Еврейчүүдэд бичсэн захидал
8 Бидний ярианы гол сэдэв нь энэ юм. Бидэнд чухам ийм тэргүүн тахилч байдаг. Тэрээр тэнгэрт буй Хамгийн дээд нэгний сэнтийний баруун талд суусан. 2 Бас хүний бариагүй, Еховагийн* барьсан жинхэнэ асрын ариун газрын үйлчлэгч билээ. 3 Тэргүүн тахилч бүр өргөл болон тахил өргөхөөр томилогддог. Тиймээс Есүс ч бас өргөл өргөх шаардлагатай байсан. 4 Хэрэв тэрээр дэлхий дээр байсан бол тахилч биш байх байлаа. Учир нь Хуулийн дагуу тахил өргөдөг өөр хүмүүс байгаа. 5 Тэдний ариун үйлчлэл нь тэнгэр дэх юмны сүүдэр, хуулбар юм. Мосег мөргөлийн асар барих гэж байхад Бурхан: «Уулан дээр чамд үзүүлсэн загварын дагуу бүх юмыг хийхийг анхаараарай» гэж захисан. 6 Харин эдүгээ Есүс гойд сайн даалгаврыг хүлээж авчээ. Учир нь тэрээр илүү сайн амлалтад үндэслэсэн, хуульд нийцсэн илүү сайн гэрээний зууч юм.
7 Эхний гэрээ нь төгс байсан бол хоёр дахь гэрээ хэрэггүй байх байв. 8 Бурхан хүмүүсийг буруутай гэж үздэг учраас ийн хэлсэн. «“Би Израйл болон Иудагийн гэртэй шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна” гэж Ехова* хэлдэг. 9 “Энэ нь тэдний өвөг дээдсийг хөтлөн Египетээс гаргасан тэр өдөр байгуулсан гэрээтэй адилгүй юм. Учир нь тэд миний гэрээг хайхрахаа больсон юм. Тиймээс би тэдэнд санаа тавихаа больсон” гэж Ехова* хэлдэг.
10 “Энэ бол тэр өдрүүдийн дараа Израйлын гэртэй миний байгуулах гэрээ юм” гэж Ехова* хэлдэг. Түүнчлэн “Би хуулиа тэдний ухаан санаанд шингээж, зүрх сэтгэлд нь бичнэ. Тэгээд би тэдний Бурхан, тэд миний ард түмэн болно.
11 Тэдний нэг нь ч нутгийнхан болон ах дүүдээ «Еховаг* таньж мэд!» гэж хэлэхгүй. Учир нь тэдний өчүүхэн нь ч, агуу нь ч бүгдээрээ намайг мэдэх юм. 12 Учир нь тэдний гэм бурууг би өршөөнө. Нүглийг нь дахин хэзээ ч санахгүй” гэж хэлдэг».
13 Тэрээр «шинэ гэрээ» гэж хэлэхдээ өмнөх гэрээг хүчингүй болгосон хэрэг. Хүчингүй болсон, хуучирч байгаа юм удахгүй үгүй болдог.