«Харагтун! Би бүхнийг шинэчилнэ»
1—4. а) Энэ товхимлын хавтсан дээр үзүүлсэн нөхцөлүүдээс аль нь танд илүү таалагдаж байна вэ? б) Таны өмнө ямар сайхан ирээдүй байгааг энд дүрсэлж вэ? в) Библийн ямар ишлэлүүд энэ ирээдүйн тухай өгүүлдэг вэ?
ЭНЭХҮҮ ТОВХИМЛЫН хавтсан дээрх жаргалтай хүмүүсийг ажигла даа. Эдгээр хүмүүсийн нэг нь байхыг хүсэж байна уу, та? «Тэгэлгүй яах вэ» гэж хэлэх биз. Яагаад гэвэл энд хүн төрөлхтний хүсэн хүлээдэг энх амгалан, зохист байдал бүрдсэн байна. Хар, цагаан, шар бүх л өнгийн арьстай хүмүүс нэгэн бүлд цугларчээ. Ямар сайхан аз жаргал бэ! Ямар сайхан эв нэгдэл бэ! Эдгээр хүмүүс цөмийн радио идэвхт хорт хаягдал хийгээд хүчирхийллийн аюул заналаас сэтгэл зовохгүй байгаа нь илэрхий. Энэхүү дур булаам цэцэрлэгийн дээгүүрх энх амгалан тэнгэрт цэргийн тийрэлтэт нисэх онгоц үл үзэгдэнэ. Цэрэг ч, танк ч, их буу ч аль аль нь алга. Тэр ч байтугай эмх журам тогтооход хэрэглэдэг цагдаагийн бороохой ч алга. Дайн хийгээд гэмт хэрэг ч ер алга. Хүн бүр өөрийн тохилог сууцтай учир энд орон байрны гачигдал гэж үгүй.
2 Энэ хүүхдүүдийг хар даа! Тоглож байгаа нь жаргалтай харагдана. Ямар амьтадтай наадаж буйг нь хараач! Адгуусан амьтад өөр хоорондоо болон хүмүүстэй эв найртай амьдрах учир энэ цэцэрлэгт хүрээлэнд төмөр торны шаардлага алга. Тэр ч бүү хэл, арслан хургатай нөхөрлөжээ. Өнгө өнгийн шувууд ийш тийшээ хөвөн халин нисэхийг харж, тэдний эгшиглэнтэйгээр жиргэн донгодох нь хүүхдийн жаргалтай инээдтэй нийлэн агаар мандлыг дүүргэхийг сонсооч. Тор алга уу? Алга. Яагаад гэвэл, энэ нутагт байгаа бүхэн эрх чөлөөтэй бөгөөд аз жаргалаар бялхжээ. Яг л, цэцэгсийн анхилуун үнэр үнэртэн, горхины шоржигноон сонсогдож, нарны налгар дулаан илч мэдрэгдэх шиг. Пээ, энэ сагсан дахь жимс ямар сайхан амттай юм бэ! Тэгэлгүй яах вэ. Эдгээр нь газар шорооны өгч л болох хамгийн дээд зэргийн жимснүүд юм. Ер нь энэ цэцэрлэгт хүрээлэнд бидний харж байгаа бүхэн бүгд дээд зэргийн чанартай бөлгөө.
3 «Хүлээгээрэй! Өндөр настай хүмүүс яагаад байхгүй байна вэ? Тэд энэ сайхан нийгэмд жаргах хувьгүй гэж үү?» гэж зарим нь асуух биз. Үнэндээ, энд настай хүмүүс бий. Гэхдээ, тэд эргээд залуужсан ажээ. Энэ цэцэрлэгт хүрээлэнд нэг ч хүн хөгширч үхэхгүй. Хүүхэд багачууд насанд хүртлээ өсөх боловч түүнээс цааш хөгшрөхгүй. Энд амьдарч байгаа сая сая хүнээс 20-той ч бай, 200-тай ч бай хэн нь ч гэсэн залуу насны эрч хүчтэй бөгөөд туйлын эрүүл саруул бие бялдартай байна. Сая сая хүн гэв үү, та? Тийм ээ, сая сая хүн. Яагаад гэвэл, бүх газар дэлхий энэ цэцэрлэгт хүрээлэн лугаа адил болох юм. Бүх дэлхий тийм гайхамшигтай цэцэрлэгт хүрээлэн буюу Диваажин болж хувирах учраас Фүжи уулнаас Андын нуруу, Хонконгоос Газрын дундад тэнгис хүртэл буюу манай дэлхийн зах хязгаар хүртэл элбэг баян амьдрал бялхаж, энх амгалан, таатай сайхан байдал ноёлох болно. Тийм ээ, Диваажинг дэлхий даяар дахин сэргээнэ.
4 «Үнэмшмээргүй юм» гэж та хэлэв үү? Тэгвэл, эхлээд баримтуудыг шалгаж үз л дээ. Эдүгээ, танд болон таны гэр бүлийнхний хувьд өнөөгийн, түгшүүрээр дүүрсэн амьдралыг эсэн мэнд давж, энэ товхимлын хавтсан дээр дүрсэлсэн шиг амьдралд хүрэх боломж бий.a
Диваажингийн тухай өгүүлдэг ном
5. а) Ямар ном Диваажингийн тухай өгүүлдэг вэ? б) Энэ ном юугаараа гайхамшигтай вэ?
5 Энэ бүх гайхалтай сайхан нөхцөл хийгээд ийм болно гэдэгт итгэх үндсийг нэгэн цагт бичсэн хамгийн гайхамшигтай номд тайлбарлажээ. Энэ номыг Библи гэдэг. Энэ бол маш эртний ном бөгөөд түүний зарим хэсэг нь 3 500-гаад жилийн өмнө бичигдсэн. Хэдий тийм ч, түүнд өнөөдрийн амьдралд тохирсон мэргэн зөвлөгөө байдаг учраас энэ ном нь хамгийн орчин үеийн ном юм. Түүний зөгнөлүүд нь ирээдүйд итгэх итгэлийн гэрэл асаадаг. Энэ бол түүхэнд хамгийн өргөн тархсан ном бөгөөд Библийг бүхэлд нь болон хэсэгчлэн 2 200 орчим хэлээр 4 000 000 000 гаруй хувь хэвлэжээ.
6. Бусад шашны номоос Библи юугаараа ялгаатай вэ?
6 Шашны өөр ямар ч ном тийм их өргөн хэмжээгээр тархаагүй бөгөөд тэдгээрээс нэг нь ч түүнд ядаж дөхөж очихоор эртнийх биш аж. Лалын шашны Коран бичигдсээр 1 400 жил ч болоогүй байна. Будда Күнз нар ойролцоогоор 2 500 жилийн тэртээ амьдарч байсан бөгөөд тэдний судрууд ч мөн тэр үед бичигджээ. Синтоизмын судар 1 200 хүрэхгүй жилийн өмнө одоогийн байгаа хэлбэрээрээ бичигдсэн байна. Мормоны ном дөнгөж 160 настай. Шашны эдгээр номоос нэг нь ч хүн төрөлхтний 6 000 жилийн түүхийг Библи шиг үнэн зөв тусган харуулдаггүй. Тийм учраас, хамгийн анхны шашин шүтлэгийг мэдье гэвэл бид юуны өмнө Библийг судлах хэрэгтэй. Энэ бол бүх үндэстэнд хамаатай өргөн хүрээтэй мэдээлэл агуулсан цорын ганц ном юм.
7. Сэтгэгч хүмүүс Библийн талаар юу гэж хэлсэн бэ?
7 Бүх л үндэс угсаа хийгээд нийгмийн давхаргын сэтгэгч хүмүүс Библийн мэдээллийн цэцэн мэргэн, яруу сайхныг магтан сайшаасан байдаг. Таталцлын хуулийг нээсэн нэрт эрдэмтэн сэр Исаак Ньютон: «Библиэс илүү сайн нотлогдсон нэг ч шинжлэх ухаан байхгүй» гэж хэлжээ. «Эсвэл эрх чөлөө, эсвэл үхэл!» гэж хэлсэн үгээрээ алдаршсан америкийн хувьсгалын удирдагч Патрик Хенри ч мөн адил: «Библи бол аль ч үед хэвлэгдсэн ямар ч номоос үнэтэй» гэж мэдэгдсэн. Тэр ч байтугай энэтхэгийн их ухаантан Мохандас К. Ганди нэгэн удаа Энэтхэгт суугаа британийн вангийн төлөөлөгчид хандан: «Манай хоёр орон Уулан дээр айлдсан Христийн Номлолыг үндэс болгон хамтран ажиллавал манай хоёр орны төдийгүй дэлхий нийтийн бэрхшээлүүдийг шийдэж болно» гэж хэлжээ. Ганди Библийн «Матай» номын 5—7-р бүлэгт бичигдсэн зүйлийн тухай өгүүлжээ. Энэ бүлгүүдийг та өөрөө уншаад түүнд бичигдсэн гайхамшигтай зүйлс сэтгэлийг тань хөдөлгөх эсэхийг үз л дээ.
Библи бол Дорнын ном
8, 9. а) Библийг Өрнийн ном гэх нь яагаад буруу вэ? б) Библийг ямар хугацаанд, хэрхэн бичсэн бэ? в) Библийг номын сан гэж нэрлэж болохын учир юу вэ? г) Библийг бичихэд хэчнээн хүн оролцсон бэ? д) Эдгээр хүмүүсийн зарим нь Библийн Зохиолчийг хэрхэн гэрчилсэн бэ?
8 Хүмүүсийн дийлэнх олонхын итгэдгээр Библи бол Өрнийн орнуудад бичигдсэн, тэдгээр орны соёлыг магтан сайшаадаг ном биш болой. Библийг бараг бүхлээр нь Дорнын орнуудад бичжээ. Түүнийг бичсэн эрчүүд бүгдээрээ Дорнын хүмүүс байв. Буддагаас мянган жилийн өмнө, Ойрх Дорнодод Мосед МЭӨ 1513 онд Бурхан онгод оруулан Библийн эхний ном болох «Эхлэл»-ийг бичүүлсэн. «Эхлэл» номоос эхлээд «Илчлэлт» хэмээх эцсийн номыг дуустал Библид хоорондоо уялдаа холбоотой нэг л сэдвийн тухай өгүүлсэн байдаг. Библийг Буддагаас ойролцоогоор 600 жилийн дараа буюу МЭ 98 онд бичиж дуусгасан. Библи янз бүрийн 66 номоос бүрддэг гэдгийг та мэддэг үү? Тийм ээ, Библи бол өөрөө жижигхэн номын сан бөлгөө!
