Титэд бичсэн захидал
3 Төр засаг болон эрх баригчдад захирагдан дуулгавартай байх, сайн үйл хийхэд бэлэн байх, 2 хэнийг ч доромжлохгүй, хэрэлдэж маргахгүй, харин ухаалаг байж бүх хүнтэй ямагт эелдэг харьцахыг сануулж бай. 3 Учир нь бид ч урьд нь мунхаг, дуулгаваргүй, хууртдаг, хүсэл тачаалдаа боолчлогддог, муу юм хийдэг, атаархуу бөгөөд бие биеэ үзэн яддаг, адгийн муу хүмүүс байсан.
4 Харин Аврагч Бурхан энэрдгээ, хүн төрөлхтнийг хайрладгаа мэдүүлсэн билээ. 5 (Биднийг аварсан нь сайн үйл хийсний маань төлөө бус, харин биднийг энэрснийх юм.) Биднийг угааж амилуулаад аварсан, агуу хүчээрээ шинэчилсэн. 6 Энэ агуу хүчээ Аврагч Есүс Христээр маань дамжуулан бидэнд арвин их өгсөн. 7 Бурхан биднийг нигүүлсээд зөв гэж үзэхэд бид итгэж найдаж байснаараа мөнх амийг өвлөгч болно.
8 Энэ бол үнэн үг бөгөөд эдгээрийг байнга онцолж байхыг чамд захья. Тэгвэл Бурханд итгэсэн хүмүүс сайн үйл хийхийг анхаарах юм. Эдгээр нь сайн бөгөөд хүмүүст тустай.
9 Харин дэмий юмаар маргалдах, угийн бичиг болон Хуулийн талаар мэтгэлцэхээс хол яв. Эдгээр нь ямар ч ач холбогдолгүй, дэмий хоосон. 10 Буруу сургаал сурталчилдаг хүнд хоёр удаа сануулга өг. Тэгсэн ч дуулгаваргүй байвал түүнтэй бүү холбогд. 11 Тийм хүн зөв замаас гажсан бөгөөд нүгэл үйлдэж байгаа хэрэг. Хийсэн хэрэг нь өөрийг нь буруутгана.
12 Би Артем юм уу Тухикийг чам руу явуулна. Очихоор нь чи над руу ирэхийг хичээгээрэй. Би Никополд өвөлжихөөр шийдлээ. 13 Хуульч Зен Апол хоёрын аян замд хэрэглэх бүхнийг өгч сайн туслаарай. 14 Итгэл нэгтнүүд маань ч тусламж хэрэгтэй үед сайн юм хийж сураг. Ингэвэл Бурхны үйлчлэгчийн хувьд сайн үйлээр баян байх юм.
15 Надтай хамт байгаа хүмүүс бүгдээрээ чамд мэнд хүргэж байна. Бидэнд хайртай итгэл нэгтнүүдэд миний мэндийг уламжлаарай.
Бурхан та бүгдийг нигүүлсэх болтугай.