг. Тэд хотоос яваад буцаж ирээгүй ажээ.
Элч нарын сануулга цагаа олсон нь
8. Петр юу хийх шаардлагатай байгааг ойлгож байсан бэ? Есүсийн юу гэж хэлснийг бодож байсан бэ?
8 Өнөөдөр бүр их гамшигтай сүйрэл тулж ирээд байгаа бөгөөд энэ нь эд юмсын энэхүү тогтолцоог бүрмөсөн төгсгөх юм. Иерусалимыг сүйрэхээс зургаан жилийн өмнө элч Петр сэргэг байхыг сануулсан амин чухал, цагаа олсон нэг зөвлөгөө өгсөн нь өнөөгийн христиануудад ч онцгой ач холбогдолтой. «Эзний [Есүс Христийн]... тушаалыг» анхаарахын тулд христианууд «бодол санаагаа» сэргээх шаардлагатай байгааг Петр ойлгожээ (2 Петр 3:1, 2). Петр христиануудыг сэргэг байхыг шавдуулахдаа, Есүсийг үхэхээсээ хэдхэн өдрийн өмнө элч нартаа: «Анхаар, сонор сэрэмжтэй байгтун. Учир нь тэрхүү товлосон цаг хэзээ байхыг та нар мэдэхгүй» хэмээн хэлж байсныг бодсон бололтой юм (Марк 13:33).
9. а) Зарим хүн ямар аюултай хандлагатай болж болзошгүй вэ? б) Ийм хандлага онцгой аюултай байдгийн учир юу вэ?
9 Өнөөдөр зарим хүн: «Түүний ирэх амлалт нь хаана байна вэ?» хэмээн элэглэн асуудаг (2 Петр 3:3, 4). Ийм хүмүүс бүх юм огт өөрчлөгдөлгүй, ертөнцийг бүтээснээс хойш бахь байдгаараа л байна гэж боддог байх. Ийм хандлага аюултай. Эргэлзээ биднийг дур зоргоороо авирладаг болгон, сэргэг байхад саад болдог (Лук 21:34). Түүнээс гадна, Петрийн тэмдэглэснээр тийм элэглэн дооглогчид Ноагийн үед Усан галав болж, ертөнцийг тэр чигт нь устгасныг мартдаг. Тэр үеийн ертөнцийн байдал үнэхээр өөрчлөгдсөн байсан! (Эхлэл 6:13, 17; 2 Петр 3:5, 6).
10. Тэвчээр алдаж байгаа хүмүүсийг Петр ямар үгээр урамшуулсан бэ?
10 Бурхан яаран алхам хийдэггүйн учрыг сануулснаараа Петр итгэл нэгтнүүдээ тэвчээртэй болоход нь тусалдаг. «Эзний [«Еховагийн», ШЕ] хувьд, нэг өдөр нь мянган жил мэт, мянган жил нь нэг өдөр мэт байдаг» гэдгийг Петр эхлээд хэлжээ (2 Петр 3:8). Ехова мөнх оршин байдаг болохоор бүх зүйлийг харгалзан үзээд хамгийн тохиромжтой цагийг сонгож чаддаг. Дараа нь, Ехова газар газрын хүнийг гэмшээсэй гэж хүсдгийг Петр тэмдэглэжээ. Бурхан хурдан шуурхай арга хэмжээ авбал устах байсан хүмүүсийн хувьд түүний тэвчээр бол аврал юм (1 Тимот 2:3, 4; 2 Петр 3:9). Гэхдээ Бурхан тэвчдэг гэдэг нь хэзээ ч юу ч хийхгүй гэсэн үг биш ээ. «[Еховагийн] өдөр нь хулгайч мэт ирэх болно» гэж Петр хэлжээ (2 Петр 3:10).
11. Сүнслэгээр сэргэг байхад юу туслах вэ? Энэ нь Еховагийн өдрийг, зүйрлэн хэлбэл, яаж «түргэлүүлэх» вэ?