9 Өөр хоорондоо нягт уялдаа холбоо бүхий Библийн мэдээллийг бичихэд 40 орчим эрэгтэй хүн оролцсон бөгөөд Мосегийн үеэс эхлэн 1 600 жилийн турш бичжээ. Тэдгээр бичээсийг жирийн хүний хүчнээс өчнөөн давуу хүч тэдэнд онгод оруулан бичүүлсэн гэдгийг сайхь эрчүүд гэрчилдэг. Библийг бичигчдийн нэг болох Паул: «Тэр номын бүх үг Бурхны онгод оруулан бичүүлсэн үг бөгөөд хүмүүжүүлэхэд, бурууг засахад ба Бурханд таалагдах амьдралыг заахад тустай» гэж бичжээb (2 Тимот 3:16, «Шинэ Гэрээ», ОҮМБОХ, 1998 [ШГ]). Өөр нэгэн бичигч Пэтр: «Бичээсийн нэг ч зөгнөлийг амин хувийн шийдэл болгож үл болно. Учир нь, зөгнөл нь хэзээ ч хүний хүслээр хэлэгдсэнгүй, харин Ариун Сүнсээр хөтлөгдсөн хүмүүс Бурхнаас айлджээ» гэж тайлбарласан (2 Пэтр 1:20, 21; 2 Самуел 23:2; Лүүк 1:70).
10. а) Библи өнөөдрийг хүртэл хэрхэн хадгалагдаж ирсэн бэ? б) Бид Бурхнаас онгод оруулан бичүүлсэн Библийн анхны эх бичигтэй гэдэгтээ итгэлтэй байж болдгийн учир юу вэ?
10 Библи ямар замаар бидэнд өнөөдрийг хүртэл хадгалагдсаар ирэв гэдэг нь ихээхэн гайхал төрүүлдэг. Ойролцоогоор 500 жилийн тэртээ хэвлэх машиныг зохион бүтээсэн бөгөөд тэр хүртэл олон мянган жилийн турш Библийг гараар хувилж ирсэн. Эрт цагийн өөр ямар ч судрыг тийм хичээнгүй бөгөөд олон дахин хувилаагүй ажээ. Библийг дахин дахин хуулан бичсэн боловч тэр болгондоо туйлын нягт нямбай ханддаг байв. Хуулан бичигчид цөөн тооны үл ялиг алдаа гаргадаг ч, эдгээр хуулж бичсэн хувийг өөр хооронд нь харьцуулан тулгаж үзээд, Бурхны онгод оруулан бичүүлсэн эх бичээсийг тогтоон тодорхойлж болдог байв. Библийн гар бичмэлийн талаар нэрд гарсан сэр Фредерик Кеньон: «Бичээс эхэлж бичигдсэн тэр л янзаараа бидэнд хүрч ирсэн гэдэгт ямар нэгэн байдлаар эргэлзэх эцсийн шалтгаан өнөөдөр арилсан» гэж хэлсэн. Өнөөдөр, Библийн болон түүний хэсгийн 11 000 орчим гар бичмэл байгаагийн зарим нь манай эриний өмнөх хоёрдугаар зууных хүртэл байгаа аж. Түүнээс гадна, анх бичсэн еврей, арамей болон грек хэлнээс нь Библийн үнэн зөв орчуулгыг дэлхийн бараг бүх хэлээр хийсэн байна.
11. Орчин үеийн ямар нээлтүүд Библид бичсэнтэй тохирдог вэ?
11 Зарим хүн, Библийн мэдээлэл нарийн зөв биш хэмээн нэр хүндийг нь бууруулахыг оролддог. Гэтэл, саяхан археологчид Библид бичигдсэн улс орнуудын эртний хотын балгаст малталт хийжээ. Тэндээс Библийн хамгийн эртний бичээст дурдсан байдаг хүмүүс ба газар орон үнэхээр байсан гэдгийг нотлох сийлбэр бичээс болон бусад материал олсон байна. Тэд дэлхийг хамарсан Усан галав, Библид бичсэнээр, Ноагийн үед буюу одоогоос 4 000 жилийн тэртээ болсон гэдгийг батлах олон тооны нотлох баримт олжээ. Нэрт археологч, хун тайж Миказа энэ талаар: «Усан галав үнэхээр болсон юм уу?... Усан галав үнэхээр болсон гэх баримт үнэмшилтэйгээр нотлогдсон»c гэж хэлсэн.
Библийн Бурхан
12. а) Зарим нэгэн шоолон тохуурхагчид Бурхны талаар юу хэлдэг вэ? б) Бурхныг Библид яагаад Эцэг гэдэг вэ? в) Библид Бурхны нэрийг хэн гэсэн байдаг вэ?
12 Библийг элэглэн дооглодог хүмүүс байдагчлан Төгс Хүчит Бурхан байдаг гэдэгт үл итгэн шоологчид байдаг ажээ (2 Пэтр 3:3—7). Тэд: «Хэрэв би Бурхныг үзэхгүй юм бол түүнд хэрхэн итгэх билээ? Хүнээс дээд, үл үзэгдэгч Бүтээгч үнэхээр байдаг гэдгийн нотолгоо байна уу? Бурхан бүхний дотор байдаг уу?» гэдэг. Зарим нь болохоор: «Бурхан ч, Будда ч, аль аль нь байхгүй» гэдэг. Харин, бид бүгд газрын эцгээсээ амь авсанчлан бидний анхны өвөг элэнц маань Ехова гэдэг нэртэй тэнгэрийн Эцэг буюу Бүтээгчээс амиа авсан гэдгийг Библи бидэнд хэлж өгдөг (Эхлэл 2:4, 7; 15:2; 17:1, «ЭХЛЭЛ», Улаанбаатар, 1994).
13. Ехова хүн төрөлхтөнд өөрийгөө ямар хоёр аргаар илчилсэн бэ?
13 Ехова хүн төрөлхтөнд өөрийгөө хоёр үндсэн аргаар илчилдэг. Гол арга нь түүний үнэн хийгээд мөнхийн санаа зорилгыг таниулдаг Библи юм (Иохан 17:17; 1 Пэтр 1:24, 25). Нөгөө нэг арга нь түүний бүтээлүүд болно. Эргэн тойрондоо байгаа элдэв гайхалтай үзэгдэл юмсыг хараад, энэ бүхнээр агуу чанар нь илэрдэг Бүтээгч буюу Бурхан байх ёстой гэсэн дүгнэлтэд хүрдэг хүн цөөнгүй (Илчлэлт 15:3, 4).
14. Библи бидэнд Еховагийн тухай юу хэлдэг вэ?
14 Ехова Бурхан бол Библийн зохиогч нь юм. Тэрбээр мөнхөд оршигч Агуу Их Сүнс болой (Иохан 4:24; Дуулал 90:1, 2). «Ехова» гэдэг нэр нь тэрбээр бүтээлүүдийнхээ талаарх санаа зорилгоо заавал биелүүлдэг гэсэн утгатай юм. Түүний санаа зорилго бол ёс бус хүмүүсийг устгаж, өөрийг нь хайрладаг бүхнийг авран, тэднийг диваажин дэлхийд мөнх амьдруулснаар агуу нэрээ ариунаар дуурьсгах явдал юм (Египетээс гарсан нь 6:2—8; Исаиа 35:1, 2). Төгс Хүчит Бурхан болохын хувьд түүнд үүнийг хийх хүч бий. Тэрбээр орчлонт ертөнцийг Бүтээгч учраас ердийн үндэсний бурхад болон хиймэл шүтээнүүдээс хамаагүй давуу бөлгөө (Исаиа 42:5, 8; Дуулал 115:1, 4—8).
15. Ухаант хүмүүс бүтээлийг судалснаар ямар дүгнэлтэд хүрсэн бэ?
15 Өнгөрсөн олон зууны турш эрдэмтэд бүтээлүүдийг судлахад их хугацаа зарцуулсан. Тэд ямар дүгнэлтэд хүрсэн бэ? Цахилгааны салбарын анхдагчдын нэг болох британийн нэрт физикч, лорд Кельвин: «Шинжлэх ухааныг үндэс сайтай судлахын хирээр бид шашингүйн үзлээс улам бүр холддог гэж би үздэг» гэж мэдэгджээ. Европ гаралтай эрдэмтэн Альберт Эйнштейн хэдийгээр шашингүйн үзэлтэн ч гэсэн: «Бидэнд бүдэг бадагхан төсөөлөгдөх орчлонт ертөнцийнхөө гайхан бишрэм бүтэц зохион байгуулалтын талаар эргэцүүлэн бодох, мөн байгальд илрэх оюун ухааны илрэлийн ядаж өчүүхэн хэсгийн учрыг олох гэж даруухнаар хичээн оролдох... энэ нь миний хувьд хангалттай» гэж мэдэгдсэн. Америкийн эрдэмтэн, Нобелийн шагналт Артур Холли Комптон: «Дэс дараатайгаар илчлэгдэж байгаа орчлонт ертөнц нь „Эхэнд Бурхан бүтээжээ“ гэж нэгэн цагт илэрхийлсэн хамгийн агуу гайхамшигт үгийн үнэн болохыг нотолдог» гэж хэлжээ. Тэрбээр Библийн эхний үгсээс иш татсан байна.
16. Орчлонт ертөнц Бурхны бүтээгч мэргэн ухаан ба хүчийг хэрхэн тодотгодог вэ?
16 Их гүрний удирдагчид өөрсдийн оюун ухаан болон сансрын уудмыг эзэмших талаар олсон шинжлэх ухааны ололт амжилтаараа бахархаж болно. Гэвч, тэдний хиймэл дагуулууд нь Дэлхийн дагуул Сар болон Нарны аймгийн гаригуудтай харьцуулахад хэчнээн өчүүхэн бэ! Эдгээр төгс бус хүмүүсийн ололт амжилт нь Еховагийн бүтээл буюу огторгуйн уудамд түүний бүлэглэн, үл хэмжигдэх цагаар байрлуулсан, нэг бүр нь манай Нартай адил олон тэрбум нарыг агуулсан тэнгэрийн олон тэрбум галактиктай харьцуулахад дэндүү өчүүхэн юм даа! (Дуулал 19:1, 2; Иоб 26:7, 14). Тэгэхлээр, Ехова хүмүүсийг царцаа төдий, их гүрнүүдийг «юу ч биш» гэж үзэх нь гайхмаар зүйл биш болой (Исаиа 40:13—18, 22).
