Христ хурлуудад айлддаг
«Баруун мутартаа долоон одыг баригч Нэгэн... үүнийг айлдаж байна» (ИЛЧЛЭЛТ 2:1).
1, 2. Бага Азийн долоон хуралд айлдсан Есүсийн үгийг бид яагаад анхаарах ёстой вэ?
ЕХОВАГИЙН цорын ганц Хүү Есүс Христ бол христиан хурлын Тэргүүн билээ. Христ тослогдсон дагалдагчдынхаа хурлыг ариун байлгахын тулд Тэргүүний хувьд тэднийг магтан сайшааж, засаж залруулдаг (Ефес 5:21–27). Үүний жишээг «Илчлэлт» номын 2, 3-р бүлэгт бичсэн, Бага Азийн долоон хуралд Есүсийн илгээсэн, сэтгэл эзэмдсэн захидлаас үзэж болно.
2 Элч Иохан долоон хуралд хандсан Есүсийн үгийг сонсохоосоо өмнө «Эзний өдрийн» үзэгдлийг үзжээ (Илчлэлт 1:10). Тэр «өдөр» нь Мессиагийн Хаанчлал тогтсон 1914 онд эхэлсэн. Тиймээс тэдгээр хуралд айлдсан Христийн үг энэхүү эцсийн өдрүүдэд амин чухал ач холбогдолтой юм. Хэцүү цагийг давахад маань Есүсийн урам хайрласан үг болон өгсөн зөвлөгөө тусална (2 Тимот 3:1–5).
3. Элч Иоханы үзсэн «долоон од», «тэнгэр элчүүд» болон «алтан дэнлүүний сууриуд» юуг бэлэгддэг вэ?
3 Иохан «баруун мутартаа долоон одыг барьсан, долоон алтан дэнлүүний суурь [буюу хурлын] дунд алхагч» сүр алдарт Есүс Христийг харжээ. «Долоон од нь долоон чуулганы [«хурлын», ШЕ] тэнгэр элчүүд» ажээ (Илчлэлт 1:20; 2:1). Заримдаа одоор сүнсэн бүтээл буюу тэнгэр элчүүдийг бэлэгддэг. Гэхдээ Христ сүнсэн бүтээлүүдэд хүнээр захидал бичүүлэхгүй нь лавтай. Тиймээс энэ «долоон од» нь сүнсээр тослогдсон бүх харгалзагч буюу ахлагчдын зөвлөлүүдийг төлөөлнө гэж үзэх нь зүйтэй. «Тэнгэр элч» гэдэг үг нь тэд элчийн үүрэг гүйцэтгэдгийг харуулдаг. Бурхны байгууллага өргөжин тэлэхийн хэрээр «итгэмжит ухаалаг нярав» тохирох эрэгтэйчүүдийг Есүсийн «өөр хонинуудын» дундаас харгалзагчаар томилдог болсон (Лук 12:42–44; Иохан 10:16, МБОХ, 1996).
4. Христийн долоон хуралд айлдсан үгийг анхаарах нь ахлагчдад ямар ач холбогдолтой вэ?
4 Есүс «долоон одыг» баруун мутартаа барьсан гэдэг нь «долоон од» түүний эрх мэдэл, удирдлага, таалал, хамгаалалт дор байдаг гэсэн үг юм. Тийм ч учраас тэд түүнд тайлагнадаг. Орчин үеийн ахлагчид Есүсийн, хурал тус бүрд айлдсан үгэнд анхаарлаа хандуулбал адил төстэй асуудлыг шийдвэрлэж сурах болно. Христиан хүн бүр Бурхны Хүүг сонсох ёстой нь гарцаагүй (Марк 9:7). Тэгэхлээр Христийн тэдгээр хуралд айлдсан үгийг анхаарснаар юунд суралцаж болох вэ?
Ефес дэх тэнгэр элчид
5. Ефес ямар хот байсан бэ?
5 Есүс Ефесийн хурлыг магтахын зэрэгцээ зэмлэжээ. (Илчлэлт 2:1–7-г уншина уу.) Бага Азийн баруун эрэгт орших худалдаа, шашны төв болсон энэ хотод Артемис охин тэнгэрийн нүсэр том сүм байдаг байв. Ефес хот садар самуун, хуурамч шашин, ид шидээр хөөцөлдөх явдлаар дүүрсэн байсан ч элч Паул болон бусад хүний энэ хотод хийсэн дэлгэрүүлэх ажлыг Бурхан ивээсэн билээ (Үйлс 19-р бүлэг).
