Титэд бичсэн захидал
1 Бурхны боол, Есүс Христийн элч Паул би Бурхны сонгосон хүмүүстэй адилхан итгэлтэй, бас Бурханд үнэнч байхыг сургадаг жинхэнэ сургаалыг зөв ойлгодог. 2 Мөнх амьдрах найдвар бол итгэл болон жинхэнэ сургаалын үндэс юм. Энэ найдварыг худал хэлдэггүй Бурхан өнө эртнээс өгсөн. 3 Аврагч Бурхан маань надад тушаал өгч, сайн мэдээ дуулгах ажлыг даалгаж, товлосон цагтаа үгээ тунхаглуулсан. 4 Энэ захидлыг итгэл нэгт, хайрт хүү Титдээ бичиж байна.
Бидний Бурхан Эцэг болон Аврагч Христ Есүс чамайг нигүүлсэж, чамд амар тайвныг соёрхох болтугай.
5 Чамайг Критэд үлдээсний учир гэвэл алдаа дутагдлыг нь засуулж*, өгсөн зааврынхаа дагуу хот болгонд ахлагчдыг томилуулах гэснийх юм. 6 Ахлагч хүн өөрөө гэм зэмгүй, нэг эхнэртэй байх ёстой. Үр хүүхэд нь Бурханд итгэдэг байх ёстой. Харин хүмүүжилгүй*, тэрслүү гэсэн муу нэртэй байж болохгүй. 7 Ахлагч нь Бурхны нярав учраас гэм зэмгүй, дур зоргоороо аашилдаггүй, түргэн зангүй, архичин биш, зодоонч биш, эдийн шуналгүй байх ёстой. 8 Харин зочломтгой, сайнд дуртай, ухаалаг, Бурхны таалалд нийцүүлдэг, үнэнч, биеэ захирдаг, 9 зааж сургахдаа Бурхны үнэн үгийг чанд баримталдаг байх ёстой. Тэгвэл үнэн зөв сургаалаар бусдыг урамшуулан зоригжуулж* ч чадна, зөв* сургаалаас гажууд юм ярьдаг хүмүүсийг зэмлэж ч чадна.
10 Учир нь тэрслүү зантай, дэмий юм ярьдаг, хуурч мэхэлдэг, ялангуяа хөвч таслах ёсыг баримталдаг хүн олон байна. 11 Тэднийг дуугүй болгох шаардлагатай. Учир нь тэд ашиг хонжоо хайн заах ёсгүй юм зааж, айл өрхүүдийг бүхэлд нь хөмөрдөг. 12 Тэдний нутгийн нэг зөнч: «Критчүүд бол засаршгүй худалч, догшин араатнууд, залхуу ховдгууд» гэсэн байдаг.
13 Энэ нь үнэн. Тиймээс тэднийг хатуу зэмлэж бай. Ингэвэл тэд бат* итгэлтэй байн, 14 иудейчүүдийн үлгэр домог болон үнэнээс эргэсэн хүмүүсийн тушаалыг анхаарахгүй байх юм. 15 Цэвэр хүний хувьд бүх юм цэвэр байдаг. Харин бузар, итгэлгүй хүний хувьд юу ч цэвэр биш байдаг нь тэдний ухаан санаа, мөс чанар бузартсаных юм. 16 Тэд Бурхныг мэддэг гэж ярьдаг ч ам ажил нь зөрдөг. Яагаад гэвэл тэд жигшмээр, дуулгаваргүй бөгөөд ямар ч сайн үйл хийх зохисгүй хүмүүс.