Езра
4 Иудачууд, бениаминчуудад дайсагнадаг хүмүүс цөллөгөөс буцаж ирэгсдийг Израйлын Бурхан Еховад зориулж сүм барьж байгааг дуулаад 2 тэр даруй Зеруббабел болон эцгийн бүлүүдийн тэргүүнүүд дээр очиж «Та нартай хамт барилцъя. Яагаад гэхээр бид та нартай л адил танай Бурхныг шүтдэг. Биднийг энд авчирсан Ассирийн хаан Есархаддоны үеэс хойш бид танай Бурханд тахил өргөж байгаа» гэв. 3 Харин Зеруббабел, Иешуа болон бусад эцгийн бүлүүдийн тэргүүнүүд: «Та нарт бидэнтэй хамт манай Бурханд өргөө барих эрх байхгүй. Персийн хаан Корешийн бидэнд тушааснаар, бид өөрсдөө Израйлын Бурхан Еховад зориулж өргөө барина» гэж тэдэнд хэлжээ.
4 Гэсэн ч зэргэлдээх нутгуудынх нь хүмүүс Иудагийн ард түмний зүрхийг нь үхүүлж, барилгын ажил хийх урам зоригийг нь мохоосоор байв. 5 Төлөвлөгөөг нь нураахаар Персийн Кореш хааны үеэс Персийн Дариус* хааны үе хүртэл зөвлөхүүдийг хөлсөлж байлаа. 6 Ахашверошийг* хаан болсны дараахан тэд Иуда, Иерусалимын оршин суугчдыг буруутган захидал бичжээ. 7 Түүнчлэн Персийн Артаксеркс хааны үед Бишлам, Митредат, Табеел болон түүний бусад хамтрагч Артаксеркс хаанд захидал бичив. Уг захидлаа арамей хэл рүү хөрвүүлжээ.
8 * Түшмэл Рехум, гүүш Шимшаи хоёр Иерусалимын хүмүүсийг буруутгаж Артаксеркс хаанд ийн бичжээ. 9 (Бичсэн хүмүүс нь түшмэл Рехум, гүүш Шимшаи, тэдний хамтрагчид, тодруулбал шүүгчид, бага тушаалын захирагчид, бичээчид, Ерехийн хүмүүс, вавилончууд, Сусагийн оршин суугчид буюу еламчууд, 10 агуу, хүндэт Асенаппар хааны Самарийн хотууд руу цөлж суурьшуулсан бусад үндэстэн, мөн Их мөрний чанад дахь бүс нутгийн* бусад хүн юм. 11 Тэдний илгээсэн захидал нь энэ билээ. )
«Артаксеркс хаан танаа, зарц нар тань болох Их мөрний чанад дахь бүс нутгийн хүмүүсээс айлтгах нь: 12 Танай тэндээс манай энд ирсэн иудейчүүд Иерусалимд цуглачихаад байгааг хааны сонорт хүргэе. Тэд хотыг сэргээн барьж, хана хэрмийг нь босгож, сууриудыг нь сэргээн завсарлаж байна. Энэ хотын хүмүүс бол тэрслүү, хорон муу хүмүүс. 13 Хэрэв энэ хотыг сэргээн барьж, хана хэрмийг нь босгож дуусгавал тэд ямар ч татвар хураамж, алба гувчуур, гааль төлөхгүй бөгөөд улмаар хаадын сан хөмрөгт хохирол учрахыг хаан мэдтүгэй. 14 Бид хааны ордноос цалин хөлс авдаг* учир хааны эрх ашигт хохирол учрахыг харж тэвчихгүй. Иймээс хаанд үүнийг мэдэгдэж захидал явууллаа. 15 Та өвөг дээдсийнхээ түүхийн тэмдэглэлийг судлуулж үзнэ үү. Тэгвэл энэ хотынхныг тэрслүү, хаад болон мужуудад халгаатай гэдгийг, мөн энэ хот эртнээс үймээн самуун дэгдээгчдийн үүр уурхай байсныг мэдэж авна. Ийм л учраас уг хот устгагдсан юм. 16 Хэрэв энэ хотыг сэргээн бариад хана хэрмийг нь босгож дуусгавал хаан та Их мөрний чанад дахь бүс нутгийг захирах мэдэлгүй болохыг мэдэгдэж байна».
17 Түшмэл Рехум, гүүш Шимшаи, тэдний хамтрагчид буюу Самари, Их мөрний чанад дахь хүмүүст хаан хариу илгээж:
«Та бүхний амар амгаланг айлтгая! 18 Та бүхний явуулсан албан бичгийг надад тодорхой, ойлгомжтой уншиж өгсөн*. 19 Миний тушааснаар судалж үзэхэд энэ хотынхон эртнээс хаадыг эсэргүүцдэг, үймээн самуун, бослого тэмцэл гаргадаг байсан нь тогтоогдсон. 20 Мөн Иерусалим хүчирхэг хаадтай байсан бөгөөд тэд Их мөрний чанад дахь бүс нутгийг бүхэлд нь захирч татвар хураамж, алба гувчуур, гааль авдаг байжээ. 21 Тэгэхлээр одоо тэр хүмүүст ажлаа зогсоохыг тушаа. Намайг зарлиг буулгахаас нааш хотыг сэргээн барьж болохгүй. 22 Хааны эрх ашигт харш явдлыг таслан зогсоохын тулд энэ хэрэгт туйлын няхуур хандагтун» хэмээжээ.
23 Артаксеркс хааны албан бичгийн хувийг Рехум, гүүш Шимшаи, тэдний хамтрагчдын өмнө уншсанд тэд тэр даруй Иерусалим дахь иудейчүүд дээр очоод хүч хэрэглэн ажлыг нь зогсоожээ. 24 Ингээд Иерусалим дахь Бурхны өргөөний ажил зогсож, Персийн Дариус хааны хоёрдугаар он хүртэл ийм байдалтай байв.