6. Өнөөдрийн үнэнч христианууд эртний Ефесийн христиануудтай юугаараа адилхан бэ?
6 Христ: «Би чиний ажил үйлс, нөр хөдөлмөр, тэвчээрийг чинь болон муу хүмүүсийг тэсвэрлэж чадаагүйг болон өөрсдийгөө элч нар хэмээдэг атлаа, чухамдаа элч биш хүмүүсийг шалгаж, хуурамч хүмүүс байсныг нь илчилснийг чинь мэднэ» гэж хэлэн, Ефесийн хурлыг магтсан (Илчлэлт 2:2). Өнөөдөр ч мөн адил Есүсийн жинхэнэ дагалдагчдын хурал сайн ажил үйлс, хичээнгүй хөдөлмөр, тэвчээрээрээ алдартай. Өөрсдийг нь «элч» гэж үзээсэй хэмээн хүсдэг хуурамч ах дүүсийг тэд үл тэвчдэг (2 Коринт 11:13, 26). Ефесийнхний адилаар өнөөгийн үнэнч христианууд «муу хүмүүсийг тэсвэрлэж чаддаггүй». Тийм учраас тэд Еховаг шүтэх шүтлэгийг цэвэр байлгаж, хурлыг хамгаалахын тулд гэмшдэггүй тэрслэгчдээс харьцаагаа тасалдаг (Галат 2:4, 5; 2 Иохан 8–11).
7, 8. Ефесийн хуралд ямар ноцтой асуудал байсан бэ? Түүнтэй ижил асуудлыг бид хэрхэн шийдэж болох вэ?
7 Гэхдээ Ефесийн христиануудад ноцтой асуудал бас байжээ. Есүс: «Надад чиний эсрэг зүйл байна. Юу гэвэл чи анхны хайраа орхижээ» гэж тэдэнд хэлсэн. Тэндхийн хурлынхан Еховаг анх хайрласан тэр хайраа сэргээх хэрэгтэй байлаа (Марк 12:28–30; Ефес 2:4; 5:1, 2). Бид ч бас Бурхныг анх хайрласан хайраа огоорохоос сэрэмжлэх ёстой (3 Иохан 3). Гэтэл эд хөрөнгө хүсэх юм уу, зугаа цэнгэлээр хөөцөлдөх гэх мэтийн явдал амьдралд маань давамгайлбал яах вэ? (1 Тимот 4:8; 6:9, 10). Тийм хандлагаа Еховаг гүнээ хайрлах хайр хийгээд бидний төлөө түүний болон Хүүгийнх нь хийсэн бүхэнд талархах сэтгэлээр солиход туслахыг Бурхнаас гуйн шаргуу залбирах ёстой (1 Иохан 4:10, 16).
8 Христ ефесийнхэнд: «Чи хаанаас унаснаа санаж, гэмш. Чи анх хийж байсан үйлсээ үйлд» хэмээн уриалжээ. Үгүй бол яах байсан бэ? «Хэрэв чи гэмшихгүй бол Би чам уруу очиж, дэнлүүний чинь суурийг байрнаас нь зайлуулах болно» гэж хэлсэн. Бүх хонь анхны хайраа огоорвол «дэнлүүний суурь» буюу хурал үгүй болно гэсэн үг байлаа. Тиймээс бүгдээрээ идэвх зүтгэлтэй христианууд байж, хурлаа үргэлж сүнслэгээр гэрэлтүүлэхийн төлөө хичээн чармайцгаая (Матай 5:14–16).
9. Хурал дотроо бүлэглэн хуваагдахыг хэрхэн үзэх ёстой вэ?
9 Ефесийнхэн «николайчуудын [шашны бүлэглэлийн] үйлсийг» үзэн яддаг байсан нь сайшаалтай. Энэ бүлэглэлийнхний үүсэл гарал, сургаал номлол, үйл хэргийн талаар «Илчлэлт» номд бичсэнээс өөр тодорхой баримт байдаггүй. Хүнийг дагахыг Есүс нэгэнт буруушаасан болохоор бид ч Ефесийн христиануудын адилаар хурал дотроо бүлэглэн хуваагдахыг үзэн яддаг байх ёстой (Матай 23:10).
