Эхлэл
22 Энэ явдлын дараа жинхэнэ Бурхан Абрахамыг сорьжээ. Бурхан: «Абрахам аа!» гэж дуудахад тэрбээр: «Би энд байна» гэлээ. 2 Тэгэхэд Бурхан: «Чи хүүгээ, амин хайртай ганц хүү Исаакаа аваад Мориагийн нутагт очиж миний зааж өгөх уулан дээр хүүгээ шатаах тахил болгож өргөөрэй» гэж айлдав.
3 Ингээд Абрахам өглөө эрт босож илжгээ эмээллээд хоёр зарц, хүү Исаакаа дагуулан явлаа. Абрахам шатаах тахилын түлээ бэлтгэж аваад жинхэнэ Бурхны заасан газрыг зорин хөдөлжээ. 4 Гурав дахь өдөр нь Абрахам алсыг харахад очих газрынх нь бараа харагдав. 5 Абрахам зарц нартаа «Та нар энд илжигтэйгээ байж бай. Хүү бид хоёр тийшээ яваад Бурханд тахил өргөчихөөд ирье» гэж хэллээ.
6 Абрахам шатаах тахилын түлээгээ авч хүү Исаактаа үүрүүлжээ. Гал, хутгаа өөрөө бариад хоёул цааш явав. 7 Тэгтэл Исаак эцэгтээ хандан «Аав аа!» гэхэд Абрахам: «Яасан, миний хүү?» гэжээ. Исаак: «Бидэнд гал, түлээ байна. Харин шатаах тахил болгож өргөх хонь хаана байгаа юм бэ?» гэж асуув. 8 Абрахам: «Шатаах тахилын хонийг Бурхан өөрөө өгнө, миний хүү» гэж хариулжээ. Тэгээд тэд цааш явлаа.
9 Тэд явсаар жинхэнэ Бурхны зааж өгсөн газарт иржээ. Абрахам тэнд тахилын ширээ босгож, дээр нь түлээгээ өрж тавив. Тэгээд хүү Исаакийнхаа гар, хөлийг хүлээд тахилын ширээн дээрх түлээн дээр хэвтүүллээ. 10 Ингээд хүүгээ алахаар гараа сунгаж хутгаа авав. 11 Тэгтэл Еховагийн тэнгэрийн элч: «Абрахам аа! Абрахам аа!» гэж тэнгэрээс дуудахад Абрахам: «Би энд байна» гэжээ. 12 Тэнгэрийн элч: «Хүүг бүү ал. Хүүд бүү хүр. Бурхнаас эмээдгийг чинь одоо би мэдлээ. Чи хүүгээ, ганц хүүгээ надаас харамласангүй» гэж хэлэв. 13 Абрахам өөрийнх нь цаахан талд шигүү бутанд нэгэн эр хонь эврээрээ тээглэсэн байхыг харлаа. Тэгээд тэр хонийг авчраад хүүгийнхээ оронд шатаах тахил болгон өргөжээ. 14 Ингээд Абрахам тэр газрыг Ехова-Ире* гэж нэрлэв. Иймээс одоо ч хүмүүс «Еховагийн ууланд хангагдана» гэж ярьцгаадаг.
15 Еховагийн тэнгэрийн элч хоёр дахь удаагаа тэнгэрээс Абрахамтай ярьж 16 «Ехова ийн тунхаглаж байна. “Чи ийнхүү үйлдэж хүүгээ, ганц хүүгээ надаас харамлаагүй учир би өөрөөрөө тангараглаж байна. 17 Би чамайг ивээж үр хүүхдийг чинь тэнгэрийн од, далайн эргийн элс мэт олон болгоно. Чиний үр хүүхэд дайснуудынхаа дааман хаалгыг* эзлэн авна. 18 Чиний үр хүүхдийн ачаар ивээл хүртэх боломж дэлхийн бүх үндэстэнд олдоно. Яагаад гэвэл чи миний үгийг дагасан”» хэмээв.
19 Ингээд Абрахам зарц нар дээрээ ирлээ. Тэд хөдөлж Беершеба руу буцав. Абрахам Беершебад нутагласаар байлаа.
20 Энэ явдлын дараа нэг хүн Абрахамд «Милка таны ах Нахорт хөвгүүд төрүүлж өгчээ. 21 Ууган нь Уз, удаах нь Буз юм. Бас Кемуел (Арамын эцэг), 22 Хесед, Хазо, Пилдаш, Иедлаф, Бетуелийг төрүүлжээ» гэж дуулгав. 23 Бетуел нь Ребекагийн эцэг юм. Милка Абрахамын ах Нахорт эдгээр найман хүүг төрүүлж өгсөн билээ. 24 Нахорын татвар эм Реума ч хөвгүүд төрүүлжээ. Хөвгүүд нь Теба, Гахам, Тахаш, Маака нар юм.