ХИЧЭЭЛ 44
Бурханд бүх баяр ёслол таалагддаг уу?
Ехова биднийг жаргалтай амьдарч, баярлаж баясаасай гэж хүсдэг. Гэхдээ бүх баяр ёслол Еховад таалагддаг уу? Еховаг хайрладаг хүн баяр ёслол тэмдэглэх асуудалд яаж ханддаг вэ?
1. Ихэнх баяр ёслол Еховад яагаад таалагддаггүй вэ?
Ихэнх баяр ёслол Библийн сургаалтай зөрчилддөгийг болон хуурамч шашнаас үүсэлтэйг олон хүн мэддэггүй. Зарим баяр ёслол ид шид, далдын хүчтэй холбоотой байдаг. Эсвэл үхэшгүй мөнхийн сүнс байдаг гэсэн ойлголтод үндэслэдэг. Мухар сүсэг, азын тэнгэртэй холбоотой баяр ёслол ч байдаг (Исаиа 65:11). Ехова үйлчлэгчдэдээ «Тусгаар бай. Бузар юманд хүрэхээ боль» гэж анхааруулдаг (2 Коринт 6:17).a
2. Хүнийг алдаршуулдаг баяр ёслол Еховад ямар санагддаг вэ?
Хүнд найдвар тавих нь аюултайг Ехова бидэнд сануулдаг (Иеремиа 17:5-ыг уншина уу). Зарим баяр ёслолоор хүмүүн удирдагчдад хүндэтгэл үзүүлж, дайнд байгуулсан ялалт, үндэсний бэлгэ тэмдэг, тусгаар тогтнолоороо бахархдаг (1 Ёохан 5:21). Түүхэнд гарсан хувьсгал, шинэчлэлтийг тэмдэглэдэг баяр ч бий. Хэрвээ бид ямар нэг хүн, байгууллагыг алдаршуулбал Еховад ямар санагдах вэ? Ялангуяа тухайн хүн юм уу байгууллага Еховагийн санаа зорилготой зөрчилддөг үзэл санааг дэвэргэдэг бол ямар санагдах бол?
3. Бид яагаад зарим баяр ёслолыг тэмдэглэдэггүй вэ?
«Архидах, эмх замбараагүй найрлан цэнгэх, хэн нь архи их уудгаа үзэхийг» Ехова буруу гэж үздэг (1 Петр 4:3). Зарим баяраар хүмүүс эрээ цээргүй авирлаж, хуял тачаалдаа хөтлөгддөг. Еховатай үүрдийн анд найз байя гэвэл иймэрхүү ёс суртахуунгүй явдлаас хол байх хэрэгтэй.
УХАЖ ОЙЛГОЁ
Баяр ёслол тэмдэглэх тухайд Еховад таалагдах шийдвэр яаж гаргахыг мэдэж аваарай.
4. Еховад таалагддаггүй баяр ёслолд бүү оролц
Эфэс 5:10-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Баяр ёслол тэмдэглэх эсэхээ шийдэхдээ юуг магадлах хэрэгтэй вэ?
Танай нутагт ямар ямар баяр тэмдэглэдэг вэ?
Таны бодлоор, тэр баяр ёслолууд Еховад таалагддаг болов уу?
Жишээлбэл Бурхан төрсөн өдөр тэмдэглэхийг юу гэж үздэг юм бол гэж та бодож байсан уу? Еховаг шүтдэг хүмүүс төрсөн өдөр тэмдэглэсэн тухай Библид гардаггүй. Харин Еховаг шүтдэггүй хүмүүс төрсөн өдөр тэмдэглэсэн хоёр тохиолдол Библид гардаг. Эхлэл 40:20–22; Матай 14:6–10-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Энэ хоёр төрсөн өдөр юугаараа адилхан байсан бэ?
Энэ хоёр үйл явдлаас харахад Ехова төрсөн өдөр тэмдэглэхийг юу гэж үздэг вэ?
Гэлээ ч танд ингэж санагдаж болох юм. «Миний төрсөн өдөр тэмдэглэх эсвэл Библид үндэслээгүй баяр ёслолд оролцож, дэмжих нь Еховад хамаатай гэж үү?». Египетээс гарсан нь 32:1–8-ыг уншина уу. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Еховагийн таалалд юу нийцдэгийг магадлах нь яагаад чухал вэ?
Еховагийн үзэл бодлыг яаж мэдэх вэ?
