Тооллого
19 Дараа нь Ехова Мосе Аарон хоёрт 2 «Ехова би дараах хууль зарлигийг өгч байна. “Чи израйлчуудад согоггүй, эрүүл, буулганд оруулж байгаагүй, улаан охин бяруу авчир гэж хэл. 3 Бярууг авчрахаар нь тахилч Елеазарт аваачиж өг. Тэрбээр хуарангийн гадна бярууг аваачна. Бярууг түүний өмнө нядлах ёстой. 4 Тахилч Елеазар цуснаас нь хуруугаараа авч цугларалтын асрын үүдний зүг долоон удаа цацна. 5 Дараа нь тахилчийн нүдэн дээр охин бярууг шатаах ёстой. Арьс, мах, цусыг нь сэвстэй нь хамт шатаана. 6 Тахилч хуш, хиссоп, час улаан даавуу аваад шатаж байгаа бяруун дээр хаяна. 7 Тэгээд тахилч хувцсаа угааж усанд ороод хуаран руу орж болно. Гэхдээ орой болтол бузар байна.
8 Бярууг шатаасан хүн хувцсаа угааж усанд орох ёстой. Тэрбээр орой болтол бузар байна.
9 Цэвэр хүн охин бярууны үнсийг аваад хуарангийн гадна цэвэр газарт аваачиж тавина. Израйлын чуулган ариусгах ус бэлдэхэд зориулж тэр үнсийг хадгална. Энэ нь нүглийн төлөөх тахил юм. 10 Бярууны үнсийг хамсан хүн хувцсаа угаах бөгөөд орой болтол бузар байна.
Энэ зарлигийг израйлчууд, дунд нь суугаа харийн хүмүүс үргэлж сахих ёстой. 11 Үхсэн хүнд хүрсэн хүн долоон хоног бузар байна. 12 Тэр хүн гурав дахь өдрөө ариусгах усаар өөрийгөө ариусгах ёстой бөгөөд долоо дахь өдрөө цэвэр болно. Харин гурав дахь өдрөө өөрийгөө ариусгахгүй бол долоо дахь өдрөө цэвэр болохгүй. 13 Үхсэн хүний цогцост хүрээд өөрийгөө ариусгаагүй хүн Еховагийн асрыг бузарласан болно. Тэр хүн ариусгах уснаас цацуулаагүй учраас бузар бөгөөд бузартсан хэвээрээ байна. Тиймээс тэр хүнийг хөнөөх ёстой.
14 Майханд хүн үхвэл сахих хууль нь энэ юм. Тийм майханд орсон хүн болон дотор нь байсан хүн долоон хоног бузар байна. 15 Тагийг нь уялгүй онгорхой орхисон сав бүр бузартана. 16 Түүнчлэн хэн нэгэн хүн хээр явж байгаад илдээр алуулсан хүнд эсвэл үхсэн хүний цогцос, яс, булшинд хүрвэл долоон хоног бузар байна. 17 Тэд бузартсан хүний төлөө нүглийн төлөөх тахилын үнснээс авч саванд хийгээд дээрээс нь булгийн цэнгэг ус хийх ёстой. 18 Дараа нь нэг цэвэр хүн хиссоп аваад тэр усанд дүрж тухайн майхан, бүх сав суулга, тэнд байсан хүмүүс рүү цацна. Мөн алуулсан хүнд юм уу өөр үхсэн хүний яс, цогцос, булшинд хүрсэн хүн рүү цацах ёстой. 19 Өнөөх цэвэр хүн бузартсан хүн рүү гурав, долоо дахь өдөр нь тэр уснаас цацна. Бузартсан хүн долоо дахь өдрөө нүглээсээ ангижирна. Тэрбээр хувцсаа угааж, усанд ороод орой нь цэвэр болно.
20 Харин өөрийгөө ариусгаагүй, ариусгах усыг цацуулаагүй бузар хүн Еховагийн ариун газрыг бузарласан болох бөгөөд тэр хүнийг хөнөөх ёстой.
21 Дараах зарлигийг израйлчууд үргэлж сахих ёстой. Ариусгах ус цацсан хүн хувцсаа угаах бөгөөд усанд хүрсэн хэн боловч орой болтол бузар байна. 22 Бузар хүний хүрсэн юм болон тэр юманд нь хүрсэн хүн орой болтол бузар байна”» хэмээн айлдав.