Дэд хууль
3 Дараа нь бид зүгээ өөрчилж, Башаны замаар явсан. Тэгтэл Башаны хаан Ог бидэнтэй тулалдахаар цэргүүдтэйгээ гарч ирсэн. 2 Тэгэхэд Ехова надад “Би түүнийг бүх цэрэг, газар нутагтай нь чиний эрхшээлд оруулах учраас битгий ай! Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихоныг чи яасан шигээ түүнийг бас тэгнэ” гэж хэлсэн. 3 Тэгээд Ехова Бурхан маань Башаны хаан Огийг ч бас бүх цэрэгтэй нь бидний эрхшээлд оруулж, бид тэднээс нэг ч хүн амьд үлдээлгүй бүгдийг нь хөнөөсөн. 4 Тэгэхэд бүх хотыг нь эзлэн авсан билээ. Башан дахь Огийн хаант улсын нутаг дэвсгэр буюу Аргобын бүх нутаг дэвсгэр дэх 60 хотоос нэгийг нь ч үлдээлгүй бүгдийг нь эзэлсэн. 5 Тэдгээр хот бүгдээрээ өндөр хана хэрэмтэй, хөндлөвч мод бүхий дааман хаалгаар бэхлэгдсэн байсан ба хана хэрэмгүй маш олон тосгонтой байсан. 6 Гэсэн ч бид Хешбоны хаан Сихоны бүх хотыг устгасан шигээ тэдгээр хотыг устгасан. Хотуудыг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдтэй нь бүгдийг нь устгасан юм. 7 Бид бүх мал сүрэг, эд юмсыг нь өөрсдөдөө авсан.
8 Ийнхүү бид Арноны хөндийгөөс* Хермон уул хүртэлх Иорданы бүс нутагт байсан аморичуудын хоёр хааны газар нутгийг эзэлж авсан билээ. 9 (Хермон уулыг сидончууд Сирион, аморичууд Сенир гэж нэрлэдэг байв.) 10 Бид тэгш өндөрлөг дээрх бүх хот, Гилеад ба Башаныг тэр чигт нь, Башанд суудаг Огийн хаант улсын хотууд болох Салека, Едреи хүртэл эзэлж авсан. 11 Рефаимчуудаас зөвхөн Башаны хаан Ог л үлдсэн байсан юм. Түүний авс нь төмрөн* бөгөөд аммончуудын Раббад одоог хүртэл байгаа. Авс нь энгийн тохойгоор бол 9 тохой* урт, 4 тохой өргөн байв. 12 Тэр үед бид энэ газар нутгийг эзлэн авахад би реубенчүүд болон гадчуудад Арноны хөндийн* хажуу дахь Ароероос авхуулаад Гилеадын уулархаг нутгийн хагасыг өгсөн. 13 Харин Гилеадын үлдсэн нутаг, Огийн хаант улс дахь Башаныг тэр чигээр нь Манассе овгийнхны хагаст өгсөн. Башанд харьяалагддаг Аргобын газар нутаг рефаимчуудынх гэгддэг байв.
14 Манассегийн хүү Иаир Аргобын бүс нутгийг тэр чигт нь, цаашлаад гешурчууд, маакатчуудын хил хүртэлх нутгийг авсан. Тэгээд Башаны тэдгээр тосгоныг өөрийнхөө нэрээр Хаввот-Иаир* гэж нэрлэсэн. Одоог хүртэл тэр нэрээрээ байгаа. 15 Би Гилеадыг Махирт өгсөн. 16 Реубенчүүд, гадчуудад Гилеадаас Арноны хөндий* хүртэлх газрыг өгч, тэр хөндийн дундуур хилийг нь тогтоосон. Мөн аммончуудын хил болох Иаббокийн хөндий хүртэлх нутаг, 17 Араба, Иорданыг өгсөн. Хил нь Хиннеретээс зүүн зүг дэх Писгагийн бэлд байдаг Давст тэнгис* буюу Арабагийн тэнгис хүртэл үргэлжилдэг.
18 Дараа нь би тэдэнд тушааж “Ехова Бурхан чинь та нарт энэ нутгийг эзэмшил болгон өгсөн. Танай бүх зоригт эрчүүд зэвсэглээд израйл ах дүүсийнхээ өмнө Иорданыг гатал. 19 Харин танай эхнэр хүүхэд, мал сүрэг л (Би та нарыг асар их мал сүрэгтэйг сайн мэднэ) миний та нарт өгсөн хотуудад үлдэнэ. 20 Ехова Бурхан чинь та нарыг амар тайван болгосон шигээ ах дүүг чинь амар тайван болготол тэд тийн байх юм. Иорданы цаана Ехова Бурхны чинь өгөх газар нутгийг ах дүүс чинь эзэмшсэний дараа л та нарын хүн нэг бүр миний өгсөн эзэмшил газар луу буцаж ирнэ” гэж хэлсэн юм.
21 Би тэр үед Иошуад тушаан “Энэ хоёр хаанд Ехова Бурхныхаа юу хийснийг чи нүдээрээ харсан. Чиний гатлан очих бүх хаант улсад Ехова мөн тэгж л хандана. 22 Ехова Бурхан чинь та нарын төлөө тулалддаг учраас тэднээс бүү ай” гэсэн билээ.
23 Би бас тэр үед Еховагаас гуйн 24 “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь ээ, та зарц наддаа агуу байдал, хүчирхэг мутраа үзүүлж эхэлсэн билээ. Тан шиг ийм агуу үйлс бүтээдэг өөр ямар Бурхан тэнгэр газарт байна вэ? 25 Намайг Иорданыг гатлуулж тэр сайхан нутаг, тэр үзэсгэлэнт уулс болон Ливаныг үзүүлээч” гэж хэлсэн юм. 26 Тэгсэн ч гэсэн Ехова та нараас болж надад уурласан хэвээрээ байсан учраас гуйлтыг минь биелүүлээгүй. Ехова надад “Одоо боль! Энэ тухай надад дахиж битгий ярь! 27 Чи Иорданыг гатлахгүй учраас Писгагийн орой дээр гарч баруун, зүүн тийш, хойш, урагш харж амласан нутгийг харагтун. 28 Иошуаг томилж, түүнд урам зориг өг. Учир нь тэрбээр энэ ард түмний өмнө гатлан явж, чиний харах газар нутгийг тэдэнд эзэмшүүлнэ” гэж айлдсан. 29 Биднийг Бет-пеорын урд талын хөндийд амьдарч байхад энэ бүхэн болсон юм.