Эхлэл
25 Абрахам дахин эхнэр авчээ. Эхнэрийг нь Кетура гэдэг. 2 Кетура нь Зимран, Иокшан, Медан, Мидиан, Ишбак, Шуа нарыг төрүүлэв.
3 Иокшан нь Шеба, Деданы эцэг болж,
Дедан нь Ашурим, Летушим, Леумимийн* эцэг болжээ.
4 Мидианы хөвгүүд нь Ефа, Ефер, Ханох, Абида, Елдаа нар юм.
Эд бүгд Кетурагийн үр удам юм.
5 Хожим нь Абрахам байгаа бүхнээ Исаакт өгч, 6 харин татвар эмсийнхээ хөвгүүдэд бэлэг өгчээ. Абрахам амьд байхдаа тэднийг хүү Исаакаасаа холдуулж, зүүн зүгийн нутаг руу явуулжээ. 7 Абрахам 175 насалж 8 амьсгал хураав. Тэрбээр сайхан урт насалж, сэтгэл хангалуун амьдарсан бөгөөд эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрсжээ*. 9 Түүнийг хөвгүүд нь болох Исаак Ишмаел хоёр Мамрегийн ойролцоо байдаг, хит хүн Зохарын хүү Ефроны талбай дахь Махпелагийн агуйд оршуулав. 10 Энэ талбайг Абрахам хитчүүдээс худалдан авч байсан юм. Абрахамыг эхнэр Сараг нь оршуулсан газар оршуулжээ. 11 Абрахамыг нас барснаас хойш ч Бурхан хүү Исаакийг нь ивээж байлаа. Исаак Беер-лахаи-роин орчим амьдарч байв.
12 Энэ бол Ишмаелын түүх юм. Ишмаел бол Сарагийн шивэгчин египет хүн Хагарын Абрахамд төрүүлж өгсөн хүү билээ.
13 Ишмаелын хөвгүүд нь дараах бөгөөд тэднээс бий болсон овгууд нэрсээр нь нэрлэгджээ. Ишмаелын ууган хүү нь Небаиот, удаах нь Кедар. Бас Адбеел, Мибсам, 14 Мишма, Дума, Масса, 15 Хадад, Тема, Иетур, Нафиш, Кедема нар юм. 16 Эд бол Ишмаелын хөвгүүд бөгөөд арван хоёулаа тус тусынхаа овгийн удирдагч ажээ. Тэдний тосгон, суурингуудыг нэрээр нь нэрлэсэн юм. 17 Ишмаел 137 насалж, амьсгал хураан эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрсжээ*. 18 Үр удам нь Египетээс холгүй байдаг Шурын ойролцоох Хавилагаас Ассири хүртэл нутагладаг байв. Тэд бүх ах дүүтэйгээ ойр амьдардаг байжээ*.
19 Энэ бол Абрахамын хүү Исаакийн түүх юм.
Абрахам Исаакийн эцэг болсон билээ. 20 Исаак 40 настайдаа Паддан-Арамын арам хүн Бетуелийн охин, арам хүн Лабаны дүү Ребекатай гэрлэжээ. 21 Ребека хүүсэр учир Исаак эхнэрийнхээ төлөө Еховад залбирсаар байлаа. Иймд Ехова залбиралд нь хариулж, эхнэр Ребека нь жирэмслэв. 22 Хэвлий дэх хөвгүүд нь бие биетэйгээ тэмцэлдэх болжээ. Иймээс Ребека: «Би ингэж зовох ёстой юм бол амьд явахын хэрэг байна уу?» гэжээ. Тэрбээр Еховагаас асуухад 23 Ехова: «Хэвлийд чинь хоёр үндэстэн байна. Хоёр тусгаар ард түмэн чамаас гарна. Нэг үндэстэн нь нөгөөгөөсөө хүчирхэг болно. Том нь багадаа үйлчилнэ» гэж айлдав.
24 Ребекагийн амаржих цаг болж, ихэр хүүхэд төрүүлжээ. 25 Түрүүлж гарсан хүү нь нэлэнхүйдээ улаан, үстэй хувцас өмссөн мэт үсэрхэг байсан учир тэд түүнд Есав* гэдэг нэр өгөв. 26 Дүү нь Есавын өсгийнөөс зуурсаар гарч ирсэнд түүнд Иаков* гэдэг нэр өгөв. Ребекаг ихрүүдээ төрүүлэхэд Исаак 60 настай байжээ.
27 Хөвгүүд өсөж том болов. Есав гарамгай анчин, хээр талын хүн болжээ. Иаков майханд суудаг, гэм зэмгүй хүн байв. 28 Исаак Есавт хайртай байжээ. Яагаад гэвэл Есавын агнадаг ангийн маханд дуртай байв. Харин Ребека Иаковт хайртай байлаа. 29 Нэг удаа Есавыг хээрээс ядраад ирэхэд Иаков зутан шөл буцалгаж байв. 30 Есав Иаковт «Наад улаан зутан шөлнөөсөө надад хурдхан өгөөдхөөч*. Би ядарч* үхлээ!» гэж хэлэв. Түүнийг Едом* гэдэг болсон нь ийм учиртай. 31 Тэгэхэд Иаков: «Эхлээд ууган хүүгийн эрхээ надад худалд» гэхэд 32 Есав: «Би үхэх гэж байна. Ууган хүүгийн эрх ямар хэрэгтэй юм бэ!» гэж хэлжээ. 33 Тэгэхэд Иаков: «Тэгвэл эхлээд тангарагла» гэсэнд Есав Иаковт тангараглаж ууган хүүгийн эрхээ худалдав. 34 Тэгэхээр нь Иаков талх, сэвэг зарамтай зутан шөл өгсөнд Есав идэж уугаад босож явлаа. Есав ууган хүүгийн эрхээ ингэж үл тоомсорлосон юм.