Дуулал
Маскил*. Асафын дуу.
78 Ард түмэн минь ээ, сургаалыг минь сонс.
Амнаас минь гарах үгийг анхаар.
2 Би зүйр цэцэн үг хэлнэ.
Эрт урьдын оньсого тааврыг таалгана.
3 Энэ бол бидний сонсоод мэдсэн зүйл.
Эцэг өвгөдийн минь ярьж хуучилсан үг.
4 Еховагийн агуу үйлс, хүч чадал,
Хийж бүтээсэн гайхамшигт үйлсийг
Бид үр хүүхдээсээ нуухгүй.
Хойч үеийнхэндээ ч ярина.
5 Тэрбээр Иаковт тогтоол,
Израйлд хууль өгсөн.
Энэ бүхнийг үр ачдаа хэлж өгөхийг
Эцэг өвгөдөд минь тушаасан.
6 Ингэснээр дараагийн үеийнхэн,
Дараа нь төрөх хүүхдүүд эдгээрийг мэдэж,
Үр хүүхдэдээ ярьж өгөх юм.
7 Тэгвэл тэд Бурханд итгэж,
Бурхны үйлсийг үл мартан,
Тушаалыг нь биелүүлэх юм.
8 Тэгвэл тэд өвөг дээдэс шигээ
Зөрүүд, тэрслүү үеийнхэн болохгүй.
Бодлоо байнга өөрчлөхгүй.
Бурханд үнэнч бус болохгүй.
9 Ефраимчууд нум сумаар зэвсэглэсэн байсан ч
Тулалдааны өдөр ухарсан.
10 Тэд Бурхантай байгуулсан гэрээгээ сахиагүй.
Хууль тушаалыг нь дагахаас татгалзсан.
11 Тэд бас түүний үйлсийг,
Үзүүлсэн гайхамшгийг нь мартсан.
12 Бурхан Зоан нутагт, Египет газарт
Эцэг өвгөдийнх нь нүдэн дээр эгнэшгүй гайхамшгийг үйлдсэн билээ.
13 Тэднийг гатлуулахаар тэнгисийг хувааж,
Усыг хана мэт босгосон юм.
14 Өдөр нь үүлээр,
Шөнө нь галын гэрлээр тэднийг удирдсан.
15 Зэлүүд газар тэрбээр хадыг хувааж,
Шавхагдашгүй булгаас ус уулгах мэт тэднийг ханатал нь ундаалсан.
16 Тэрбээр хаднаас ус гаргаж,
Гол шиг урсгасан.
17 Гэвч тэд цөлд түүний эсрэг нүгэл үйлдэж,
Хамгийн дээд Нэгэнд тэрсэлсэн.
18 Тэд шунан хүссэн хоолоо нэхэж
Бурхны тэвчээрийг зориуд сорьсон.
19 Бурхныг муулан ярьж,
«Буйд зэлүүд газар Бурхан ширээ засах уу?» гэсэн.
20 Тэрбээр хадыг цохиж,
Усыг оргилуулан гаргасан атал
Тэд: «Бурхан бидэнд бас талх өгч,
Ард түмнээ махаар тэжээж чадах уу?» гэсэн.
21 Ехова тэднийг сонсоод хилэгнэсэн.
Иаковын өөдөөс гал маналзаж,
Израйлын эсрэг түүний уур хилэн дүрэлзсэн.
22 Учир нь тэд Бурханд итгээгүй,
Аврах чадалд нь найдаагүй.
23 Тиймээс тэрбээр үүлтэй тэнгэрт тушааж,
Тэнгэрийн хаалгыг нээсэн.
24 Идэх маннаг тэнгэрээс оруулж,
Тэнгэрийн үр тариаг тэдэнд өгсөн.
25 Хүмүүс тэнгэрийн элч нарын талхыг идсэн.
Тэрбээр тэднийг цадтал нь хооллосон.
26 Тэнгэрт тэрбээр дорнын салхийг хуйлруулж,
Өөрийн хүчээр өмнийн салхийг үлээлгэсэн.
27 Шороон түмэн махыг бороо мэт асгаж,
Тэнгисийн эргийн элс мэт тоймгүй олон шувууг тэнгэрээс унагасан.
28 Тэр тэдгээрийг ард түмнийхээ хуаранд,
Майхнуудынх нь эргэн тойронд унагасан.
29 Тэд идэж, цадацгаасан.
Тэр тэдэнд хүссэнийг нь өгсөн.
30 Гэвч шунал хүслээ хангаж амжилгүй,
Хоолоо амандаа зажилж байх зуур нь
31 Бурхан тэдэнд хилэгнэн уурлаж,
Хамгийн хүчтэйг нь үхүүлж,
Израйлын залуусыг хөнөөсөн юм.
32 Гэлээ ч тэд гэм нүглийг улам ихээр үйлдэж,
Түүний гайхамшигт үйлсэд итгээгүй.
33 Тиймээс тэрбээр тэдний өдөр хоногийг амьсгал мэт богиносгож,
Он жилүүдийг нь гэнэтийн гамшгаар эцэс болгов.
34 Бурхан заримыг нь алж устгахад
Бусад нь буцаж эргээд түүний удирдлага зааврыг хайсан.
35 Бурхан Хад нь байсныг,
Хамгийн дээд Бурхан Аврагч* нь байсныг тэд санав.
36 Гэвч тэд амаараа түүнийг хуурахыг оролдон
Хэлээрээ түүнд худал ярьсан.
