Эхлэл
24 Абрахам хөгширч, нас дээр гарчээ. Ехова Абрахамын бүх юмыг ивээсэн билээ. 2 Абрахам хамаг юмыг нь хариуцдаг, хамгийн ахмад зарцдаа «Чи миний гуян доор гараа тавьж, 3 амьдран суугаа нутгийн маань канаанчуудын охидоос хүүд минь эхнэр авч өгөхгүй гэдгээ тэнгэр, газрын Бурхан Еховагаар тангарагла. 4 Харин чи манай нутагт хамаатнууд дээр маань очоод хүү Исаакт минь эхнэр болох эмэгтэйг авчрах ёстой» гэж хэлэв.
5 Тэгтэл зарц нь Абрахамд «Хэрэв тэр эмэгтэй надтай хамт энэ нутагт ирэхгүй гэвэл яах вэ? Хүүг тань танай нутагт авч очих уу?» гэсэнд 6 Абрахам: «Хүүг минь тийшээ авч явж огт болохгүй. 7 Намайг эцгийн минь гэрээс, төрөл садангийн минь нутгаас явуулсан, тэнгэрийн Бурхан Ехова надад амлаж “Би чиний үр хүүхдэд энэ газрыг өгнө” гэсэн юм. Тэрбээр тэнгэрийн элчээ чиний өмнө явуулна. Чи тэндээс хүүд минь эхнэр авчирна. 8 Харин тэр эмэгтэй чамтай хамт явахгүй гэвэл чи энэ тангаргаас чөлөөлөгдөнө. Гэхдээ хүүг минь тийшээ авч явж болохгүй» гэж хэлжээ. 9 Ингээд зарц нь эзэн Абрахамынхаа гуян доор гараа тавьж, хэлснээр нь гүйцэтгэхээ тангараглав.
10 Тэгээд зарц төрөл бүрийн бэлэг сэлт эзнээсээ аваад 10 тэмээнд ачиж Месопотамид байдаг Нахорын хотыг зорин хөдөлжээ. 11 Тэрбээр хотын гадна ирээд худгийн хажууд тэмээнүүдээ хэвтүүлэв. Энэ нь оройн хэрд эмэгтэйчүүдийн ус авахаар гарч ирдэг цаг байлаа. 12 Зарц залбиран «Миний эзэн Абрахамын Бурхан Ехова, өнөөдрийн ажил үйлсийг минь бүтээж өгч, эзэн Абрахамыг минь үнэнчээр хайрладгаа батлаач. 13 Би худгийн дэргэд зогсож байна. Одоо энэ хотын охид ус татахаар ирнэ. 14 Би: “Устай ваараа буулгаж, надад ус уулгаач” гэж нэг бүсгүйд хэлье. Тэгэхэд тэр бүсгүй: “Та уу, уу. Би бас таны тэмээнүүдийг усалъя” гэж хэлбэл би тэр бүсгүйг таны үйлчлэгч Исаактаа сонгосон хүн мөн байна гэж ойлгоё. Би таныг эзнийг минь үнэнчээр хайрладгийг ингэж мэдье» гэлээ.
15 Зарцыг үгээ хэлж дуусаагүй байхад мөрөн дээрээ усны ваар тавьсан Ребека гарч ирэв. Тэр бол Абрахамын ах Нахорын эхнэр Милкагийн хүү Бетуелийн охин юм. 16 Бүсгүй ихэд үзэсгэлэнтэй бөгөөд эр хүнтэй хавьтаагүй, онгон байлаа. Тэрбээр худаг руу уруудаж ваараа усаар дүүргээд дээш гарч ирлээ. 17 Тэр даруй зарц түүнтэй уулзахаар гүйн очоод «Надад ваартай уснаасаа жаахан уулгаач» гэжээ. 18 Бүсгүй: «Та уу, уу» гээд ваараа шалавхан буулгаж гартаа барьж байгаад ус уулгажээ. 19 Ууж дуусахаар нь бүсгүй: «Би бас таны тэмээнүүдийг ханатал нь усалъя» гээд 20 ваартай усаа онгоц руу яаран юүлэв. Тэгээд худаг руу дахин дахин гүйж, ус татсаар бүх тэмээг нь усалжээ. 21 Гайхсан зарц энэ хооронд Ребекаг чимээгүйхэн ширтэнгээ Еховаг аяныг нь ивээсэн болов уу гэж бодож байлаа.
