Матайн бичсэн сайн мэдээ
20 «Тэнгэрийн Хаант төр нь хөлсний ажилчин олж авахаар өглөө эрт гарсан усан үзмийн талбайн эзэнтэй адил юм. 2 Тэрээр өдрийн нэг денараар* ажиллуулахаар хүмүүстэй тохиролцоод тэднийг талбай руугаа явуулжээ. 3 Гуравдугаар цагийн* орчим дахин гарч, зах дээр ажилгүй зогсож байгаа хүмүүсийг хараад 4 “Та нар бас талбайд оч. Би зохих хөлсийг чинь төлнө” гэхэд 5 тэд явав. Өнөөх хүн зургаадугаар цаг* ба есдүгээр цагийн* үед гадагш гаран дахиад хүмүүсийг явуулжээ. 6 Эцэст нь арван нэгдүгээр цагийн* үед гарч өөр хүмүүсийг хараад “Та нар яагаад өдөржин ажилгүй зогсоно вэ?” гэж асуув. 7 Тэд: “Биднийг хэн ч ажилд авсангүй” гэхэд “Тэгвэл та нар бас миний талбайд очицгоо” гэжээ.
8 Орой болоход талбайн эзэн даамалдаа “Ажилчдыг дуудаж, хөлсийг нь өг. Хөлсийг нь төлөхдөө хамгийн сүүлд ирсэн хүмүүсээс эхлэх бөгөөд хамгийн түрүүнд ирсэн хүмүүсээр дуусга” гэжээ. 9 Арван нэгдүгээр цагаас ажилласан хүн тус бүр нэг денар авчээ. 10 Тиймээс эхэнд ирсэн хүмүүс илүүг авна гэж бодсон ч тэдэнд бас л нэг нэг денар өгчээ. 11 Тэд ийм хөлс авсандаа гомдоллож талбайн эзэнд 12 “Сүүлд ирсэн энэ хүмүүс ганцхан цаг л ажилласан. Гэтэл та тэднийг ажлын хүндийг үүрч, халуун наранд өдөржин ажилласан бидэнтэй адилтгалаа!” гэхэд 13 талбайн эзэн тэдний нэгд “Анд минь, би та нарыг мэхлээгүй. Та нар нэг денараар ажиллахаар тохирсон биз дээ? 14 Хөлсөө аваад яв. Сүүлчийн хүмүүст адилхныг л өгмөөр байна. 15 Мөнгөө яаж зарцуулах нь миний эрх биз дээ? Эсвэл намайг тэдэнд сайхан сэтгэл гаргасанд чи атаархаа юу?” гэжээ. 16 Ийнхүү сүүлчийнх нь эхнийх, эхнийх нь сүүлчийнх болно» гэж Есүс ярьжээ.
17 Иерусалим руу явах замдаа Есүс зөвхөн 12 шавиа дуудаад 18 «Биднийг Иерусалимд очиход хүний Хүү ахлах тахилчид болон хуулийн багш нарт тушаагдана. Тэд түүнд үхлийн ял оноож, 19 түүнийг доромжлуулж, ташуурдуулж, шонд хадуулахаар харь үндэстнүүдэд тушаана. Тэрээр гурав дахь өдөртөө амилна» гэж хэлжээ.
20 Тэгтэл Зебедэйн эхнэр хоёр хүүтэйгээ Есүсээс нэг юм гуйхаар дөхөж очоод сөхрөв. 21 Есүс: «Та юу хүсээ вэ?» гэхэд эмэгтэй: «Та Хаант төрөө захирахаараа хоёр хүүгийн минь нэгийг баруун талдаа, нөгөөг нь зүүн талдаа суулгаж өгөөч» гэжээ. 22 Есүс: «Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та хоёр миний уух аяганаас* ууж чадах уу?» гэсэнд тэд: «Чадна» гэлээ. 23 Есүс: «Та нар миний аяганаас ууна. Гэхдээ миний баруун, зүүн талд хэн суухыг шийдэх эрх надад байхгүй. Харин Эцгийн минь сонгосон хүмүүс тэнд сууна» гэж хэлэв.
24 Нөгөө арав нь үүнийг сонсоод ах дүү хоёрт зэвүүцэв. 25 Харин Есүс тэднийг дуудаад «Улс үндэстний захирагчид ард түмнээ ноёлж, нэр нөлөө бүхий хүмүүс тэднийг эрхшээлдээ байлгадгийг та нар мэднэ. 26 Та нарын дунд ийм явдал гарах учиргүй. Харин та нарын хэн нь агуу болохыг хүснэ, тэр нь та нарт үйлчлэх ёстой. 27 Та нарын хэн нь тэргүүн байхыг хүснэ, тэр нь та нарын боол байх ёстой. 28 Хүний Хүү ч үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд бас олны төлөө амиа золихоор ирсэн» гэж ярилаа.
29 Тэднийг Иерихогоос гарч явахад олон хүн түүнийг дагажээ. 30 Тэгтэл замын хажууд сууж байсан хоёр сохор хүн Есүсийн өнгөрч явахыг сонсоод «Эзэн минь, Давидын Хүү, биднийг өрөвдөөч!» гэж хашхирлаа. 31 Гэтэл олон түмэн тэднийг дуугүй бай хэмээн загнахад тэд: «Эзэн минь, Давидын Хүү, биднийг өрөвдөөч!» гэж бүр чанга хашхирав. 32 Тэгэхэд нь Есүс зогсож, тэднийг дуудан авчруулаад «Та нар юу хүсээ вэ?» гэхэд 33 өнөөх хоёр: «Эзэн, хараа оруулж өгөөч» гэжээ. 34 Есүс тэднийг өрөвдөж, нүдэнд нь хүрчээ. Тэр даруй тэд хараа орж, түүнийг дагалаа.