37 Түүнийг гэсэн сэтгэл нь тууштай биш байсан.
Түүнтэй байгуулсан гэрээндээ үнэнч биш байсан.
38 Гэвч тэрбээр энэрэн нигүүлсэж,
Гэм нүглийг нь өршөөн хэлтрүүлсэн.
Тэгээд тэднийг сүйрүүлээгүй юм.
Хамаг уураа үл гарган, хилэн юугаа барьсан нь олон.
39 Учир нь тэднийг өчүүхэн дорд хүн гэдгийг,
Үлээгээд өнгөрдөг, буцаж ирдэггүй салхи* гэдгийг санасан юм.
40 Буйд зэлүүд газар тэд түүнд хэдэн ч удаа тэрсэлж,
Цөлд түүний сэтгэлийг хэчнээн ч их өвтгөв дөө!
41 Тэд Бурхныг дахин дахин сорьж
Израйлын Ариун Нэгнийг гашуудуулсан.
42 Тэд түүний хүчтэйг,
Дайснаас аварсан өдрийг мартсан.
43 Тэрбээр Египетэд хэрхэн тэмдэг үзүүлж,
Зоан нутагт яаж гайхамшиг үйлдлээ дээ!
44 Мөн Нилийн сувгуудыг цус болгосон.
Тэгэхэд уснаас нь уухын аргагүй болжээ.
45 Тэднийг залгиулахаар язганасан олон хөх түрүүг явуулж,
Тэднийг сүйрүүлэхээр мэлхийнүүдийг илгээсэн.
46 Үр тариаг нь ховдог царцаануудад,
Хөдөлмөрийнх нь үр шимийг царцаан сүрэгт өгсөн.
47 Усан үзэм, инжрийн моддыг нь
Мөндрөөр устгасан.
48 Ачлагын малыг нь мөндөрт цохиулж,
Мал сүргийг нь аянганд* ниргүүлсэн.
49 Тэрбээр тэдэнд уурлан хилэгнэж,
Дургүйцэн зэвүүцэж гай зовлон учруулсан.
Тэнгэрийн элч нараа илгээн гамшиг буулгасан.
50 Тэр тэдэнд уураа гаргасан.
Тэднийг үхлээс авраагүй.
Харин ч тэдэн дээр тахал буулгав.
51 Эцэст нь Египетийн бүх ууганыг хөнөөж,
Хамын майханд төрсөн анхны хүүхэд бүрийг устгав.
52 Дараа нь ард түмнээ Египетээс гаргаж,
Хонин сүрэг хариулах мэт тэднийг удирдан зэлүүд газраар явуулсан.
53 Тэрбээр тэднийг удирдан, хамгаалсан.
Тэд юунаас ч айгаагүй.
Тэнгисийн ус дайснуудыг нь нөмрөв.
54 Тэрбээр баруун мутраараа эзлэн авсан уулархаг нутагт,
Ариун газартаа тэднийг аваачив.
55 Тэдний төлөө үндэстнүүдийг хөөн зайлуулсан.
Газрыг хэмжин тэдэнд өв болгон өгч,
Израйлын овгуудыг гэр гэрт нь суулгав.
56 Гэвч тэд Хамгийн дээд Бурхныг байнга сорьж,
Түүнд үргэлж тэрслэн тогтоолыг нь эс анхаарав.
57 Тэд түүнээс нүүрээ буруулан, эцэг өвгөд шигээ итгэлгүй загнаж,
Хөвч нь суларсан нум шиг найдваргүй хүмүүс байв.
58 Тэд мөргөлийн өндөрлөг байгуулан түүнийг хилэгнүүлж,
Шүтээн сийлэн уурыг нь хүргэсэн.
59 Үүнийг хараад Бурхан хилэгнэж,
Израйлыг бүрмөсөн хаясан.
60 Эцэст нь тэрбээр Шило дахь майхнаа,
Хүмүүсийн дунд өөрийн амьдарч байсан майхнаа орхисон.
61 Хүч чадлынхаа бэлэг тэмдгийг олзонд өгч,
Сүр жавхлангаа дайсны гарт тушаав.
62 Өмч болсон ард түмэндээ уурлаж,
Тэднийг илдээр хөнөөлгөсөн.
63 Залуусыг нь гал хуйхалж,
Охидод нь хуримын дуу үл сонстов.
64 Тахилчид нь илдээр хөнөөгдөв.
Бэлэвсэн эмэгтэйчүүд нь уйлж гашуудсангүй.
65 Тэгэхэд Ехова
Дарс нь гарсан дайчин нойрноосоо сэрэх мэт сэрж
66 Дайснуудыг хөөн гаргаж,
Үүрд шившиг болгосон.
67 Тэрбээр Иосефын майхныг хаяж,
Ефраим овгийг үл сонгов.
68 Харин Иуда овгийг,
Өөрийн хайрладаг Сион уулыг сонгосон.
69 Тэрбээр ариун газраа тэнгэр мэт үүрдийнх болгож,
Мөнх байлгахаар бүтээсэн дэлхий шигээ болгосон.
70 Өөрийн зарц Давидыг сонгон,
Хонины хотноос түүнийг авч,
71 Хургатай хонь маллахыг нь болиулж,
Өөрийн ард түмэн Иаковын,
Өмч болсон Израйлынхаа хоньчноор томилсон.
72 Тэрбээр* үнэнч сэтгэлээр тэднийг хариулж,
Чадварлагаар тэднийг удирдсан юм.