10. Сүнс юу айлддагийг анхаардаг хүмүүс ирээдүйд яах вэ?
10 «[Хурлуудад] Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун» хэмээн Христ хэлжээ. Есүс дэлхий дээр байхдаа Бурхны сүнсний нөлөөгөөр ярьдаг байсан (Исаиа 61:1; Лук 4:16–21). Тиймээс Бурхны ариун сүнсний тусламжтайгаар Есүс одоо юу айлддагийг бид анхаарах ёстой. Есүс сүнсний удирдлагаар: «Бурхны диваажинд буй амийн модноос идэхийг Би ялагч нэгэнд соёрхоно» гэж амласан. Сүнс юу айлддагийг анхаардаг тослогдсон христиануудын хувьд энэ нь Еховагийн оршдог газар буюу «Бурхны [тэнгэрийн] диваажинд» үхэшгүй мөнх амьдарна гэсэн үг юм. Харин, сүнс юу айлддагийг сонсдог «үй олон хүн» диваажин дэлхийд «амийн усны голоос» ундаалж, тэр голын эрэг дагуух «модны навчсаар» анагаагдаж, жаргалтай амьдарна (Илчлэлт 7:9; 22:1, 2; Лук 23:43).
11. Бид Еховаг хайрлах хайраа хэрхэн хөгжүүлж болох вэ?
11 Ефесийнхэн анхны хайраа огоорсон шиг явдал өнөөдрийн хуралд гарч байвал яах вэ? Хүн бүр Еховагийн хайрын үйл хэргийн тухай ярьж, түүнийг хайрлах хайраа хөгжүүлье. Тухайлбал, Бурхан хайртай Хүүгээ золиос болгох арга хэмжээ авч, хайраа үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэх хэрэгтэй (Иохан 3:16; Ром 5:8). Түүнчлэн, тохиромжтой үед цуглаан дээр асуултад хариулахдаа юм уу, хөтөлбөрт өөр ямар нэг байдлаар оролцохдоо Бурхны хайрын тухай хэлж болно. Еховаг хайрладгаа харуулах бас нэг арга бол дэлгэрүүлэх ажилд оролцон, нэрийг нь алдаршуулах явдал юм (Дуулал 145:10–13). Тийм ээ, хурлынхаа анхны хайрыг сэргээх юм уу, бэхжүүлэхэд бидний үг яриа, үйл хэрэг их үүрэг гүйцэтгэнэ.
Смирна дахь тэнгэр элчид
12. Смирна хот болон тэндхийн шашны зан үйлийн талаар түүхэнд юу тэмдэглэсэн байдаг вэ?
12 «Үхсэн бөгөөд [дахин] амилсан, эхэн ба эцэс» болох Христ Смирнагийн хурлыг магтжээ. (Илчлэлт 2:8–11-г уншина уу.) Смирна хот нь (одоогийн Турк улсын Измир хот) Бага Азийн баруун эрэг хавийн нутагт байдаг, грекүүд нутагладаг газар байв. МЭӨ 580 оны орчим лидичүүд хотыг устгажээ. Македоны Александрыг залгамжлагчид Смирна хотыг шинэ буурин дээр дахин босгожээ. Хожим нь Ромын Ази мужийн нэгэн хэсэг болж, сайхан барилгаараа алдартай, цэцэглэн хөгжсөн худалдааны төв болжээ. Хотод Цезарь Тиберид зориулсан сүм байсан нь уг хотыг Ромын эзэн хааныг шүтэх шүтлэгийн төв болгосан байна. Цезарийг шүтэгчид анхилуун үнэртнээс чимххэнийг шатаан, «Цезарь бол Эзэн» гэж хэлдэг ёстой байжээ. Харин христианууд Есүсийг л «Эзэн» гэж үздэг учраас энэ ёсыг дагадаггүй байв. Үүнээс болж тэд зовдог байжээ (Ром 10:9).
13. Смирнагийн христианууд эд хөрөнгөөр ядуу ч ямар утгаар баян байсан бэ?
