Еврейчүүдэд бичсэн захидал
5 Учир нь тэргүүн тахилч болгон хүмүүсийн өмнөөс Бурханд үйлчлэхээр томилогдож, тэдний нүглийн төлөө өргөл, тахил өргөдөг. 2 Тэр өөрөө ч гэсэн мөхөс учир мэдлэггүйн улмаас нүгэл үйлддэг хүмүүсийг өрөвдөж мэддэг. 3 Тиймээс хүмүүсийн нүглийн төлөө тахил өргөдөг шигээ өөрийнхөө нүглийн төлөө тахил өргөх ёстой.
4 Хүн өөрийн дураар тэргүүн тахилч болдоггүй. Харин Аароныг томилсон шиг Бурхан л томилдог. 5 Христ ч өөрийн дураар тэргүүн тахилч болж, өөрийгөө алдаршуулаагүй. Харин «Чи бол миний хүү. Өнөөдөр би чиний эцэг болсон» гэж айлдсан тэр Нэгэн түүнийг алдаршуулсан билээ. 6 Тэрээр Судрын өөр нэг хэсэгт «Чи бол Мелхизедектэй адил мөнхийн тахилч» гэж бас хэлсэн.
7 Христ дэлхий дээр байхдаа* өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд шаргуу залбирдаг, хүсэлтээ чанга дуугаар, нулимс унаган хэлдэг байсан бөгөөд Бурхан өөрөөс нь эмээдэг түүний залбирлыг дуртайяа сонсдог байв. 8 Тэрээр хүү нь байсан боловч зовлон туулж дуулгавартай байж сурсан. 9 Тэгээд төгс дуулгавартай болсон тэрээр өөрт нь дуулгавартай хүмүүсийг мөнхөд аврах зам болсон юм. 10 Учир нь Бурхан түүнийг Мелхизедектэй адил тэргүүн тахилчаар томилсон билээ.
11 Түүний талаар ярих юм бидэнд их байна. Гэвч та нар ойлгохдоо удаан болсон тул тайлбарлахад амаргүй байна. 12 Уг нь та нар өдийд багш болсон байх учиртай. Гэвч та нарт Бурхны ариун үгийн үндсэн зарчмыг эхнээс нь заах багш дахин хэрэгтэй болжээ. Та нарт бор хоол бус, сүү хэрэгтэй болжээ. 13 Учир нь сүүнээс гараагүй хүн бүр Бурхны шударга сайн үгтэй танилцаагүй байдаг. Тийм хүн балчир хүүхэд юм. 14 Харин бор хоол нь төлөвшсөн хүнд зориулагддаг. Төлөвшсөн хүн оюун ухаанаа байнга дайчлан зөв бурууг ялгаж сурсан байдаг.