Египетээс гарсан нь
34 Дараа нь Ехова Мосед «Чи анхных шигээ хоёр чулуун хавтанг хийгтүн. Би тэр хавтангууд дээр, чиний өмнө нь буталсан анхны хавтангууд дээр байсан үгийг бичнэ. 2 Өглөө гэхэд бэлэн болоод Синаи уулын орой дээр миний өмнө гарч ир. 3 Гэхдээ чамтай хамт хэн ч гарч ирж болохгүй. Уулан дээр чамаас өөр хэн ч байх ёсгүй. Бүр үхэр, хонь ч өвөрт нь бэлчээрлэх ёсгүй» гэж айлдлаа.
4 Ингээд Мосе Еховагийн тушааснаар урьдынх шигээ хоёр чулуун хавтан хийгээд өглөө нь эртлэн босож, Синаи уул руу гарав. Тэрбээр хоёр чулуун хавтангаа барьж явлаа. 5 Ехова үүлэн дунд буун ирж Мосегийн дэргэд зогсоод Ехова гэдэг нэрээ тунхаглав*. 6 Ехова Мосегийн урдуур өнгөрч ийн тунхаглав. «Би бол Ехова. Би бол Ехова. Би өршөөнгүй, өрөвч*, амархан уурладаггүй, үнэнч хайраар бялхам, бүрэн итгэж болох Бурхан билээ. 7 Бас үнэнч хайрыг мянган үед нь илэрхийлдэг, алдаа, зөрчил, нүглийг уучилдаг. Харин гэм буруутай хүнийг шийтгэлгүй орхидоггүй. Эцгийнх нь нүглийн үр дагаврыг үр ач, гурав, дөрөв дэх үеийнхэнд нь амсуулдаг».
8 Тэр даруй Мосе сунаж мөргөв. 9 Тэгээд Мосе: «Ехова минь, хэрэв та намайг сайшааж байгаа бол, бид хэдийгээр зөрүүд ард түмэн ч гэсэн, Ехова та бидэнтэй хамт явж, бидний дунд байгаач. Эзэмшлийнхээ ард түмэн болгооч» гэжээ. 10 Тэгэхэд нь Ехова: «Би та нартай дараах гэрээг байгуулъя. Дэлхий дээр, үндэстнүүдийн дунд хэзээ ч үйлдэж байгаагүй тийм гайхамшигтай үйлсийг би танай бүх ард түмний өмнө бүтээнэ. Намайг та нарын төлөө гайхамшигт үйлсийг бүтээхэд та нарын дунд суудаг бүх хүн миний үйлсийг харна.
11 Миний өнөөдөр та нарт өгөх тушаалыг санаж яваарай! Би аморичууд, канаанчууд, хитчүүд, перизчүүд, хивичүүд, иебусчуудыг замаас чинь хөөн зайлуулна. 12 Та нар очих газрынхаа оршин суугчидтай гэрээ байгуулж огт болохгүй. Байгуулбал урхи занганд нь орно. 13 Харин та нар тахилын ширээнүүдийг нь нурааж, ариун багануудыг нь хэмхчиж, ариун шонгуудыг* нь цавчиж унага. 14 Та нар өөр бурханд мөргөх ёсгүй. Тэгээд ч хүмүүс намайг чин үнэнч байхыг шаарддаг Ехова Бурхан гэдгээр минь мэднэ*. Тийм ээ, би бол чин үнэнч байхыг шаарддаг Бурхан. 15 Та нар тэр газрын оршин суугчидтай гэрээ байгуулж огтхон ч болохгүй. Яагаад гэвэл тэд бурхдаа шүтэж завхран тахил өргөхдөө та нарыг урьж, тахилынхаа идээ будаанаас идүүлнэ. 16 Тэгээд та нар охидоос нь хөвгүүддээ авч, охид нь бурхдаа шүтэж завхран, хөвгүүдээр чинь бас бурхдаа шүтүүлж завхруулна.
