Дуулал
Удирдаачид: «Сараана»-д тааруулав. Давидын дуу.
69 Бурхан минь ээ, намайг авраач. Их ус амийг минь авах нь ээ.
2 Би хөлгүй намагт шигдэж,
Гүн усанд унан,
Ширүүн урсгалд урсав.
3 Чадлаа барагдтал хашхирлаа.
Хоолой минь ч сөөжээ.
Бурхнаа хүлээсээр байгаад нүд минь сүүмийжээ.
4 Намайг шалтгаангүйгээр үзэн ядагчид
Толгойн үснээс минь олон.
Намайг цааш нь харуулахыг хүсэгчид,
Зальт дайснууд* олон болжээ.
Би хулгайлаагүй атал тэд надаас нэхсэн.
5 Бурхан минь ээ, миний тэнэглэлийг та мэднэ.
Миний гэм буруу танаас нууцлагдаагүй.
6 Хэмжээгүй эрхт Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова минь ээ,
Танд найдагчид надаас болж шившиг бүү болоосой.
Израйлын Бурхан минь ээ,
Таны удирдлага зааврыг хайгчид надаас болж бүү ад үзэгдээсэй.
7 Би танаас болж муу хэлүүлж байна.
Би аймшигтай доромжлолыг үзэж байна.
8 Би ах дүүстээ танихгүй хүн,
Эхийнхээ хөвгүүдэд харийн хүн болсон.
9 Таны өргөөний төлөөх зүтгэл намайг эзэмдэв.
Таныг яаж доромжилсон, намайг бас тийн доромжилсон.
10 Даруу болж* мацаг барихад минь
Хүмүүс намайг муу хэлсэн.
11 Таар нөмрөхөд минь
Тэд намайг элэглэн дооглосон.
12 Хотын хаалганы дэргэд суугчид миний тухай ярьж,
Согтуурагчид намайг ёжлон дуулдаг.
13 Гэвч Ехова минь ээ, тааламжтай цагт
Залбирал минь танд хүрэх болтугай.
Бурхан минь ээ, бялхам их үнэнч хайраараа надад хариулж,
Найдвартай аврагч гэдгээ харуулаач.
14 Намгаас намайг татаж гаргаач.
Бүү живүүлээч.
Намайг үзэн ядагчдаас,
Гүн уснаас авраач.
15 Үерийн ширүүн урсгалд намайг бүү урсгаач.
Гүн усанд намайг бүү залгиулаач.
Нүхний* амыг миний дээрээс бүү хаагаач.
16 Ехова минь ээ, үнэнч хайр тань агуу учир надад хариулаач.
Та агуу өршөөнгүй учир над руу хараач.
17 Зарцаасаа нүүрээ бүү нуугаач.
Зовж байгаа надад хурдан хариулаач.
18 Хүрч ирээд намайг авраач.
Дайснуудаас хамгаалаач*.
19 Доромжлуулж, шившиг болж, ад үзэгддэгийг минь та мэднэ.
Надад дайсагнагч бүгдийг та хардаг.
20 Доромжлуулснаас болж зүрх минь шимшрэн, эдгэршгүй шарх олсон*.
Өрөвдөх хүн ирнэ гэж горьдон хүлээсэн ч талаар болов.
Тайтгаруулагчдыг хайсан ч олдсонгүй.
21 Тэд надад хоолны оронд хор* өгсөн.
Цангахад минь цуу өгсөн.
22 Хоолны ширээ нь хавх болог.
Хөгжил цэцэглэл нь урхи болог.
23 Нүд нь харанхуйлж юу ч харахгүй болог.
Хөл* нь байнга чичрэг.
24 Та тэдэн дээр хилэнгээ буулгаач.
Таны дүрэлзсэн уур тэднийг нөмрөг.
25 Хуаран нь хоосрог.
Майхан нь эзгүйрэг.
26 Учир нь тэд таны цохисон нэгнийг мөшгөсөн.
Таны шархлуулсан хүмүүсийн зовлонг байнга ярьдаг.
27 Гэм нүглийнх нь шийтгэлийг бүрэн хүртээгээч*.
Тэднийг зөв шударгад бүү тооцооч.
28 Амийн номоос нэр нь арчигдаг.
Зөв хүмүүсийн жагсаалтад бүү орог.
29 Би зовж байна, өвдөж байна.
Бурхан минь, авраач, хамгаалаач.
30 Би Бурхны нэрийг магтан дуулна.
Талархах сэтгэлээр түүнийг алдаршуулна.
31 Энэ нь бухаас ч илүүгээр,
Эвэр туурайтай залуу бухаас ч илүүгээр Еховаг баярлуулна.
32 Дөлгөөн хүмүүс үүнийг хараад баярлана.
Бурхны удирдлага зааврыг хайгчид аа, та нарын сэтгэл сэргэх болтугай.
33 Ехова ядуусыг сонсдог.
Олзлогдсон ард түмнээ жигшихгүй.
34 Тэнгэр, газар түүнийг магтаг.
Тэнгис ба түүн дотор хөдлөгч бүхэн түүнийг магтаг.
35 Бурхан Сионыг аварч,
Иудагийн хотуудыг сэргээн босгоно.
Ард түмэн нь тэнд амьдарч, газар нутгийг эзэмшинэ.
36 Зарц нарынх нь үр удам үүнийг өвлөж,
Нэрийг нь хайрлагчид тэнд аж төрнө.