Еврейчүүдэд бичсэн захидал
3 Тиймээс, тэнгэрт гарахаар сонгогдсон* ариун ах дүү нар аа, Есүсийн талаар бодоцгооё. Бид түүнийг элч, тэргүүн тахилч гэж хүлээн зөвшөөрдөг. 2 Мосе тэр нэгний гэрт үнэнчээр үйлчилж байсан шиг Есүс ч өөрийг нь томилсон нэгэнд үнэнч байсан. 3 Гэр баригч нь гэрээсээ илүү алдар хүндтэй байдгийн адил тэрээр* Мосегоос илүү алдар хүндтэйд тооцогдсон юм. 4 Учир нь аливаа гэрийг хэн нэгэн барьдаг. Харин бүх юмыг барьж бүтээсэн нь Бурхан мөн. 5 Мосе үйлчлэгчийн хувьд тэр нэгний гэрт үнэнч байсан нь хожим яригдах зүйлийн дүр зураг байсан. 6 Харин Христ хүүгийн хувьд Бурхны гэрт үнэнч байсан. Хэрэв бид эцэс хүртэл зоригтой ярьж, бахархдаг найдварынхаа дагуу тууштай байдаг бол Бурхны гэр мөн.
7 Тийм учраас Бурхны агуу хүч: «Өнөөдөр та нар дууг минь сонссон бол 8 өвөг дээдэс шигээ бүү зөрүүдэл. Тэр өдөр цөлд тэд намайг сорьж хилэгнүүлсэн. 9 Танай өвөг дээдэс миний ажил үйлийг 40 жил харсан атлаа намайг сорьсон. 10 Тиймээс би энэ үеийнхнийг жигшиж “Тэд дотроо намайг үргэлж эсэргүүцдэг бөгөөд намайг таньсангүй” гэж хэлсэн. 11 Тэгээд би хилэгнэн “Тэд миний амралт руу орохгүй” гэж тангарагласан» гэжээ.
12 Ах дүү нар аа, амьд Бурхнаас холдсоор итгэлээр дутмаг, бузар зүрхтэй болохоос та нарын хүн нэг бүр болгоомжил. 13 «Өнөөдөр» гэгддэг цаг хугацаа байгаа дээр өдөр бүр нэг нэгнээ урамшуулан зоригжуулж бай. Тэгвэл хэн чинь ч мэхлэх чадалтай нүглээс болж хатуурахгүй юм. 14 Анх итгэсэн шигээ эцэс хүртэл бат итгэлтэй байсан цагт Христийн хүлээж авсныг бид бас авна. 15 «Өнөөдөр та нар дууг минь сонссон бол өвөг дээдэс шигээ бүү зөрүүдэл. Тэд намайг ... хилэгнүүлсэн» гэж бичсэн байдаг шүү дээ.
16 Сонссон боловч түүнийг хилэгнүүлсэн нь хэн бэ? Мосегийн удирдлагаар Египетээс гарсан хүмүүс биз дээ? 17 Бурхан бас хэнийг 40 жил жигшсэн бэ? Нүгэл үйлдээд цөлд үхсэн хүмүүсийг биз дээ? 18 Амралт руугаа оруулахгүй гэж хэнд тангарагласан бэ? Дуулгаваргүй байсан хүмүүст биз дээ? 19 Тэгэхээр тэд итгэлээр дутмаг учраас орж чадаагүй нь ойлгомжтой байна.