Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй
«Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. ... Та нар Бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй» (МАТ. 6:24).
1-3. а) Хүмүүст санхүүгийн ямар асуудал тулгардаг вэ? Шийдэхийн тулд яадаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү). б) Хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх талаар ямар асуулт гардаг вэ?
«МИНИЙ нөхөр Жеймс ажлаасаа их ядарчихсан ирдэг байсан. Тэгсэн хэрнээ авдаг хэд нь арай ядан хүрдэг байлаа. Би нөхрийнхөө ачааг хөнгөлж, хүүгээ ангийнх нь хүүхдүүдээс дор оруулахгүй байхыг хүссэн юм» гэж Мэрилин ярьжээ.a Бас хамаатнууддаа тусалж, хэдэн төгрөг цааш нь хадгалъя гэж боджээ. Олон найз нь гадаадад ажиллаж мөнгө олохоор явсан аж. Мэрилин бас гадаад руу явах тухай бодов. Гэтэл сэтгэл санаа нь хоёрдож байлаа. Яагаад?
2 Нөхөр хүү хоёроо орхиод явна гэхээс Мэрилин айж байв. Хамтдаа Библи судалж, дэлгэрүүлж, цуглаанд явдаг хэвшил алдагдах болов уу? Гэхдээ л гадаадад очиж ажилладаг хүмүүсийн гэр бүл сүнслэгээр гайгүй байдаг шүү дээ гэж бас бодов. Харин Жиммигээ яаж хүмүүжүүлэх вэ? Хүүтэйгээ интернетээр харьцаж байгаад «Эзэний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүлж» чадах болов уу? (Еф. 6:4).
3 Мэрилинд зөвлөгөө хэрэгтэй байлаа. Нөхөр нь явуулах дургүй байсан ч хорьсонгүй. Ахлагчид болон хурлын зарим хүн явахгүй байхыг зөвлөв. Гэтэл хэдэн эгч: «Нөхөр, хүүхдэдээ хайртай л юм бол явсан нь дээр. Тэнд ч Еховад үйлчилж болно шүү дээ» хэмээн ятгажээ. Мэрилин эргэлзэж байсан ч Жеймс Жимми хоёроо үнсэж «Би удахгүй ирнэ ээ» гэж хэлээд гадаадад ажиллахаар явлаа.
ЭЦЭГ ЭХИЙН ҮҮРЭГ БА БИБЛИЙН ЗАРЧИМ
4. Хүмүүс яагаад хилийн чанадыг зорьдог вэ? Үр хүүхдээ хэнд үлдээдэг вэ?
4 Ехова үйлчлэгчдээ ядуу зүдүү амьдруулахыг хүсдэггүй (Дуу. 37:25; Сур. 30:8). Ядуурлаас гарахын тулд харийн нутагт очиж амьдарсан хүн Еховагийн эртний үйлчлэгчдийн дунд байжээ. Жишээ нь, Иаков гэр бүлийнхнээ өлбөрч үхүүлэхгүй гэсэндээ Египетээс хоол хүнс авчруулахаар хөвгүүдээ явуулсанb (Эх. 42:1, 2). Харин өнөө үед, ажил хийж мөнгө олохоор хилийн дээс алхдаг хүмүүсийн дийлэнх нь хоол хүнсгүй болчихоод явдаг юм биш ээ. Өрнөөсөө салах гэж, амьдралаа дээшлүүлэх гэж гадаадад ажилладаг. Ядуу буурай орны хүмүүс ийм зорилгоор гэр бүлээ орхиод, хаана мөнгө олж болохоор байна, тийшээ явдаг. Тэд хүүхдээ аавд нь (юм уу ээжид нь), ах эгчид нь, өвөө эмээд нь эсвэл хамаатан садан, найз нөхдөдөө үлдээдэг. Хань ижил, үр хүүхдээ орхиод явах хэцүү ч өөр аргагүй гэж боддог.
5, 6. а) Жаргалтай, санаа зовох юмгүй амьдрах талаар Есүс юу заасан бэ? б) Есүс шавь нартаа хэрхэн залбирахыг заахдаа юу гуйгаарай гэсэн бэ? в) Ехова биднийг хэрхэн ивээдэг вэ?