17. Бүтээгчид итгэх нь яагаад зүйтэй вэ?
17 Та ямар нэгэн байшинд суудаг биз дээ? Та лав түүнийг өөрөө бариагүй, тэрчлэн хэн барьсныг нь ч мэдэхгүй байх. Хэдий тийм ч, хэн барьсныг нь мэдэхгүй байх нь түүнийг оюун ухаант хүн барьсан гэдгийг хүлээн зөвшөөрөхөд танд саад болохгүй. Байшин өөрөө баригдсан гэвэл туйлын тэнэг хэрэг болно! Агуу их орчлонт ертөнц болон түүнд байгаа бүхнийг бүтээхэд хэмжээлшгүй агуу оюун ухаан хэрэгтэй учраас оюун ухаант Бүтээгч байх ёстой гэж үзэх нь ухаалаг биш гэж үү? Үнэндээ, зөвхөн мунхаг хүн л зүрхэндээ: «Бурхан байхгүй» гэж хэлэх байх (Дуулал 14:1; Еврей 3:4).
18. Бурхан бол бодгаль бөгөөд магтаал хүндэтгэл авах нь зохистой гэдгийг юу харуулдаг вэ?
18 Цэцэгс, шувууд хийгээд хүн хэмээх давтагдашгүй бүтээл, амьдрал хийгээд төрөлтийн гайхамшиг гэх мэтийн биднийг хүрээлэн байгаа байгалийн түмэн гайхамшиг бүхэн энэ бүгдийг бүтээсэн үл үзэгдэгч дээд Оюун Ухаан байдгийг гэрчилдэг (Ром 1:20). Оюун ухаан байвал бодол санаа байна. Бодол санаа байвал бодгаль байна. Дээд оюун ухаан бол амьд бүхнийг Бүтээгч, амийн Эх булаг болох Хамгийн Дээд Бодгалийн оюун ухаан юм (Дуулал 36:9). Үнэндээ, Бүтээгч бол магтаал хүндэтгэл хийгээд шүтлэг бишрэлийг хүлээх нь зохистой (Дуулал 104:24; Илчлэлт 4:11).
19. а) Жинхэнэ Бурхны туслалцаатайгаар дайнд ялалт байгуулсан гэж өнөөдөр нэг ч улс хэлж чадахгүйн учир юу вэ? б) Ехова Бурхан дайнд яагаад оролцдоггүй вэ?
19 Дэлхийн хоёрдугаар дайны хатуу шалгуураар зарим хүний Бурханд итгэх итгэлийн эргэлзээтэй нь илэрсэн. Тэр үед улс орон болгон католик, протестант юм уу, эсвэл дорнын шашинтан гэдгээсээ хамаарахгүйгээр өөр өөрсдийнхөө «Бурхныг» дуудсан. «Бурхан» эдгээр улс гүрнүүдийн заримд нь ялалт бэлэглэж, заримд нь ялагдахыг зөвшөөрсөн гэж хэлж болох уу? Эдгээр улс үндэстнүүдээс нэг нь ч жинхэнэ Бурхныг дуудаагүй гэдгийг Библи харуулдаг. Тэнгэр ба газрыг Бүтээгч, Ехова Бурхан улс үндэстнүүдийн хооронд үүсэх үймээн самуун, дайн дажны хариуцлагыг хүлээдэггүй (1 Коринт 14:33). Түүний бодлого нь энэ дэлхийн цэрэг, улс төрийн бодлоготнуудынхаас хамаагүй дээгүүр бөлгөө (Исаиа 55:8, 9). Мөн, жинхэнэ шашин ба Еховаг шүтэх шүтлэг нь улс үндэстнүүдийн дайнтай ямар ч холбоогүй. Ехова бол үндэстний бурхдаас хамаагүй давуу бөгөөд энх амгаланг хүсдэг алив үндэстний хүн бүрийн цорын ганц Бурхан юм. «Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг» гэж Библи хэлдэг (Үйлс 10:34, 35). Шударга үйлд дуртай үндэстэн бүрийн хүмүүс өнөөдөр Библийг судалж, хүн төрөлхтнийг Бүтээгч, жинхэнэ «энх тайвны Бурхныг» шүтэж байна (Ром 16:20; Үйлс 17:24—27).
20. Христосын шашны ертөнциийнхөн ерөөсөө Есүсийн дагалдагчид биш бөгөөд Бурхны эсрэг байдаг гэдгийг юу харуулдаг вэ?
20 Библийг баримталдаг гэж нотолдог Христосын шашны ертөнцийн сүмүүдэд хагарал хийгээд хоёр нүүр гаргах явдал байна гэж зарим хүн хэлдэг. (Христосын шашин зонхилж байдаг хүний ертөнцийн хэсгийг «Христосын шашны ертөнц» гэж нэрлэдэг.) Тэд цааш нь: «Хэрэв, Библийг шүтдэг ард түмэн цөмийн зэвсгээр улайран хөөцөлддөг бол би Библийн Бурханд хэрхэн итгэх билээ?» гэдэг. Хэдийгээр, Библи дандаа зөв байдаг ч гэсэн Хойт туйл Өмнөд туйлаас алслагдсан шиг Христосын шашны ертөнцийн хүмүүс Библид бичигдсэн Есүс Христийн жинхэнэ дагалдагчдаас тийн алслагдсан байдаг. Тэд өөрсдийгөө Есүсийн дагалдагч гэдэг хирнээ хоёр нүүр гаргадаг. Тэд Библи барьдаг ч сургаалыг нь дагаж мөрддөггүй. Хирошима хот дээр анхны атомын бөмбөг хаях тушаал өгсөн америкийн ерөнхийлөгч дэлхийн хямралын үед хүмүүсийг удирдахын тулд нэгэнтээ: «Исаиа юм уу, гэгээн Паул байсан ч болоосой!» хэмээн дуу алдсан гэдэг. Хэрэв, тэрбээр Библийг бичигч Исаиад итгэдэг байсан бол атомын бөмбөг хаях тушаалыг хэзээ ч өгөхгүй байсан. Учир нь, Исаиа «сэлмээ анжис, жадаа хадуур болгон давтах» талыг баримтлагч байсан юм. Тэрчлэн, Библийг бичигч Паул: «Бид махан бие дотор алхаж байвч, махан биеийн дагуу дайтдаггүй. Учир нь бидний байлдааны зэвсэг бол махан биеийнх биш» гэж тайлбарласан (Исаиа 2:4; 2 Коринт 10:3, 4). Гэтэл, Христосын шашны ертөнцийн улс орнууд Библийн мэргэн зөвлөгөөг дагаж мөрдөхийн оронд үхэл таригч зэр зэвсгээр хөөцөлдөх болсон. Өөрсдийгөө Библи барьдаг Есүсийн дагалдагчид гэх тэдний нотолгоо нь огт худал юм. Бурхны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхээс татгалзсан учраас тэд шийтгэлийг нь хүлээх ёстой (Матай 7:18—23; Зефаниа 1:17, 18).
Еховагийн бүтээлүүд ба гайхамшгууд
21. Бурхны гайхамшигт эргэлзэхгүй байх нь яагаад зүйтэй вэ?
21 Ехова бүтээдэг, мөн гайхамшиг үйлддэг. Усыг цус болгон хувиргасан, Улаан тэнгисийг хуваасан, Есүсийг онгон эмэгтэйгээс төрүүлсэн гэх мэтийн Библид бичсэн өөр бусад олон гайхамшгийг уншаад та гайхсан уу? Хүний оюун ухааны хүч боломж нь хязгаарлагдмал учраас нар өдөр бүр мандаж, жаргахын гайхамшгийг бүрэн ойлгож чаддаггүйн адил эдгээр гайхамшгийн зарим нь хэрхэн болж бүтсэнийг хэзээ ч ойлгож чадахгүй байж магадгүй. Хүнийг бүтээсэн нь гайхамшиг байлаа. Орчин үеийн хүн энэ гайхамшгийг үзээгүй ч гэсэн өнөөдөр өөрөө амьдарч байгаа нь түүний гэрч болох учраас тийм юм болсон гэдгийг мэддэг. Үнэндээ, амьд байгаль хийгээд орчлонт ертөнц бүхэлдээ мөнхийн гайхамшиг мөн. Тэгэхлээр, Бурхан тодорхой цаг үед тодорхой гайхамшгуудыг үйлдсэн бөгөөд өнөөдөр тийм гайхамшиг хэрэггүй гэж Бурхны Үг болох Библи хэлээд байхад бидэнд эргэлзэхийн хэрэг юу байна?
22. Бурхны анхны бүтээлийг дүрслэн хэлнэ үү.
22 Еховагийн бүх бүтээл сонин бөгөөд гайхамшигтай! Гэхдээ, түүний хамгийн анхны бүтээл бусад бүх бүтээлээс нь илүү гайхамшигтай нь байлаа. Энэ бол «бүх бүтээлийнх нь Ууган нь» болох сүнсэн Хүү нь юм (Колоссай 1:15). Энэхүү тэнгэрийн Хүүг «Үг» гэдэг байв. Тэрбээр бүтээгдсэнээсээ хойш олон зууны дараа дэлхийд буун ирж, «Христ Есүс гэдэг хүн» болсон (1 Тимот 2:5, ШГ). Чухам түүний тухай: «Үг нь махан бие болж, бидний дунд нутаглаж байв. Бид Түүний алдрыг харцгаасан. Энэ нь Эцгийн цорын ганц Хүүгийн алдар бөгөөд ивээл ба үнэнээр дүүрэн байсан юм» гэж хэлжээ (Иохан 1:14).
23. а) Бурхан болон түүний Хүү хоёрын хоорондын харилцааг хэрхэн тайлбарлаж болох вэ? б) Ехова Хүүгээрээ юу бүтээлгэсэн бэ?
23 Ехова ба түүний Хүү хоёрын харилцааг дархны газрын эзэн эцгийнхээ бүтээхээр зохиосон төслийг хэрэгжүүлэхэд нь тусалдаг хүү хоёрын хоорондох харилцаатай зүйрлэж болох юм. Ехова өөрийн ууган Хүү буюу хамтран ажиллагчийнхаа тусламжтайгаар хөвгүүд нь болох бусад олон сүнсэн бүтээл буюу тэнгэрэлчүүдийг бүтээжээ. Хожим, Еховагийн Уран Дархан болох Хүү нь бидний амьдарч байгаа бодит тэнгэр ба газрыг бүтээхийг хараад тэд хөөрөн баярлацгаасан. Энэ бүхнийг бүтээсэн гэдэгт та эргэлзэж байна уу? Олон мянган жил өнгөрсний дараа Ехова нэгэн итгэмжит хүнээс: «Газар дэлхийг бүтээхэд минь чи хаана байв? Хэрэв чи мэдэж байгаа бол хэлээд орхи. Тэр үед өглөөний одод хамтдаа баярлан дуулцгааж, Бурхны бүх хөвгүүд бахдан хашгирцгааж байсан уу?» гэж асуужээ (Иоб 38:4, 7, англи «Ариун Бичээсийн Шинэ Ертөнцийн Орчуулга» [ШЕ]; Иохан 1:3).
