Дуулал
Удирдаачид: Иедутун*. Асафын дуу.
77 Би Бурхан руу чадал мэдэн хашхирна.
Бурхан руу хашхирахад минь тэрбээр намайг сонсоно.
2 Зовлонтой өдрөө би Еховагийн удирдлага зааврыг хайдаг.
Шөнөжин түүн рүү гараа сунгадаг.
Гэвч тайвширдаггүй.
3 Би Бурхныг санахаараа уйтгарлан санаа алддаг.
Сэтгэл минь хямарч, хүч минь барагддаг. (Села)
4 Та миний нүдийг тэвхэдсэн.
Сэтгэл минь үймрээд юм ярьж чадахгүй байна.
5 Алсран одсон он жилүүдийг,
Эртний өдрүүдийг эргэн дурслаа.
6 Шөнө дуугаа санаж,
Сэтгэл зүрхэндээ эргэцүүлэн бодлоо.
Хариу олох гэж хичээнгүйлэн судаллаа.
7 Ехова биднийг үүрд орхих юм гэж үү?
Дахин хэзээ ч өршөөн нигүүлсэхгүй юм гэж үү?
8 Үнэнчээр хайрлахаа үүрд больсон юм гэж үү?
Үеийн үед амлалтаа хэзээ ч биелүүлэхгүй юм гэж үү?
9 Бурхан өршөөн нигүүлсэхээ мартсан юм гэж үү?
Уур хилэнгээсээ болоод энэрэхээ больсон юм гэж үү? (Села)
10 «Хамгийн дээд Нэгэн бидэнд туслахаа больсон гэдэг бодол
Намайг зовоох юм» гэж би хэдий болтол хэлэх юм бэ?
11 Яа таны үйлсийг би санана.
Эртний гайхамшигт үйлсийг тань эргэн дурсана.
12 Таны бүх ажлыг эргэцүүлэн бодно.
Таны үйлсийг тунгаан бодно.
13 Бурхан минь ээ, таны зам ариун.
Бурхан минь ээ, ямар бурхан тан шиг агуу вэ?
14 Та гайхамшиг бүтээдэг жинхэнэ Бурхан юм.
Та ард түмнүүдэд хүчээ харуулсан.
15 Та хүч чадлаараа ард түмнээ,
Иаковын болон Иосефын үр удмыг аварсан. (Села)
16 Бурхан минь ээ, их ус таныг харсан.
Их ус таныг хараад чичирч,
Гүн ус долгилсон.
17 Үүлс ус асгасан.
Үүлтэй тэнгэр нүргэлсэн.
Таны сум энд тэндгүй шунгинан ниссэн.
18 Таны аянгын дуу тэрэгний дугуй мэт байв.
Цахилгаан цахилж дэлхийг гэрэлтүүлэв.
Газар дэлхий чичрэн хөдлөв.
19 Таны зам далайг нэвтэлж,
Таны жим гүн тэнгисийг дайрсан ч
Хөлийн тань мөр үл үзэгдэв.
20 Та ард түмнээ Мосе Аарон нарын халамжид өгч
Хонин сүрэг мэт удирдсан.