Еховад таалагддаг эсэхийг яаж мэдэх вэ?
Библид байдаггүй сургаалд үндэслэсэн үү? Үүнийг мэдэхийн тулд тухайн баярын гарал үүслийг судлаарай.
Хүн юм уу байгууллагыг алдаршуулж, үндэсний бэлгэ тэмдгээр бахархдаг уу? Бид Еховаг л алдаршуулж, дэлхий дахинд тулгамдсан асуудлыг шийднэ гэдэгт нь итгэдэг.
Тэмдэглэж байгаа хүмүүсийнх нь биеэ авч яваа байдал Библийн хэм хэмжээтэй нийцдэг үү? Бид ёс суртахууны хувьд цэвэр ариун байх ёстой.
5. Үзэл бодлоо хүндэтгэлтэй хэлээрэй
Бусад хүн баяр ёслолд оролц гэж дарамт шахалт үзүүлэхэд татгалзах амаргүй байдаг. Шийдвэрээ ая эвийг нь олоод эвтэйхэн тайлбарлаарай. Нэг жишээг ВИДЕОНООС хамт үзээрэй.
Матай 7:12-ыг уншаад дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Энэ зүйлийг үзвэл бид Гэрч биш гэрийнхнээ баяр тэмдэглэхийг хорьж болох уу?
Та баяр тэмдэглэхгүй ч гэсэн гэрийнхнийгээ хайрлаж хүндлэхээ болиогүй гэдгээ яаж мэдрүүлэх вэ?
6. Ехова биднийг жаргалтай байгаасай гэж хүсдэг
Ехова биднийг гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг сайхан өнгөрүүлээсэй гэж хүсдэг. Номлогчийн үгс 8:15-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Ехова биднийг баясаж цэнгэж байгаасай гэж хүсдэгийг энэ зүйл яаж баталдаг вэ?
Ехова ард түмнээ инээж баясан, цагийг сайхан өнгөрүүлээсэй гэж хүсдэг. Үүний нэг баталгааг олон улсын чуулганы тухай ВИДЕОНООС хамт үзээрэй.
Галат 6:10-ыг уншаад дараах асуултад үндэслэн ярилцаарай.
«Сайныг үйлдэхийн» тулд нийтээрээ тэмдэглэдэг баярыг заавал тэмдэглэх хэрэгтэй юү?
Ёсыг бодоод өгөх, сэтгэлээсээ өгөх хоёрын аль нь илүү жаргалтай болгодог вэ?
Хүүхдэдээ зориулж тусгай юм хийж, гэнэтийн бэлэг барьдаг Гэрчүүд олон бий. Хэрвээ та хүүхэдтэй бол яаж баярлуулж болох вэ?
ЗАРИМ ХҮН: «Баярын гарал үүсэл нь тийм чухал юм уу? Гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзалдах нь л чухал шүү дээ» гэдэг.
Та тийм хүнд юу гэж хариулах вэ?
ДҮГНЭЛТ
Ехова биднийг гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг сайхан өнгөрүүлээсэй гэж хүсдэг. Бас өөрт нь таалагддаггүй баяр ёслолыг битгий тэмдэглээсэй гэж хүсдэг.
Давтах асуулт
Тухайн баяр ёслол Еховад таалагддаг эсэхийг мэдэхийн тулд ямар асуултуудыг бодож үзэх хэрэгтэй вэ?
Баяр тэмдэглэхгүйгээ гэр бүл, найз нөхдөдөө яаж тайлбарлах вэ?
Ехова биднийг инээж баясан, жаргалтай байгаасай гэж хүсдэг нь юунаас харагддаг вэ?
МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
Төрсөн өдөр тэмдэглэх нь Бурханд таалагддаггүй гэж үзэх 4 шалтгааныг уншаарай.
«Еховагийн Гэрчүүд яагаад төрсөн өдөр тэмдэглэдэггүй вэ?» (Веб өгүүлэл)
Еховаг хайрладаг, түүнийг баярлуулахыг хүсдэг хүүхдүүд баярын үеэр ч зөв шийдвэр гаргадаг.
Олон сая хүн Крисмас тэмдэглэхээ больсон. Тэд гаргасан шийдвэртээ харамсдаг уу?
«Тэд илүү сайныг олсон» («Харуулын цамхаг»-ийн түүвэр өгүүлэл, 2012 оны 12-р сарын 1)