Хайр хөлөглөсөн бөх бат найдлага
«Харин эдүгээ итгэл, найдлага, хайр гурав байдаг. Хамгийн агуу нь хайр мөн» (1 КОРИНТ 13:13).
1. Элч Паул бидэнд юун тухай сануулсан бэ?
БИДНИЙ итгэл хөлөг онгоц шиг сүйрч болно гэж элч Паул сануулж хэлсэн. Тэрбээр зарим хүн шиг, итгэлээ сүйрсэн хөлөг онгоц шиг болгочихгүй, харин итгэлтэй, сэтгэл сайтай байх тухай ярьжээ (1 Тимот 1:19). МЭ нэгдүгээр зууны үед далайн хөлөг онгоцыг модоор хийдэг байлаа. Түүний бөх бат нь модны чанар болон хөлөг онгоц бүтээгчийн ур чадвараас хамаардаг байв.
2. Бидний итгэлийн хөлөг онгоц ямар учраас бөх бат байх ёстой ба үүний тулд биднээс юу шаардагддаг вэ?
2 Бидний итгэлийн хөлөг онгоц гэж хэлж байгаа тэр зүйл хүмүүсийн догшин давалгаат далайд хөвөн сэлэх ёстой (Исаиа 57:20; Илчлэлт 17:15). Тийм болохоор энэ хөлөг онгоц бөх бат байх ёстой бөгөөд энэ нь биднээс хамаарах учиртай. Христосын шашинтны тухайд иудей болон ромын нийгмийн «далай» онцгой догшноор давалгаалж эхэлсэн тэр үед Иуда: «Хайрт андууд минь. Харин та нар хамгийн ариун итгэл дээрээ өөрсдийгөө сүндэрлүүлж, Ариун Сүнсээр залбиран, мөнх аминд аваачих бидний эзэн Есүс Христийн нигүүлсэлийг хүлээн Бурхны хайранд өөрсдийгөө байлга» гэж бичсэн (Иуда 20, 21). Тэрчлэн Иуда «ариун хүмүүст нэгэнтээ бүрмөсөн тушаагдсан итгэлийн төлөө тэмцэх» тухай хэлсэн болохоор энэхүү «хамгийн ариун итгэл» гэдэг үг нь христосын шашинтны бүх сургаалд, тэр дундаа авралын тухай сайн мэдээнд ч хамаарах ёстой (Иуда 3). Есүс бол энэхүү итгэлийн үндэс нь юм. Хэрэв бид жинхэнэ христосын шашинтны итгэлийг дагахыг хүсэх аваас итгэл маань бөх бат байх болно.
«Шашны аюултай бүлгүүдээс айх айдсын» догшин шуургыг тэсвэрлэх нь
3. «Шашны аюултай бүлгүүдээс айх айдсыг» зарим газарт хэрхэн ашиладаг вэ?
3 Сүүлийн жилүүдэд шашны аюултай нууц бүлгүүдийн холбогдол бүхий нилээд хэдэн удаагийн аймшигтай, олныг хамарсан амиа хорлох болон алан хядах үйл ажиллагаа болсон. Олон хүн, тэр дундаа зөв шударга улс төрийн удирдагчид шашны аюултай бүлгүүдээс гэмгүй номхон хүмүүсийг, ялангуяа залуучуудыг хэрхэн хамгаалах талаар санаа зовж байгаа нь ойлгомжтой. Эдгээр жигшүүрт гэмт хэргийн цаана «энэ дэлхийн бурхан» байгаа нь эргэлзээгүй. Тэр бурхан, «шашны аюултай бүлгүүдээс айх айдас» гэгчийг бий болгосон бөгөөд түүнийгээ Еховагийн ард түмний эсрэг ашигладаг (2 Коринт 4:4; Илчлэлт 12:12). Бидний үйл ажиллагааг эсэргүүцэх үүднээс зарим хүн мөн үүнийг ашигладаг. Зарим оронд «шашны аюултай бүлгээс» хүмүүсийг хамгаалах гэсэн нэрийн дор кампанит ажил зохион явуулдаг бөгөөд тэгэхдээ тийм аюултай бүлгийн тоонд Еховагийн Гэрчүүдийг эндүүрэн оруулж, тэгснээрээ биднийг шууд бус байдлаар буруутгадаг. Тийм учраас Европын зарим оронд айлаас айлд дэлгэрүүлэхэд хүндрэлтэй болсон бөгөөд Гэрчүүдтэй Библи үзэж байсан зарим хүн хичээлээ орхиход хүрсэн. Энэ байдал манай зарим ахын урам хугарахад нөлөөлсөн.
