Ехова өөрийг нь хайгч хүмүүсийг шагнадаг
«Бурхан уруу ирж буй хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой» (ЕВРЕЙ 11:6).
1, 2. Заримдаа Еховагийн үйлчлэгчдэд юу бодогддог вэ?
«ЕХОВАГИЙН ГЭРЧ болсоор 30 шахам жил өнгөрсөн ч би өөрийгөө Бурханд үйлчлэх эрхтэй гэж хэзээ ч үзэж байсангүй. Эхлэгчээр үйлчлэхийн зэрэгцээ өөр олон хүндтэй үүрэг хүлээдэг ч, дотроо бол, Гэрч байх гавъяатай хүн гэж боддоггүй» хэмээн Барбара гэдэг эмэгтэй сэтгэлээ уудалжээ.a Бас Кийт гэдэг ах: «Заримдаа, унхиагүйгээсээ болоод Бурхны жинхэнэ үйлчлэгч шиг жаргалтай сайхан амьдарч чадахгүй байна даа гэж боддог. Үүнийхээ төлөө өөрийгөө зэмлэдэг. Тэгэх тусам бүр ч хэцүү» гэж хэлжээ.
2 Еховагийн эртний үнэнч үйлчлэгчдэд бас тийм сэтгэл төрөх үе байжээ. Өнөөдөр ч мөн ялгаагүй. Итгэл нэгтнүүд тань санаа зовох юмгүй, сайхан амьдарч байхад та л гэж барагдахгүй зовлонтой хүн шиг санагддаг уу? Тийм үед Ехова таныг тоож анхаардаггүй юм шиг бодогдож мэднэ. Гэлээ ч, тэгж бодох хэрэггүй. Библид: «[Ехова] зовогсдын зовлонг жигшээ ч үгүй, үзэн ядаа ч үгүй. Тэр нүүрээ түүнээс нуугаа ч үгүй. Харин тусламж гуйн түүнийг хашхирахад Тэр сонссон юм» гэж бидэнд батлан хэлдэг билээ (Дуулал 22:24). Ехова үнэнч үйлчлэгчдээ залбирахад нь сонсдог төдийгүй тэднийг шагнадаг гэдгийг Мессиагийн тухай энэ зөгнөл харуулдаг.
3. Бид өнөөгийн нийгэмд бэрхшээлтэй тулгардгийн учир юу вэ?
3 Өнөөгийн нийгэмд хүн болгонд бэрхшээл тулгардаг. Еховагийн ард түмэнд ч бас адилхан. Бид Бурхны гол дайсан Сатан Диаволын захирдаг ертөнцөд амьдарч байгаа шүү дээ (2 Коринт 4:4; 1 Иохан 5:19). Үнэндээ бол, Еховагийн үйлчлэгчид Бурхны ер бусын хамгаалалтад байдаг юм биш, харин ч Сатаны гол бай болдог (Иов 1:7–12; Илчлэлт 2:10). Тиймээс, Бурхны товлосон цаг болтол «зовлон дотор тэвчээртэй байж, залбиралд өөрсдийгөө зориулж», Ехова санаа тавьдаг гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй (Ром 12:12). Бэрхшээл тулгараа л биз. Тэглээ гээд, Ехова Бурхан танд хайргүй гэсэн үг биш шүү дээ!
Эртний үйлчлэгчдийн тэвчээрийн жишээ
4. Еховагийн зарим үйлчлэгч зовж шаналж байсныг жишээгээр хэлнэ үү.
4 Еховагийн эртний үйлчлэгчдийн дундаас олон хүн хэцүү бэрхийг тэвчих хэрэгтэй болж байсан. Жишээлбэл, Ханна үрийн зулай үнэрлээгүйдээ «ихэд шаналж», Бурхан өөрийг нь орхисон юм шиг бодож байжээ (1 Самуел 1:9–11). Еховагийн зөнчдийг хөнөөж байсан Иезебел хатны мөрдлөгөөс болж Елиагийн зориг мохон: «Одоо хангалттай. ЭЗЭН минь, би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй тул одоо миний амийг аваач» гэж залбирч байжээ (Хаадын дээд 19:4). «Сайныг үйлдэхийг хүсдэг миний дотор бузар муу нь байдаг... Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ!» гэж бичиж байснаас нь харахад элч Паул ч бас төгс бусын зовлонг мэдэрч байжээ (Ром 7:21–24).