22 Тэмээнүүдийг ус ууж дуусахад зарц хагас шекелийн жинтэй, хамрын алтан гархи, 10 шекелийн жинтэй хоёр алтан бугуйвч гаргаж Ребекад өгөөд 23 «Чи хэний охин гэдгээ надад хэлээч. Эцгийн чинь гэрт биднийг хонуулах газар байна уу?» гэж асуулаа. 24 Тэгэхэд бүсгүй: «Би бол Милкагийн Нахорт төрүүлж өгсөн хүү Бетуелийн охин» гэж хариулав. 25 Бас «Манайд сүрэл, тэжээл их байгаа. Хонуулах газар ч байгаа» гэжээ. 26 Тэгэхэд зарц Еховад сөхөрч мөргөөд 27 «Эзэн Абрахамынхаа Бурхан Еховаг магтъя. Учир нь тэрбээр эзнийг минь үнэнчээр хайрлаж, түүнд амласнаа биелүүлдэг. Ехова намайг удирдаж, эзний минь ах дүүгийнд авчирчээ» гэж өгүүлэв.
28 Бүсгүй болсон явдлыг эхдээ болон бусад хүнд хэлэхээр гүйн одлоо. 29 Ребека Лабан гэдэг ахтай байв. Лабан хотын гадна, худгийн дэргэд байгаа өнөөх хүн рүү гүйжээ. 30 Лабан дүүгийнхээ хамрын гархи, гар дахь бугуйвчийг хараад, бас дүү Ребекагаа «Тэр хүн надад ийн хэллээ» гэснийг сонсоод тэр хүнтэй уулзахаар очсон юм. Өнөөх хүн худаг дээр тэмээнүүдийнхээ дэргэд зогсож байв. 31 Лабан түүнийг хармагцаа «Еховагийн ивээлийг хүртсэн хүн та манайд морилно уу. Би танд хонох байшин, бас тэмээнүүдэд тань байр бэлдсэн болохоор гадаа зогсоод яах вэ» гэж хэлэв. 32 Ингээд зарцыг гэрт нь очиход тэрбээр тэмээнүүдийнх нь тохшийг авч, ачааг нь буулгаад сүрэл, тэжээл тавьж өгөв. Бас зарц болон хамт яваа хүмүүсийнх нь хөлийг угаах ус өглөө. 33 Өмнө нь идээ будаа тавихад зарц: «Би ямар хэргээр яваагаа хэлэхээс нааш юм идэхгүй» гэжээ. Тэгэхэд Лабан: «Та хэл л дээ» гэв.
34 Зарц: «Би бол Абрахамын зарц. 35 Ехова эзнийг минь арвин их ивээж хонь, үхэр, алт, мөнгө, зарц, шивэгчин, тэмээ, илжиг өгөн асар их эд хөрөнгөтэй болгосон билээ. 36 Бас эзний минь эхнэр Сара хөгширсөн хойноо хүү төрүүлж өгсөн юм. Эзэн минь байгаа бүхнээ хүүдээ өгнө. 37 Эзэн минь надаар тангараг өргүүлэхдээ надад “Миний амьдран суугаа нутгийн канаанчуудын охидоос хүүд минь эхнэр авч өгч болохгүй. 38 Харин чи миний эцгийн гэр, миний хамаатнууд руу очиж хүүд минь эхнэр авах ёстой” гэж хэлсэн юм. 39 Гэхдээ би: “Хэрэв тэр эмэгтэй надтай хамт явахгүй гэвэл яах вэ?” гэхэд 40 эзэн: “Миний үйлчилдэг Ехова Бурхан тэнгэрийн элчээ чамтай хамт явуулж аяныг чинь ивээнэ. Чи миний хамаатнуудаас, эцгийн минь гэрээс хүүд минь эхнэр авч өгөх ёстой. 41 Гэвч чамайг миний хамаатнууд руу очиход тэд охиноо өгөхгүй гэвэл чи надад тангарагласнаасаа чөлөөлөгдөнө” гэсэн юм.
42 Би өнөөдөр худаг дээр ирээд “Миний эзэн Абрахамын Бурхан Ехова, аяныг минь ивээснийг тань би ингэж мэдье. 43 Би одоо худгийн дэргэд зогсож байна. Нэг бүсгүйг ус авахаар ирэхэд би: «Надад ваартай уснаасаа жаахан уулгаач» гэж хэлье. 44 Тэгэхэд тэр: «Та уу, уу. Би бас таны тэмээнүүдийг усалъя» гэж хэлбэл тэр бүсгүй эзний минь хүүд Еховагийн сонгосон хүн мөн байх нь” гэж залбирсан юм.