4. Эсрэг үйл ажиллагаа ямар учраас бидний урмыг хугалах ёсгүй вэ?
4 Эсрэг ажиллагаа бидний урмыг хугалах ёсгүй, харин ч жинхэнэ христосын шашныг даган баримталж байгаадаа итгэх итгэлийг маань бэхжүүлэх ёстой (Матай 5:11, 12). Анхны христосын шашинтнуудыг самуун дэгдээгч бүлэг гэж нэрлэж байсан бөгөөд тэдний тухай «хаа сайгүй эсэргүүцэн» ярьж байлаа (Үйлс 24:5; 28:22). Гэвч, элч Пэтр: «Дотны хайртай хүмүүс минь. Та нарыг сорихын тул дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт гайхах хэрэггүй. Харин Христийн алдар илчлэгдэхэд баяр хөөр болохын тулд та нар Христийн зовлонгоос хуваалцдагтаа баярла» гэж хэлэн итгэл нэгтнүүдээ зоригжуулсан (1 Пэтр 4:12, 13). Мөн тэрчлэн нэгдүгээр зууны үеийн удирдах зөвлөлийн нэгэн гишүүн: «Ах дүү нар минь, элдэв сорилтод орохдоо энэ бүгдээ баяр хөөр гэж үз. Та нарын итгэлийн сорилт тэсвэр хатуужлыг төрүүлдэг гэдгийг та нар мэдэх билээ. Тэсвэр хатуужил нь төгс үр дүнтэй байг. Энэ нь та нар юугаар ч үл дутаж, төгс бөгөөд бүрэн бүтэн байхын тулд юм» гэж бичжээ (Иакоов 1:2–4). Догшин хүчтэй шуурга хөлөг онгоцны бөх батыг хэрхэн шалгадгийн адил эсэргүүцлийн догшин шуурга бидний итгэлийн хөлөг онгоцонд байгаа алив сул газрыг илчилдэг.
Гай зовлон тэсвэр хатуужлыг төрүүлдэг
5. Итгэл маань сорилтод бөх бат гэдгийг бид хэрхэн мэдэж болох вэ?
5 Христосын шашинтнууд зөвхөн зовлонгийн догшин шуургыг давж гарсныхаа дараа л өөрийнхөө тэсвэр хатуужил, гуйвалтгүй байдлыг мэдэж болно. Хэрэв бид зөвхөн итгэл болон «бүхэнд ямарваа дутагдалгүй, бүрэн төгс» байх аваас тэсвэр хатуужил маань догшин шуургат далайд «төгс үйлтэй байх» болно. Паул: «Харин Бурхны үйлчлэгчид шиг бид өөрсдийгөө . . . үлэмж хүлцэл, зовлон, гачигдал, шахалт . . . бүхний дотор баталдаг юм» гэж бичсэн (2 Коринт 6:4).
6. Бид ямар учраас «зовлонгууд дотроо баярлах» хэрэгтэй ба энэ нь ямар байдлаар бидний итгэлийг бэхжүүлдэг вэ?
6 Бидэнд хааяа тохиолддог гай зовлонгийн догшин салхи шуургыг итгэлийн хөлөг онгоцны маань бөх бат хийгээд тогтвортой байдлыг батлах боломж гэж үзэх хэрэгтэй. Ромын христосын шашинтнуудад хандан Паул: «Зөвхөн энэ ч биш, зовлон зүдүүр нь цөхрөлтгүй оролдлогыг төрүүлдгийг мэдэж, бид зовлонгууд дотроо баярладаг. Цөхрөлтгүй оролдлого нь туршлагатай байхыг, туршлагатай байх нь найдлагыг төрүүлдэг. Найдлага нь гутралд хүргэхгүй» гэж бичсэн (Ром 5:3–5). Сорилтыг тэсвэрлэн давах аваас Ехова биднийг магтан сайшаах болно. Түүнчлэн энэ нь бидний итгэлийг бэхжүүлдэг.
Зарим хүн ямар учраас хөлөг онгоцны сүйрэлд өртдөг вэ?
7. а) Паулын хэлснээр зарим хүн сүнслэг хөлөг онгоцны сүйрэлд хэрхэн өртсөн бэ? б) Өнөөдөр зарим хүн итгэлээ яаж алддаг вэ?
