Бурхны амласан шинэ ертөнц
БУРХНЫ ҮГ буюу Библид: «Түүний амлалтын дагуу бид зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг хүлээн байна» хэмээсэн нь бидэнд найдвар төрүүлдэг (2 Петр 3:13).
«Шинэ тэнгэр» гэж юу вэ? Библид тэнгэр гэдэг үг засаглал гэсэн бэлэгдлийн утга илэрхийлэх нь олонтаа (Үйлс 7:49). Тиймээс, «шинэ тэнгэр» бол дэлхийг захирах шинэ засгийн газар юм. Шинэ гэхийн учир нь, энэ засгийн газар одоогийн засаглалын тогтолцоог халж, Бурхны санаа зорилгыг хэрэгжүүлэх шинэ үе шат байх юм. Чухам энэхүү засгийн газар буюу Хаанчлалын төлөө залбирч байхыг Есүс бидэнд заасан билээ (Матай 6:10). Тэнгэрт байдаг Бурхан уг засгийн газрыг санаачлан байгуулсан учраас «тэнгэрийн хаанчлал» гэдэг (Матай 7:21).
Тэгвэл, «шинэ газар» гэж юу вэ? Газар дэлхий дээр хүн үүрд мөнх амьдрах тухай Библид тодорхой хэлдэг учир энэ нь шинэ гариг биш, харин хүний шинэ нийгэм юм. Өнөөгийн ёс бус нийгэм «тастагдах» буюу устгагдах тул тэр нийгэм шинэ байх юм (Сургаалт үгс 2:21, 22). Тэр цагт хүн бүхэн Бүтээгчийг дээдлэн хүндэлж, түүнд захирагдан, шаардлагынх нь дагуу амьдарна (Дуулал 22:27). Эдүгээ Бурхан тэр шаардлагыг мэдэж, биелүүлж амьдрахыг бүх үндэстний хүмүүст уриалдаг. Та энэ уриалгыг хүлээж авдаг уу?
Шинэ ертөнцөд бүх хүн Бурхны эрх мэдлийг хүндэтгэдэг болно. Та Бурхныг хайрлаж, түүнд захирагдахыг хүсдэг үү? (1 Иохан 5:3). Гэртээ, ажил, сургууль дээрээ биеэ хэрхэн авч явж, амьдралдаа ямар зорилго тавьж байгаагаараа Бурханд дуулгавартайгаа харуулдаг уу?
Шинэ ертөнцөд бүх хүн жинхэнэ Бурхныг шүтэж, эв нэгдэлтэй байх болно. Та тэнгэр газрыг Бүтээгчийг шүтдэг үү? Та Ехова Бурхныг шүтдэг бүх улс үндэстний хүмүүстэй эв нэгдэлтэй байдаг уу? (Дуулал 86:9, 10; Исаиа 2:2—4; Зефаниа 3:9).
[17-р хуудасны хавсралт]
Энэ бүхнийг амласан Бурхан
Тэр бол одот тэнгэр хийгээд Дэлхий хэмээх манай гаригийг бүтээсэн Бүтээгч билээ. Есүс Христ түүнийг «цорын ганц жинхэнэ Бурхан» гэж хэлсэн (Иохан 17:3, ШГ).
Ихэнх хүн өөрсдийн зохиосон бурхдаа шүтдэг. Сая сая хүн хиймэл шүтээнд мөргөдөг. Зарим нь хүний байгууллага, эд баялгийг эрхэмлэх үзэл сургаалыг илүүд үзэж, хувийн хүслээ хөөдөг. Тэр бүү хэл, Библийг баримталдаг гэх хүмүүс ч Библид цорын ганц жинхэнэ Бурхан хэмээн тодорхойлсон тэр Нэгний нэрийг бүгд алдаршуулдаггүй (Дэд хууль 4:35).
