Нэгдүгээр Коринт
12 Ах дүү нар аа, Бурхны өгдөг бэлгийн талаар та нар мэддэг байгаасай. 2 Та нар харь үндэстэн* байхдаа хэлгүй шүтээнүүдийг шүтдэг, тэдгээрээр удирдуулдаг байсан. 3 Би нэг юм хэлье. Бурхны агуу хүчээр удирдуулж байгаа хэн ч «Есүс хараагдсан!» гэж хэлэхгүй бөгөөд агуу хүчээр удирдуулаагүй хэн ч «Есүс бол Эзэн!» гэж хэлэхгүй.
4 Бэлэг олон янз боловч агуу хүч нэг. 5 Олон янзаар үйлчилдэг ч нэг л Эзэнд үйлчилдэг. 6 Бурхны агуу хүчээр удирдуулж хийдэг ажил олон янз боловч эдгээрийг хийдэг хүмүүсийг удирддаг Бурхан ганц юм. 7 Тэд агуу хүчээр удирдуулдаг нь илэрхий харагддаг. Энэ нь олны тусын тулд юм. 8 Нэгэнд нь мэргэн ухаалаг ярих чадварыг агуу хүчээрээ, нөгөөд нь мэдлэгтэй ярих чадварыг* тэр л агуу хүчээрээ, 9 өөр нэгэнд нь итгэлийг бас л агуу хүчээрээ, дахиад нэгэнд нь эдгээх чадварыг өнөөх агуу хүчээрээ өгдөг. 10 Нөгөөд нь гайхамшиг үйлдэх чадвар, өөр нэгэнд нь зөгнөх чадвар, бас нэгэнд нь үгийг Бурхнаас ирсэн үг мөн эсэхийг таних чадвар, нөгөөд нь харь хэлээр ярих чадвар, өөр нэгэнд нь хэлмэрчлэх чадварыг өгдөг. 11 Гэхдээ энэ бүхний цаана тэр л агуу хүч байдаг бөгөөд Бурхан хүссэнээрээ хүн бүрд бэлэг өгдөг.
12 Бие нэг боловч эрхтэн олон, эрхтэн олон боловч бие ганц байдаг шиг Христийн бие бас тийм юм. 13 Бид иудей, грек, боол, эрх чөлөөт хүн гэлгүй нэг бие бүрдүүлэхийн тулд Бурхны агуу хүчээр баптисм хүртсэн бөгөөд бүгдээрээ тэр агуу хүчийг хүлээж авсан.
14 Бие нэг биш, олон эрхтэнтэй. 15 Хөл: «Би гар биш юм чинь биетэй холбоогүй» гэж хэлснээр биед хамаагүй болчихгүй. 16 Чих: «Би нүд биш юм чинь биетэй холбоогүй» гэж хэлснээр тэр биед хамаагүй болчихгүй шүү дээ. 17 Хэрэв бие тэр чигээрээ нүд байсан бол юугаараа сонсох юм бэ? Хэрэв бие тэр чигээрээ чих байсан бол юугаараа үнэрлэх юм бэ? 18 Харин Бурхан хүссэнээрээ эрхтэн бүрийг биед байрлуулжээ.
19 Хэрэв бүх эрхтэн нэг л янзынх байсан бол бие гэж хэлж болох уу? 20 Эрхтэн олон боловч бие нэг юм шүү дээ. 21 Нүд: «Чи надад хэрэггүй» гэж гарт хэлэх аргагүй шүү дээ. Толгой: «Чи надад хэрэггүй» гэж хөлд хэлэх аргагүй шүү дээ. 22 Сул дорой мэт санагддаг эрхтэн зайлшгүй хэрэгтэй байдаг. 23 Ач холбогдол багатай мэт санагддаг эрхтнээ бид илүү их анхаардаг болохлоор тэр эрхтэн илүү аятайхан харагддаг. 24 Харин ач холбогдолтой нь анхаарал шаарддаггүй. Сул доройдоо илүү санаа тавиг гэж Бурхан ийнхүү бүтээжээ. 25 Энэ нь биеийг дотроо хагаралгүй, нэг нэгэндээ санаа тавьдаг эрхтэнтэй байлгах гэснийх юм. 26 Нэг эрхтэн зовбол бусад нь бүгдээрээ зовдог. Нэг эрхтэн хүндэтгэл хүлээвэл бусад нь бүгдээрээ баярладаг.
27 Та нар бол Христийн бие бөгөөд дор дороо эрхтэн юм. 28 Бурхан хуралд янз бүрийн эрхтэн өгсөн. Эдгээр нь нэгдүгээрт, элчүүд; хоёрдугаарт, зөнчид; гуравдугаарт, багш нар; дараа нь гайхамшиг үйлддэг, тэгээд эдгээдэг, тусалдаг, удирддаг, харь хэлээр ярьдаг хүмүүс юм. 29 Бүгдээрээ элч гэж үү? Бүгдээрээ зөнч гэж үү? Бүгдээрээ багш гэж үү? Бүгдээрээ гайхамшиг үйлддэг гэж үү? 30 Бүгдээрээ эдгээдэг гэж үү? Бүгдээрээ харь хэлээр ярьдаг гэж үү? Бүгдээрээ хэлмэрчилдэг гэж үү? 31 Илүү агуу бэлэг авах гэж тэмүүлж бай. Одоо би та нарт нэг давуу замыг зааж өгье.