5. а) Ехова, Ханна Елиа Паул нарыг хэрхэн шагнасан бэ? б) Бурхны Үг гутарсан хүнийг хэрхэн тайвшруулдаг вэ?
5 Ханна Елиа Паул нар бүгдээрээ Еховад тэвчээртэй үйлчилж, Ехова ч тэднийг шагнасан билээ (1 Самуел 1:20; 2:21; Хаадын дээд 19:5–18; 2 Тимот 4:8). Гэсэн ч, тэд шаналах, сэтгэлээр унах, зориг мохох гэх мэтээр хүний амсаж туулдаг бүхнийг үзэж байсан. Тиймээс, гутарлаа гэхэд гайхах хэрэггүй. Амьдралд тулгарах бэрхшээлээс болоод Ехова надад хайргүй юм байна гэж бодох болсон бол яах вэ? Бурхны Үгээр өөрийгөө тайвшруулаарай. Жишээ нь, бид өмнөх өгүүллээр Ехова бидний «толгой дээрх ширхэг үсийг хүртэл бүгдийг нь тоолсон» гэж Есүсийн хэлснийг ярилцсан (Матай 10:30). Энэ үгийг бодохлоор сэтгэл сэргэж, Ехова үйлчлэгч нэг бүрдээ үнэн сэтгэлээсээ санаа тавьдаг гэдгийг ойлгодог. Бас Есүсийн хэлсэн бор шувууны тухай жишээг сана даа. Ехова ердийн нэг шувууны газарт унахыг хардаг атлаа таныг зовж байхад нүдэн балай, чихэн дүлий байна гэж үү?
6. Гутранги үзэлтэй тэмцэж байгаа хүмүүсийг Библи хэрхэн зоригжуулдаг вэ?
6 Төгс хүчит Ехова Бурхан бидэн шиг төгс бус хүмүүсийг тоож, үнэлдэг л юм байх даа? Тэгэлгүй яах вэ! Бурхан биднийг үнэлдэг гэдгийг Библид олонтаа хэлсэн байдаг. Үүнийг анхааралтай авч үзвэл, «Миний дотор санаа зовсон бодлууд олшроход Таны тайтгарлууд миний сэтгэлийг баясгадаг» хэмээсэн дуулалчийн үг бидний хувьд ч бас үнэн байх болно (Дуулал 94:19). Бурхан биднийг үнэлдгийн зэрэгцээ хүсэл тааллыг нь биелүүлбэл шагнана гэдгийг улам сайн ойлгохын тулд Бурхны Үгэнд байдаг урам хайрласан зарим зүйлийг авч үзье.
Еховагийн «эзэмшил»
7. Ехова үнэнч бус израильчуудад Малахигаар дамжуулан ямар зөгнөл хэлсэн бэ?
7 МЭӨ тавдугаар зуунд иудейчүүдийн байдал тун эмгэнэлтэй болчихсон байлаа. Тахилчид ард олны авчирсан согогтой малаар Еховад тахил өргөж, шүүгчид нүүр тал хардаг байв. Мэргэ төлөг, луйвар, худал хуурмаг, садар самуун явдал газар авчээ (Малахи 1:8; 2:9; 3:5). Ингэтлээ завхарсан ард түмэнд Малахи итгэмээргүй зөгнөл хэлжээ. Тэрбээр: «„Би Өөрийн эзэмшлийг байгуулах өдөр тэд Минийх байх болно. Өөрт нь үйлчилдэг хүүгээ хүн өршөөдгийн адил Би тэднийг өршөөх болно“ гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна» хэмээн зөгнөсөн нь Ехова ирээдүйд ард түмнээ таалалдаа багтаана гэсэн утгатай байлаа (Малахи 3:17).
8. Малахи 3:17-д бичсэн зөгнөл «үй олон хүнд» хамаатай гэж хэлж болохын учир юу вэ?
8 Малахийн зөгнөл орчин үед сүнслэг үндэстэн буюу сүнсээр тослогдсон 144 000 христиан дээр биелсэн. Ехова тэр үндэстнийг «эзэмшлээ», «эзэмшлийн ард түмнээ» гэж үздэг (1 Петр 2:9). Малахийн зөгнөл «сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн... үй олон хүнийг» ч бас урамшуулдаг (Илчлэлт 7:4, 9). Тэд тослогдогсодтой нийлэн, Есүс Христ гэдэг «нэг хоньчинтой нэг хонин сүрэг болсон» (Иохан 10:16).