13 Смирнагийн христианууд тэр зовлонгоос гадна ядуу зүдүүгийн зовлон амсдаг байв. Энэ нь тэднийг Ромын эзэн хааныг шүтдэггүйн улмаас эдийн засгийн хориг тавьсантай холбоотой байж мэднэ. Өнөөдөр ч гэсэн Еховагийн үйлчлэгчид иймэрхүү сорилтын гадна байх баталгаа байхгүй (Илчлэлт 13:16, 17). Смирнагийн христиануудтай адил Бурхны үйлчлэгчид эд хөрөнгөөр ядуу хэдий ч сүнслэгээр баян бөгөөд энэ нь л хамгийн чухал баялаг юм (Сургаалт үгс 10:22; 3 Иохан 2).
14, 15. Илчлэлт 2:10 тослогдогсдыг яаж тайвшруулдаг вэ?
14 Смирнагийн иудейчүүдийн ихэнх нь Судартай зөрчилддөг зан үйл үйлдэж, Бурхны Хүүг үгүйсгэж, ариун сүнсээр төрсөн, Есүсийн дагалдагчдыг буруутгадаг байснаас «Сатаны синагог» гэгджээ (Ром 2:28, 29). Гэхдээ Христийн айлдсан дараах үг тослогдогсдыг үнэхээр тайвшруулдаг! Тэрээр: «Эдлэх гэж буй зовлонгоосоо бүү ай. Үзэгтүн, диавол та нарыг сорихын тулд та нараас заримыг чинь шоронд хаях гэж байна. Та нарт арван өдөр гай зовлон учрах болно. Үхэл хүртэл итгэмжтэй бай. Тэгээд Би чамд амийн титмийг өгнө» гэж хэлсэн (Илчлэлт 2:10).
15 Есүс Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг зөвтгөн, үхэхээсээ айгаагүй (Филиппой 2:5–8). Сатан одоо тослогдогсдын үлдэгдэлтэй дайтаж байгаа ч тэд бүлгээрээ хавчлагад өртөх, шоронд орох, тарчилж үхэхээс айдаггүй (Илчлэлт 12:17). Тэд ертөнцийг ялна. Эртний ромчууд уралдаан тэмцээнд түрүүлсэн хүнд хатаж гандах цэцгэн хэлхээг титэм болгон өмсгөдөг байсан бол Христ дахин амилсан тослогдогсдод «амийн титмийг өгөх» буюу тэнгэрт үхэшгүй мөнх амьдруулна гэж амладаг. Юутай хосгүй бэлэг вэ!
16. Хэрэв бид эртний Смирнагийн хурал шиг хуралд үйлчилдэг бол ямар асуудлыг анхаарах ёстой вэ?
16 Найдвар маань тэнгэрийнх ч бай, дэлхийнх ч бай, бид эртний Смирнагийн хурал шиг хуралд үйлчилдэг бол яах вэ? Бурхан хавчлагыг зөвшөөрдгийн гол шалтгаан нь хэмжээгүй эрх мэдэлтэй холбоотой асуудал гэдгийг анхаарахад нь итгэл нэгтнүүддээ тусалцгаая. Еховад үнэнч байдлаа хадгалдаг Гэрч бүр Сатан худалч гэдгийг баталж, хавчигдсан хүн ч Бурхны орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн байхыг гуйвшгүй дэмждэгээ харуулдаг (Сургаалт үгс 27:11). Хавчлагыг тэсвэрлэн давж гараад «айдас түгшүүргүйгээр... бүх өдрийнхөө турш [үүрд мөнх] [Еховагийн] өмнө ариун, [«үнэнч», ШЕ] болоод зөвт байдал дотор Түүнд үйлчлэхийн» хосгүй завшааныг үргэлж эдэлж байхын төлөө бусад христиануудаа урамшуулцгаая (Лук 1:68, 69, 74, 75).
Пергам дахь тэнгэр элчид
17, 18. Пергам ямар шүтлэгийн төв байсан бэ? Тийм хуурамч шүтлэгт оролцохоос татгалзвал яах байсан бэ?
17 Пергамын хурал магтаал ч сонссон, залруулга ч авсан. (Илчлэлт 2:12–17-г уншина уу.) Смирна хотоос хойш 80 орчим километрийн зайд байсан Пергам хот хуурамч шашинд бүрмөсөн автсан байжээ. Халдейн шидтэнүүд (зурхайчид) Вавилоноос дүрвэн ирсэн бололтой. Пергамд байдаг, анагааж эдгээх увдистай гэгдэх хуурамч бурхан Асклепийн алдарт сүм уруу өвдөж зовсон олон цувдаг байжээ. Цезарь Августад зориулсан сүм болон Пергам хотыг тэр аяар нь «[Ромын] эзэнт гүрний эхэн үеийн эзэн хааныг шүтэх шүтлэгийн гол төв» хэмээн нэрлэдэг байжээ («Британийн нэвтэрхий толь», 1959 оны хэвлэл, 17-р боть, 507-р хуудас).