7 «Сүйрсэн хөлөг онгоцны» тухай Паул урьдчилан сануулахдаа хүний сайхан мөс чанараа «гээж», итгэлээ алдсан хүний тухай хэлжээ (1 Тимот 1:19). Тийм хүмүүсийн дотор үнэнээс холдон, хов жив хөөцөлдөж, тэрслэгч болсон Хүмэнай, Александр нар байлаа (1 Тимот 1:20; 2 Тимот 2:17,18). Үнэнээс холдсон тэрслэгчид өнөөдөр «итгэлтэй мэргэн боолыг» шүүмжилж, хэрэг дээрээ, сүнслэг хоол өгсөн хүмүүсийнхээ ачийг бачаар хариулж байгаа билээ. Зарим хүн “Эзэн маань удаан хугацаагаар ирэхгүй„ гэж яригч муу боолтой адилхан байдаг (Матай 24:44–49; 2 Тимот 4:14, 15). Тэд ёс бус нийгмийн тогтолцооны төгсгөл ойрхон байгааг үгүйсгэж, Еховагийн ард түмний доторх яарах сэтгэлийг дэмждэгийнх нь төлөө сонор сэрэмжтэй байдлыг сахин хамгаалагч боолын ангийг зэмлэн буруушаадаг (Исаиа 1:3). Тийм тэрслэгчид «зарим хүмүүсийн итгэлийг бусниулж», улмаар сүнслэг хөлөг онгоцны сүйрэлд хүргэж амждаг ажээ (2 Тимот 2:18).
8. Зарим хүн яагаад итгэлийн хөлөг онгоцны сүйрэлд өртдөг ба заримынх нь итгэлийн хөлөг онгоц яагаад живдэг вэ?
8 Зарим христосын шашинтнууд дотоод сэтгэлээ эс хянан, сонирхлыг нь татдаг энэхүү дэлхийн садар самуун хүсэл тачаал, цэнгэл жаргалд тэмүүлэх хазааргүй хүсэлдээ автан итгэлийн хөлөг онгоцны сүйрэлд орсон (2 Пэтр 2:20–22). Нөгөө зарим нь хүний нийгмийн шинэ тогтолцооны боомтын бараа харагдах яагаа ч үгүй байна гэж боддогоос болоод тэдний итгэлийн хөлөг онгоц живдэг. Тэд зарим зөгнөлийн биелэх хугацааг тооцон гаргаж чаддаггүйгээсээ болоод «Эзний өдөр» гэдэг ойлголтоосоо ухарч, үнэн мөргөлөөс татгалздаг (2 Пэтр 3:10–13; 1 Пэтр 1:9). Тэд удахгүй эд юмсын орчин үеийн тогтолцооны булингартай, балиар усандаа дахин унах болно (Исаиа 17:12, 13; 57:20). Христосын шашны хурлаа орхисон тэдний зарим нь үнэн шашнаа шүтэж байна л гэж урьдын адил бодно. Гэвч тэдэнд Еховагийн амласан шинэ ертөнцийг хүлээх тэвчээр дутдаг нь илэрхий. Диваажинг тийм удаан хүлээх хэрэгтэй гэдэг нь тэдний тэвчээрийг бардаг.
9. Аль хэдийн өөрийгөө Бурханд зориулсан зарим христосын шашинтанд юу тохиолддог ба эдгээр баримт нь ямар асуудал авч үзэхийг биднээс шаарддаг вэ?
9 Зарим христосын шашинтнууд хөлөг онгоцныхоо дарвуулыг буулгачихсан юм шиг санагддаг. Тэдний хөлөг онгоц нь далайд хөвж яваа хэдий ч урагшаагаа итгэлтэйгээр явахын оронд зугаацаж яваа мэт хөдлөх төдий л харагддаг. «Диваажин удахгүй болоход» хэт найдсан зарим хүн түүнд хүрэхийн тулд дэлгэрүүлэх ажилд идэвх зүтгэл гарган хурлын цуглаан болон чуулганд тогтмол идэвхтэй оролцож, өөрийгөө ганд нь хаясан байдаг. Дараа нь хүлээсэн найдлага нь бодож байснаас нь хожуу болох нь гэж үзээд урд нь гаргаж байсан шигээ хүч чармайлт гаргахаа больдог. Энэ нь тэдний дэлгэрүүлэх ажлын идэвх суларч, хурлын цуглаанд алдаг оног ирэн, чуулганы хөтөлбөрийн заримыг таслахад бэлэн байгаа байдлаас нь харагддаг. Зарим нь амрахад болон эргэн тойрондоо илүү тохилог орчин бий болгоход их цаг зарцуулдаг. Эдгээр баримт нь Еховад өөрийгөө зориулсан тэр зарчмынхаа дагуу амьдрахад маань тусалдаг, амьдралын маань хөдөлгөгч хүч байх ёстой гэдгийг авч үзэх шаардлагатайг хэлж өгч байгаа юм. Үйлчлэлд идэвх чармайлт гаргах эсэх маань «Диваажин удахгүй болох» найдлагаас хамаарах ёстой юу?