9. Ехова ард түмнээ хамгийн үнэтэй эзэмшил гэж үздэгийн учир юу вэ?
9 Ехова үйлчлэгчдээ хэрхэн үздэг вэ? Малахи 3:17-д тэмдэглэснээр, хайртай хүү шигээ үздэг. Ард түмэндээ хайрын сэтгэлээс хандан, «эзэмшил» гэж хэлснийг нь бодож үзье. Библийн зарим орчуулгад «зөвхөн минийх», «миний хамгийн үнэтэй эзэмшил», «миний эрдэнэс» гэх мэтээр буулгасан байдаг. Ехова үйлчлэгчдэдээ ямар учраас өөриймсөг ханддаг вэ? Юуны түрүүнд, Ехова бол талархуу сэтгэлтэй Бурхан билээ (Еврей 6:10). Өөрт нь чин сэтгэлээсээ үйлчилдэг хүмүүст дотно, өөриймсөг ханддаг.
10. Ехова ард түмнээ яаж хамгаалдаг вэ?
10 Танд, өөриймсөг хандаж, арчилж хамгаалдаг нандин юм байдаг л биз дээ? Ехова ч бас ард түмэндээ тэгж ханддаг. Гэхдээ хүний амьдралд тохиолддог алив бэрхшээл, таагүй явдал болгоноос үйлчлэгчдээ хамгаалдаггүй нь үнэн. Номлогчийн үгс 9:11-д бичсэнээр, «цаг үе хийгээд санамсаргүй явдал» (ШЕ) хэнд ч тохиолдож болно. Гэхдээ үнэнч үйлчлэгчдээ одоо сүнслэгээр хамгаалдаг, цаашдаа ч хамгаална. Ямар ч сорилтыг тэвчих хүчийг тэдэндээ өгдөг (1 Коринт 10:13). Дээр үед Мосе Бурхны ард түмэн болох израильчуудад: «Тууштай, зоригтой бай. Чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт явдаг... Тэр чамайг орхихгүй, чамайг хаяхгүй» гэж хэлсэн (Дэд хууль 31:6). Тийм ээ, Ехова ард түмнээ үнэлдэг, хамгийн үнэтэй эзэмшил гэж үздэг.
Ехова бол «Шагнагч»
11, 12. Ехова үйлчлэгчдээ шагнадаг гэдгийг ойлгох нь эргэлзээгээ гаргахад хэрхэн туслах вэ?
11 Ехова үйлчлэгчдээ шагнадаг нь тэднийг үнэлдгийн бас нэг баталгаа юм. Тэрбээр израильчуудад: «Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга» гэж айлджээ (Малахи 3:10). Эцсийн дүнд Ехова үйлчлэгчдээ мөнхийн амиар шагнана (Иохан 5:24; Илчлэлт 21:4). Бидэнд хэчнээн их хайртайг, хэчнээн өгөөмөр сэтгэл гаргадгийг энэхүү хосгүй шагнал нь харуулдаг. Өөрт нь үйлчилдэг хүмүүсийг өндөр үнэлдэг гэдгийг ч бас баталдаг. Еховаг өгөөмөр сэтгэлтэй Шагнагч гэж итгэдэг болбол Бурхан бидэнд хайртай гэдэгт эргэлзэхээ болино. Тэгээд ч, өөрийг нь Шагнагч гэж үзэхийг Ехова бидэнд уриалдаг! Паул: «Бурхан уруу ирж буй хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой» хэмээн бичжээ (Еврей 11:6).
12 Бид Еховаг шагнал амласан болохлоор нь л үйлчилдэг юм биш. Хайртайдаа үйлчилдэг. Гэхдээ шагнал авна гэж найдах нь зохисгүй, амиа бодсон хэрэг биш ээ (Колоссай 3:23, 24). Ехова өөрийг нь хайдаг хүмүүсийг хайрлаж, өндөр үнэлдэг учраас өөрийнхөө санаачилгаар тэднийг шагнадаг.
13. Ехова бидэнд хайртай гэдгийн хамгийн том баталгаа нь Есүсийг золиос болгосон явдал гэж үзэхийн учир юу вэ?
13 Хүмүүс Еховагийн нүдэнд их үнэтэй байдгийн хамгийн том баталгаа бол Есүсийн золих тахилын арга хэмжээ юм. Элч Иохан: «Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм» хэмээн бичжээ (Иохан 3:16). Ехова бидэнд хайргүй, биднийг юман чинээ боддоггүй гэдэг үзэл, Есүс Христийг золиос болгосонтой нь огт авцалддаггүй! Хүмүүсийн төлөө цорын ганц Хүүгээ өгч, тийм өндөр үнэ төлсөн нь асар их хайртайнх нь нотолгоо биш гэж үү?