5 Есүсийн үед ч ядуу зүдүү амьдардаг хүн олон байсан. Мөнгөтэй л бол илүү жаргалтай, санаа зовох юмгүй амьдарна гэж боддог байсан биз ээ (Марк 14:7). Гэхдээ эд хөрөнгө зуурдынх учраас Есүс тэднийг мөнхийн эд баялгийн Эх булаг Еховад найдаасай гэж хүссэн. Жинхэнэ аз жаргал дан ганц бидний хичээл зүтгэлээс юм уу эд хөрөнгөнөөс биш, харин тэнгэрийн Эцэгтэйгээ хэр дотно байхаас шалтгаалдгийг тэрбээр Ууланд айлдсан номлолдоо онцолжээ.
6 Есүс хэрхэн залбирахыг шавь нартаа заахдаа «Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч» гэжээ. Чинээлэг амьдрах талаар залбирахыг заагаагүй нь эндээс харагдаж байна. Харин өдөр бүрийн хэрэгцээнийхээ төлөө залбирах учиртай аж. Тэрбээр: «Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. ... Харин тэнгэрт эд баялгийг өөрсөддөө хураа» хэмээн тодорхой хэлсэн (Мат. 6:9, 11, 19, 20). Ехова амласан ёсоороо ивээнэ гэдэгт итгээрэй. Ивээнэ гэдэг нь зүгээр нэг сайшаахын нэр биш, харин зайлшгүй хэрэгтэй бүхнийг өгнө гэсэн үг. Жинхэнэ ёсоор жаргалтай, санаа зовох юмгүй амьдаръя гэвэл мөнгөнд бус, халамжит Эцэг Еховадаа найдах хэрэгтэй (Матай 6:24, 25, 31–34-ийг уншина уу).
7. а) Хүүхэд өсгөж хүмүүжүүлэх үүргийг Ехова хэнд өгсөн бэ? б) Хүүхдийг эцэг эх хоёр нь хоёулаа хүмүүжүүлэх ёстойн учир юу вэ?
7 Эцэг эхчүүд Бурхны хүсэл тааллын дагуу үүргээ биелүүлдэг бол түүний «зөвт байдлыг хайж» байгаа хэрэг юм. Мосегийн хуулиар бол, Еховад хэрхэн үйлчлэхийг эцэг эх нь үр хүүхдэдээ заах учиртай. Энэ зарчим христиануудад бас хамаатай (Дэд хууль 6:6, 7-г уншина уу). Хүүхэд хүмүүжүүлэх үүргийг Бурхан зөвхөн эцэг эх хоёрт өгсөн болохоос, өвөө эмээ юм уу өөр хэн нэгэнд өгөөгүй. Соломон хаан: «Хүү минь, эцгийнхээ сургамжийг сонс. Эхийнхээ зааврыг бүү огоор» хэмээн бичжээ (Сур. 1:8). Эцэг эх нь хоёулаа хүүхдийнхээ дэргэд байж удирдан чиглүүлж, зааж сургаасай гэж Ехова хүсдэг (Сур. 31:10, 27, 28). Ер нь хүүхэд эцэг эхээсээ их зүйлийг сурдаг. Еховагийн тухай ярихыг нь өдөр бүр сонсож, Еховад хэрхэн үйлчлэхийг нь байнга хардаг учир тэднийгээ дууриадаг.
УРЬДЧИЛАН ТООЦООГҮЙ ҮР ДАГАВАР
8, 9. а) Эцэг эх, хүүхдүүд хамт амьдардаггүй бол ямар үр дагавартай вэ? б) Сэтгэл санаа, ёс суртахууны хувьд ямар хохирол амсдаг вэ?
