Ромчуудад бичсэн захидал
14 Итгэлээр дутмаг хүнийг хүлээж ав. Гэхдээ үзэл бодлыг нь бүү шүү. 2 Итгэдэг хүн юу ч иддэг байхад, итгэлээр дутмаг хүн зөвхөн ногоо иддэг. 3 Иддэг нь иддэггүй нэгнээ бүү дорд үз. Иддэггүй нь иддэг нэгнээ бүү шүү. Учир нь Бурхан түүнийг хүлээж авсан юм. 4 Та хэн болоод бусдын боолыг шүүнэ вэ? Тэр боол эзнийхээ өмнө зогсдог эсвэл унадаг. Ехова* түүнийг босгох чадалтай учир тэр хүн зогсоно.
5 Нэг өдрийг бусад өдрөөс онцолж үздэг хүн байхад бүх өдрийг адилхан гэж үздэг хүн байдаг. Хүн бүр өөрийнхөө бодлыг зөв гэдэгт итгэлтэй байг. 6 Өдрийг онцолж үздэг нь Еховагийн* төлөө юм. Иддэг нь Еховагийн* төлөө иддэг. Учир нь тэр хүн Бурханд талархдаг. Иддэггүй нь ч Еховаг* бодоод иддэггүй. Тэглээ ч гэсэн Бурханд талархдаг. 7 Үнэндээ, хэн маань ч зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаггүй, бас өөрийнхөө төлөө үхдэггүй. 8 Учир нь бид амьд явбал Еховагийн* төлөө амьд явдаг. Үхвэл Еховагийн* төлөө үхдэг. Тэгэхээр бид амьд ч бай, үхсэн ч бай, Еховагийнх* юм. 9 Учир нь Христ үхэгсэд болон амьд хүмүүсийн Эзэн байхын тулд үхээд амилсан билээ.
10 Гэтэл та ах дүүгээ яагаад шүүнэ вэ? Ах дүүгээ яагаад дорд үзнэ вэ? Бид бүгдээрээ Бурхны шүүх сэнтийний өмнө зогсоно шүү дээ. 11 «“Би өөрөөрөө тангараглая. Өвдөг бүхэн надад сөгдөж, хэл бүхэн намайг Бурхан гэж хүлээн зөвшөөрнө” хэмээн Ехова* айлдсан» гэж бичсэн байдаг. 12 Тэгэхээр, бидний хүн бүр тайлангаа Бурханд өгнө.
13 Тиймээс цаашид нэг нэгнээ шүүхгүй байя. Ах дүүгийнхээ хувьд бүдрүүлэх чулуу эсвэл садаа болохгүй байя гэж шийдье. 14 Эзэн Есүсийн дагалдагчийн хувьд би үүнийг мэддэг, үүнд итгэлтэй байдаг. Юу гэвэл, ямар ч юм бузар биш. Харин бузар гэж үздэг хүний хувьд тэр нь бузар байдаг. 15 Хэрэв та идэх юмнаас болж ах дүүгээ зовоовол түүнийг хайрлахгүй байгаа хэрэг. Идэх юмнаас болж хүнийг бүү хөнөө. Түүний төлөө Христ амиа өгсөн шүү дээ. 16 Тиймээс та нарын сайн гэж үздэг юмыг хүмүүс муу хэлдэг бол бүү хий. 17 Учир нь Бурхны Хаант төрд багтъя гэвэл идэж уух бус, харин шударга сайнд тооцогдож, бусадтай эвтэй байж, Бурхны агуу хүчээр удирдуулан баяр хөөртэй байх учиртай. 18 Ийм зан чанартай бөгөөд Христэд боол мэт үйлчилдэг хэн боловч Бурханд таалагддаг, хүмүүст сайшаагддаг.
19 Тиймээс эвтэй байхын тулд, бие биеэ урамшуулан зоригжуулахын тулд чадах бүхнээ хийцгээе. 20 Идэх юмнаас болж Бурхны ажлыг нураахаа боль. Үнэндээ, бүх юм цэвэр. Харин идэх юмнаас болж бусдыг бүдрүүлдэг бол өөрт нь муу. 21 Мах идэхгүй, дарс уухгүй, ах дүүгээ бүдрүүлэх өөр ямар ч юм хийхгүй байх нь хамгийн сайн. 22 Та итгэлээ өөртөө л байлга. Энэ нь Бурхан та хоёрын хэрэг. Зөв гэж үздэг юмаараа өөрийгөө буруутгадаггүй хүн жаргалтай. 23 Эргэлзсэн хэр нь идвэл буруутгагдана. Учир нь итгээд идсэн хэрэг биш. Үнэндээ итгэхгүйгээр хийсэн бүхэн нүгэл юм.