24. а) Дэлхий дээрх Еховагийн бүтээлүүдээс хамгийн шилдэг нь юу ба чухам юугаараа тэр вэ? б) Хүн адгуусан амьтнаас үүссэн гэж ярих нь яагаад буруу вэ?
24 Ехова цагийн урсгалд дэлхий дээрх ургамал, мод, цэцэг, загас, шувуу болон бусад адгуусан амьтад мэтийн материаллаг ертөнц, амьд байгалийг бүтээсэн (Эхлэл 1:11—13, 20—25). Дараа нь өөрийн Уран Дарханд хандан: «Бид Өөрсдийнхөө дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээе...» гэж хэлээд «Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурхны дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг» бүтээжээ (Эхлэл 1:26, 27). Бурхны дүр төрхөөр, өөрөөр хэлбэл, Бурхны агуу гайхамшигтай чанар болох хайр, мэргэн ухаан, шударга чанар хийгээд хүчийг нь шингээж бүтээгдсэн болохоор анхны хүн адгуусан амьтдаас хамаагүй давуу байв. Тэрбээр адгуусан амьтдаас ялгаатай нь гэвэл сэтгэн бодож, ирээдүйгээ төлөвлөж, Бурхныг шүтэх чадвартай байлаа. Адгуусан амьтад дүгнэн цэгнэх оюун ухаангүй бөгөөд зөндөө хөтлөгдөн амьдардаг. Баян тансаг заяагдсан оюун ухаант хүн оюун ухаангүй дорд адгуусан амьтнаас гаралтай бөгөөд Бүтээгч гэж байхгүй хэмээн ярих нь хэчнээн тэнэг хэрэг вэ! (Дуулал 92:6, 7; 139:14).
25, 26. а) Хүн ямар агуу сайхан ирээдүйтэй байсан бэ? б) Дэлхийн хүн ам хэт өсөж, дэлхийдээ багтахгүй болох бэрхшээл яагаад байгаагүй вэ?
25 Бурхан хүнийг «дорно зүгт Еденд цэцэрлэг байгуулан» суулгасан. Хэдийгээр тэнд Адам эхнэртэйгээ хоёулхнаа амьдарч байсан ч гэсэн тэр нь товхимлын маань хавтсан дээрх шиг жаргалангийн цэцэрлэг буюу Диваажин байсан юм. Тэрхүү анхны Диваажин Ноагийн үед Усан галаваар устгагдсан учир одоо байхгүй нь мэдээж хэрэг. Харин, Библид гардаг Едений дундуур урсаж байсан тэр голууд одоо хүртэл байдаг учраас түүний байсан багцаа газар нь Ойрх Дорнодод тодорхой байдаг (Эхлэл 2:7—14). Хүн энэ цэцэрлэгийг төв болгон ашиглаж, цааш нь түүнийгээ өргөжүүлэн, бүх дэлхийгээр дэлгэрүүлж, дэлхийг бүхэлд нь Диваажин болгох сайхан боломжтой байлаа (Исаиа 45:12, 18).
26 Бурхан болон түүний Хүү хөдөлмөрч учраас Бурхан энэ дэлхий дээр хүмүүст ажил өгсөн (Иохан 5:17). Тэрбээр анхны хүмүүс болох Адам Ева хоёрт: «Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дэлхий дээр хөдөлдөг бүх амьтдыг захир!» гэж хэлсэн (Эхлэл 1:28). Энэ нь хүмүүс өсөж үржин, дэлхийгээ дүүргээд, дараа нь цаашаагаа дэлхийдээ багтахгүй болтлоо тасралтгүй үржээд байна гэсэн үг үү? Үгүй ээ. Хэрэв, хэн нэгэн хүн таныг аяга дүүртэл цай хийгээд өгөөч гэж гуйвал та аяганаас халиад ширээн дээр асгартал хийхгүй, харин, аяга дүүрэхэд л юүлэхээ зогсоох нь лавтай. Үүн лүгээ адил, «дэлхийг дүүргэ» хэмээн хүмүүст Еховагийн тушаасан нь дэлхийг зохих түвшинд хүмүүсээр дүүргээд, дараа нь хүний нөхөн үржихүйг зогсооно гэсэн түүний санаа зорилгыг зааж байгаа юм. Энэ санаа зорилго төгс хүний нийгэмд ямар ч бэрхшээлгүй биелэх болно. Хүн амын хэт өсөлт бол зөвхөн төгс бус хүмүүсийн өнөөгийн нийгэмд л бэрхшээлтэй асуудал юм.
Зовлон зүдүүрийг Бурхан хүлцэн зөвшөөрдгийн учир юу вэ?
27. Ямар чухал асуултад хариулах шаардлагатай вэ?
27 Хэрэв, Бурхны санаа зорилго нь дэлхийг Диваажин болгох явдал юм бол өнөөдөр дэлхий яагаад ёс бус явдал, зовлон зүдүүр, уй гашуугаар дүүрэн байна вэ? Бурхан төгс хүчтэй л юм бол ийм байдал төдий удаан хугацаагаар байгаад байхыг тэр яагаад зөвшөөрдөг юм бэ? Бидний энэ бүх гай зовлон хэзээ нэгэн цагт арилна гэх найдвар байна уу? Библи юу хэлдэг вэ?
28. Диваажин цэцэрлэгт хүрээлэнд самуун хэрхэн дэгдсэн бэ?
28 Библид бичсэнээр Бурхны сүнсэн хөвгүүдийн нэг нь Еховагийн дээд эрх мэдэл буюу захиргааг эсэргүүцэн боссоноор хүн төрөлхтний гай зовлон эхэлжээ (Ром 1:20; Дуулал 103:22, ШЕ). Энэ тэнгэрэлч, хүнийг бүтээхийг хараад хөөрөн баярлаж байсан тэнгэрэлчүүдийн нэг байсан нь эргэлзээгүй. Гэтэл, хожим нь атаархах сэтгэл, бардам ихэмсэг зан түүний зүрхэнд хурж, Адам Ева хоёроор өөрсдийг нь Бүтээгч Еховаг шүтүүлэхийн оронд өөрийгөө шүтүүлэх гэсэн хүсэл тачаалд автжээ. Энэ тэнгэрэлч, хүүхэлдэйн цаанаас ярьдаг жүжигчин шиг могойн цаанаас ярьж, Еваг Төгс Хүчит Бурхны үгэнд орохгүй байхыг ятгасан. Дараа нь түүний нөхөр Адам дуулгаваргүй байхын жишээг нь дагасан (Эхлэл 2:15—17; 3:1—6; Иакоов 1:14, 15).
29. а) Тайлбар хэрэгтэй, маргаантай ямар асуудлууд үүссэн бэ? б) Сатаны өдөөн хатгалгыг Бурхан хэрхэн хүлээн авсан бэ? в) Сатаны гүтгэлгийн хариуг өгөхөд та хэрхэн оролцож болох вэ?
29 Самуун дэгдээгч энэ тэнгэрэлч «эрт цагийн могой» хэмээн алдаршсан (Илчлэлт 12:9; 2 Коринт 11:3). Түүнийг Сатан гэж нэрлэдэг бөгөөд энэ нь «Эсэргүүцэгч» гэсэн утгатай үг юм. Мөн, түүнийг Диабол гэдэг бөгөөд энэ нь «Гүтгэгч» гэсэн утгатай аж. Тэрбээр, Ехова дэлхийг захиран удирдах нь зөв бөгөөд шударга хэрэг биш, харин би бүх хүн төрөлхтнийг үнэн шүтлэгээс хөндийрүүлж чадна гэж өдөн маргажээ. Бурхан өдөөн хатгасан үгээ батлахад нь Сатанд ойролцоогоор 6 000 жилийн хугацаа өгсөн бөгөөд үүний үр дүнд Еховагийн дээд эрх мэдлийн талаарх маргаантай асуудал эгнэгт шийдвэрлэгдэх байлаа. Бурхнаас хамааралгүй хүний удирдлага ямар ч амжилт олохгүй нь тодорхой болсон. Харин үнэн итгэлтэй эрэгтэй, эмэгтэй олон хүн хатуу бэрх сорилтын үед Бурханд үнэнч байдлаа хадгалан үлдсэн бөгөөд тэгснээрээ Бурхны зөв, Диаболын худалч болохыг баталсан юм. Тэдний дотроос Есүс хамгийн шилдэг жишээг үзүүлсэн (Лүүк 4:1—13, ШЕ; Иоб 1:7—12; 2:1—6; 27:5). Та ч мөн үнэнч байдлаа хадгалж болно шүү дээ (Сургаалт үгс 27:11). Гэхдээ, ганцхан Сатан л биднийг гай зовлонд унагадаг дайсан уу гэвэл биш. Өөр ямар дайсан байдаг вэ?
Үхэл бол дайсан
30. Библид бичсэнээр дуулгаваргүй хүмүүст ямар шийтгэл ногдсон бэ?
30 Дуулгаваргүй байдлын шийтгэл нь үхэл гэдгийг Бурхан мэдэгдсэн. Ехова анхны эмэгтэйд шийтгэл оноож хэлэхдээ: «Би чиний жирэмсний зовлонг үлэмж ихэсгэж, чи их зовлонтойгоор хүүхэд төрүүлэх болно. Чи эр нөхрийг хүсэн мөрөөдөж, эр нөхөр чинь чамайг захирна» гэжээ. Нөхөр Адамд нь хандан тэрбээр: «Чи газар шороондоо эргэж очих хүртлээ духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь, чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно» гэж хэлсэн (Эхлэл 3:16—19). Дуулгаваргүй хүмүүн хос жаргал цэнгэлийн Диваажингаасаа хөөгдөн, боловсруулаагүй газар гарчээ. Хожим нь тэд үхэцгээсэн (Эхлэл 5:5).
31. Нүгэл гэж юу ба энэ нь хүн төрөлхтнийг юунд хүргэдэг вэ?