8 Гэр бүлээ орхиод ажил хийхээр явах гэж байгаа хүмүүс ямар бэрхшээлтэй тулгарахаа тооцдог. Гэхдээ бүх үр дагаврыг урьдчилан харах боломжгүй (Сур. 22:3). Мэрилин харийн нутагт очмогцоо гэр бүлээсээ хол байхын зовлон амсжээ. Нөхөр хүү хоёр нь ч мөн ялгаагүй. Жимми: «Та яагаад намайг орхиод явсан юм бэ?» хэмээн байнга асуудаг байлаа. Хэдхэн сар болчихоод ирнэ гэсэн боловч хэдэн жил өнгөрчээ. Энэ хугацаанд тэдний харьцаанд ан цав үүссэн аж. Жиммигийн ярих нь багасаж, эхээсээ хөндийрч эхлэв. «Хүү минь надад хайргүй болсон» гэж Мэрилин гунигтай нь аргагүй дурссан юм.
9 Эцэг эх, хүүхдүүд хамт амьдардаггүй бол сэтгэл санаа, ёс суртахууны хувьд хохирол амсана.c Ялангуяа бага насны хүүхэд аав ээжээсээ удаан хугацаагаар хол байх тусам илүү их зовдог. Мэрилин өөрийнх нь төлөө явснаа хүүдээ учирлан хэлдэг байсан боловч Жиммигийн хувьд ээж нь хаяад явчихсан юм шиг л санагддаг байжээ. Эхэндээ ээжийгээ явлаа гэж уурладаг байснаа, яваандаа ирлээ гэж уурладаг болсон байна. Ээжийгээ хайрлаж яах юм бэ, үгэнд нь орохын хэрэг байна уу гэж боддог болжээ. Энэ бол эцэг эхээсээ хол амьдардаг ихэнх хүүхдэд төрдөг бодол юм (Сургаалт үгс 29:15-ыг уншина уу).
10. а) Хүүхдээ эд зүйлээр аргадах нь ямар сөрөг нөлөөтэй вэ? б) Хол газраас хүүхдээ хүмүүжүүлэх нь яагаад учир дутагдалтай вэ?
10 Мэрилин хүүхдээ аргадахын тулд мөнгө төгрөг, бэлэг сэлт явуулдаг байв. Гэсэн хэдий ч хүүгээ өөрөөсөө улам холдуулж, өөрөө ч мэдэлгүй буруу хүмүүжүүлж байгаагаа анзаарчээ. Хүү нь эцэг эхээ, Ехова Бурхнаа хайрлахаас илүү, эд зүйлийг чухалд үздэг болсон байна (Сур. 22:6). Жимми: «Битгий ирээрэй, зүгээр л юм явуулаад байгаарай» гэдэг байжээ. Захиа, утас, интернетээр хүүгээ хүмүүжүүлж чадахгүйгээ Мэрилин ойлгосон аж. Тэрбээр: «Хүүхдээ интернетээр тэвэрнэ, үнсэнэ гэж байдаггүй юм билээ» хэмээн ярьсан юм.
11. а) Мөнгө олохын тулд ханиасаа тусдаа амьдрах нь ямар аюултай вэ? б) Гэр лүүгээ буцах хэрэгтэйгээ Мэрилин хэзээ ойлгосон бэ?
11 Мэрилин бас Еховагаас, нөхрөөсөө хөндийрчээ. Цуглаан, дэлгэрүүлэх ажилд долоо хоногт нэг удаа оролцох юм уу заримдаа бүр амждаггүй байж. Захирал нь дарамталж бэлгийн харьцаанд орохыг шаарддаг байсан тул өөрийгөө хамгаалах хэрэгтэй байлаа. Жеймс Мэрилин хоёр тулгарч буй асуудлынхаа талаар ярилцъя гэвч бие биеэсээ хол учраас өөр хүнд сэтгэлээ уудалдаг байв. Үүнээсээ болоод завхайрах дөхжээ. Тэд завхайраагүй ч хоёр биеийнхээ сэтгэл санааны болон бэлгийн хэрэгцээг ханга гэсэн тушаалыг зөрчиж байгааг Мэрилин ухаарчээ. Хол амьдарч байсан тул нөхөр эхнэрт байх ёстой нандин харьцаа нэгэнт байхгүй болсон байлаа (Сол. 1:2; 1 Кор. 7:3, 5). Бас халуун ам бүлээрээ Еховаг шүтэж чадахгүй байв. Мэрилин: «Еховагийн агуу өдрийг эсэн мэнд давъя гэвэл Гэр бүлийн хичээлээ тогтмол хийх нь бидний хувьд амин чухал юм байна гэдгийг чуулганаас мэдээд, нутаг буцах хэрэгтэйгээ ойлгосон. Сүнслэгээр сэргэж, нөхөр хүүхэдтэйгээ эргээд дотносох шаардлагатай байсан» хэмээн дурссан юм.