18 Пергамд Зевст зориулсан тахилын ширээ байсан. Тэрчлэн уг хот Диаволын дэгдээсэн, хүнийг тахин шүтэх явдлын үүр уурхай болсон байв. Тийм ч учраас Есүс тэндхийн христиануудыг «Сатаны сэнтий байдаг» газар суудаг гэж хэлсэн нь гайхах зүйл биш ээ! Хэрэв хүн Еховагийн эрх мэдлийг дэмжин, эзэн хааныг шүтэхээс татгалзвал амиа алдах байлаа. Ертөнц одоо ч Диаволын мэдэлд байгаа бөгөөд үндэсний бэлэг тэмдгийг шүтэн биширдэг хэвээрээ байна (1 Иохан 5:19). Нэгдүгээр зуунаас өнөөг хүртэл олон үнэнч христианыг Есүсийн хэлсэн «та нарын дунд алагдсан Миний гэрч, Миний итгэлт нэгэн болох Антип» шиг тамласан. Ехова Бурхан Есүс Христ хоёр тийм үнэнч үйлчлэгчдээ гарцаагүй санаж байгаа (1 Иохан 5:21).
19. Балаам юу хийсэн бэ? Христиан хүн бүр юуг зөвшөөрөх ёсгүй вэ?
19 Христ бас «Балаамын сургаалын» талаар дурдсан. Хуурамч зөнч Балаам эд хөрөнгөний хойноос улайрсандаа Израилийг хараахыг оролдсон билээ. Бурхан хараалыг нь ивээл болгосонд тэрээр Моабын хаан Балактай хуйвалдаж, олон израиль хүнийг хуурамч шүтээн шүтэх болон садар самуун явдлын занганд оруулсан. Өнөөдөр христиан хурлын ахлагчид Балаамын үйл хэргийн эсрэг тэмцсэн Финехас шиг зөвт байдлын төлөө бат зогсох хэрэгтэй (Тооллого 22:1–25:15; 2 Петр 2:15, 16; Иуда 11). Үнэндээ, христиан хүн бүр хуурамч шүтээн шүтэх болон садар самуун явдал хуралд нэвтрэхийг зөвшөөрөх ёсгүй (Иуда 3, 4).
20. Хэрэв христиан хүн тэрс үзлийг хүлээн авч байгаа бол юу хийх ёстой вэ?
20 Пергамын хурлынхан «николайчуудын сургаалыг сахигчдыг» хүлцдэг байсан учир тэдэнд ноцтой аюул нүүрлээд байлаа. Христ тэр христиануудад: «Гэмшигтүн. Эс бөгөөс Би чам уруу даруй очиж, амныхаа илдээр тэдэнтэй тулалдах болно» гэж хэлсэн. Бүлэглэн хуваагдагчид христиануудад сүнслэг хор хүргэхийг хүсдэг бөгөөд хагарал болон тэрс үзэл санааг дэвэргэгчид Бурхны хаанчлалыг өвлөхгүй (Ром 16:17, 18; 1 Коринт 1:10; Галат 5:19–21). Хэрэв христиан хүн тэрс үзлийг хүлээж аваад, бусдад тараахыг хүсвэл Христээс сануулга авах учиртай! Өөрийгөө сүйрлээс аврахын тулд гэмшиж, хурлын ахлагчдаас сүнслэг тусламж гуйх ёстой (Иаков 5:13–18). Шуурхай арга хэмжээ авах нь амин чухал юм. Учир нь Есүс шүүх ажиллагаа явуулахаар мөдхөн ирнэ.
21, 22. «Нууцалсан маннагаас» хэн идэх вэ? Энэ нь юу гэсэн үг вэ?
21 Бурханд үнэнч үйлчилдэг тослогдсон христианууд болон тэдний хамтран зүтгэгчдийн хувьд удахгүй болох шүүх ажиллагаанаас айх хэрэг байхгүй. Бурхны ариун сүнсний удирдлагаар Есүсийн өгдөг зөвлөгөөг анхаардаг бүх хүнийг шагнал хүлээж байгаа. Жишээлбэл, ертөнцийг ялсан тослогдогсод «нууцалсан маннагаас» идэх урилга болон «шинэ нэр» бичсэн «цагаан чулуу» авна.