14. Паул Есүсийн золиосыг хэрхэн үздэг байсан бэ?
14 Тиймээс, гутарсан үедээ золиосны тухай эргэцүүлэн бодож, үүнийг Еховагаас танд өгсөн бэлэг гэж үзээрэй. Элч Паул ч ингэж хэлсэн байдаг. Тэрбээр: «Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ!» гээд «Намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө тушаасан» «бидний Эзэн Есүс Христээр Бурханд талархал нь байх болтугай» хэмээжээ (Ром 7:24, 25; Галат 2:20). Ингэж хэлсэн нь биеэ дөвийлгөх гэсэндээ биш, харин ч Еховаг өөрт нь хайртай гэдэгт итгэсэндээ л тэр. Та ч гэсэн Паулыг дуурайн, золиосыг Бурхны танд өгсөн бэлэг гэж үзэж сураарай. Ехова бол хүчирхэг Аврагч төдийгүй хүмүүст хайртай Шагнагч билээ.
Сатаны «заль мэхнээс» болгоомжлогтун
15-17. а) Диавол хүний сэтгэлд сэв суулгах арга ашигладаг нь ямар зорилготой вэ? б) Иовын түүх биднийг яаж зоригжуулдаг вэ?
15 Гэхдээ л Бурхны Үгэнд бичсэн урам хайрласан үгийг яг надад хамаатай гэж итгэхэд хэцүү байж болох юм. Зарим хүн: «Би бусад хүн шиг, Бурхны шинэ ертөнцөд мөнх амьдрах шагнал авч чадахгүй» гэж бодож магадгүй. Хэрэв тийм бол яах вэ?
16 Элч Паул Ефес хотын христиануудад юу гэж захисныг та лав мэдэх биз ээ. Паул: «Та нар диаволын заль мэхийн эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурхны бүрэн хуяг дуулгыг өмс» хэмээн зөвлөжээ (Ефес 6:11). Хэрэв танаас, Сатан хүмүүсийг яаж мэхэлдэг вэ гэж асуувал эд баялгаар хөөцөлдөх, садар самуунтай орооцолдох гэх мэтийн зүйлд уруу татдаг гэж шууд хариулах байх. Тийм ээ, тэгдэг. Эдгээр зүйлд хорхойссоноос болж эрт цагт ч, өнөө үед ч Бурхны ард түмний дундаас олон хүн Сатанд урхидуулсан шүү дээ. Гэхдээ Сатаны өөр нэг заль мэхийг тоохгүй байж болохгүй. Энэ бол Ехова Бурхан өөрт нь хайргүй гэдэгт хүмүүсийг итгүүлэх явдал юм.
17 Диавол хүмүүсийг Бурхнаас хөндийрүүлэх зорилгоор хүний сэтгэлд сэв суулгах арга саам хэрэглэдэг. Жишээ болгон Билдадын, Иовд хэлсэн үгийг авч үзье. Тэрбээр: «Хүн хэрхэн Бурхны хувьд зөвт байж чадах вэ? Эмэгтэйгээс төрсөн тэрээр яаж цэвэр байж чадах вэ? Хэрэв Түүний мэлмийд сар гэрэлгүй, одод ч цэвэр биш бол тэр тусмаа авгалдай болох хүн, өт болох хүний хүү ямар байх вэ!» гэж хэлсэн (Иов 25:4–6; Иохан 8:44). Үнэхээр зүрх зүсэм үг байгаа биз? Тэр тусам нь, Сатанд бүү мэхлэгд. Харин ч, заль мэхийг нь нэгэнт мэддэг болсных, зөв үйлийн төлөө улам ширүүн тэмцэж, эр зоригтой, сэтгэлийн тэнхээтэй байгаарай (2 Коринт 2:11). Иовын тухайд гэвэл, Ехова түүнийг засаж залруулсны зэрэгцээ тэвчээртэй байсныг нь шагнаж, алдсан бүхнийг нь хоёр дахин их болгон буцааж өгсөн (Иов 42:10).
Ехова «бидний зүрхнээс агуу»
18, 19. «Бурхан бидний зүрхнээс агуу бөгөөд бүхнийг мэддэг» гэж юу гэсэн үг вэ?
