Колосайчуудад бичсэн захидал
2 Та нарын төлөө, Лаодик дахь хүмүүсийн төлөө, надтай огт уулзаж байгаагүй тэр бүх хүний төлөө хэчнээн их зүтгэдгийг минь та нар мэдээсэй. 2 Хүн бүр тайвширч, хайраар холбогдож, үнэн зөв, тодорхой ойлголттой болж байгаадаа бат итгэлтэй байн ивээл* хүртэж, Бурхны ариун нууц буюу Христийг үнэн зөвөөр нь мэддэг байгаасай гэсэндээ би ийнхүү зүтгэдэг. 3 Христ дотор мэдлэг болон мэргэн ухааны бүх баялаг нуугдмал байдаг. 4 Бусдын ярьдаг үнэмшиж болмоор юманд бүү төөрөлдөөсэй гэсэндээ би ингэж хэлж байна. 5 Бие минь та нараас хол байгаа боловч сэтгэлээрээ хамт байгаа шүү. Христэд бат итгэдэг, эмх журамтай та нарыгаа хараад баярлаж байна.
6 Тиймээс та нар Эзэн Христ Есүст анх хэрхэн итгэснээ санаж, үргэлж дуулгавартай бай. 7 Заалгасан ёсоороо Христ дотор үндэслэж, сүндэрлэж, итгэлээ батжуулж бай. Бурханд талархан итгэлээр бялхаж бай.
8 Сэрэмжтэй бай. Христийн сургаалд бус, харин хүний зохиосон уламжлал, ертөнцийнхний баримталдаг үндсэн зарчимд үндэслэсэн гүн ухаан, худал сургаалаар хэн нэгэн та нарыг олзолж авах вий. 9 Учир нь Христэд Бурхны зан чанар бүрэн дүүрэн бий. 10 Тиймээс төр баригч, эрх мэдэлтэн бүхний тэргүүн Христийн ачаар та нар юугаар ч дутдаггүй. 11 Та нар Христийн дагалдагч болсон учир хөвч таслуулсан. Гэхдээ хүний гараар хөвч таслуулаагүй, харин Христийн дагалдагчийн ёсоор хөвч таслуулж, нүгэлт махан биеэсээ ангижирсан. 12 Учир нь та нар түүний хүртсэн баптисмыг хүртэн түүнтэй хамт оршуулагдсан. Христийг амилуулсан Бурхны хүчит үйлсэд итгэдэг учир Христтэй хамт амилуулагдсан.
13 Түүнчлэн, та нар алдаа дутагдал болон хөвч таслуулаагүйгээсээ болж үхсэн байхад Бурхан та нарыг түүнтэй хамт амилуулсан. Бүх алдаа дутагдлыг маань уужим сэтгэлээр уучилж өршөөсөн бөгөөд 14 бурууг маань илчилдэг Хуулийг хүчингүй болгосон. Бурхан үүнийг тарчлаах шонд* хадаж замаас холдуулжээ. 15 Үүгээр* төр засаг, эрх мэдлүүдийг ялаад олон нийтэд үзүүлэн болгож, олзлон авч явсан.
16 Тиймд хоол унд, баяр ёслол, шинэ сарын баяр, эсвэл амралтын өдрүүдээс болж та нарыг хэн ч бүү шүүг. 17 Эдгээр нь ирэх юмсын сүүдэр, харин бодит юм нь Христ юм. 18 Даруу хүний дүр эсгэж, тэнгэрийн элчүүдийг шүтдэг хүмүүсээс болгоомжил. Эс тэгвээс шагналаа алдах аюултай. Тэд харсан юмаа л баримталдаг. Төгс бус хүний боддогийг боддог учир хоосон юмаар сайрхдаг. 19 Тэд тэргүүнээс зуурдаггүй. Тэргүүн нь биеийг хэрэгтэй бүхнээр нь хангаж, холбоос болон шөрмөсөөр биеийн бүх хэсгийг холбодог. Бурхан түүгээр дамжуулан биеийг өсгөдөг.
20 Ертөнцийнхний баримталдаг үндсэн зарчмаас татгалзан Христтэй хамт үхсэн атлаа яагаад дараах хууль тушаалыг биелүүлэн ертөнцийн харьяат мэт амьдраад байгаа юм бэ? 21 «Авч болохгүй, амсаж болохгүй, хүрч болохгүй» 22 гэсэн хүний гаргасан тушаал нь хэрэглэхэд устаж үгүй болдог юмтай хамаатай. 23 Эдгээр тушаал нь мэргэн ухаантай болгох мэт санагддаг ч махан биеийнхээ хүсэлтэй тэмцэхэд нэмэр болохгүй. Учир нь хүмүүс өөрсдийнхөө бодсоноор Бурхныг шүтэж, даруу хүний дүр эсгэж, биеэ зовоодог.