22 Бурхан израильчуудыг 40 жил цөлөөр хэрэн тэнэхэд нь маннагаар тэжээсэн билээ. Тэр «талхнаас» хэсгийг авч, алтан саванд хийгээд гэрээний авдар дотор тавьдаг байсан. Өөрөөр хэлбэл, асрын Ариунаас ариун газар буюу гайхамшигт гэрэл гэрэлтэн, Еховагийн оршихуйг бэлэгддэг байсан тэр газар нуудаг байжээ (Египетээс гарсан нь 16:14, 15, 23, 26, 33; 26:34; Еврей 9:3, 4). Нуусан маннаг идэх эрх хэнд ч байгаагүй. Гэхдээ Есүсийн тослогдсон дагалдагчид дахин амилахдаа «нууцалсан маннагаас» идэх буюу «үхэшгүйг өмсөх» юм (1 Коринт 15:53–57).
23. «Цагаан чулуу» болон «шинэ нэр» ямар утгатай вэ?
23 Ромын шүүх дээр ял шийтгэл оноохдоо хар чулуу, хэргийг цагаатгахдаа цагаан чулуу авчирдаг байжээ. Есүс ялагч тослогдсон христиануудад «цагаан чулуу» өгнө гэдэг нь тэднийг гэм буруугүй, цэвэр, ариун гэж тооцдогийг харуулдаг. Мөн ромчууд чухал үйл явдалд очихдоо чулууг тасалбар мэтээр ашигладаг байжээ. «Цагаан чулуу» нь тослогдогсод Хурганы хуримын үеэр тэнгэрт байх зөвшөөрөлтэйг илэрхийлдэг байж болох юм (Илчлэлт 19:7–9). «Шинэ нэр» нь тэнгэрийн Хаанчлалын хамтран залгамжлагч болж, Есүстэй нэгдэхийн хосгүй завшааныг бэлэгддэг бололтой. Энэ бүхэн тослогдогсдыг төдийгүй тэдэнтэй нэгдэн Еховад үйлчилдэг, диваажин дэлхийд амьдрах найдвартай хүмүүсийг хичнээн их урамшуулдаг гэж санана!
24. Тэрс үзлийн тухайд ямар байр суурь баримтлах ёстой вэ?
24 Тэрс үзлээс болж Пергам дахь хуралд аюул учирч байсныг мартахгүй байх нь зүйтэй. Хэрэв хурлын маань сүнслэг сайн сайханд адилхан аюул учраад байгаа бол тэрс үзлээс бүрмөсөн татгалзаж, үргэлж үнэн дотор явцгаая (Иохан 8:32, 44; 3 Иохан 4). Хуурамч багш нар хийгээд тэрс үзэлд автагсад бүхэл бүтэн хурлыг ч завхруулж чаддаг учир бид тэрс үзлийн эсрэг бат зогсох ёстой. Үнэнд дуулгавартай байхад маань бузар үзэл санаа хэзээ ч бүү саад болог (Галат 5:7–12; 2 Иохан 8–11).
25. Дараагийн өгүүллээр Христийн ямар дөрвөн хуралд илгээсэн үгийг авч үзэх вэ?
25 Бага Азийн долоон хурлын гуравт нь сүр алдарт Есүс Христийн хэлсэн магтаал болоод зөвлөгөөг авч үзсэн маань үнэхээр нэгийг бодууллаа! Гэхдээ үлдсэн дөрвөн хуралд ч ариун сүнсний удирдлагаар айлдах үг Есүст бас олон бий. Туатейр, Сардей, Филаделфи, Лаодикийн хурлуудад илгээсэн үгийг дараагийн өгүүллээс үзэцгээе.
Та хэрхэн хариулах вэ?
• Христ хурлуудад юу айлддагийг бид яагаад анхаарах ёстой вэ?
• Хурлынхаа анхны хайрыг сэргээхэд бид яаж тусалж болох вэ?
• Эртний Смирнагийн христианууд эд хөрөнгөөр ядуу ч үнэндээ баян байсан гэж үзэхийн учир юу вэ?
• Пергамын хурлын нөхцөл байдлыг дүгнэн үзээд бид тэрс үзэлд хэрхэн хандах ёстой вэ?