Египетээс гарсан нь
24 Тэгээд Ехова Мосед «Чи Аарон, Надаб, Абиху болон Израйлын 70 ахлагчтай уул руу гарч, надад холоос мөргө. 2 Харин чи ганцаараа Ехова над руу ойртож ир. Бусад нь над руу ойртож ирж болохгүй. Үлдсэн ард олон чамтай хамт гарч ирж болохгүй» гэлээ.
3 Тэгээд Мосе бууж ирээд Еховагийн айлдсан бүх үг, хууль тогтоолыг ард олонд хэлэхэд тэд нэгэн дуугаар «Еховагийн хэлсэн бүгдийг бид биелүүлнэ» гэж хариулав. 4 Иймээс Мосе Еховагийн хэлсэн бүгдийг бичиж тэмдэглэжээ. Тэрбээр өглөө эрт босож уулын хормойд тахилын ширээ, мөн Израйлын 12 овгийн тоогоор 12 багана босголоо. 5 Дараа нь Мосе израйл залуучуудыг явуулж шатаалт тахилуудыг, бас бухнуудаар эвийн тахилуудыг Еховад өргүүлэв. 6 Мосе цусных нь хагасыг авч савнуудад хийн, нөгөө хагасыг нь тахилын ширээн дээр цацлаа. 7 Тэгээд гэрээний номыг аваад ард олонд чанга дуугаар уншиж өгчээ. Тэгэхэд нь тэд: «Бид нар Еховагийн хэлсэн бүхнийг биелүүлж, үгийг нь дагана» гэцгээв. 8 Тиймээс Мосе цус авч ард түмний дээгүүр цацан «Та нарын хүлээн зөвшөөрсөн, Еховагийн айлдсан бүх үгэнд үндэслэн тэрбээр та нартай энэ цусаар гэрээ байгуулж байна» гэж хэлжээ.
9 Мосе, Аарон, Надаб, Абиху болон Израйлын 70 ахлагч өгсөж 10 Израйлын Бурхныг харав. Хөлийнх нь доор индранил дэвссэн мэт, тэнгэр шиг цэлмэг байлаа. 11 Тэрбээр Израйлын хүндэтгэл хүлээсэн тэр эрчүүдэд хор хохирол учруулаагүй юм. Тэд жинхэнэ Бурхны үзэгдлийг үзэж, идэж ууцгаав.
12 Ехова Мосед «Уул руу над дээр хүрч ирээд энд бай. Би тэдэнд заавар өгөхөөр чулуун хавтан дээр хууль тушаалуудыг бичээд чамд өгнө» гэж айлдлаа. 13 Тиймээс Мосе туслах Иошуатайгаа уул руу явав. Тэгээд Мосе жинхэнэ Бурхны уул руу гарлаа. 14 Гэхдээ Мосе ахлагчдад «Биднийг яваад иртэл энд хүлээж байгаарай. Аарон Хур хоёр та нартай хамт байна. Ямар нэг хэрэг гарвал тэдэнд хандаарай» гэжээ. 15 Тэгээд Мосег уулан дээр гарахад үүл бүрхсэн байлаа.
16 Еховагийн цог жавхлан Синаи уулан дээр тогтож, зургаан өдөр уулыг үүл бүрхэв. Тэрбээр долоо дахь өдөр нь үүлэн дундаас Мосег дуудлаа. 17 Еховагийн цог жавхлан израйлчуудад уулын орой дээр дүрэлзэн асаж байгаа гал шиг харагдаж байв. 18 Мосе үүлэн дунд орж, уул өөд гарчээ. Тэрбээр уулан дээр 40 өдөр, 40 шөнө байлаа.