Нэгдүгээр Коринт
4 Биднийг Христээр удирдуулдаг үйлчлэгч, Бурхны ариун нууцын нярав гэж үзээсэй. 2 Нярав хүн үнэнч байх ёстой. 3 Та нараар эсвэл хүний шүүхээр шүүлгэнэ гэдэг миний хувьд тун ялихгүй зүйл билээ. Би өөрийгөө ч шүүдэггүй. 4 Өөрийгөө буруутгах юм надад байхгүй. Гэвч үүгээрээ би өөрийгөө зөв гэж баталж байгаа юм биш. Намайг шүүдэг нэгэн бол Ехова*. 5 Тиймээс цаг нь болохоос нааш, Эзнийг ирэхээс өмнө та нар хэнийг ч бүү шүү. Тэрээр харанхуйд байдаг нууц юмыг гэрэлд гаргаж, хүн дотроо юу бодож явдгийг илчилнэ. Тэгэхэд хүн бүр Бурхнаас магтаал хүртэнэ.
6 Ах дүү нар минь, та нарын сайн сайхны төлөө, «Ариун Сударт бичсэнийг л баримтал» гэсэн зарчмыг та нар мэдэж дагаасай гэсэндээ би өөрийгөө болон Аполыг жишээ болгон дурдсан юм. Ийм зарчмыг баримталдаг бол бардам ихэмсэг болж хүнийг алаг үзэхгүй. 7 Та нар бусдаас юугаараа илүү юм бэ? Бурхнаас аваагүй юм гэж байна уу? Бүх юмыг Бурхнаас авсан атлаа өөрийнхөө сайнд олоод авчихсан юм шиг яагаад сайрхана вэ?
8 Та нар аль хэдийн хангалуун болоо юу? Аль хэдийн баян болоо юу? Бидэнгүйгээр хаан болоод захирч эхлээ юү? Захирч эхэлсэн байгаасай гэж ихэд хүсэж байна. Тэгвэл бид бас та нартай хамт захирна шүү дээ. 9 Бурхан, элч биднийг үхэх ялтай хүмүүс мэт бүхний өмнө хамгийн сүүлд гаргахаар зогсоосон мэт санагддаг. Яагаад гэвэл бид тэнгэрийн элчүүд, хүмүүс гээд нийтийн өмнө үзмэр болжээ. 10 Бид Христийг дагадаг учир мунхаг гэгдэж, харин та нар Христийг дагадаг гэдгээрээ өөрсдийгөө ухаалаг гэдэг. Бид сул дорой, та нар хүчтэй. Та нар хүндлэгддэг, харин бид дорд үзэгддэг. 11 Бид өнөөг хүртэл өлсөж, цангаж, өмсөж зүүхээр дутаж*, зодуулж, орон гэргүй явж, 12 гар хумхилгүй ажиллаж байна. Доромжлоход нь ерөөдөг, хавчихад нь тэвчдэг. 13 Гүтгэхэд нь эелдэг хариулдаг. Одоо ч биднийг нийгмийн шаар шавхруу, элдэв хог мэт үздэг.
14 Би та нарыг ичээхийн тулд биш, харин хайрт хүүхдүүдээ ухааруулахын тулд эдгээрийг бичиж байна. 15 Христийг яаж дагахыг заадаг багш та нарт 10 000 байж болох ч эцэг болох хүн олон байхгүй нь лав. Би сайн мэдээ тунхаглан, Христ Есүсийг яаж дагахыг зааж эцэг тань болсон учир 16 намайг дуурайж байхыг уриалъя. 17 Тиймээс Эзэн Есүст үнэнч үйлчилдэг хайрт хүү Тимотоо та нар луу явуулж байна. Христ Есүст үйлчлэхдээ, тодруулбал, газар газрын хуралд очиж сургахдаа баримталдаг зарчмыг минь тэрээр та нарт сануулна.
18 Та нарын зарим нь намайг ирэхгүй гэж бодоод их зан гаргадаг. 19 Ехова* хүсвэл би удахгүй танай тэнд очно. Тэгээд тэр их зантай хүмүүс юу ярьдгийг биш, Бурхны агуу хүчээр удирдуулдаг эсэхийг мэдэж авна. 20 Учир нь Бурхны Хаант төрд захирагддаг уу, үгүй юү гэдэг нь үг ярианаас биш, Бурхны агуу хүчээр удирдуулдаг эсэхээс харагддаг. 21 Би та нар луу очоод ташуурдах уу, эсвэл хайрлаж, аядуу зөөлөн байх уу? Өөрсдөө л мэд.