Ёоханы бичсэн сайн мэдээ
20 Долоо хоногийн эхний өдөр* эрт, гэгээ ороогүй байхад Магдалын Мариа булш руу очоод булшнаас чулууг холдуулсан байхыг харлаа. 2 Тэгээд Петр гэгддэг Симон болон Есүсийн хайртай шавь руу гүйн очоод «Эзнийг булшнаас нь аваад явчихжээ. Хаана тавьсныг нь мэдсэнгүй» гэж хэллээ.
3 Тэгэхэд Петр болон нөгөө шавь гарч 4 хамт гүйсэн боловч нөгөө шавь Петрээс хурдан гүйж булшинд түрүүлж очжээ. 5 Тэгээд бөхийн хартал маалинган даавуу харагдав. Гэвч дотогш орсонгүй. 6 Петр гэгддэг Симон араас нь ирээд булш руу орж, маалинган даавуу байхыг харав. 7 Толгойг нь ороосон даавууг биеийг нь ороосон даавуунаас тусад нь эвхэж тавьсан байлаа. 8 Түрүүлж ирсэн нөгөө шавь булшинд орж хараад итгэв. 9 Есүсийг амилна гэж сударт бичсэнийг тэд хараахан ойлгоогүй байжээ. 10 Ингээд шавь нар гэр гэртээ харьжээ.
11 Харин Мариа булшны гадна уйлж байлаа. Тэгээд бөхийсхийн дотогш харав. 12 Цагаан хувцастай тэнгэрийн хоёр элч Есүсийн цогцос байсан газар буюу толгой хавьд нэг нь, хөл хавьд нөгөө нь сууж байв. 13 Тэд: «Та юунд уйлна вэ?» гэхэд Мариа: «Эзнийг минь аваад явчихжээ. Хаана тавьсныг би мэдэхгүй байна» гэжээ. 14 Ингэж хэлээд эргэхдээ Есүсийг харсан боловч таньсангүй. 15 Есүс түүнд «Та юунд уйлна вэ? Хэнийг хайгаа вэ?» гэхэд Мариа түүнийг цэцэрлэгч гэж бодоод «Та түүнийг авч явсан бол хаана тавьснаа хэлээч. Би авах гэсэн юм» гэжээ. 16 Есүс: «Мариа!» гэхэд Мариа эргэж хараад еврейгээр «Рабуни!» («Багш» гэсэн утгатай) гэлээ. 17 Есүс: «Надаас зуурахаа боль. Би Эцэг рүүгээ хараахан яваагүй байна. Харин ах дүүд минь очиж “Би өөрийнхөө болоод та нарын Эцэг рүү, өөрийнхөө болоод та нарын Бурхан руу явж байна” гэдгийг хэл» хэмээв. 18 Магдалын Мариа явж шавь нарт нь «Би Эзнийг харлаа!» гээд Есүсийн хэлсэн бүгдийг хэлэв.
19 Долоо хоногийн эхний өдрийн үдэш шавь нар нэг дор цуглажээ. Тэд иудейчүүдээс айсандаа хаалгаа түгжсэн байтал Есүс үзэгдэв. Тэгээд дунд нь зогсоод «Амар амгалан байх болтугай» гээд 20 гараа, хавиргаа харуулав. Эзнийг хараад шавь нар ихэд баярлажээ. 21 Есүс дахин «Амар амгалан байх болтугай. Эцэг минь намайг явуулсны адил би та нарыг бас явуулж байна» гэв. 22 Ингэж хэлээд тэдэн рүү үлээж «Бурхны агуу хүчийг аваарай. 23 Хэрэв та нар хүний нүглийг уучилбал Бурхан аль хэдийн уучилсан хэрэг. Хэрэв та нар уучлахгүй бол Бурхан уучлаагүй хэрэг» хэмээв.
24 Арван хоёр элчийн нэг, Ихэр гэгддэг Томас Есүсийг ирэхэд байгаагүй ажээ. 25 Бусад шавь түүнд «Бид Эзнийг харсан!» гэхэд Томас: «Гар дахь хадаасны ормыг харж, хуруугаа оруулж, хавиргыг нь барьж үзэхгүй бол би яасан ч итгэхгүй» гэж өчжээ.
26 Найман өдрийн дараа шавь нар дахин цуглахад Томас ч байжээ. Хаалга түгжээтэй байсан боловч Есүс үзэгдэж, дунд нь зогсоод «Амар амгалан байх болтугай» гэв. 27 Дараа нь Томаст хандан «Хуруугаа энд хүргэ. Гарыг минь хар даа. Аль вэ, хавиргыг минь бариад үз. Эргэлзэхээ боль. Итгэ» гэж хэлэв. 28 Томас: «Эзэн минь, Бурхан минь!» гэлээ. 29 Есүс түүнд «Чи намайг харсан учраас итгэв үү? Хараагүй атлаа итгэсэн хүмүүс жаргалтай» гэж хэлэв.
30 Энэ хуйлмал номонд бичээгүй өөр олон гайхамшгийг Есүс шавь нарынхаа өмнө үйлдсэн юм. 31 Есүс бол Христ, Бурхны Хүү гэдэгт итгээсэй, үүнд итгээд түүний ачаар* мөнх амьдраасай гэсэндээ эдгээрийг бичлээ.