Хоёрдугаар Коринт
10 Паул би өөрөө Христийн энэрэнгүй болон дөлгөөн байдалд үндэслэн та нарыг ятгаж байна. Танай зарим хүний ярьдгаар бол, би та нартай уулзахаараа хүлцэнгүй, холдоод явахаараа хатуу чанга болчихдог гэнэ. 2 Биднийг махан биеийнхээ хүслийг дагадаг гэж боддог хүмүүс намайг очиход өөрчлөгдчихсөн байгаасай. Тэгвэл тэдэнд арга хэмжээ авах хэрэг гарахгүй шүү дээ. 3 Учир нь бид бусадтай адил махан биетэй ч махан биеийн дагуу дайтдаггүй. 4 Бидний зэвсэг бол махан биеийнх биш, харин цайзыг нурааж чадах, Бурхны өгсөн хүчит зэвсэг юм. 5 Бид буруу ойлголт, Бурхны тухай мэдлэгтэй зөрчилддөг аливаа саадыг нурааж, бодол санаа бүрийг өөрчилж*, Христэд дуулгавартай болгож байгаа. 6 Та нар дуулгавартайгаа батал. Тэгвэл бид дуулгаваргүй байгаа хэнийг ч шийтгэнэ.
7 Та нар юмыг үзэмжээр нь дүгнэдэг. Христийн дагалдагч гэдэгтээ итгэлтэй байдаг хүн биднийг ч бас Христийн дагалдагч гэдгийг мартах ёсгүй. 8 Та нарын урмыг хугалахын тулд биш, харин сэтгэлийг сэргээхийн тулд Эзэн бидэнд эрх мэдэл өгсөн. Энэ эрх мэдлээрээ дэндүү сайрхсан байлаа ч ичихгүй. 9 Айлгах гэж захидал бичдэг гэсэн бодлыг та нарт төрүүлмээргүй байна. 10 Яагаад гэвэл зарим хүн: «Захидлуудыг нь уншихад даацтай бөгөөд хүчтэй мөртлөө гаднаас нь харвал доожоо муутай, үг яриа нь сонсоод байхаар юм биш» гэдэг. 11 Тийн ярьдаг хүмүүс үүнийг бодоорой. Бид хол байхдаа захидалдаа хүүрнэдэг шигээ хамт байхдаа ч тийм байна. 12 Биеэ магтдаг тэр хүмүүстэй бид өөрсдийгөө адилтгах юм уу харьцуулж зүрхлэхгүй. Өөрсдийнхөө хэмжүүрээр өөрсдийгөө хэмждэг, өөрсдийгөө өөрсөдтэйгөө харьцуулдаг тэд юу ч ойлгодоггүй.
13 Гэхдээ бид хэмжээнээсээ хэтэрч сайрхахгүй. Бурхны хуваарилсан ажлыг хэр зэрэг амжуулснаараа сайрхана. Бурхны хуваарилсан ажлын нэгээхэн хэсэг нь та нар билээ. 14 Танай тэнд очсон маань Бурхны хуваарилаагүйг хийсэн хэрэг биш ээ. Харин ч бид Христийн тухай сайн мэдээг та нарт тунхагласан анхны хүмүүс юм. 15 Бид хэмжээнээсээ хэтэрч бусдын хөдөлмөрийг өөрийнх болгож сайрхахгүй. Харин та нарын итгэл улам батжихын хэрээр хуваарилагдсан газартаа хийсэн ажил маань улам бүр амжилттай болно гэж найдаж байна. Тэгээд бүр ч их өргөжнө. 16 Ингэснээр танайхаас цааших нутгуудад сайн мэдээг тунхаглах бөгөөд хуваарилагдсан газартаа хийсэн бусад хүний ажлаар сайрхахгүй юм. 17 «Сайрхдаг хүн нь Еховагаар* сайрхаг». 18 Учир нь Ехова* өөрийгөө өргөмжилдөг хүнийг бус, харин сайшаалыг нь хүлээдэг хүнийг таалан соёрхдог.