Нэгдүгээр Коринт
3 Ах дүү нар минь, та нар Бурхны агуу хүчээр удирдуулдаггүй, харин нүгэлт хүсэлдээ захирагддаг хүмүүс байна. Тиймээс би Христийн замаар явж байгаа хүүхэдтэй ярьж байгаа юм шиг та нартай ярьсан. 2 Та нар бор хоолонд орох болоогүй байсан учир би бор хоол биш, сүү өгсөн. Үнэндээ одоо ч бор хоолонд орох болоогүй юм байна. 3 Яагаад гэвэл та нар одоо ч нүгэлт хүсэлдээ захирагдаж байна шүү дээ. Бие биедээ хар буруу санаж, тэмцэлдэж байгаа юм чинь нүгэлт хүсэлдээ захирагддаг, Бурхныг мэддэггүй хүмүүстэй адилхан гэсэн үг биз дээ? 4 Нэг нь «Би Паулын шавь», нөгөө нь «Харин би Аполын шавь» гэж ярьдаг та нар Бурхныг мэддэггүй хүмүүс шиг аашилж байгаа биш үү?
5 Тэгвэл Апол гэж хэн юм бэ? Паул гэж хэн юм бэ? Ердөө л Эзний даалгасан ажлыг дор бүрнээ хийж, та нарыг Есүст итгэдэг болоход тусалсан үйлчлэгчид шүү дээ. 6 Би тарьсан, Апол усалсан, харин Бурхан ургуулдаг. 7 Тиймээс хэн тарьсан, хэн усалсан нь чухал биш, харин ургуулдаг Бурхан чухал юм. 8 Тарьдаг, усалдаг хүмүүс нэг зорилгоор ажилладаг бөгөөд хүн бүр хийсэн ажлынхаа төлөө шагнуулна. 9 Бид бол Бурхны хамтран зүтгэгчид. Та нар бол Бурхны тариалангийн талбай, Бурхны барьсан барилга мөн.
10 Бурхан намайг нигүүлссэн учир би чадварлаг барилгачинтай адилаар суурь тавьсан. Харин энэ суурин дээр өөр хүн барьдаг. Гэхдээ хүн бүр хэрхэн барьж байгаагаа хянаг. 11 Учир нь Есүс Христ буюу нэгэнт тавигдсан сууриас өөр суурийг хэн ч тавьж чадахгүй. 12 Энэ суурин дээр зарим хүн алт, мөнгө, үнэт чулуугаар, зарим хүн мод, өвс, сүрлээр барьдаг бөгөөд 13 ажил нь тус бүрдээ шалгагдана. Яагаад гэвэл тэр өдөр болоход гал хүн бүрийн ажлыг илчилж, чанарыг нь шалгана. 14 Хэрэв барьсан зүйл нь галд шатахгүй үлдвэл тэр хүн шагнуулна. 15 Харин барьсан зүйл нь шатвал хохирол амсах боловч өөрөө амьд гарна. Гэхдээ галын дундуур гарснаас өөрцгүй байх юм.
16 Та нар Бурхны сүм гэдгээ, Бурхан та нарт агуу хүчээ өгсөн гэдгийг мэддэггүй юм уу? 17 Хүн Бурхны сүмийг устгавал Бурхан тэр хүнийг устгана. Яагаад гэвэл Бурхны сүм ариун. Та нар бол тэр сүм юм.
18 Өөрсдийгөө бүү хуур. Энэ нийгэмд* өөрийгөө мэргэн гэж боддог хүн жинхэнэ ёсоор мэргэн болохын тулд мунхаг болог. 19 Учир нь хүний мэргэн ухаан бол Бурхны хувьд мунхаг хэрэг. «Бурхан мэргэн хүмүүсийг өөрсдийнх нь мэхэнд оруулдаг» гэж бичсэн байдаг. 20 «Мэргэдийн бодол хоосон гэдгийг Ехова* мэддэг» гэж бас байдаг шүү дээ. 21 Тиймээс хэн ч хүнээр бүү сайрх. Яагаад гэвэл бүх юм та нарынх. 22 Паул, Апол, Кеф* ч та нарынх, ертөнц, амь, үхэл, одоогийн юмс, ирээдүйн юмс ч та нарынх. Бүх юм та нарынх. 23 Харин та нар бол Христийнх, Христ бол Бурхных юм.