11 Петр Еховагийн өдрийг юутай зүйрлэснийг анхаарах хэрэгтэй. Хулгайчийг барих амаргүй. Гэвч шөнө сэргэг байдаг харуул, хааяа дугхийчихдэг харуулыг бодвол хулгайчийг газар дээр нь амархан барина. Тэгвэл яаж сэргэг байх вэ? Бүхэл шөнөжингөө нэг дор суугаад байснаас нааш цааш алхаад байвал сэргэг байхад тустай. Үүнтэй адилаар бид сүнслэгээр идэвхтэй байвал сэргэг христианууд байж чадна. Тиймээс Петр бидэнд «биеэ ариунаар авч явах ба Бурханд үнэнч байдлын» үйл хийдэг байхыг уриалжээ (2 Петр 3:11, ШЕ). Ийм үйл хэрэг бидэнд «Бурхны өдрийн ирэхийг... түргэлүүлэхэд» тусална (2 Петр 3:12). Бид Еховагийн цагийн хуваарийг өөрчилж чадахгүй нь үнэн. Түүний өдөр товлосон цагт нь ирнэ. Гэхдээ хэрэв бид түүнд үйлчлээд завгүй байвал өдгөөгөөс тэр үе хүртэл цаг хугацаа их хурдан өнгөрсөн мэт санагдах болно (1 Коринт 15:58).
12. Еховагийн тэвчээрээс хүн бүр ямар ач тус хүртэж болох вэ?
12 Тиймээс Еховагийн өдрийг саатаад байна гэж боддог хэн боловч Еховагийн товлосон цагийг тэвчээртэй хүлээхийг зөвлөсөн Петрийн үгийг анхаарах шаардлагатай. Бурхны тэвчээрийн ачаар гарсан цагийг ухаалаг ашиглах нь зүйтэй. Жишээлбэл, христиан хүний амин чухал чанаруудыг хөгжүүлж, сайн мэдээг аль болох олон хүнтэй хуваалцаж болно. Хэрэв төгсгөл ирчихсэн бол ийм боломж гарахгүй байх байсан. Харин сэргэг байвал Ехова биднийг эд юмсын энэхүү тогтолцооны төгсгөлд «амар амгалан дотор болон толбогүй бөгөөд гэм зэмгүйгээр» олно (2 Петр 3:14, 15). Яасан агуу шагнал бэ!
13. Тесалоник хотын христиануудад Паулын хэлсэн ямар үг өнөөдөр онцгой ач холбогдолтой вэ?
13 Паул Тесалоник хотын христиануудад илгээсэн эхний захидалдаа сэргэг байх хэрэгтэйг бас тэмдэглэн: «Бид бусдын адил унталгүй, харин сэргэг бөгөөд эрүүл ухаантай байцгаая» хэмээн зөвлөжээ (1 Тесалоник 5:2, 6). Ертөнцийн төгсгөл ойртохын хэрээр өнөөдөр сэргэг байх нь бүр ч амин чухал юм! Еховаг шүтэгчид сүнслэг асуудлыг огт тоодоггүй ертөнцөд амьдардаг учраас тийм хандлагад автаж болзошгүй. Иймээс Паул: «Итгэлийн ба хайрын хуяг, дуулга болгон авралын найдварыг өмсөн, эрүүл ухаантай байцгаая» гэж зөвлөжээ (1 Тесалоник 5:8). Бурхны Үгийг тогтмол судлан, цуглаан дээр ах дүүстэйгээ байнга уулзах нь Паулын зөвлөгөөг дагаж, сүнслэгээр эрүүл ухаантай байхад тусална (Матай 16:1–3).
Олон сая хүн сэргэг байна
14. Өнөөдөр олон хүн Петрийн зөвлөгөөг сахиж, сэргэг байгааг ямар тоо баримт харуулж байна вэ?
14 Сэргэг байхыг уриалж бичүүлсэн Бурхны уриалгад анхаардаг хүн өнөөдөр олон байна уу? Тийм ээ, 2002 оны үйлчлэлийн жилд дэлгэрүүлэгчийн тоо дээд цэгтээ хүрч, 6 304 645 болсон нь 2001 оныхоос 3,1 хувиар өссөн үзүүлэлт байлаа. Бурхны Хаанчлалын тухай бусдад ярин, 1 202 381 302 цаг зарцуулсан нь сүнслэгээр сэргэг байсны нотолгоо мөн. Тэдний хувьд энэ үйл хэрэг нь жирийн нэг ажил биш, амьдралынх нь гол зүйл байсан юм. Тэдний энэхүү хандлагыг Сальвадорын Эдвардо Ноеми хоёр жишээгээрээ үзүүлжээ.
15. Олон хүн сүнслэгээр сэргэг байгааг Сальвадорын ямар жишээ харуулж байна вэ?
