Колосайчуудад бичсэн захидал
1 Бурхны хүслээр Христ Есүсийн элч болсон Паул би итгэл нэгт Тимоттойгоо хамт 2 Колосай дахь Христийн үнэнч дагалдагч, ариун хүмүүст бичиж байна.
Бурхан Эцэг та бүхнийг нигүүлсэж, амар тайвныг соёрхох болтугай.
3 Бид та нарын төлөө залбирахдаа Эзэн Есүс Христийн маань Эцэг Бурханд талархдаг. 4 Яагаад гэвэл та нар Христ Есүст итгэдэг, бас тэнгэрт гарч шагнал авна гэдэгт найдаж бүх ариун хүнийг хайрладгийг бид сонссон. 5 Өөрсдөд чинь тунхаглагдсан үнэн буюу сайн мэдээг сонсоод ийм найдварыг та нар өвөрлөсөн. 6 Энэ сайн мэдээ нь дэлхий даяар түгэн дэлгэрч, жимс ургуулж байгаачлан та нар Бурхны нигүүлслийн тухай үнэнийг сонсож, үнэн зөвөөр нь мэдсэн тэр өдрөөс та нарын дунд бас түгэн дэлгэрч, жимс ургуулж байгаа. 7 Сайн мэдээг та нар Христийн үнэнч боол, бидний өмнөөс та нарт тусалсан итгэл нэгт Епафраас сонссон. 8 Та нар Бурхнаар удирдуулан хайрлаж сурсныг тэрээр бидэнд ярьсан юм.
9 Тийм ч учраас бид та бүхний хайр, итгэлийн тухай сонссон тэр өдрөөсөө хойш тасралтгүй залбирч байна. Бурхны өгдөг мэргэн ухаан болон ойлголтод түшиглэн хүслийг нь үнэн зөв мэддэг байгаасай гэж, 10 Бурхны тухай үнэн зөв мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ сайн бүхнийг хийн нэрийг нь зохистой авч яван улмаар Еховад* улам их таалагдаасай гэж залбирч байна. 11 Бас Бурхны цог жавхлант хүчний ачаар хүчирхэгжиж, бүхнийг баяр хөөртэйгөөр тэвчиж тэсвэрлээсэй гэж, 12 гэрэлд байдаг ариун хүмүүсийн өвийг хуваалцах зохистой болгосон Эцэгт талархаж яваасай гэж залбирч байна.
13 Бурхан биднийг харанхуйн эрхшээлээс гаргаад хайртай Хүүгийнхээ Хаант төрд шилжүүлсэн. 14 Хүүгээ золиос болгон өгч биднийг чөлөөлж, бидний нүглийг уучилсан. 15 Хүү бол үл үзэгдэх Бурхны дүр мөн бөгөөд бүх бүтээлийн анхных нь юм. 16 Учир нь Бурхан хаан ширээ, удирдлага, төр засаг, эрх мэдэл гээд тэнгэр, газар дээрх үзэгдэх ба үл үзэгдэх бүх юмыг бүтээхдээ Хүүгээ оролцуулсан. 17 Хүү бүх юмнаас өмнө байсан, түүний ачаар бүх юм бий болсон бөгөөд 18 тэр бол бие буюу хурлын тэргүүн юм. Тэр бол эхлэл, үхэгсдээс анх төрсөн нь мөн. Ингэснээр бүх юмны эхнийх байх юм. 19 Учир нь Бурхны тааллын дагуу түүнд бүх юм бүрэн дүүрэн байдаг. 20 Мөн газар болон тэнгэр дээрх бүх юмтай эвлэрэхийн тулд тарчлаах шонд* хадуулж үхсэн Христийн цусны үнээр энхийг тогтоохыг Бурхан таалан үзсэн билээ.
21 Бузар муу юм боддогоосоо болж та нар Бурхнаас хол хөндий, дайсан нь байсан боловч 22 та нарыг ариун, өөгүй, гэм зэмгүйд тооцохын тулд өөрийгөө* золиос болгон үхсэн түүгээр дамжуулан Бурхан та нартай эвлэрсэн. 23 Гэхдээ та нар бат итгэлтэй байж, суурин дээр бат үндэслэж, тууштай байх ёстой бөгөөд сайн мэдээг сонсоод олж авсан найдвараа умартах ёсгүй. Сайн мэдээ тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдсан бөгөөд Паул би сайн мэдээг тунхаглагч болсон юм.
24 Та нарын төлөө зовж байгаадаа би баярлаж байна. Би Христийн биеийн эрхтэн учир зовж байгаа, хойшид ч зовно. Зовлон минь Христийн бие буюу хуралд тустай. 25 Бурхан надад нярвын үүрэг оноосон учир би та нарт Бурхны үгийг гүйцэд тунхаглахын тулд энэ хуралд үйлчилдэг болсон. 26 Бурхны үг буюу ариун нууц өмнөх ертөнц* болон урьд амьдарч байсан хүмүүст илчлэгдээгүй. Харин эдүгээ Бурхан ариун хүмүүстээ илчилсэн. 27 Түүнчлэн, үндэстнүүдэд илэрхий болсон энэ ариун нууцын алдарт баялгийг ариун хүмүүстээ мэдэгдэхийг Бурхан таалан соёрхсон. Тэрхүү нууц нь та нартай санаа нийлдэг Христ бөгөөд түүнтэй хамт алдаршина гэсэн та нарын найдвар юм. 28 Бүх хүнийг Христийн төлөвшсөн дагалдагч болгохын тулд бид түүний тухай бүх хүнд тунхаглаж, сануулдаг бөгөөд мэргэн ухаан гаргаж заадаг. 29 Би энэ зорилгод хүрэхийн тулд намайг хүчирхэгжүүлдэг Бурхны ачаар биеэ дайчлан, шаргуу хөдөлмөрлөж байна.