31 Адам Ева хоёр төгс байдлаа алдсанаасаа хойш л хүүхэд төрүүлж эхэлсэн. Одоо амьдарч байгаа бүх хүн тэдний төгс бус үр удам учраас бүгд үхдэг. Библийг бичигчдийн нэг нь үүнийг: «Тиймд нүгэл нь ганц хүнээр дэлхийд орсны адил үхэл нь нүглээр оров. Тэрчлэн бүх хүнд үхэл тархав. Яагаад гэвэл бүгд нүгэл үйлдсэн юм» гэж тайлбарласан. «Нүгэл» гэдэг нь юу вэ? Энэ нь төгс төгөлдөр байх шаардлагыг хангаагүй гэсэн үг. Ехова Бурхан төгс бус юуг ч сайшаадаггүй бөгөөд төгс бус ямар ч амийг хамгаалдаггүй. Анхны хүн Адамаас бүх хүн нүгэл ба төгс бус байдлыг өвлөсөн учраас, тэднийг үхэл «ноёрхож байсан» бөлгөө (Ром 5:12, 14). Тийнхүү, төгс бус хүмүүс адгуусан амьтдын адил үхдэг (Номлогчийн үгс 3:19—21).
32. Бидний өвлөн авсан үхлийн талаар Библи юу хэлдэг вэ?
32 «Үхэл» гэж юу вэ? Үхэл бол амийн эсрэг тал нь юм. Хэрэв, дуулгавартай байх юм бол хүнийг дэлхий дээр мөнх амьдруулна гэж Бурхан амласан. Гэтэл хүн дуулгаваргүй болж, үүнийхээ хариуд үхэл, ухаан мэдрэмжгүй байдал, үл оршихоор шийтгэгдсэн. Хэрэв, хүн дуулгаваргүй болоод үхэх юм бол сүнс нь тэнгэрт юм уу, эсвэл тамд очих тухай Бурхан огт дурдаагүй. Тэрбээр хүнд: «Зайлшгүй үхнэ!» гэж урьдчилан анхааруулсан. «Та нар ерөөсөө үхэхгүй» гэж хүн алаач Диабол худал хэлжээ (Эхлэл 2:17; 3:4; Иохан 8:44, ШЕ). Тийнхүү, бүх хүн Адамаас үхлийг өвлөсөн ба шороондоо буцаж очдог болсон (Номлогчийн үгс 9:5, 10; Дуулал 115:17; 146:4).
33. а) Хүн төрөлхтөн болон Дэлхийн хувьд ямар гайхамшигтай ирээдүй байгаа вэ? б) Ехова Хүүгээрээ дамжуулан ямар гурван чухал арга хэмжээг хэрэгжүүлэх вэ?
33 Энэ нь, үхэгсдийн тухайд ямар ч ирээдүй байхгүй гэсэн үг үү? Гайхалтай сайхан ирээдүй бий! Үхэгсдийг оруулаад, бүх хүнийг диваажин дэлхийд амьдруулах Бурхны санаа зорилго зайлшгүй биелнэ гэдгийг Библи тодорхой хэлдэг. Ехова: «Тэнгэр бол Миний ширээ, газар бол Миний хөлийн гишгүүр», «Би хөлийнхөө гишгүүрийг алдаршуулна» гэж хэлсэн (Исаиа 66:1; 60:13). Агуу их хайраараа Ехова өөрийн Хүү болох Үгийг дэлхий уруу илгээсэн ба хүний ертөнц Хүүгээр нь дамжуулан аминд хүрэх боломжтой болох юм (Иохан 3:16; 1 Иохан 4:9). Ехова Хүүгээрээ дамжуулан гүйцэтгэх, бидний авч үзэх ёстой гурван асуудал байна. Үүнд: 1) үхлийн эрхшээлээс чөлөөлөх арга хэмжээ, 2) үхэгсдийг дахин амилуулах, 3) бүх хүн төрөлхтнийг удирдах төгс засгийн газрыг байгуулах зэрэг юм.
Үхлээс чөлөөлөх
34, 35. а) Цорын ганц ямар аргаар хүн үхлээс чөлөөлөгдөх боломжтой байсан бэ? б) Золиос гэж юу вэ?
34 Эрт дээр үеэс Бурхны зөнчид хүнд үхэшгүй мөнхийн сүнс байдаг гэдэгт бус, харин, Бурхан «үхлээс тэднийг чөлөөлнө» гэдэгт итгэсээр ирсэн (Хосеа 13:14, ШЕ). Харин, хүн үхлээс яаж чөлөөлөгдөх вэ? Еховагийн төгс шударга байдал нь «амийг амиар, нүдийг нүдээр, шүдийг шүдээр» гэдэг зарчмыг шаарддаг (Дэд хууль 19:21, ШЕ). Тэгэхлээр Адам, Бурхны үгийг санаатайгаар үл дагаж, төгс хүний амиа алдан, бүх хүнд үхэл өвлүүлсэн учраас өөр нэгэн төгс хүн Адамын өмнөөс өөрийн төгс амийг төлөөс болгон өгч, алдсан тэр зүйлийг нь эргүүлэн авчрах ёстой байлаа.
35 «Адил тэнцүү» төлөх энэ зарчим бүх нийтэд ойлгомжтой бөлгөө. «Золиосыг төлөх» гэдэг бол өргөн хэрэглэдэг ойлголт. Тэгвэл, золиос гэж юу вэ? Энэ нь «олзлогдсон хүн буюу эд юмсыг эргүүлэн авахад төлдөг үнэ. Үнэ харамж өгч чөлөөлсөн цэргийн олзлогдогсод юм уу боолуудыг золигдогсод гэдэг... Төлөөсөнд өгч байгаа юм уу түүнийг орлох алив юмыг золиос гэдэг».d Адамын нүгэл үйлдсэн тэр цагаас эхлэн бүх хүн олзлогдсон цэрэг буюу боол адил үхэл ба төгс бус байдлын эрхшээлд орсон. Тэднийг чөлөөлөхөд золиос шаардлагатай болсон. Золиосны үнэ цэн шударга байсан уу, үгүй юү гэсэн аливаа маргаанаас зайлсхийхийн учир төгс хүний амийг буюу Адамтай тэнцүү хүнийг золиос болгох хэрэгтэй байлаа.
36. Хүн төрөлхтнийг аврахын тулд төгс хүний амийг Ехова хэрхэн өгсөн бэ?
36 Тэгвэл, тийм төгс хүний амийг хаанаас олж болох байв? Төгс бус Адамын үр удам болохын хувьд бүх хүн төгс бус төрдөг. «Хэн ч ах дүү нараа аварч чадахгүй. Түүний төлөө Бурханд төлөөс өгч чадахгүй» (Дуулал 49:7). Үнэн хэрэгтээ, хүн төрөлхтнийг хайрлах агуу хайрандаа хөтлөгдсөн Ехова энэ шаардлагыг харгалзан, хайртай «ууган» Хүүгээ золиос болгон өгчээ. Тэрбээр энэхүү сүнсэн Хүү, Үгийн төгс амийг Мариа гэдэг онгон иудей эмэгтэйн хэвлийд шилжүүлэн суулгасан. Тэр онгон эмэгтэй жирэмсэлж, хугацаа нь болохоор «Есүс» гэдэг нэртэй хүүг төрүүлжээ (Матай 1:18—25). Амийг Бүтээгч иймэрхүү гайхамшигтай ид шидийг үйлдэх чадалтай нь ойлгомжтой.
37. Хүн төрөлхтөнд Есүс хайраа хэрхэн илэрхийлсэн бэ?
37 Есүс өсөж, насанд хүрээд, Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэн, баптисм хүртсэн (Матай 3:13, 16, 17). Есүсийн дэлхий дэх амь нь тэнгэрээс ирсэн ба өөрөө төгс байсан учраас тэрбээр энэхүү, төгс хүний амиа золиос болгон өгч, хүн төрөлхтнийг үхлээс чөлөөлж болох байлаа (Ром 6:23; 5:18, 19). «Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юм». «Нөхдийнхөө төлөө амиа алдахаас өөр агуу их хайр гэж байхгүй» гэж Есүс хэлсэн (Иохан 10:10; 15:13). Сатан Есүсийг тарчлаах шонд алах болоход ийм аймшигт үхлийг Есүс хүлцэн хүлээн авсан бөгөөд золиосын энэхүү арга хэмжээнд итгэсэн хүн мөнх амьтай болно гэдгийг мэдэж байлаа (Матай 20:28; 1 Тимот 2:5, 6).
Дахин амилуулах
38. Бурхны Хүү хэрхэн дахин амилсан ба үүнийг юугаар баталж болох байв?
38 Хэдийгээр, Бурхны Хүүгийн дайснууд түүнийг алсан ч, тэрбээр Бурханд үнэнч байдлаа хадгалж чадсан учраас төгс хүний амьтай байх эрхээ алдаагүй. Гэтэл, булшинд амьгүй байсан Есүс энэхүү үнэт зүйл буюу төгс хүний амийн эрхийг хүн төрөлхтний тусын тулд хэрхэн ашиглаж чадах билээ? Энэ тохиолдолд Ехова ийм төрөлдөө анхных нь болох өөр гайхамшиг үйлдсэн. Есүсийг нутаглуулснаас хойш гурав дахь өдөрт нь Ехова түүнийг үхдэлээс үхэшгүй мөнхийн сүнсэн бүтээл болгон дахин амилуулсан юм (Ром 6:9; 1 Пэтр 3:18). Дахин амилалтад итгэх итгэлийг нь бэхжүүлэх үүднээс Есүс хүний биетэй болж, янз бүрийн нөхцөлд шавь нартаа үзэгдэж байсан бөгөөд нэгэн удаа 500, түүнээс ч илүү тооны хүнд үзэгджээ. Тэдний хэн нь ч, тэр ч байтугай Есүсийн сүрлэг үзэгдлээс болж түр сохорсон элч Паул ч түүнийг дахин амилсанд өчүүхэн төдий ч эргэлзээгүй юм (1 Коринт 15:3—8; Үйлс 9:1—9).
39. а) Золиосныхоо үнэ цэнийг Есүс хэрхэн хэрэглэсэн ба эхлээд хэнд хэрэглэсэн бэ? б) Өөр ямар агуу гайхамшгийн талаар Есүс хэлсэн бэ?