45 Намайг хэлж дуусаагүй байтал мөрөн дээрээ ваар тавьсан Ребека ирээд худаг руу уруудаж ус татсан. Намайг “Надад уснаасаа уулгаач” гэхэд 46 ваараа мөрөн дээрээсээ яаран буулгаж “Та уу, уу. Би бас таны тэмээнүүдийг усалъя” гэсэн юм. Би ус ууж, Ребека тэмээнүүдийг усалсан. 47 Тэгэхээр нь би: “Чи хэний охин бэ?” гэхэд тэрбээр: “Би Милкагийн Нахорт төрүүлж өгсөн хүү Бетуелийн охин” гэж хариулсан. Тэгээд би хамарт нь гархи, хоёр гарт нь бугуйвч зүүж өгсөн билээ. 48 Эзний минь ахын охиныг эзний минь хүүд эхнэр болгон авхуулахаар намайг зөв замаар явуулсан Еховад би сөхрөн мөргөж, эзэн Абрахамынхаа Бурхан Еховаг магтсан юм. 49 Тэгэхээр одоо та бүхэн эзнийг минь үнэнчээр хайрлаж, түүнд үнэнчээ баталмаар байвал надад хэлэгтүн. Үгүй бол үгүй гэдгээ бас хэлэгтүн. Тэгвэл би цаашид яахаа бодъё» гэж ярьжээ.
50 Тэгэхэд Лабан Бетуел хоёр: «Энэ явдлыг Ехова удирдаж байгаа тул бид тийм, үгүй гэж хэлэх аргагүй байна. 51 Ребека энд та нарын өмнө байна. Авч яваад Еховагийн хэлснээр эзнийхээ хүүгийн эхнэр болгоорой» гэв. 52 Абрахамын зарц тэдний хэлэхийг сонсмогцоо Еховад сөхөрч мөргөлөө. 53 Тэгээд зарц алт мөнгөн эдлэл, хувцас гарган Ребекад өгөөд ах болон эхэд нь үнэтэй бэлэг сэлт барьжээ. 54 Дараа нь зарц болон хамт яваа эрчүүд нь идэж уугаад тэндээ хоножээ.
Зарц өглөө босоод «Намайг эзэн рүү минь явуулна уу» хэмээв. 55 Тэгэхэд Ребекагийн ах ээж хоёр: «Ребека гэртээ ядаж 10 хоноод яваг» гэжээ. 56 Тэгтэл зарц: «Ехова миний аяныг ивээсэн учир намайг бүү саатуул. Намайг явуулна уу. Би эзэндээ очъё» гэхэд 57 тэд: «Ребекаг дуудаж ирүүлээд өөрөөс нь асууя» гэлээ. 58 Тэд Ребекаг ирүүлээд «Чи энэ хүнтэй хамт явах уу?» гэж асуухад бүсгүй: «Явалгүй яах вэ» гэжээ.
59 Ингээд тэд Ребека, түүний асрагч эх*, Абрахамын зарц, дагалдан яваа эрчүүдийг нь үдэн 60 Ребекаг «Дүү минь, түм буман хүний эх болоорой. Үр хүүхэд чинь дайснуудынхаа дааман хаалгыг* эзлэн авах болтугай» гэж ерөөв. 61 Ребека шивэгчидтэйгээ босож, тэмээ унаад өнөөх хүнийг даган явав. Ийнхүү зарц Ребекаг авч замд гарлаа.
62 Исаак Негевт сууж байсан бөгөөд Беер-лахаи-роин зүгээс ирсэн байжээ. 63 Тэгээд юм бодохоор үдшийн бүрийгээр хээр явж байв. Нэг хартал тэмээн цуваа ирж байлаа! 64 Ребека Исаакийн барааг хараад тэмээнээсээ яаран бууж 65 «Биднийг угтахаар хээр яваа энэ хүн хэн бэ?» гэж зарцаас асуухад «Манай эзэн» гэж зарц хариулав. Тэгэхэд Ребека гивлүүрээ зүүлээ. 66 Зарц хийсэн бүхнээ Исаакт ярьж өгчээ. 67 Үүний дараа Исаак Ребекаг эх Сарагийнхаа майханд дагуулж ороод эхнэрээ болгожээ. Исаак Ребекад хайртай болов. Эхээ алдаад гашуудаж явсан Исаак ийнхүү тайтгарчээ.