Амос
8 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийм нэг зүйлийг надад үзүүлсэн юм. Зуны жимстэй сагс байлаа. 2 Тэрбээр надаас «Амос оо, чи юу харж байна вэ?» гэж асуухад би: «Зуны жимстэй сагс» гэж хариулав. Ехова надад ийн айлдав. «Миний ард түмэн Израйлын төгсгөл ойрхон байна. Би тэднийг уучилдгаа болино. 3 “Тэр өдөр сүмийн магтуу уйлаан майлаанаар солигдоно. Энд тэндгүй хүүр хэвтэнэ. Чимээгүй!” гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова тунхаглаж байна.
4 Энэ нутгийн ядуусыг дарлаж,
Дөлгөөн хүмүүсийг үгүйрүүлдэг та нар сонс.
5 Та нар ингэж хэлдэг. “Шинэ сарын баяр хэзээ дуусах вэ? Үр тариагаа зарах юм сан.
Амралтын өдөр хэзээ дуусах вэ? Үр тариагаа худалдах юм сан.
6 Гачигдсан хүнийг мөнгөөр,
Ядуу хүнийг хос сандаалаар худалдан авч
Үр тарианыхаа хаягдлыг ч борлуулчихна шүү дээ”.
7 Ехова Яаковын бахархлаар тангараглаж байна.
“Би тэдний нэг ч үйлсийг мартахгүй.
8 Үүнээс болж газар нутаг чичирч,
Бүх оршин суугч нь гашуудна.
Газар нутаг тэр аяараа Нил адил босож,
Египетийн Нил адил долгилж байгаад буухгүй гэж үү?”.
9 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийн тунхаглаж байна.
“Тэр өдөр би нарыг үд дунд жаргаана.
Гэгээн цагаан өдөр газар нутгийг харанхуй болгоно.
10 Би та нарын баярыг уй гашуу болгоно.
Бүх дууг чинь гашуудлын дуу болгоно.
Та нарын ташаанд таар нөмрүүлж, та нарын толгойг халзан болгоно.
Та нарыг ганц хүүгийнхээ хойноос гашуудаж байгаа юм шиг болгоно.
Тэр өдрийн төгсгөл зовлон байх болно”.
11 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийн тунхаглаж байна.
“Би энэ газарт өлсгөлөнг авчрах өдрүүд ирж байна.
Талх, усгүйгээс болж өлсөж цангах биш,
Харин Еховагийн үгийг сонсоогүйгээс болж өлсөж цангах юм.
12 Тэд тэнгисээс тэнгис хүртэл,
Умард зүгээс дорно зүг* хүртэл гэлдэрнэ.
Тэд Еховагийн үгийг хайж хэрэн тэнүүчлэх боловч олохгүй.
13 Тэр өдөр залуус ба үзэсгэлэнт бүсгүйчүүд
Цангаснаасаа болж ухаан алдана.
14 «Дан аа, бурхнаар чинь тангараглая!»,
«Беершебагийн замаар тангараглая!» гэж хэлэн
Самарийн гэм буруугаар тангарагладаг бүхэн
Унаад дахин босохгүй”».