Маркийн бичсэн сайн мэдээ
13 Есүсийг сүмээс гарч явахад нэг шавь нь: «Багш аа, хараач, ямар том чулуунууд вэ, ямар сүрлэг барилгууд вэ?» гэхэд 2 Есүс: «Чи эдгээр агуу барилгыг харж байна уу? Энд нэг ч чулуу нөгөө чулуун дээр үлдэхгүй. Бүгд нурна» гэж хэлэв.
3 Есүсийг Чидун уулан дээр сүм харагдахаар газар сууж байхад Петр Яаков Ёохан Андрей нар дөрвүүлхнээ ирээд 4 «Та хэлж өгөөч. Хэзээ ийм юм болох вэ? Энэ бүхний төгсгөлийн үед ямар шинж тэмдэг байх вэ?» гэж асуулаа. 5 Тэгэхэд Есүс тэдэнд ийн ярьж эхлэв. «Хэнд ч мэхлэгдэхгүйн тулд сэрэмжтэй байгаарай. 6 Яагаад гэвэл олон хүн миний нэрийг барин ирж “Би бол Христ” хэмээн олныг төөрөлдүүлнэ. 7 Түүнээс гадна, та нар дайтах чимээ болон дайны сураг сонсоно. Гэхдээ айж түгших хэрэггүй. Эдгээр нь заавал болох ёстой боловч төгсгөл хараахан биш юм.
8 Нэг үндэстэн нөгөө үндэстний эсрэг, нэг улс нөгөө улсын эсрэг дайтах бөгөөд хаа сайгүй газар хөдөлнө. Бас өлсгөлөн болно. Эдгээр нь зовлонгийн* эхлэл юм.
9 Та нар болгоомжтой бай. Хүмүүс та нарыг шүүхэд өгнө, синагогт байхад зодож жанчина. Надаас болж та нарыг захирагчид, хаад дуудахад та нар миний талаар гэрчилнэ. 10 Юуны түрүүнд, бүх үндэстэнд сайн мэдээ тунхаглагдсан байх ёстой. 11 Та нарыг барьж, шүүхэд аваачихад юу ярих билээ гэж урьдаас бүү санаа зов. Харин тухайн цагт Бурхан агуу хүчээрээ юу мэдүүлнэ, түүнийг нь ярь. Яагаад гэвэл та нар биш, Бурхны агуу хүч ярих юм. 12 Түүнчлэн ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ алуулж, хүүхэд нь эцэг эхээ эсэргүүцэж амийг нь хөнөөлгөнө. 13 Миний нэрнээс болж бүх хүн та нарыг үзэн ядна. Харин эцэс хүртэл тэвчсэн нь аврагдана.
14 Гэхдээ сүйрүүлэх бузар юм байх ёсгүй газар байхыг харвал (уншигч нь хэрсүү байг) Иудейд байгаа хүмүүс уул руу зугт. 15 Байшингийнхаа дээвэр дээр байгаа хүн доошоо битгий буу. Юмаа авах гэж гэртээ бүү ор. 16 Талбайд байгаа хүн хувцсаа авах гэж бүү буц. 17 Тэр үед жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй байх эмэгтэйчүүд хөөрхий еэ! 18 Өвөл зугтах хэрэг бүү гараасай гэж залбирч бай. 19 Учир нь Бурхан хүнийг бүтээсэн цагаас өнөөг хүртэл болоогүй гамшиг тэр үед болох бөгөөд хойшид ч болохгүй. 20 Ехова* тэр өдрүүдийн тоог цөөлөхгүй бол нэг ч хүн аврагдахгүй. Гэхдээ Бурхан сонгосон хүмүүсийнхээ төлөө тэр өдрүүдийн тоог цөөлнө.
21 Тэр үед хэн нэгэн: “Хараач! Христ энд байна” эсвэл “Хараач! Тэрээр тэнд байна” гэвэл бүү итгэ. 22 Яагаад гэвэл хуурамч Христүүд, хуурамч зөнчид гарч ирээд хүмүүсийг, боломж гарвал, Бурхны сонгосон хүмүүсийг төөрүүлэх гэж янз бүрийн гайхамшиг үйлдэнэ. 23 Тиймээс та нар болгоомжтой бай. Би бүхнийг урьдаас хэллээ.
24 Тэр үед буюу гамшгийн дараа нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, 25 одод тэнгэрээс унаж, тэнгэр дэх хүчирхэг юмс сэгсрэгдэнэ. 26 Тэгэхэд хүмүүс хүний Хүүг агуу их сүр хүч, цог жавхлантайгаар үүлэн дунд ирж явааг харна. 27 Тэрээр тэнгэрийн элчүүдийг илгээх бөгөөд Бурхны сонгосон хүмүүсийг дэлхийн нэг захаас нөгөө зах хүртэлх, тэнгэрийн нэг хаяанаас нөгөө хаяа хүртэлх ертөнцийн дөрвөн зүгээс цуглуулна.
28 Инжрийн модоор жишээ татъя. Мөчир нь зөөлөрч, навч ургахад та нар зун ойртжээ гэдгийг мэддэг. 29 Үүнчлэн энэ бүхэн болохыг хараад хүний Хүү үүдэнд ирчихээд байгааг ойлгоорой. 30 Би та нарт батлан хэлье. Энэ бүхэн болохоос нааш энэ үеийнхэн үгүй болохгүй. 31 Тэнгэр газар үгүй болох ч миний үг яасан ч үгүй болохгүй.
32 Тэр өдөр эсвэл цагийг хэн ч мэдэхгүй. Тэнгэрийн элчүүд ч, Хүү ч мэдэхгүй, гагцхүү Эцэг мэднэ. 33 Анхааралтай бай, сонор сэрэмжтэй бай. Учир нь Бурхны товлосон цагийг та нар мэдэхгүй. 34 Энэ нь дараах жишээтэй адил юм. Нэг хүн холын аянд гарахдаа боол болгондоо ажил хариуцуулж, эрх мэдэл олгоод манаачдаа сонор сэрэмжтэй байхыг тушаажээ. 35 Тиймд сонор сэрэмжтэй бай. Яагаад гэвэл гэрийн эзэн хэзээ ирэхийг та нар мэдэхгүй. Орой юу, шөнө дунд уу, үүрээр* үү эсвэл өглөө эрт үү гэдгийг та нар мэдэхгүй. 36 Гэнэт ирэхэд нь унтаж байх вий. 37 Та нарт хэлснээ би бүгдэд хэлж байна. Сэргэг байгтун» гэж ярив.