Лукийн бичсэн сайн мэдээ
14 Амралтын өдөр Есүс фарисайчуудын нэгэн ахлагчийнд хоол идэхээр очжээ. Гэрт байсан хүмүүс түүнийг анхааралтай харж байлаа. 2 Есүсийн өмнө усан хавантай хүн байжээ. 3 Хуулийг сайн мэддэг хүмүүс болон фарисайчуудаас Есүс: «Амралтын өдөр хүн эдгээх нь зөв үү?» гэж асуухад 4 тэд хариулсангүй. Тэгэхээр нь Есүс тэр хүн дээр гараа тавьж эдгээгээд явуулжээ. 5 Тэгээд Есүс: «Амралтын өдөр хүү нь эсвэл үхэр нь худагт унахад тэр дор нь татаж гаргахгүй хүн та нарын дунд байна уу?» гэхэд 6 тэд юу ч хэлж чадсангүй.
7 Зочид хамгийн хүндтэй суудалд суухыг Есүс ажиглаад жишээ татан ийн ярьжээ. 8 «Хурим найранд уригдсан бол хамгийн хүндтэй суудалд бүү суу. Танаас илүү хүндтэй хүн ч уригдсан байж мэднэ. 9 Тэгээд та хоёрыг урьсан хүн ирээд танд “Энэ хүнд суудлаа тавьж өг” гэвэл та ичгүүр болж хамгийн доор очиж суух болно. 10 Харин уригдсан бол хамгийн доор очиж суу. Тэгвэл урьсан хүн тан руу ирээд “Анд минь, дээшээ суу” гэнэ. Тэгвэл та бүх зочны өмнө хүндлэгдэнэ шүү дээ. 11 Учир нь Бурхан өөрийгөө өргөмжилдөг хүн бүрийг дорд болгож, өөрийгөө дорд болгогчийг өргөмжилдөг».
12 Дараа нь Есүс өөрийг нь урьсан хүнд ингэж хэлэв. «Оройн зоог барих эсвэл найр хийхдээ найз нөхөд, ах дүү, хамаатнуудаа эсвэл баян хөршүүдээ бүү дууд. Тэд ч бас чамайг урьж хариу барина шүү дээ. 13 Харин ядуу, эрэмдэг зэрэмдэг, доголон, сохор хүмүүсийг найрандаа урь. 14 Хариу барьж чадахгүй тийм хүмүүсийг урьсандаа чи жаргалтай байна. Яагаад гэвэл шударга сайн хүмүүсийг амилуулах цагт Бурхан чамайг шагнана».
15 Зочдын нэг нь үүнийг сонсоод «Бурхны Хаант төрд зоог барих нэгэн жаргалтай» гэжээ.
16 Есүс түүнд «Нэг хүн том найр хийж олон хүнийг урьжээ. 17 Зоог барих цаг болоход уригдсан хүмүүс рүү боолоо явуулж “Бүх юм бэлэн боллоо. Ирцгээнэ үү” гэж хэлүүлжээ. 18 Гэтэл бүгдээрээ шалтаг тоочиж эхлэв. Эхний хүн: “Би газар авсан юм. Газраа үзэх хэрэг гарлаа. Намайг өршөөнө үү” гэжээ. 19 Өөр нэг нь: “Би 10 үхэр авсан юм. Очиж үзэх хэрэгтэй боллоо. Өршөөгөөрэй” гэсэн байна. 20 Бас өөр нэг нь: “Би дөнгөж сая гэрлэсэн болохоор очиж чадахгүй нь” гэжээ. 21 Боол ирээд эзэндээ энэ бүгдийг хэлэв. Эзэн ихэд уурлан “Хотын гол гудамж, талбайнууд руу хурдхан очоод ядуу, эрэмдэг зэрэмдэг, сохор, доголон хүмүүсийг авчир” гэж тушаажээ. 22 Боол ирээд “Эзэнтэн, таны тушаалыг биелүүллээ. Гэхдээ сул суудал үлдээд байна” гэлээ. 23 Эзэн: “Хотын гаднах зам, нарийн гудамжаар явж, хүмүүсийг ятгаж ирүүл. Тэгээд гэрийг минь дүүргэ. 24 Өмнө нь уригдсан хүмүүсийн нэг нь ч зоогноос минь амсахгүй” гэжээ» хэмээв.
25 Есүстэй хамт олон хүн явж байв. Тэр эргэж хараад 26 «Миний дагалдагч болъё гэвэл намайг эцэг эх, эхнэр хүүхэд, ах эгч, бүр өөрөөсөө ч илүү хайрлах ёстой. 27 Тарчлаах шонгоо* үүрч намайг дагадаггүй хэн боловч миний шавь болж чадахгүй. 28 Жишээ нь, та нарын нэг цамхаг барихыг хүсжээ. Тэгвэл эхлээд тэрээр суугаад, барьж дуусгах боломжтой эсэхээ мэдэх гэж зардлыг нь тооцоолохгүй гэж үү? 29 Тэгэхгүй бол суурь тавьсан ч дуусгаж чадаагүйг хүмүүс хараад дооглон тохуурхаж 30 “Энэ хүн барьж эхэлсэн ч дуусгаж чадсангүй” гэх болно. 31 Эсвэл 10 000 цэрэгтэй хаан өөртэй нь дайтахаар ирж буй 20 000 цэрэгтэй хааныг ялж чадах эсэхээ эхлээд сууж байгаад зөвлөлдөхгүй гэж үү? 32 Хэрэв ялж чадахааргүй бол нөгөө хааныг хол байгаа дээр нь элчээ илгээн эвлэрэхийг гуйна шүү дээ. 33 Үүнчлэн, та нарын хэн ч байгаа бүхнээ орхихгүй бол миний шавь болж чадахгүй.
34 Давс бол хэрэгтэй зүйл. Харин амтаа алдвал дахин яаж давслаг болгох билээ? 35 Хөрсөнд ч нэмэргүй, бордоо ч болохгүй тийм юмыг хүмүүс хаядаг. Сонсох чихтэй нь сонсог» гэжээ.