17 Цутгамал бурхад хийж болохгүй.
18 Исгээгүй талхны баярыг тэмдэглэ. Миний тушаасан ёсоор Абиб* сарын товлосон үед долоон хоног исгээгүй талх ид. Учир нь Абиб сард та нар Египетээс гарсан юм.
19 Ууган хүү бүр минийх. Бас үхэр, хонины ууган эр төл гээд бүх ууган эр төл минийх. 20 Ууган эр дудрангийн оронд хонь өргө. Хонь өргөхгүй гэвэл дудрангийнхаа хүзүүг хугал. Харин ууган хүү бүрээ амьд үлдээх ёстой. Хэн ч над дээр гар хоосон ирж болохгүй.
21 Та нар зургаан өдөр ажиллаж долоо дахь өдөр амар. Газар хагалж, ургац хураах үе таарсан ч амрагтун.
22 Анхны боловсорч гүйцсэн буудайг хураахдаа Долоо хоногуудын баярыг тэмдэглэ. Мөн он солигдоход Ургац хураалтын баярыг* тэмдэглэ.
23 Танай бүх эрчүүд жилд гурван удаа Израйлын Бурхан, жинхэнэ Эзэн Еховагийн өмнө очих ёстой. 24 Би үндэстнүүдийг замаас чинь хөөн зайлуулж, газар нутгийг чинь тэлнэ. Та нарыг жилд гурван удаа Ехова Бурхныхаа өмнө очихоор явсан хойгуур хэн ч газар нутагт чинь шунахгүй.
25 Надад өргөх тахилын цусыг ямар ч исгэсэн юмтай хамт өргөж болохгүй. Дээгүүр өнгөрөх баярын тахилын махыг өглөө болтол бүү байлга.
26 Та нар газрынхаа анхны боловсорч гүйцсэн үр тариа, жимс жимсгэний хамгийн сайныг Ехова Бурхныхаа өргөөнд авчир.
Ишгийг эхийнх нь сүүнд чанаж болохгүй» гэжээ.
27 Ехова цааш нь Мосед «Чи эдгээр үгийг бичиж ав. Би эдгээр үгэнд үндэслэн чамтай, бас израйлчуудтай гэрээ байгуулна» гэж айлдав. 28 Ингээд Мосе 40 өдөр, 40 шөнө Еховатай хамт тэнд байлаа. Мосе талх ч идсэнгүй, ус ч уусангүй. Тэрбээр* Арван тушаал буюу гэрээний заалтуудыг хавтангууд дээр бичжээ.
29 Дараа нь Мосе гэрчлэлийн хоёр хавтанг бариад Синаи уулаас буулаа. Тэрбээр Бурхантай ярьсан учраас нүүрнээс нь гэрэл цацарч байв. Мосе үүнийг өөрөө ч мэдсэнгүй. 30 Аарон болон израйлчууд Мосег харахад нүүрнээс нь гэрэл цацарч байсан учраас тэд дөхөж очихоос айв.
31 Харин Мосе тэднийг дуудахад Аарон болон чуулганы бүх удирдагч очжээ. Мосе тэдэнтэй ярилцав. 32 Дараа нь израйлчууд бүгдээрээ Мосе дээр очлоо. Тэгэхэд нь Мосе Синаи уулан дээр Еховагийн айлдсан бүх тушаалыг тэдэнд дамжуулав. 33 Мосе тэдэнтэй ярьж дуусаад нүүрээ бүтээдэг байжээ. 34 Харин Еховатай уулзахаар дотогш орох бүрдээ нүүрнээсээ бүтээлгээ авч, гартлаа бүтээлэггүй байдаг байжээ. Тэрбээр гараад, авсан тушаалуудаа израйлчуудад хэлж өгдөг байв. 35 Тэгэхэд израйлчууд Мосегийн нүүрнээс гэрэл цацрахыг хардаг байжээ. Мосе Бурхантай ярилцахаар дотогш ортлоо нүүрээ бүтээдэг байв.