Бүтээгч: «Би бол Ехова. Энэ бол миний нэр» хэмээн бидэнд өөрийгөө танилцуулдаг (Исаиа 42:5, 8, ШЕ). Энэ нэрийг эх Библид 7 000 орчим удаа бичсэн байдаг. Есүс Христ дагалдагчдадаа: «Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, Таны нэр ариунаар дуурсгагдаг» хэмээн залбирч байхыг заасан (Матай 6:9).
Жинхэнэ Бурхан ямар зан чанартай вэ? Бурхан өөрийгөө «өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба хайр энэрэл, үнэнээр бялхам» хэмээгээд, тушаалыг нь санаатайгаар зөрчдөг хүмүүстэй заавал хариуцлага тооцдог гэдгээ хэлдэг (Египетээс гарсан нь 34:6, 7). Хүн төрөлхтөнтэй хэрхэн харьцаж ирсэн түүх нь дээрх үгийн үнэн болохыг баталдаг.
Ийм нэртэй Бурхны нэрийг ч, өөрийг нь ч «ариунаар дуурсгах» буюу ариун хэмээн үзэх учиртай. Бүхнийг Бүтээгч, орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн болох тэрбээр биднээс дуулгавартай байхыг шаардаж, биднээр шүтүүлэх бүрэн эрхтэй билээ. Та Еховад захирагдаж, Еховаг шүтдэг үү?
[18-р хуудасны хавсралт/зураг]
«Шинэ тэнгэр, шинэ газар» ямар ямар өөрчлөлт хийх вэ?
Дэлхийг Диваажин болгон хувиргана Лук 23:43
Бүх хүн үндэс угсаа, арьс өнгө, Иохан 13:35;
хэл аялгуунаас үл хамааран Илчлэлт 7:9, 10
хайраар нэгдэж амьдрах нийгмийг дэлхий дахинд цогцлоон байгуулна
Даян дэлхийд энх тайвныг тогтоож, Дуулал 37:10, 11;
бүх хүнийг аюулгүй амьдруулна Мика 4:3, 4
Хүмүүсийг сэтгэлд нь нийцсэн ажилтай, Исаиа 25:6; 65:17, 21—23
элбэг дэлбэг хоол хүнстэй болгоно
Өвчин эмгэг, уй гашуу, Исаиа 25:8;
үхэл хагацлыг арилгана Илчлэлт 21:1, 4
Хүн төрөлхтнийг жинхэнэ Бурхныг Илчлэлт 15:3, 4
шүтэх шүтлэгээр нэгтгэнэ
[19-р хуудасны хавсралт/зураг]
Та ач тусыг нь хүртэх үү?
Бурхан мэхэлдэггүй! (Тит 1:2).
Ехова: «Миний үг хүслийг минь гүйцэтгэхгүйгээр, илгээсэн зорилгыг минь хэрэгжүүлэхгүйгээр Над уруу хоосон буцаж ирэхгүй» хэмээн тунхагладаг (Исаиа 55:11).
Ехова «шинэ тэнгэр, шинэ газрыг» аль хэдийнээ бүтээгээд эхэлчихсэн билээ. Эдүгээ тэнгэрийн засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд «шинэ газрын» үндсийг тавиад удаж байна.
«Илчлэлт» номд «шинэ тэнгэр, шинэ газар» хүн төрөлхтний амьдралыг ямар гайхамшигтай сайхнаар өөрчлөхийг өгүүлээд, дараа нь орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Бурхны өөрийнх нь хэлсэн: «Харагтун, Би бүх юмыг шинэ болгож байна» хэмээсэн үгийг иш татдаг. Түүнчлэн, Бурхан өөрөө: «Бичигтүн, эдгээр үг итгэмжит бөгөөд үнэн» хэмээн батлан хэлдэг (Илчлэлт 21:1, 5).
Эндээс, «„Шинэ тэнгэрийн“ удирдлага дорх „шинэ газар“ амьдрах хүндтэй хүн байхын тулд бид амьдралдаа шаардлагатай өөрчлөлт хийж байгаа бил үү?» гэсэн амин чухал асуулт урган гарч байна.