Зангуутай зүйрлэм найдлага
10, 11. Паул бидний итгэлийг юутай зүйрлэсэн бэ? Ямар учраас энэ нь тохирсон зүйрлэл вэ?
10 Ехова Абрахамаар дамжуулж ивээл өгөхөөр амласан тухай Паул хэлсэн. Дараа нь: «Тиймээс Бурхан . . . андгайгаар оруулсан нь, өөрчлөгдөшгүй хоёр зүйл болох Бурхны хувьд худал хэлэх боломжгүй, өмнө маань тавигдсан найдлагыг барьж авахаар хоргодох газрыг зүглэн зугтагч бидэнд хүчтэй дэмжлэг байхын тулд юм. Энэхүү найдлага бидэнд сэтгэлийн зангуу мэт байдаг бөгөөд найдвартай, хөдөлгөөнгүй» гэж тайлбарласан (Еврей 6:17–19; Эхлэл 22:16–18). Тослогдсон христосын шашинтнуудын найдлага бол тэнгэрт үхэлгүй мөнх амьдрах явдал юм. Өнөөдөр Еховагийн ихэнх үйлчлэгчид диваажин дэлхийд мөнх амьдрах сайхан найдлагатай (Лүүк 23:43). Тийм найдлагагүйгээр хүн итгэлтэй байх боломжгүй.
11 Зангуу бол хөлөг онгоцыг салхинд хөөгдөөд явчихаас сэргийлэн байранд нь тогтоон барьж, аюулгүй байдлыг хангаж байдаг юугаар ч сольшгүй хэрэгсэл юм. Хөлөг онгоцондоо зангуугүйгээр нэг ч далайчин аялалд гардаггүй. Паул нилээд хэдэн удаа хөлөг онгоцны сүйрэлд өртөж байсан учраас тэрбээр хувийнхаа туршлагаас далайд аялагчийн амь нас хөлөг онгоцны зангуунаас хамаардаг гэдгийг мэдсэн (Үйлс 27:29, 39, 40; 2 Коринт 11:25). Нэгдүгээр зууны үед усан онгоц хөдөлгүүргүй байсан бөгөөд ер нь тийм хөдөлгүүрийн тусламжтайгаар ахмад хөлгийг өөрийнхөө дуртай зүгт залдаг ажээ. Сэлүүрт завийг орлцуулахгүйгээр хөлөг онгоцны хөдөлгөөн үндсэндээ салхинаас хамаардаг байв. Хэрэв хөлөг онгоц хад мөргөх аюултай тулгарвал ахмад зангуугаа хаяж, зөвхөн түүний ачаар догшин салхи шуургыг найдвартай байдалд хүлээн өнгрөөдөг байлаа. Тийм учраас Паул христосын шашинтны найдлагыг аюулгүй, бөх бат сэтгэлийн зангуутай зүйрэлсэн (Еврей 6:19). Эсрэг ажиллагааны догшин салхи шуурга биднийг гүйцэн ирэх юм уу эсвэл бид өөр хүндрэл бэрхшээлтэй тулгарах үед бидний гайхамшигтай найдлага сэтгэлийг маань тогтвортой болгодог зангууны үүргийг гүйцэтгэдэг. Тэгснээр бидний итгэлийн хөлөг онгоц аюултай харгиа юм уу эсвэл тэрслэлийн хөнөөлт хад уруу урсаад явчихдаггүй (Иуда 8–13; Еврей 2:1).
12. Еховагаас холдохгүй байхад маань юу тусалдаг вэ?