39 Дахин амилсан Есүс 40 хоногийн дараа тэнгэр уруу Эцэгтээ очсон. Тэнд тэрбээр хүн төрөлхтнийг үхлээс чөлөөлөх өөрийн төгс хүний амийн үнэ цэнийг Бурханд өргөн барьжээ. «Тэр [Есүс] нэг тахилыг нүглийн төлөө нэг удаа өргөөд, Бурхны баруун талд үүрд заларсан бөгөөд Түүний дайснуудыг хөлийнх нь тавцан болготол хүлээнэ» (Еврей 10:12, 13). Энэхүү золиосоор чөлөөлөгдсөн эхний хүмүүс бол «Христийн хүмүүс» болох Есүсийн үнэнч дагалдагчдын «цөөн хэдхэн сүрэг» юм (Лүүк 12:32; 1 Коринт 15:22, 23). Тэд «хүмүүсийн дундаас зольж аврагдсан хүмүүс» учраас дахин амилалтад Христийн, тэнгэр дэх сүнсэн хамтран зүтгэгчид байх болно (Илчлэлт 14:1—5). Тэгвэл, эдүгээ булшинд буй өчнөөн олон хүн яах вэ? Есүс дэлхийд байхдаа Эцэг нь түүнд шүүх ба амь өгөх эрх өгсөн гэдгийг хэлсэн. Тэрбээр: «Үүнд бүү гайхагтун. Учир нь, [дурсамжийн, ШЕ] булшинд байгчид бүгдээр Түүний дууг сонсох цаг ирж байна.... Амилал уруу гарч ирнэ» гэж нэмж хэлсэн (Иохан 5:26—29). Тэрбээр эдгээр хүмүүсийг диваажин дэлхийд дахин амилуулна.
40, 41. а) «Дахин амилуулах» гэж чухам юу вэ гэдгийг тайлбарлана уу. б) Бид Бурхны амласан дахин амилалтад итгэхийн учир юу вэ?
40 «Үүнд бүү гайхагтун» гэж хэлсэн Есүсийн үгэнд анхаарлаа хандуулаарай. Ер нь, аль хэдийн үхчихсэн хүн үхлээс хэрхэн чөлөөлөгдөж, хэрхэн дахин амилах билээ? Түүний бие нь газар шороо уруугаа буцаж очдоггүйсэн биш үү? Магадгүй, түүний биеийг бүрдүүлэгч зарим хэсэг нь өөр амьд юмс, тухайлбал, ургамал хийгээд адгуусан амьтад уруу шилжсэн байж болох юм. Гэвч, дахин амилуулах гэдэг нь мөнхүү химийн элементүүдийг эргүүлээд нийлүүлж нэгтгэнэ гэсэн үг биш, харин Бурхан тэр хүнийг уг зан чанар, онцлогтойгоор нь дахин бүтээнэ гэсэн үг юм. Тэрбээр газар шорооны элементүүдээр шинэ биеийг бүтээх бөгөөд ингэхдээ тэр хүн үхэхээсээ өмнө ямар онцлог шинж, өвөрмөц чанар, ой ухаан хийгээд амьдралын хэв загвартай байсан байна яг л тэр янзаар нь дахин бүтээх болно.
41 Таны эрхэмлэн хайрладаг орон гэр тань хэзээ нэгэн цагт шатаж болох юм. Тэгвэл, та яг тийм байшинг ямар ч төвөггүй барьчихаж чадна. Яагаад гэвэл, гэрийн тань бүх дүр зураг таны ой тойнд тов тодхон байгаа. Тийм болохоор, ой ухааныг Зохион Бүтээгч Бурхан ой ухаандаа хадгалсан хүмүүсээ дахин бүтээж чадна. Яагаад гэвэл, тэрбээр хүмүүст их хайртай билээ (Исаиа 64:8). Тийм учраас Библид «дурсамжийн булш» гэдэг үг хэллэг хэрэглэдэг ажээ. Үхэгсдийг дахин амилуулах Бурхны цаг нь болохоор тэрбээр анхны хүнийг хэрхэн бүтээсэн шигээ гайхамшгийг тийн үйлдэх бөгөөд гагцхүү, үүнийгээ олон дахин давтан үйлдэх болно (Эхлэл 2:7; Үйлс 24:15).
42. Дэлхий дээр мөнх амьдрал боломжтой бөгөөд гарцаагүй болохын учир юу вэ?
42 Бурхан хүмүүсийг дахин хэзээ ч үхэхгүй байх хэтийн төлөвтэйгөөр дэлхий дээр амилуулах болно. Гэвч, мөнх амьдрах нь хэрхэн бүтэх билээ? Энэ бол Бурхны хүсэл ба санаа зорилго учраас боломжтой бөгөөд гарцаагүй биелнэ (Иохан 6:37—40; Матай 6:10). Өнөөдөр хүмүүс үхэж байгаагийн цорын ганц шалтгаан бол тэд Адамаас үхэл өвлөж авсан явдал юм. Гэтэл, хүмүүсийн цэнгэн жаргахад нь зориулсан, дэлхий дээрх хязгааргүй олон янзын гайхамшигтай үзэгдэл юмсыг болгоож үзэх ахул зуу хүрэхгүй наслах хүний амьдрал дэндүү богинохон мэт! Дэлхийг хүнд зориулж бүтээж өгсөн Бурхны санаа зорилго бол хүмүүс түүн дээр зуу юм уу мянган жил бус мөнх амьдарч, түүний бүтээлийн тансаг сайхныг мөнх эдлэх явдал юм (Дуулал 115:16; 133:3).
Энхийг тогтоох төгс засгийн газар
43. а) Төгс засгийн газар яагаад хэрэгтэй вэ? б) Энэ талаар Еховагийн санаа зорилго юу вэ?
43 Бидний өвөг дээдэс Бурхны хуулиас татгалзсанаас болоод хүний засаглал Сатаны эрхшээлд орсон. Үүнтэй уялдан Библи Сатаныг «энэ дэлхийн бурхан» гэж нэрлэсэн (2 Коринт 4:4). Дайн дажин, балмад явдал, завхрал гажуудал хийгээд хүний засгийн газрын тогтворгүй байдал, энэ бүхэн бол үүний үнэнийг батлан харуулж байна. Олон Үндэстний Холбоо болон Нэгдсэн Үндэстний Байгууллага нь эмх замбараагүй байдлыг арилгаж, энхийг тогтоож үл чадав. Хүн төрөлхтөн энхийн засгийг хүсдэг. Дэлхий дээр Диваажинг сэргээх санаа зорилго бүхий Бүтээгч, энэхүү шинэ ертөнцийг удирдах төгс засгийн газрыг бий болгоно гэж хүлээх нь ухаалаг бус гэж үү? Чухамдаа энэ нь Еховагийн санаа зорилго болой. Түүний «Энхийн Жонон» Есүс Христ бол энэ засгийн газарт Бурхныг төлөөлөх Хаан нь бөгөөд «Түүний засаглал болон энх амгалан нь одоогоос үүрд мөнхөд байх болно» (Исаиа 9:6, 7).
44. а) Энэ засгийн газар хаана байх вэ? б) Үүнийг хэрхэн байгуулах вэ?
44 Энэхүү төгс засгийн газар тэнгэрт байх болно гэдгийг Библи хэлдэг. Тохиромжтой энэ байрнаас Хаан Есүс Христ бүх дэлхийг зүй зохисоор нь шударгаар удирдах болно. Түүнээс гадна, нүдэнд үл үзэгдэх энэхүү тэнгэрийн засгийн газарт түүнтэй хамт захирах өөр захирагчид байх болно. Тэднийг элдвийн сорилтод үнэнч хэвээрээ үлдсэн Есүсийн дагалдагчдаас сонгодог. Чухамдаа тэрбээр: «Миний Эцэг Надад хаанчлалыг өгсөнчлөн Би та нарт өгнө» гэж тэдэнд хандан хэлсэн (Лүүк 22:28, 29). Есүс Христтэй хамт захирахаар тэнгэрт зөвхөн цөөн хэдэн хүн гарах юм. Энэ нь одоогийн улс орнуудад засгийн эрхийг бариулахаар төрийн аппарат буюу парламентэд зөвхөн цөөн тооны хүнийг сонгодогтой адил бөлгөө. Есүс Христ зөвхөн 144 000 хамтран захирагчтай байх болно гэдгийг Библи хэлдэг. Тэгэхлээр, Бурхны Хаанчлал буюу тэнгэрийн засгийн газар нь Есүс Христ болон дэлхийгээс тэнгэрт авагдсан 144 000 хүнээс бүрдэнэ (Илчлэлт 14:1—4; 5:9, 10). Тэгвэл, дэлхийн тухайд юу болох вэ? Дуулал 45:16-д (ШЕ) Хаан «тэднийг бүх дэлхийн ноёдоор» томилно гэсэн байдаг. Дэлхий дээрх «ноёд» буюу хүний нийгмийг удирдагчдыг, шударга ёсны зарчимд хир үнэнч вэ гэдэг дээр нь үндэслэн тэнгэрээс томилно. (Исаиа 32:1-тэй харьцуул.)
45, 46. а) Есүсийн дэлгэрүүлэх ажлын гол сэдэв нь юу байсан бэ? б) Төгс засгийн газрыг нэн даруй байгуулаагүйн учир юу вэ? в) Библийн зөгнөлүүд болон дэлхийн үйл явдалд МЭ 1914 он ямар учраас содон он байсан бэ?
45 Энэ төгс засгийн газар хэзээ, яаж байгуулагдсан бэ? Есүс дэлхий дээр байхдаа Хаанчлалыг, дэлгэрүүлэх ажлынхаа гол сэдэв болгож байлаа (Матай 4:17; Лүүк 8:1). Гэхдээ, тэрбээр тэр үед ч, дахин амилах үедээ ч Хаанчлалыг тогтоогоогүй болой (Үйлс 1:6—8). Тэр ч байтугай, Есүс тэнгэрт гарсан ч гэсэн Еховагийн товлосон цагийг болтол хүлээх ёстой байлаа (Дуулал 110:1, 2; Еврей 1:13). Товлосон цаг МЭ 1914 онд ирсэн гэдгийг Библийн зөгнөл илэрхийлдэг. Гэвч, зарим хүн: «1914 онд тэнгэрийн төгс засгийн газрын үйл ажиллагаа эхэлсэн гэхээс илүү дэлхийн гай зовлон нэмэгдсэн юм биш үү?» гэж асуудаг. Энэ нь үнэхээр тийм! Гэхдээ, Бурхны Хаанчлалын хүрч ирэх хийгээд сүүлийн жилүүдэд болж байгаа сүйрэлт үйл явдлуудын хооронд нягт уялдаа холбоо байгаа ба энэ тухай бид одоо үзнэ.