15 Хэдэн жилийн өмнө Эдвардо Ноеми хоёр «энэ ертөнцийн хэлбэр өнгөрөн одож байна» хэмээн Паулын бичсэнийг анхаарчээ (1 Коринт 7:31). Тэд амьдралаа энгийн болгон, бүрэн цагийн эхлэгчээр үйлчилж эхэлжээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд их ивээл хүртэж, дүүрэг болон мужийн ажилд ч оролцдог болов. Тэд ноцтой бэрхшээлтэй тулгардаг байсан ч бүрэн цагаар үйлчлэхийн тулд материаллаг тав тухаа золиосолсон нь зөв шийдвэр байсан гэдэгт итгэлтэй байдаг ажээ. Сальвадорын 29 269 дэлгэрүүлэгчийн 2 454 нь эхлэгчээр үйлчилдэг. Тэдний ихэнх нь Эдвардо Ноеми хоёрын адилаар өөрийгөө золиослох сэтгэлгээ илэрхийлдэг нь тус оронд дэлгэрүүлэгчийн тоо өмнөх оныхоос 2 хувь өссөний нэг шалтгаан юм.
16. Кот Дивуарын нэг ах ямар хандлага илэрхийлсэн бэ?
16 Кот Дивуарын нэг христиан залуу мөн дээрхтэй адил хандлага илэрхийлжээ. Тэрээр Кот Дивуарын салбарт бичсэн захидалдаа: «Би туслах үйлчлэгчээр үйлчилдэг. Би өөрөө сайн жишээ үзүүлээгүй байж, ах дүү нараа эхлэгчээр үйлчил гэж хэлэх эрхгүй. Тиймээс би өндөр цалинтай ажлаа орхиж, хувиараа хөдөлмөр эрхлэх болсон. Энэ ажил надад дэлгэрүүлэх ажилдаа илүү цаг гаргах боломж олгодог» хэмээжээ. Энэ залуу Кот Дивуарын 983 эхлэгчийн нэг болсон юм. Өнгөрсөн жил тус улсад дэлгэрүүлэгчийн тоо 5 хувиар өсөж, 6 701-д хүрчээ.
17. Бельгийн нэг Гэрч охин атгаг сэжгээс айдаггүйгээ хэрхэн харуулсан бэ?
17 Атгаг сэжиг, үл эвлэрэх болон ялгаварлан гадуурхах үзэл зэрэг нь Бельгийн 24 961 дэлгэрүүлэгчид саад болсоор байна. Гэсэн ч тэд айж хулчийлгүй, идэвх зүтгэлтэй хэвээрээ байгаа. 16 настай Гэрч охин сургууль дээрээ ёс зүйн хичээлээр Еховагийн Гэрчүүдийг аюултай шашин мэтээр ярихыг сонсоод Гэрчүүдийн үзэл баримтлалын тухай өөр мэдээ хүргэж болох эсэх зөвшөөрөл авчээ. Байгууллагын тухай видео кино болон «Еховагийн Гэрчүүд. Тэд хэн бэ?» гэдэг товхимол ашиглан, Гэрчүүд гэж чухамдаа ямар хүмүүс байдгийг тайлбарлажээ. Үүнийг ангийнхан нь тун нааштай хүлээн авчээ. Дараагийн долоо хоногт нь сурагчид асуулт бүр нь Еховагийн Гэрчүүдийн шашинтай холбоотой шалгалт өгсөн байна.
18. Эдийн засгийн бэрхшээл Аргентин болон Мозамбикийн дэлгэрүүлэгчдийг Еховад үйлчлэхийг нь болиулаагүйг ямар баримт харуулж байна вэ?
18 Энэхүү эцсийн өдрүүдэд христиануудын ихэнх нь ноцтой бэрхшээлтэй тулгарч байна. Гэсэн ч тэд гол ажлаасаа анхаарлаа сарниулахгүй байхыг хичээдэг. Жишээ нь, Аргентинд эдийн засгийн хямрал арилахгүй байгаа ч өнгөрсөн жил Гэрчүүдийн тоо 126 709-д хүрсэн нь шинэ дээд цэг байв. Мозамбикт ядуурал газар авсаар байгаа ч 37 563 хүн дэлгэрүүлэх ажилд оролцож, дэлгэрүүлэгчийн тоо 4 хувиар өссөн байна. Албанид олон хүний амьдрал сайнгүй байгаа ч дэлгэрүүлэгчийн тоо 12 хувиар өсөж, 2 708-д хүрчээ. Үйлчлэгчид нь Хаанчлалын үйл хэргийг амьдралынхаа тэргүүн зэрэгт тавьж байгаа цагт ямар ч хэцүү нөхцөл Еховагийн сүнсэнд саад болдоггүй нь тодорхой байна (Матай 6:33).
19. а) Библийн үнэнийг мэдэх хүсэлтэй, хонь шиг олон хүн байгааг ямар баримт харуулж байна вэ? б) Еховагийн үйлчлэгчид сүнслэгээр сэргэг байгааг жилийн тайлан хэрхэн харуулж байна вэ? (5, 6-р хуудасны хавсралтыг үзнэ үү.)