12 Паул еврей христосын шашинтнуудад: «Ах дүү нар аа, та нарын дотроос хэн нь ч итгэлгүй бөгөөд зүрх чинь хорон муу болж, амьд Бурхнаас холдсон байх вий гэдгээс болгоомжлогтун» хэмээн урьчилан сэрэмжлүүлсэн (Еврей 3:12, ШЕ). Грек эхэд байгаа «холдох» гэдэг үгийн шууд утга нь «хол хөндий байх», өөрөөр хэлбэл, «салах» юм. Бид хөлөг онгоцны тийм сүйрлээс зайлсхийх боломжтой. Еховатай ойртон дотносоход маань хамгийн аймшигтай далайн шуургатай үед ч итгэл найдлага хоёр бидэнд тусална (Дэд хууль 4:4; 30:19, 20). Бидний итгэл тэрслэгчдийн сургаалын салхинд ийш тийш шидэгдэх хөлөг онгоцтой адилхан болохгүй (Эфэс 4:13, 14). Тэгээд бид Еховад үйлчлэгчдийн хувьд амьдралын шуургыг найдлагын зангуутайгаа давж гарч чадна.
Хайр ба ариун сүнсэнд хөтлөгдөгсөд
13, 14. а) Зөвхөн найдлагын зангуутай байх нь яагаад хангалтгүй вэ? б) Еховагийн ариун үйлчлэлийг биелүүлэхэд юу түлхэц болох ёстой вэ?
13 Хэрэв христосын шашинтан хүний Еховад үйлчилж буйн гол шалтгаан нь диваажин дэлхийд мөнх амьдрах найдвар болох юм бол уг хүн шинэ тогтолцоонд багтан орж чадахгүй. Хэдийгээр христосын шашинтан хүнийг хатуужилтай байлгадаг гол хүчин зүйл нь найдлагын зангуу боловч итгэл хийгээд найдлагын зангуун дээрээ хайрын өдөөгч хүчийг нэмэх хэрэгтэй. Паул үүнийг онцлон: «Харин эдүгээ итгэл, найдлага, хайр гурав байдаг. Хамгийн агуу нь хайр мөн» гэж бичсэн (1 Коринт 13:13).
14 Еховагийн хэмжээлшгүй их хайрын хариу болдог бидний хайр ариун үйлчлэлийг биелүүлэхэд маань түлхэц болох ёстой. Элч Иохан: «Харин үл хайрлагч нь Бурхныг мэддэггүй. Учир нь Бурхан бол хайр мөн. Бурхан цорын ганц Хүүгээ дэлхийд илгээсэн нь бид Түүгээр дамжуулан амьд байхын тулд бөгөөд үүгээрээ Бурхан хайраа бидэнд үзүүлсэн юм. Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг юм» гэж бичжээ. Давын өмнө бид өөрөө аврагдахын тулд биш, харин Еховагийн нэрийг ариусгах, хууль ёсны дээд эрх мэдлийг зөвтгөхийн төлөө санаа тавьж талархлаа илэрхийлэх ёстой.
15. Бид Еховад хайртай нь түүний дээд эрх мэдлийн тухай асуудалтай ямар холбоотой вэ?
15 Ехова биднийг Диваажинд амьдрах хүсэлтэйдээ биш, өөрт нь хайртайдаа үйлчлээсэй гэж хүсдэг. «Бичээсийг ойлгох нь» (англи) хэмээх Библийн нэвтэрхий тольд: «Еховагийн дээд эрх болон энэ дээд эрх мэдлийг түүний бүтээлүүдийн зүгээс гол төлөв хайран дээр үндэслэн дэмждэг нь түүнийг алдаршуулдаг юм. Өөрийнх нь дээд эрх мэдлийг бусад бүх зүйлээс эрхэмлэн үздэг, өөрөөр хэлбэл, Бурхны чанар гайхамшигтай учраас, дээд эрх мэдэл нь өөрөө шударга учраас энэхүү дээд эрх мэдэлд дуртай тийм хүмүүсийг Ехова хүсдэг (1 Коринт 2:9). Тэд эрх дураараа байхыг хүсдэггүй, харин ч түүний дээд эрх мэдэлд захирагдан үйлчлэх хүсэлтэй. Яагаад гэвэл Бурхныг болон хайр, шударга чанар, мэргэн ухааныг нь мэдэрдэг, эдгээр чанар нь өөрсдийн нь хайр, шударга байдал, мэргэн ухаанаас нь хамаагүй илүү гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм (Дуулал 83:11, 12)» (2-р боть, 275-р тал) гэжээ.
16. Есүсийг хайрлах хайр маань бидний хувьд яаж амьдралын өдөөгч хүч болдог вэ?