18 Үнэнийг хэлэхэд, сэтгэлийн гүнд хоргодсон бодлыг өөрчилнө гэдэг амаргүй. Гэхдээ Еховагийн сүнс танд «Бурхны мэдлэгийн эсрэг босогч... ямар ч бодол санааг» аажмаар өөрчлөхөд тусална (2 Коринт 10:4, 5). Сэтгэл тавгүйтэж, гутарсан үедээ элч Иоханы: «Үүгээр бид үнэнийх болохоо мэдэж, Түүний өмнө бидний зүрх тайван байх болно. ...Зүрх маань биднийг буруутгасан ч тийм байна. Бурхан бидний зүрхнээс агуу бөгөөд бүхнийг мэддэг» гэж бичсэнийг эргэцүүлэн бодож байгаарай (1 Иохан 3:19, 20, МБОХ, 1996 он).
19 «Бурхан бидний зүрхнээс агуу» гэж юу гэсэн үг вэ? Төгс бус, алдаа дутагдалтай гэдгээ голдоо ортол мэдрэх үед зүрх маань биднийг буруутгадаг. Эсвэл удам судраасаа болоод ч юм уу өөрийгөө дорд үзэж, юу ч хийсэн Еховад таалагдахгүй гэж дэгсдүүлэн боддог байж болох юм. Гэхдээ элч Иоханы бичсэнээр, Ехова «бидний зүрхнээс агуу» шүү дээ! Бидний сайн талыг ч, сул талыг ч хардаг. Санаа сэтгэл, хүсэл зорилгыг маань ч мэддэг. Давид: «Тэр Өөрөө бидний хэрхэн бүтсэнийг мэддэг. Бид бол тоос шороо юм гэдгийг Тэр санаж байдаг» хэмээн бичжээ (Дуулал 103:14). Тийм ээ, Ехова биднийг өөрсдөөс маань ч илүү мэддэг!
«Үзэсгэлэнт титэм, ...хааны малгай»
20. Ехова үйлчлэгчдээ үнэлдгийг Исаиагийн зөгнөл хэрхэн харуулдаг вэ?
20 Ехова эртний ард түмнээ сэргээх тухай зөнч Исаиагаар хэлүүлсэн нь тэдэнд найдвар төрүүлсэн. Вавилонд олзлогдож, сэтгэлээр унаад байсан тэр хүмүүст ийм үг хамгийн их хэрэгтэй байсан бөгөөд урам хайрлаж, сэтгэлийг нь зассан! Эх нутагтаа буцах тэр цагийг нь Ехова урьдчилан харж: «Чи ЭЗЭНий мутар дахь үзэсгэлэнт титэм, өөрийн Бурхны мутар дахь хааны малгай болно» хэмээн хэлсэн (Исаиа 62:3). Энэ үгээрээ Ехова ард түмнээ өргөмжилж, алдаршуулсан. Эдүгээ сүнслэг Израильд ч мөн ингэж ханддаг. Ийнхүү тэднийг өргөмжилж, бүхний бишрэлийг төрүүлсэн гэлтэй.
21. Үнэнч, тэвчээртэй байсны төлөө Ехова шагнана гэдэгт баттай итгэхийн тулд яах хэрэгтэй вэ?
21 Энэ зөгнөл, гол нь, тослогдсон христианууд дээр биелсэн ч Ехова өөрт нь үйлчилдэг бүх хүнийг эрхэмлэдгийг давхар харуулдаг. Тиймээс, өөрийгөө голох тэр цагт, төгс бус ч гэлээ, та Еховагийн хувьд «үзэсгэлэнт титэм, ...хааны малгай» шиг үнэтэй гэдгээ санаарай. Үргэлж Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхийг хичээж, зүрхийг нь баярлуулаарай (Сургаалт үгс 27:11). Үнэнч, тэвчээртэй байсны төлөө Ехова таныг заавал шагнана!
[Зүүлт]
a Зарим нэрийг өөрчлөв.
Та санаж байна уу?
• Ехова биднийг хамгийн үнэтэй эзэмшил гэж үздэгийн учир юу вэ?
• Еховаг Шагнагч гэж үзэх нь ямар учраас чухал бэ?
• Сатаны ямар «заль мэхнээс» сэрэмжлэх хэрэгтэй вэ?
• «Бурхан бидний зүрхнээс агуу» гэж юу гэсэн үг вэ?