46 1914 он болохоос бүр 35 жилийн өмнө «Харуулын цамхаг» сэтгүүл (эдүгээ дэлхий дээр хамгийн өргөн тархсан, шашны сэтгүүл) 1914 он бол Библийн зөгнөлүүдэд тэмдэглэгдсэн он гэдэгт хүмүүсийн анхаарлыг хандуулсан. Эдгээр зөгнөлүүд 1914 оноос хачирхалтайгаар биелж эхэлсэн. Эдгээрийн нэгийг 1 900 жилийн тэртээ Есүс өөрөө хэлсэн бөгөөд эдүгээгийн ёс бус нийгмийн тогтолцоо төгсгөлдөө ойртсоныг харуулах «шинж тэмдэг» буюу үйл явдлын тухай дурджээ. Тэрчлэн, энэ «шинж тэмдэг» бий болох нь Есүс хэдийн Тэнгэрийн Хаан болон захирч эхэлснийг заах ажээ. Энэ «шинж тэмдэг»-ийн талаар шавь нарынхаа асуусан асуултад хариулж, тэрбээр: «Үндэстэн нь үндэстний эсрэг, улс нь улсын эсрэг босох бөгөөд, бас газар газарт өлсгөлөн болох ба газар хөдлөх болно. Энэ бүгд нь зовлонгийн эхэн юм» гэж хэлсэн (Матай 24:3, 7, 8, «Шинэ Гэрээс», монгол-англи Библи, 1993). 1914 онд дэгдсэн дэлхийн нэгдүгээр дайн бол эдгээр үгсийн гайхалтай хачин биелэл байсан бөгөөд түүний учруулсан сүйрэл нь өмнөх 2 500 жилийн турш болж өнгөрсөн нийт 900 дайныхаас долоо дахин илүү байлаа! «Зовлон» одоо хир үргэлжилсээр байна. Та 1914 оноос хойш дэлхийд тохиолдсон дайны сүйрэл, хоол хүнсний хомсдол юм уу, эсвэл томоохон газар хөдлөлтийн аль нэгийг үзэж туулсан уу? Хэрэв, тийм бол та энэ нийгмийн тогтолцооны «төгсгөлийн цаг үе»-ийн «шинж тэмдэг»-ийн гэрч байх болно (Даниел 12:4, ШЕ).
47. «Шинж тэмдэг»-ийн биелэл болсон үйл явдлууд сүүлийн жилүүдэд хэрхэн өрнөсөн бэ?
47 Дэлхийн нэгдүгээр дайнаас дөрөв дахин илүү хөнөөл учруулсан дэлхийн хоёрдугаар дайны үед «зовлон» улам ихсэж, цөмийн эринд хүрснээр «Тэнгэрээс аймшигт үзэгдэл, тэмдгүүд үзэгдэнэ» гэсэн Есүсийн өөр нэг зөгнөл биелсэн (Лүүк 21:11). Өсөн нэмэгдэж байгаа гэмт хэрэг ба ёс бус байдал, мөн хүүхдүүдийн дунд ихсэж байгаа дуулгаваргүй байдал ба хэрэг төвөг, тэрчлэн хоёр нүүрт сүсэглэгсэд ба садар самуун явдлын өсөлт зэрэг энэ бүх түгшүүрт хэрэг явдлыг эдүгээгийн ёс бус хүний ертөнцийн «сүүлчийн өдрүүд»-ийн шинж тэмдэг байх болно гэж урьдчилан хэлсэн байлаа (2 Тимот 3:1—5; Матай 24:12).
48. Дэлхий дээрх гай зовлонгийн хариуцлагыг хэн хүлээх ба энэ нь 1914 оноос яагаад ихэссэн бэ?
48 Хэрэв, 1914 онд тэнгэрийн засгийн газар тогтсон юм бол дэлхий дээр өчнөөн их гай зовлон байгаагийн учир юу вэ? Үүний хариуцлагыг Сатан Диабол хүлээнэ. Хааны эрх мэдлийг хүлээж аваад, Христийн тэргүүн ээлжинд авч явуулсан арга хэмжээ бол үл үзэгдэх тэнгэрт Сатаны эсрэг дайтсан явдал юм. Үүний үр дүнд «бүх ертөнцийг мэхлэгч» Сатан тэнгэрэлчүүдийнхээ хамт доош, дэлхийн ойр орчимд хаягдсан. Тэрбээр сүйрлээ ойртсоныг мэдээд дэлхийд асар их төвөг учруулж байна. Үүнийг Библид: «Газар ба тэнгис дэх нь хөөрхий еэ. Яагаад гэвэл буг [«Диабол», ШЕ] та нар дээр бууж ирсэн. Ингэхдээ өөрт нь бага хугацаа байгааг мэдээд үлэмж их уур хилэн түүнд байдаг» гэж илэрхийлсэн байдаг (Илчлэлт 12:7—9, 12).
49. а) «Дэлхийг устгагчид»-д юу учрах вэ? б) Ехова улс үндэстнүүдэд өөрийн «шүүх шийдвэр»-ийг хэрхэн гүйцэлдүүлэх вэ?
49 Энэхүү зовлон зүдүүрт төгсгөл байх болов уу? Байлгүй яах вэ! Төгс Хүчит Бурхны Хаанчлал буюу тэнгэрийн засгийн газар «дэлхийг устгагчдыг устгах» үйл ажиллагаа явуулснаар төгсгөл болно (Илчлэлт 11:18; Даниел 2:44). Улс төрийн хүчнүүд, Христосын шашны ертөнцийнхөн, эсвэл өөр хэн нэгэн цөмийн зэвсэг хэрэглэн, өөрийнх нь бүтээл болох дэлхийг устгахыг Бурхан хэзээ ч зөвшөөрөхгүй. Үүний оронд тэрбээр: «Миний шүүх шийдвэр бол бүх уур хилэнгээ, шийтгэл зэмлэлээ тэдэн дээр асгахын тулд хаант улсыг цуглуулж, ард түмнийг хуралдуулах нь болой» гэж тунхагласан (Зефаниа 3:8, ШЕ). Сатаныг дагадаг бүх хүнийг Ехова эрс шийдвэртэй устгахын тулд өөрийнхөө эрх мэдэлд байгаа орчлонт ертөнцийн агуу хүчнүүдийг Хүүгээрээ дамжуулан ашиглах юм. Энэ нь хэмжээгээрээ Ноагийн өдрүүдэд болж өнгөрсөн Усан галавынх шиг дэлхий нийтийг хамрах болно (Иеремиа 25:31—34; 2 Пэтр 3:5—7, 10).
50. а) Хармагэдоон гэж юу вэ? б) Ямар хүн амьд үлдэх вэ?
50 Ёс бус хүмүүсийг устгах Бурхны дайныг Библид «Хармагэдоон» гэж нэрлэдэг (Илчлэлт 16:14—16). Зөвхөн Еховаг болон шударга ёсыг эрж хайдаг номхон даруу хүмүүс л амьд үлдэн, Бурхны энх амгалан шинэ ертөнцөд амьдрах болно (Зефаниа 2:3; Исаиа 26:20, 21). Энэ тухай Библид: «Зөвхөн номхон даруу хүн газрыг өмчилж, элбэг баян, энх амгалангаар баярлана» гэж бичсэн байдаг (Дуулал 37:11). Тэгээд дэлхий дээр Диваажинг сэргээн байгуулах агуу их ажил өрнөх болно!
Диваажинд очиход зориулсан сургалт
51. Та одооноос хөдлөх хэрэгтэйн учир вэ?
51 Та Диваажинд амьдрахыг хүсэхсэн болов уу? Хэрэв, «тийм» бол өнөөгийн зовлонт тогтолцооны тухай хийгээд түүний сүйрэл ойртсоныг илэрхийлэх «шинж тэмдэг»-ийн тухай Есүс хэлэхдээ: «Энэ бүхэн нь болохоос нааш энэ үеийнхэн өнгөрөн одохгүй» гэж нэмж өгүүлснийг мэдээд та лав баярлах биз (Матай 24:34). Гэвч, харамсалтай нь өнөөдөр ихэнх хүмүүс сүйрэл уруу хөтөлдөг өргөн уудам зам дээр байна (Матай 7:13, 14). Өөрчлөгдөхөд нь тэдэнд бага хугацаа үлджээ. Энэ талаар цаг тухайд нь урьдчилан анхааруулсанд нь бид Еховад талархах ёстой! Ехова таныг мөнх амьдраасай хэмээн хүсдэг учраас зөв алхам хийхэд тань тэр танд тусална (2 Пэтр 3:9; Езекиел 18:23).
52. Шашны хувьд зөв сонголт хийх боломжтой болохын тулд та яах хэрэгтэй вэ?
52 Одоо танд Бурхны тухай үнэн зөв мэдлэг туйлын чухал хэрэгтэй (1 Тимот 2:4; Иохан 17:3). Та хаанаас ийм мэдлэгтэй болж болох вэ? Аль ч шашнаас үүнийг олж болох уу? Зарим хүн, уулын бүх жим оройд нь хүрдэг шиг бүх шашин нэг л зорилготой гэж ярьдаг. Энэ бол том эндүүрэл! Уулчид зөв жимээр авирахын тулд газрын зураг ашиглаж, газарч хөлсөлдөг. Түүнтэй адил, мөнхийн амь уруу хөтөлдөг зөвхөн ганц үнэн шашин буюу зам байдаг бөгөөд түүнийг олоход тусламж хэрэгтэй (Үйлс 8:26—31).
53. а) Мөнхийн аминд хүрэхийн тулд та юуг үргэлжлүүлэн хийх шаардлагатай вэ? б) Та Сатаны ямар сорилтод бууж өгөхгүй байх ёстой вэ?
53 Еховагийн Гэрчүүд танд туслах зорилгоор энэ товхимлыг гаргасан юм. Библийн зарим үндсэн сургаалыг ойлгоход тань энэ товхимол хэдийнээ тусалсан буй заа? Санаа болгон нь Бурхны онгод оруулан бичүүлсэн Үгэнд тулгуурлан бичигдсэнийг та лав анзаарсан байх. Одоо та зорилгодоо хүрэхийн тулд үргэлжлүүлэн суралцах хэрэгтэй. Нийгэмд эзлэх байр сууриа олоход нь хүнд тодорхой боловсрол хэрэгтэй байдагчлан эсэн мэнд үлдэж, диваажин дэлхийд амьдран жаргах нийгмийн гишүүн болоход нь зайлшгүй хэрэгтэй мэдлэг олгодог Библийн зохих боловсрол бас хэрэгтэй (2 Тимот 3:16, 17). Сатан ойр дотнынхноор тань эсэргүүцүүлэх юм уу, эсвэл таныг амиа хичээсэн, эд баялгийг эрхэмлэгч, садар завхай явдалтан болгохоор уруу татан, анхаарлыг тань сарниулахыг оролдож болох юм. Сатанд битгий бууж өгөөрэй. Библийг хэрхэн үргэлжлүүлэн судлахаас та болон танай гэр бүлийн аюулгүй байдал ба ирээдүй хамаарах болно (Матай 10:36; 1 Иохан 2:15—17).
