Хоёрдугаар Тимот
1 Бурхны хүслээр Христ Есүсийн элч болоод Христ Есүстэй санаа нэг хүнд өгөх амийн тухай тунхаглаж яваа Паул би 2 хайрт хүү Тимотдоо бичиж байна.
Бидний Бурхан Эцэг болон Эзэн Христ Есүс чамайг энэрэн нигүүлсэж, амар тайвныг соёрхох болтугай.
3 Би Бурхандаа талархаж, эцэг өвгөд шигээ үйлчлэн өөрийгөө буруутгах юмгүй явдаг. Чамайг үргэлж санан дурсдаг бөгөөд чиний төлөө өдөр шөнөгүй залбирдаг. 4 Би чиний нулимсыг санахаараа чамтай уулзаж баяр хөөр болохын хүслэн болдог. 5 Хоёргүй сэтгэлээр итгэдгийг чинь санаж явдаг. Эмээ Лой, ээж Юник шигээ бат итгэлтэй хүн гэдэгт чинь эргэлздэггүй.
6 Намайг гараа тавихад Бурхан чамд бэлэг өгсөн. Бэлгээ хайхрахгүй байж болохгүй*. 7 Учир нь Бурхан биднийг аймхай хулчгар биш, харин хүч чадалтай, бусдыг хайрладаг, ухаалаг болгосон. 8 Тиймд Эзнийг гэрчлэхээс ч, түүнээс болж хоригдож байгаа надаас ч бүү ич. Харин хүчит Бурханд найдан сайн мэдээний төлөө зовоход бэлэн бай. 9 Тэр биднийг аварсан, ариун хүмүүс болгохоор сонгосон. Энэ нь бид сайн юм хийснийх бус, харин тэрээр зорилгодоо нийцүүлснийх, бас биднийг нигүүлссэнийх билээ. Биднийг бүр эртнээс Христ Есүсээр дамжуулан нигүүлссэн. 10 Бидний Аврагч, Христ Есүс илчлэгдэхэд энэхүү нигүүлсэл тодорхой болсон. Христ сайн мэдээ тунхаглан амь болон үл ялзрал гэж юу болохыг ойлгуулсан. 11 Энэ сайн мэдээний тунхаглагч, элч, багшаар намайг томилсон юм.
12 Ийм учраас би зовж байгаа ч ичдэггүй. Учир нь би хэнд итгэснээ мэддэг, даатгасан юмыг минь тэр өдөр болтол хамгаалах чадалтай гэдэгт эргэлздэггүй. 13 Христ Есүст итгэж, түүнийг хайрлаж, надаас сонссон үнэн* үгийн жишгээр амьдар. 14 Чамд даалгасан энэ эрдэнэсийг бидэнд байдаг Бурхны агуу хүчээр удирдуулан хамгаал.
15 Ази мужийн бүх хүн, тухайлбал Фугел Хермоген нар надаас нүүрээ буруулсныг чи мэднэ. 16 Онесифорын гэрийнхнийг Эзэн нигүүлсэх болтугай. Онесифор, хоригдол болсон надаас ичээгүй, олон удаа сэтгэлийг минь сэргээсэн. 17 Ромд байхдаа намайг хайсаар яваад олоод ирж билээ. 18 Эзэн Ехова* тэр өдөр түүнийг энэрэн нигүүлсэг. Эфэст байхдаа тэр надад ямар их тус болсныг чи мэднэ шүү дээ.