16 Христосын шашинтнуудын хувьд бид Есүсийг бидэнд үзүүлсэн хайрынх нь хариуд хайрладаг. Паул: «Нэг нь бүх хүмүүсийн төлөө үхсэн тул бүгд үхсэн гэж ятгагдаж байна. Христийн хайр биднийг шаарддаг. Амьд байгсад дахиад өөрсдийн төлөө бус, харин тэдний төлөө үхээд, амилуулагдсан Түүний төлөө амьдрахын тул Тэр бүгдийн төлөө үхсэн билээ» гэсэн дүгнэлт хийжээ (2 Коринт 5:13, 15). Христ гэдэг бол бидний сүнслэг амьдрал, итгэл, найдлага гурав дээр нь баригдсан тэр суурь юм. Есүс Христийг хайрлах хайр маань, ялангуяа, далайн шуурга шиг сорилтын үед бидний найдлагыг тасалдаггүй бөгөөд итгэлийг бэхжүүлдэг (1 Коринт 3:11; Колоссай 1:23; 2:6, 7).
17. Бидэнд Ехова ямар үйлдэгч хүч өгдөг ба энэ хүчний чухлыг Үйлс 1:8; Эфэс 3:16-д хэрхэн үзүүлсэн бэ?
17 Бурхан болон Хүүг нь хайрлах хайр христосын шашинтан бидний хувьд гол өдөөгч хүч болдог ч гэсэн Ехова бидэнд итгэлийг маань бэхжүүлдэг, өөрт нь үйлчлэхэд урагш давших хүч олгодог өөр нэгэн зүйлийг өгдөг. Энэ бол түүний үйлдэгч хүч буюу ариун сүнс юм. «Сүнс» гэж орчуулагддаг еврей, грек үг нь, гол төлөв, салхи мэтийн агаарын урсгалын эрчимтэй хөдөлгөөнийг тодорхойлоход ашиглагддаг. Паулын явдаг байсан хөлөг онгоцнууд салхины үл үзэгдэх хүчний тусламжтайгаар л хүрэх газраа хүрдэг байв. Түүнчлэн, итгэлийн хөлөг онгоц маань биднийг Еховагийн албанд цаашид авч явахын тулд бидэнд Бурхны үл үзэгдэгч хүч хийгээд хайр зайлшгүй хэрэгтэй (Үйлс 1:8; Эфэс 3:16).
Зорилгодоо хүрэхийн тулд урагшаа!
18. Ирээдүйд итгэлийн ямар ч сорилтыг даваж гарахад бидэнд юу туслах вэ?
18 Шинэ ертөнцөд хүрэхийн өмнөхөн бидний итгэл, хайр айхавтар сорилтод орж ч болох юм. Гэхдээ Ехова бидэнд «найдвартай, хөдөлгөөнгүй» зангуу болох гайхамшигт найдлагыг өгсөн (Еврей 6:19; Ром 15:4, 13). Хэрэв бидэнд найдлагын бөх зангуу байгаа бол эсэргүүцэл болон бусад сорилтыг тэсвэрлэж чадна. Далайн нэг шуурга намдлаа ч тийм шуурга дахин тохиолддог учраас найдлага хийгээд итгэлээ шийдвэртэйгээр бэхжүүлцгээе.
19. Бид итгэлийнхээ хөлөг онгоцыг сонгосон зүгт хэрхэн чиглүүлж, Бурхны шинэ ертөнцийн боомтод хэрхэн хүрэх вэ?
19 «Сэтгэлийн зангууны» талаар дурдахынхаа өмнө Паул: «Харин та нараас хүн бүр найдварын бүрэн баталгааны төлөө эцсээ хүртэл адилхан хүчин чармайлт гаргахын тулд, хойрго байлгүй, харин амлалтуудыг итгэл ба тэвчээрээр залгамжлах тэдгээр хүмүүсийг дууриагсад болохыг бид хүсдэг» гэж бичсэн юм (Еврей 6:11, 12). Ехова болон Хүүг нь хайрлах хайрандаа хөтлөгдөн, ариун сүнсэнд түшиглэсэн ах дүүс минь, Бурхны амласан шинэ ертөнцийн боомтод хүртлээ итгэлийн хөлөг онгоцоо сонгосон зүгээсээ хазайлгалгүй барин явцгаая!
Давтах асуултууд
◻ Итгэлийн талаар ямар сэрэмжлүүлгийг Паул бидэнд өгсөн бэ?
◻ Зарим хүн сүнслэг хөлөг онгоцны сүйрэлд хэрхэн өртсөн ба зарим нь явцаа хэрхэн удаашруулдаг вэ?
◻ Итгэлээс гадна ямар чанарууд хэрэгтэй вэ?
◻ Бурхны амласан шинэ ертөнцийн боомтод хүрэхэд маань юу туслах вэ?