Эхлэл
11 Дэлхий даяараа нэг хэлтэй, нэг үгийн сантай байв. 2 Хүмүүс зүүн зүг рүү явж байхдаа Шинар нутагт хөндий тал олоод тэндээ нутаглах болжээ. 3 Тэгээд тэд нэг нэгэндээ «Бүгдээрээ тоосго цохиж, шатаацгаая» гэж хэлэв. Тэд чулууны оронд тоосго, шаврын оронд давирхай хэрэглэжээ. 4 Тэд: «Хот байгуулж, тэнгэрт тулам оройтой цамхаг барьж, алдар нэрээ дуурьсгацгаая. Эс тэгвэл бид дэлхийгээр тарна» гэлцэв.
5 Ехова хүмүүсийн барьсан хот, цамхгийг үзэхээр буулаа. 6 Ехова: «Хар даа. Энэ хүмүүс нэг хэлтэй ард түмэн бөгөөд ийм юм хийж эхэлжээ. Тэгэхээр тэдний хийхээр сэдсэн бүхэнд боломжгүй юм гэж байхгүй болно. 7 Бууцгаая. Хэлийг нь хутгалдуулъя. Тэгвэл тэд бие биеэ ойлгохоо болино» хэмээн айлдав. 8 Улмаар Ехова тэднийг дэлхий даяар тараасанд хот байгуулах ажил яваандаа зогсжээ. 9 Иймд уг хотыг Бабел* гэж нэрлэсэн юм. Яагаад гэвэл тэнд Ехова дэлхийн хүмүүсийн хэлийг хутгалдуулсан бөгөөд Ехова тэднийг дэлхий даяар тараажээ.
10 Энэ бол Шемийн түүх юм.
Шем 100 насандаа буюу Үерээс хойш хоёр жилийн дараа Арпахшад гэдэг хүүтэй болов. 11 Шем Арпахшадыг төрснөөс хойш 500 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм.
12 Арпахшад 35 насандаа Шела гэдэг хүүтэй болов. 13 Арпахшад Шелаг төрснөөс хойш 403 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм.
14 Шела 30 насандаа Ебер гэдэг хүүтэй болов. 15 Шела Еберийг төрснөөс хойш 403 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм.
16 Ебер 34 насандаа Пелег гэдэг хүүтэй болов. 17 Ебер Пелегийг төрснөөс хойш 430 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм.
18 Пелег 30 насандаа Реу гэдэг хүүтэй болов. 19 Пелег Реуг төрснөөс хойш 209 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм.
20 Реу 32 насандаа Серуг гэдэг хүүтэй болов. 21 Реу Серугийг төрснөөс хойш 207 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм.
22 Серуг 30 насандаа Нахор гэдэг хүүтэй болов. 23 Серуг Нахорыг төрснөөс хойш 200 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм.
24 Нахор 29 насандаа Тера гэдэг хүүтэй болов. 25 Нахор Тераг төрснөөс хойш 119 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм.
26 Тера 70 хүрсэн хойноо Абрам, Нахор, Харан гэдэг хөвгүүдтэй болжээ.
27 Энэ бол Терагийн түүх юм.
Тера нь Абрам, Нахор, Харан гэдэг хөвгүүдтэй болсон билээ. Харан Лот гэдэг хүүтэй болов. 28 Харан эцэг Терагаа амьд байхад төрсөн нутагтаа буюу Халдеин Ур хотод нас барав. 29 Абрам Нахор нар эхнэр авцгаажээ. Абрамын эхнэр нь Сараи, Нахорын эхнэр нь Хараны охин Милка юм. Харан нь Милка, Иска хоёрын эцэг ажээ. 30 Сараи хүүсэр тул хүүхэдгүй байлаа.
31 Тера хүү Абрам, Хараны хүү буюу ач хүү Лот, хүү Абрамынхаа эхнэр буюу бэр Сараигаа дагуулаад Канаанд очихоор Халдеин Ураас явжээ. Гэхдээ Харанд хүрээд тэндээ суурьшив. 32 Тера 205 жил амьдарч Харанд нас баржээ.