САЙН БА МУУ ЗӨВЛӨГӨӨ
12. Гэрээсээ хол амьдарч байгаа хүмүүст Библиэс ямар зөвлөгөө өгөх нь тустай вэ?
12 Мэрилинийг гэр лүүгээ буцах болоход хүмүүс янз бүрээр хүлээж авсан байна. Хурлынх нь ахлагчид итгэлтэй, зоригтой байгааг нь магтжээ. Харин гэрээсээ хол амьдарч байгаа зарим Гэрч сайн жишээг нь дагахын оронд үлдэхийг ятгаж байлаа. Тэд: «Чи удахгүй буцаад ирнэ дээ. Нутагтаа очоод юугаараа амьдрах юм бэ?» гэжээ. Христиан хүн бусдынхаа урмыг ингэж хугалахын оронд «залуу эмэгтэйчүүдийг нөхөр ба үр хүүхдүүдээ хайрладаг ... гэрийн эзэгтэй» байхыг буюу гэр бүлдээ санаа тавихыг зөвлөдөг бол «Бурханы үг муу хэлэгдэхгүй» (Тит 2:3–5-ыг уншина уу).
13, 14. Еховаг хамаатнуудаасаа дээгүүр тавихын тулд яагаад итгэлтэй байх хэрэгтэй вэ? Жишээ хэлнэ үү.
13 Гадаадад ажилладаг хүмүүсийн дунд ёс заншлаа дээдэлдэг, эцэг эхийнхээ үгийг хууль мэт үздэг хүн олон байдаг. Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхийн тулд ах дүү, хамаатныхаа хүслээр явахгүй, ёс заншлаа дагахгүй байя гэвэл христиан хүн бат итгэлтэй байх шаардлагатай.
14 Каринд тохиолдсон явдлыг авч үзье. Тэрбээр: «Хүү Доныгоо төрөхөд нөхөр бид хоёр гадаадад ажиллаж байлаа. Тэр үед би Библи судалж эхлээд удаагүй байсан. Хүүгээ өгч явуулаад аав ээж хоёроор өсгүүлэхийг ах дүү нар ятгаж байв. Биднийг хөлөө олоосой гэсэндээ тэр» гэж ярьсан юм. Хүүгээ өөрөө өсгөнө гэж Кариныг хэлэхэд хамаатнууд болон нөхөр нь түүнийг залхуу хойргоор нь дуудаж, доог тохуу хийжээ. Карин: «Үнэнийг хэлэхэд би хүүгээ аав ээжээр хэдэн жил харуулахад юу нь буруу байх вэ гэж бодож байлаа. Гэхдээ Доныг өсгөх үүргийг Ехова нөхөр бид хоёрт өгснийг би мэдэж байсан» гэв. Кариныг дахин жирэмсэн болоход нөхөр нь үр хөндүүлэхийг шаарджээ. Өмнө нь зөв шийдвэр гаргасныхаа ачаар итгэл нь бэхэжсэн тул энэ удаа ч Еховагийн талд бат зогсов. Хэрэв Карин хүүхдүүдээ хүнээр өсгүүлсэн бол үр дагавар нь шал ондоо байх байлаа.
15, 16. а) Викигийн бага нас хэрхэн өнгөрсөн бэ? б) Охиноо өөрөө өсгөх болсны учир юу вэ?
