Левит
9 Мосе найм дахь өдөр нь Аароныг хөвгүүдтэй нь, мөн Израйлын ахлагчдыг дуудав. 2 Тэрбээр Ааронд «Чи өөрийнхөө төлөө нүглийн төлөөх тахилын согоггүй тугал, шатаалт тахилын согоггүй хуцыг авч Еховагийн өмнө авчир. 3 Харин израйлчуудад ингэж хэл. “Нүглийн төлөөх тахилд эр ямаа, шатаалт тахилд согоггүй эр тугал, согоггүй эр хурга, 4 эвийн тахилд нэг бух, нэг хуцыг авчраад Еховагийн өмнө өргө. Мөн тостой хольсон идээн өргөл өргө. Учир нь өнөөдөр та нарт Еховагийн сүр жавхлан үзэгдэнэ” гээрэй» гэжээ.
5 Тэгэхэд нь тэд Мосегийн тушаасан бүхнийг цугларалтын асрын өмнө авчрав. Израйлчууд урагш гарч ирэн Еховагийн өмнө зогслоо. 6 Мосе: «Ехова та нарт үүнийг үйлд гэж тушаасан. Тушаалыг нь биелүүлбэл Ехова та нарт сүр жавхлангаа үзүүлнэ» гээд 7 Ааронд «Тахилын ширээ рүү ойртон очоод өөрийнхөө, ургийнхаа нүглийг уучлуулахын тулд нүглийн төлөөх тахил, шатаалт тахилыг өргө. Бас Еховагийн тушааснаар ард олны нүглийг уучлуулахын тулд тахилыг нь өргөгтүн» гэлээ.
8 Аарон тэр даруй тахилын ширээ рүү ойртож очоод нүглийн төлөөх тахилынхаа тугалыг нядлав. 9 Хөвгүүд нь цусыг нь авчрахад Аарон хуруугаа цусанд дүрээд тахилын ширээний эврүүдэд түрхэж, үлдсэн цусыг нь тахилын ширээний суурь луу асгалаа. 10 Мөн нүглийн төлөөх тахилаас өөх, хоёр бөөр, элгэн дээрх өөхийг нь тахилын ширээн дээр шатаан уугиулжээ. Ийнхүү Еховагийн Мосед тушаасан ёсоор гүйцэтгэв. 11 Тэрбээр мах, арьсыг нь хуарангийн гадна шатаажээ.
12 Дараа нь шатаалт тахилын малыг нядлав. Хөвгүүд нь цусыг нь авчирч өгөхөд Аарон тахилын ширээний бүх тал руу цацлаа. 13 Бас шатаалт тахилын эвдсэн махыг толгойтой нь авчрахад Аарон тахилын ширээн дээр шатаан уугиулав. 14 Мөн гэдэс дотор, шийрийг нь угаагаад тахилын ширээн дээр шатаалт тахилын дээр шатаан уугиулжээ.
15 Дараа нь Аарон ард олны тахилыг өргөв. Ингэхдээ ард олны нүглийн төлөөх тахилын ямааг авч нядлаад эхний тахилын адилаар өргөсөн юм. 16 Тэрбээр шатаалт тахилыг авчраад хуульд заасан ёсоор өргөв.
17 Мөн өглөөний шатаалт тахилаас гадна идээн өргөлийг авчирч атгыг аваад тахилын ширээн дээр уугиулжээ.
18 Тэгээд ард олны төлөөх эвийн тахилын бух, хуцыг нядлав. Хөвгүүд нь цусыг нь авчирч өгөхөд Аарон тахилын ширээний бүх тал руу цацлаа. 19 Бухын өөх, хуцын сүүл, сэмж, хоёр бөөр, элгэн дээрх өөхийг 20 бүгдийг нь өвчүүнүүд дээр нь тавьжээ. Тэгээд өөхнүүдийг нь дахин авч тахилын ширээн дээр шатаан уугиулав. 21 Харин өвчүүнүүд, баруун гуяыг нь Аарон Еховагийн өмнө даллах өргөл болгон нааш цааш нь даллав. Ийнхүү Бурхны Мосед тушаасан ёсоор гүйцэтгэжээ.
22 Ингээд Аарон израйлчууд руу харан гараа өргөөд тэднийг ерөөв. Тэрбээр ийнхүү нүглийн төлөөх тахил, шатаалт тахил, эвийн тахилыг өргөж дуусаад доош буужээ. 23 Сүүлд нь Мосе Аарон хоёр цугларалтын асар луу ороод, гарч ирж ард олныг ерөөв.
Еховагийн цог жавхлан бүх хүнд үзэгдэж, 24 Ехова гал буулган тахилын ширээн дээрх шатаалт тахил, өөхнүүдийг шатаажээ. Ард олон үүнийг хараад гайхан хашхиралдаж, сунаж мөргөцгөөв.