19 Өнгөрсөн жил дэлхийн хэмжээнд сар тутам дунджаар 5 309 289 Библи судлал явуулсан нь Библийн үнэнийг мэдэх хүсэлтэй, хонь шиг хүн одоо ч олон байгааг харуулж байна. Дурсах үдэшт ирсэн 15 597 746 хүний ихэнх нь Еховад идэвхтэй үйлчилдэггүй хүмүүс байлаа. Тэд Еховагийн тухай мэдлэгээ гүнзгийрүүлж, түүнийг болон ахан дүүсийн барилдлагыг хайрлах хайраа лавшруулаасай гэж бид хүсэж байна. «Өөр хонинуудын» «үй олон хүн» сүнсээр тослогдсон ах дүүсийнхээ хамтаар Бүтээгчдээ «сүм дотор [нь] өдөр шөнөгүй» үр өгөөжтэй үйлчилж байгааг харахад үнэхээр таатай байна (Иохан 10:16, МБОХ, 1996; Илчлэлт 7:9, 15).
Лотын жишээ сургамж болдог
20. Лот болон түүний эхнэрийн жишээнээс ямар сургамж авч болох вэ?
20 Бурхны үнэнч үйлчлэгчид хүртэл заримдаа сэргэг байхаа болих үе байдаг нь ойлгомжтой. Абрахамын ач дүү Лотыг санацгаая. Бурхан Содом, Гоморраг устгах гэж байгааг тэр өөр дээр нь ирсэн хоёр тэнгэр элчээс дуулдаг. Лот «ёс зарчимгүй хүмүүсийн садар самуун явдлаар дарамтлагдан» байсан тул энэ мэдээ түүнийг цочирдуулаагүй (2 Петр 2:7). Гэсэн ч тэнгэр элчүүд тэднийг Содомоос гаргах гэхэд нь тэрээр «удаад байлаа» (ШЕ). Тэгэхэд тэнгэр элчүүд түүнийг гэрийнхнийх нь хамт гараас нь бараг зуурч байж хотоос гаргав. Эцэст нь Лотын эхнэр тэнгэр элчүүдийг сануулсаар атал эс хайхран эргэж хараад, тоомжиргүй байдлаасаа болж амиа алдав (Эхлэл 19:14–17, 26). Есүс: «Лотын эхнэрийг санагтун» гэж анхааруулжээ (Лук 17:32).
21. Одоо урьд хожид байгаагүйгээр сэргэг байх нь яагаад амин чухал бэ?
21 Помпей болон Геркуланум хотод тохиолдсон гамшиг, Иерусалимын сүйрэлтэй холбоотой үйл явдал, Ноагийн үеийн Усан галав, Лотын жишээ зэрэг нь сануулгыг анхаарч байхын чухлыг харуулдаг. Еховагийн үйлчлэгчид бид төгсгөлийн үеийн шинж тэмдгийг тодорхой хардаг (Матай 24:3). Бид хуурамч шашнаас өөрсдийгөө тусгаарласан (Илчлэлт 18:4). Нэгдүгээр зууны христиануудын адилаар бид ч бас «Бурхны өдрийн ирэхийг... түргэлүүлэх» хэрэгтэй (2 Петр 3:12). Тийм ээ, бид одоо л урьд хожид байгаагүйгээр сэргэг байх ёстой! Үргэлж сэргэг байхын тулд юу хийж, ямар ямар чанар хөгжүүлэх хэрэгтэй вэ? Энэ тухай дараагийн өгүүллээс мэдэцгээе.
[Зүүлт]
a Нэгдүгээр зуунд Иерусалим 120 000 гаруй оршин суугчтай байсан гэдэг үндэсгүй бололтой. Евсевийн тооцоолсноор МЭ 70 онд Дээгүүр өнгөрөх баяраар Иудей мужаас 300 000 хүн Иерусалимд ирсэн байна. Тэгэхлээр бусад нь эзэнт гүрний өөр өөр нутгаас ирсэн байх учиртай.
Та яаж хариулах вэ?
• Иудейн христиануудыг Иерусалимын сүйрлээс зугтахад нь ямар үйл явдал тус болсон бэ?
• Элч Петр болон Паулын зөвлөгөө сэргэг байхад маань яаж тусалдаг вэ?
• Өнөөдөр үнэхээр сэргэг байгаагаа хэн харуулдаг вэ?
• Лот болон түүний эхнэрийн жишээнээс ямар сургамж авах вэ?