15 Вики гэдэг Гэрч эмэгтэй: «Би эмээгийндээ хэдэн жил амьдарсан. Дүүг аав ээж өөрсдөө өсгөсөн юм. Буцаад эцэг эхтэйгээ амьдрах болоход би тэднээс хөндийрчихсөн байлаа. Дүү маань тэднийг тэвэрч, бодол санаагаа чөлөөтэй хуваалцаж, их дотно байхад би бишүүрхэж байсан. Том болсон хойноо ч нэг л хөндий, юмаа илэн далангүй ярьж чаддаггүй байв. Өтлөхлөөр нь асарна гэж дүү бид хоёр аав ээжид хэлдэг юм. Дүү маань тэдэнд хайртай болохоороо асрах нь мэдээж. Харин би үүнийг үүрэг л гэж боддог» хэмээн ярьсан юм.
16 Тэрбээр цааш нь «Ээж намайг эмээгээр өсгүүлсэн шиг охиныг маань өсгөж өгье гэдэг. Би охиноо явуулахыг хүсэхгүй байгаагаа ээждээ эвтэйхэн тайлбарласан. Нөхөр бид хоёр хүүхдээ Еховаг хайрладаг хүн болгож өсгөхийг хүсдэг. Би охиноо өөрөөсөө хөндийрүүлмээргүй байна» гэжээ. Еховаг хайрлаж, хуулийг нь сахихыг мөнгөний хойноос хөөцөлдөх, гэрийнхнийхээ хүслээр байхаас илүү чухалд үзэж байж л жаргалтай амьдрахаа тэрбээр ойлгожээ. Есүс: «Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. ... Та нар Бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй» хэмээн тодорхой хэлсэн (Мат. 6:24; Ег. 23:2).
ЕХОВА ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛИЙГ МААНЬ ИВЭЭНЭ
17, 18. а) Жинхэнэ христиануудад ямар боломж үргэлж байдаг вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
17 «Хаанчлал болон Түүний зөвт байдлыг» амьдралынхаа эн тэргүүнд тавивал наад захын хэрэгцээтэй зүйлээр хангахаа тэнгэрийн Эцэг маань амладаг (Мат. 6:33). Тиймээс хэцүү асуудал тулгараад шийдэх аргагүй юм шиг санагдлаа ч Библийн зарчмыг дагаж Бурхнаа баярлуулах боломж хэзээд байдаг. Хүнд байдлаас «гарах замыг» зааж өгөхөө Ехова амласан (1 Коринт 10:13-ыг уншина уу). Еховагаас тусламж авъя гэвэл хууль зарчмыг нь дагаж, мэргэн ухаан, удирдлага заавар гуйн залбирах зэргээр түүнд «итгэж найдан» «тэвчээртэйгээр хүлээх» хэрэгтэй (Дуу. 37:5, 7). Зөвхөн өөрт нь үйлчлэхийн төлөө хамаг чадлаараа хичээдэг хүнийг Ехова ивээж, ажил үйлсийг нь «бүтэмжтэй» болгоно (Эхлэл 39:3-тай харьцуулна уу).
18 Тусдаа амьдарсны уршгаар үүссэн хохирлыг хэрхэн арилгах вэ? Хол газар очиж ажиллахгүйгээр гэр бүлээ хэрхэн тэжээх вэ? Энэ талаар зөв шийдвэр гаргахад нь бусдадаа хэрхэн туслах вэ? Эдгээр асуултын хариуг дараагийн өгүүллээр авч үзнэ.
a Нэрсийг өөрчлөв.
b Иаковын хөвгүүд гурван долоо хоногоос хэтрэхгүй хугацаагаар Египет рүү явдаг байсан. Хожим нь Иаков болон хөвгүүд нь эхнэр хүүхдээ аваад тийшээ нүүсэн (Эх. 46:6, 7).
c Олон орноос ирсэн мэдээллээс үзвэл хань ижил, үр хүүхдээсээ хол амьдрах нь ноцтой асуудалд хүргэдэг байна. Завхайрах, ижил хүйстэнтэйгээ явалдах, хүүхэдтэйгээ бэлгийн харьцаанд орох нь бий. Хүүхдийн сурлага хүмүүжил доголдож, уур уцаартай, санаа зовомтгой болж, сэтгэлээр унах юм уу бүр амиа хорлохыг хүсдэг байна.