54. Библи судлах өөр ямар боломж танд байдаг вэ?
54 Библийг судлах өөр боломж танд бий. Библи судлах сонирхолтой хүмүүс долоо хоног бүр Еховагийн Гэрчүүдийн цуглаанд оролцдог. Эдгээр цуглаан Хаанчлалын Танхимд болдог. Тэнд хүрэлцэн ирсэн хүн бүр Библийн сургаалыг хүлээн авч, сайн хүн болохыг чин сэтгэлээсээ хичээдэг юм. Тэд шинээр ирж байгаа хүмүүст: «Нааш ир. Эзний [«Еховагийн», ШЕ] уул [түүнд мөргөх газар] уруу... явцгаая. Тэр бидэнд Өөрийн замыг зааж, бид Түүний жимээр алхацгаах болно» гэж хэлэн, дуртайяа хүлээн авдаг (Исаиа 2:3). Библийн цуглаануудад оролцох хүндтэй шалтгаан бол Еврей 10:24, 25-д бичигдсэн зүйл юм. Тэнд: «Бие биедээ халамжтай байя. Ингэхдээ хайр ба сайн үйлсийг хөхүүлэн урамшуулж, зарим хүмүүст зуршил бий болсончлон хамтдаа цуглахаа үл больж, харин, тэр өдөр ойртох тусам нэг нэгнээ улам зоригжуулъя» гэсэн байдаг.
55. а) Еховагийн байгууллага бусад байгууллагаас юугаараа ялгаатай вэ? б) Еховагийн Гэрчүүд дэлхий даяар нэгдмэл байдаг нь юунаас харагддаг вэ?
55 Хэрэв, та Еховагийн байгууллагатай нэгдэх аваас тэнд бусад сүм, дугануудынхаас огт өөр уур амьсгал буйг мэдэрнэ. Тэнд мөнгө нэхдэггүй. Хов жив, хэрүүл маргаан байдаггүй ба нийгмийн гарал үүсэл, санхүү, эдийн засгийн байдлаар нь ялгаварлан үздэггүй. Еховагийн Гэрчүүдийн хамгийн гол чанар бол хайр юм. Тэд, 1-рт: Еховаг; 2-рт: бусад хүнийг хайрладаг. Энэ бол Христийн жинхэнэ дагалдагчдын шинж юм (Матай 22:37—39; Иохан 13:35). Хэрэв та тэдний цуглаанд оролцвол үүнийг өөрийн биеэр мэдрэх болно. Тэдний эв нэгдэл сэтгэлийг тань хөдөлгөх нь эргэлзээгүй. Эдүгээ дэлхий нийтийн хэмжээгээр 230 гаруй улс оронд зургаан сая орчим Гэрч буй. Гэхдээ, Гэрчүүдийн цуглааны хөтөлбөр нь дэлхий даяар адилхан байдаг. Харин, хэвлэлүүд нь олон хэлээр нэгэн зэрэг хэвлэгддэг учраас Еховагийн Гэрчүүдийн ихэнх нь долоо хоног бүрийн цуглаануудаараа Библийн нэг л ижил сэдвийг хэд хэдэн цагийн зөрүүтэйгээр үздэг. Еховагийн байгууллагын нэгдмэл байдал бол өнөөгийн хуваагдмал дэлхийд буй орчин үеийн нэгэн гайхамшиг бөлгөө.
56. а) Еховагийн байгууллагад нэгдсэнээр та ямар ач тусыг олж болох вэ? б) Бэрхшээл тохиолдвол та хэрхэн хандах ёстой вэ? в) Та Еховад өөрийгөө зориулах нь яагаад чухал вэ?
56 Еховагийн ард түмэнтэй байнгын харилцаатай байх аваас та «шинэ хүнийг өмсөж», Бурхны сүнсний үр жимс болох «хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, эелдэг зан, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, даруу зан, өөрийгөө захирах» зэрэг чанаруудыг өөртөө хөгжүүлэх болно (Колоссай 3:10, 12—14; Галат 5:22, 23). Энэ нь танд сэтгэлийн асар их ханамж өгнө. Өнөөдөр та завхарч гүйцсэн ертөнцөд амьдарч байгаа ба бас өөрөө төгс биш учраас таны хувьд үе үе бэрхшээлийг даван туулах хэрэг гарч болох юм. Гэвч, Ехова танд тусална. Түүнд таалагдахыг үнэн сэтгэлээсээ хүсэж байгаа хэнд ч болов: «Юунд ч бүү санаа зов. Харин, аливаа зүйлд залбирлаар ба гуйлтаараа, талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх ухаанаас дээгүүр Бурхны амар тайван нь Христ Есүс дотор та нарын бодол, зүрхийг тань хамгаална» гэсэн түүний Үг итгэл өгдөг (Филиппой 4:6, 7). Та Еховагийн хайранд татагдан, түүний албат болох хүсэлд автана. Еховагийн Гэрчүүд танд энэхүү хайрын Бурханд өөрийгөө хэрхэн зориулж, түүний Гэрчүүдийн нэг хэрхэн болохыг дуртайяа зааж өгнө (Дуулал 104:33; Лүүк 9:23). Тийм ээ, Еховагийн Гэрч байна гэдэг бол онцгой эрх юм. Энэ тухай бодоорой! Та Еховаг шүтэгчийн хувьд дэлхий дээрх Диваажинд мөнх амьдрах зорилгод хүрч болно (Зефаниа 2:3; Исаиа 25:6, 8).
57. а) Шинэ ертөнцөд Бурхан ба хүмүүсийн хооронд ямар ойр дотно харьцаа буй болох вэ? б) Тэр үед таны хүртэн эдэлж болох зарим ивээлийг дурдана уу.
57 Тийм учраас Библи судлахаа үргэлжлүүлж, Ехова Бурхан хийгээд түүний Хүү, мөн түүний тэнгэрийн шударга засгийн газрыг хайрлах хайр, талархлаа улам гүнзгийрүүл. Бурхны засгийн газар болон хүн төрөлхтөн дээр асгарах хишиг ивээлийн талаар Библийн зөгнөл: «Харагтун, Бурхны асар хүмүүсийн дунд байгаа. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан өөрөө дунд нь байна» гэж тодорхойлсон. Өнөөдрийн амин хувиа хичээдэг, хөнөөлт хүний засгийн газраас дээр оршигч «Бурхан өөрөө» шинэ тогтолцоонд өөрийг нь хайрлаж, шүтсэн бүх хүнд хайртай Эцгийн ёсоор ойр дотно байх болно. Тийм ээ, тэр цагт зөвхөн нэг шашин, мөн Ехова Бурхныг шүтэх нэг үнэн шүтлэг байх ба түүнийг шүтэгчид, хүүхдүүд нь Эцэгтэйгээ хэрхэн харьцдаг шиг түүнтэй тийм ойр дотно харьцаатай болно. Тэрбээр ямар хайртай Эцэг гэдгээ харуулах болно! «Тэр [Ехова Бурхан] тэдний нүднээс бүх нулимсыг арчина. Тэнд цаашид үхэл үгүй болно. Тэнд гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс үгүй боллоо» (Илчлэлт 21:3, 4).
58. Ехова «бүхнийг шинэчилнэ» гэдэгт та яагаад итгэлтэй байж болох вэ?
58 Тийнхүү, тэнгэрийн төгс засгийн газрын удирдлагаар дэлхийн Диваажинг сэргээх агуу гайхамшиг амжилттай дуусах болно. Энэ бол нар маргааш өглөө мандан, орой жаргах нь бодит үнэн шиг зайлшгүй юм. Яагаад гэвэл тэнгэр газрыг Бүтээгч, Ехова Бурхны амлалт бол ямагт «итгэмжит бөгөөд үнэн» байдаг. Тэрбээр үүнийг тэнгэр дэх өөрийн сэнтийгээс: «Харагтун! Би бүхнийг шинэчилнэ» хэмээн зарлан тунхагласан (Илчлэлт 21:5).
Энэхүү товхимлыг уншин тунгааснаар дараах асуултад та хэрхэн хариулахсан бол?
Библи юугаараа содон бэ?
Бурхны тухай та юу мэдсэн бэ?
Есүс Христ гэж хэн бэ?
Сатан Диабол гэж хэн бэ?
Зовлон зүдүүрийг Бурхан яагаад хүлцэн зөвшөөрсөн бэ?
Хүн яагаад үхдэг вэ?
Үхсэн хүн яадаг вэ?
Золиос гэж юу вэ?
Дахин амилалт хэрхэн, хаана болох вэ?
Бурхны Хаанчлал гэж юу вэ? Энэ нь юу хийх вэ?
Энэхүү ёс бус хүний ертөнцийн төгсгөлийн «шинж тэмдэг»-т юу юу багтах вэ?
Диваажингийн мөнхийн амьдралд та хэрхэн бэлдэж болох вэ?
[Зүүлт]
a Дээрх догол мөрүүдэд бичсэн зүйлийг батлах Библийн ишлэлүүд: 1) Үйлс 17:26; Дуулал 46:9; Мика 4:3, 4; Исаиа 65:21—23; 2) Исаиа 65:25; 11:6—9; 55:12, 13; Дуулал 67:6, 7; 3) Иоб 33:25; Исаиа 35:5, 6; 33:24; Дуулал 104:24; 4) Исаиа 55:11.
b Хэрэв өөр заалт байхгүй бол Библийн ишлэлийг «Хуучин Гэрээ» (МБОХ, 1998), «Шинэ Гэрээ» (МБОХ, 1996) орчуулгаас авсан болно.
c Monarchs and Tombs and Peoples—The Dawn of the Orient, 25-р хуудас.
d Cyclopedia of Biblical, Theological, and Ecclesiastical Literature, Ж. Маклинток, Ж. Строн, 8-р боть, 908-р хуудас.
[13-р хуудасны зураг]
Хүн бол адгуусан амьтдаас хамаагүй давуу бүтээл болой
[18-р хуудасны зураг]
Есүс төгс хүн Адамтай дүйж байсан