Лукийн бичсэн сайн мэдээ
13 Тахил өргөж байхдаа Пилатад хөнөөгдсөн галилчуудын тухай Есүст хэлсэн хэдэн хүн тэнд байлаа. 2 Есүс тэдэнд хандаж «Тэд бусад галилчуудаас илүү их нүгэлтэй байсан учраас ийм юм болсон гэж та нар бодож байна уу? 3 Тийм биш ээ. Гэмшихгүй бол та нар бүгдээрээ тэдэн шиг хөнөөгдөнө. 4 Эсвэл Силоам дахь цамхаг нурахад дарагдаж үхсэн 18 хүн Иерусалимын бүх хүнээс илүү их гэмтэй байсан гэж та нар бодож байна уу? 5 Тийм биш ээ. Гэмшихгүй бол та нар бүгдээрээ тэдэн шиг үхнэ» хэмээжээ.
6 Есүс жишээ татаж яриагаа үргэлжлүүлэв. «Нэг хүний усан үзмийн талбайд инжрийн мод байжээ. Өнөөх хүн жимс авахаар ирэхэд юу ч ургаагүй байлаа. 7 Тиймээс цэцэрлэгчдээ “Жимс ургахыг нь гурван жил хүлээсэн ч юу ч ургасангүй. Энэ модыг тайрч хая! Газар эзлэхээс өөр ямар ч ашиг алга” гэжээ. 8 Цэцэрлэгч: “Эзэнтэн, би хөрсийг нь сийрэгжүүлж, бордъё. Та дахиад ганц жил хүлээгээч. 9 Тэгээд жимс ургавал сайн л биз. Ургахгүй бол тайраад хаячихъя” гэж хэлэв».
10 Есүс Амралтын өдөр нэг синагогт очоод сургаал айлдаж байв. 11 Чөтгөрт эзэмдүүлсний улмаас 18 жил өвдөж шаналсан эмэгтэй тэнд байжээ. Тэр цэх зогсож огт чаддаггүй, бөгтөр ажээ. 12 Есүс түүнийг хараад «Эмэгтэй, та өвчнөөсөө саллаа» гэж хэлээд 13 гараа хүргэмэгц эмэгтэй цэх зогсдог болж, Бурхныг алдаршуулж эхлэв. 14 Гэтэл Амралтын өдөр хүн эдгээлээ гэж Есүст уурлаж бухимдсан синагогийн ахлагч олон түмэнд хандаж «Ажил хийх ёстой зургаан өдөр байдаг. Тиймээс Амралтын өдөр биш, тэр өдрүүдэд ирж, өвчнөө эдгээлгэ» гэлээ. 15 Харин Эзэн түүнд «Хоёр нүүртнүүд ээ, Амралтын өдөр та нар бүгдээрээ л үхэр юм уу илжгээ уяанаас нь тайлж, хөтөлж яваад усалдаг биз дээ? 16 Тэгвэл Сатанд дарлуулж 18 жил зовсон Абрахамын охин энэ эмэгтэй Амралтын өдөр дарлалаас ангижирч болохгүй юу?» гэлээ. 17 Есүсийг ингэж хэлэхэд эсэргүүцэгчид нь бүгдээрээ шившиг болов. Харин Есүсийн үйлдсэн гайхалтай бүхнийг үзсэн ард олон баярлажээ.
18 Дараа нь Есүс ингэж ярив. «Бурхны Хаант төр юутай адил бэ? Юутай зүйрлэх вэ? 19 Цэцэрлэгт тарьсан гичийн үртэй зүйрлэж болох юм. Гичийн үр ургасаар мод болдог. Шувууд мөчир дээр нь үүрээ засдаг».
20 Есүс цааш нь «Бурхны Хаант төрийг би юутай зүйрлэх вэ? 21 Бурхны Хаант төр нь талхны хөрөнгөтэй адил юм. Үүнийг нэг эмэгтэй гурван том хэмжүүр* гурил дотор хийхэд гурил бүхэлдээ исдэг» хэмээв.
22 Есүс Иерусалим явах замдаа хот, тосгодоор орж сургаал зааж байлаа. 23 Нэг хүн Есүсээс «Эзэн, аврагдах хүн цөөн гэдэг үнэн үү?» гэж асуухад 24 «Нарийн хаалгаар орохын тулд хамаг хүчээ дайчил. Яагаад гэвэл олон хүн орох гэж хожим хойно нь хичээгээд ч орж чадахгүй. 25 Гэрийн эзэн босоод хаалгаа цоожилно. Та нар хаалгыг нь тогшиж “Эзэн, биднийг оруулаач” гэхэд тэрээр: “Би та нарыг танихгүй” гэнэ. 26 Тэгэхэд та нар: “Бид тантай хамт идэж ууж байсан. Та хотын маань гол гудамжинд сургаал айлдаж байсан шүү дээ” гэж хэлнэ. 27 Харин гэрийн эзэн: “Би та нарыг танихгүй. Муу муухай юм хийдэг та нар бүгдээрээ надаас холд!” хэмээнэ. 28 Та нар Абрахам, Исаак, Иаков болон бүх зөнч Бурхны Хаант төрд байхыг хараад уйлж, шүдээ хавирна. Харин та нар гадна хаягдана. 29 Түүнчлэн зүүн, баруун, урд, хойд зүгээс хүмүүс ирж, Бурхны Хаант төрд орж ширээнд тухлан зоог барина. 30 Сүүлд байгаа олон хүн эхнийх болж, эхэнд байгаа олон хүн сүүлчийнх болно» хэмээв.
31 Яг тэр үед хэдэн фарисай ирж «Эндээс яв. Херод* таныг алах гэж байна» гэхэд 32 Есүс: «Явж, тэр үнэгэнд “Өнөөдөр, маргааш би чөтгөрүүдийг хөөж, хүмүүсийг эдгээнэ. Нөгөөдөр би ажлаа дуусгана” гэж хэл. 33 Гэхдээ би өнөөдөр, маргааш, нөгөөдөр замд явах ёстой. Учир нь зөнч Иерусалимаас өөр газар хөнөөгдөх ёсгүй. 34 Зөнчдийг алж, Бурхны явуулсан хүмүүс рүү чулуу нүүлгэдэг Иерусалимынхан! Тахиа дэгдээхийнүүдээ далавчин доороо бөөгнүүлдэг шиг би та нарыг цуглуулахыг хэчнээн их хүслээ дээ. Харин та нар хүсээгүй. 35 Бурхан сүмийг* чинь орхилоо. “Нэрийнх нь өмнөөс ирж байгаа нэгнийг Ехова* ивээх болтугай!” гэж хэлтлээ та нар намайг огт харахгүй» гэж тэдэнд хэлэв.