Дуулал
Давидын дуу.
35 Ехова минь ээ, эсэргүүцэгчдээс намайг өмгөөлөөч.
Надтай тэмцэлддэг хүмүүстэй тэмцэлдээч.
2 Том, жижиг бамбайгаа аван
Намайг хамгаалахаар босооч.
3 Намайг мөшгөгчдийн өөдөөс жад, сүхээ* далайгаач.
«Би чиний аврагч» гэж надад хэлээч.
4 Амийг минь ангуучлагчид ичгүүр, шившиг болог.
Намайг хөнөөхөөр хуйвалдагчид гутамшигтайгаар ухраг.
5 Тэд салхинд хивэг шиг хийсэг.
Еховагийн тэнгэрийн элч тэднийг зайлуулаг.
6 Еховагийн тэнгэрийн элч араас нь мөшгөн хөөх үед
Тэдний зам харанхуй, халтиргаатай байг.
7 Учир нь тэд намайг урхидах гэж шалтгаангүйгээр тор нуусан.
Намайг унагах гэж шалтгаангүйгээр нүх ухсан.
8 Тэдэнд гэнэт гамшиг тохиолдог.
Нуусан торондоо тэд өөрсдөө орог.
Тэгээд унаж үхэг.
9 Харин би Еховагийн үйлсэд баярлана.
Тэрбээр намайг аварсан учраас би баясна.
10 Би чин сэтгэлээсээ ингэж хэлнэ.
«Ехова, хэн тантай адил вэ?
Та дорой буурай хүмүүсийг хүчтэнүүдээс,
Ядарч зүдэрсэн хүмүүсийг дээрэмчдээс авардаг».
11 Хорон санаат гэрч нар гарч ирэн
Мэдэхгүй юмыг минь надаас асуудаг.
12 Тэд тусыг усаар хариулж,
Надад хүнд гарз хохирол учруулдаг.
13 Гэхдээ тэднийг өвдөхөд би таар нөмөрч
Мацаг барин байж өөрийгөө зовоосон.
Залбирлын минь хариу ирэхгүй байх үед
14 Би анд нөхөр, ах дүүгээ алдсан мэт гашуудан явж,
Эхийгээ алдан гашуудах мэт сөхрөн унасан.
15 Гэтэл намайг бүдрэхэд тэд баярлаж,
Отож байгаад цохиж унагахаар цугласан.
Тэд намайг хэл амаар зогсоо зайгүй доромжилсон.
16 Бурхангүй хүмүүс намайг элэглэн дооглож*,
Зэвүүцэн шүдээ хавирдаг.
17 Ехова, та намайг хэдий болтол хараад л байх юм бэ?
Намайг тэдний дайралтаас,
Үнэт амийг минь* залуу арслангуудаас авраач.
18 Тэгвэл би олны дунд* танд талархал өргөнө.
Олон түмний дунд таныг магтана.
19 Шалтгаангүйгээр надад дайсагнадаг хүмүүсийн бахыг бүү хангаач.
Шалтгаангүйгээр намайг үзэн ядагчдын нүдийг бүү ирмүүлээч.
20 Тэд эвээр ярьдаггүй.
Харин нутагтаа тайван амьдарч байгаа хүмүүсийг мэхлэхээр хуйвалддаг.
21 Тэд намайг буруутгаж, басамжлан доромжилж
«Еэ гялай! Бид харлаа» гэдэг.
22 Ехова минь ээ, юу болсныг та харсан. Бүү дуугүй байгаач.
Надаас бүү хол зогсооч, Ехова.
23 Сэрээч, босооч, намайг хамгаалаач.
Миний Бурхан Ехова, шүүх дээр намайг өмгөөлөөч.
24 Миний Бурхан Ехова, та зөв шударгынхаа дагуу намайг шүүгээч.
Миний зовлонгоор тэдний бахыг бүү хангаач.
25 Тэд: «Еэ гялай! Хүссэнээр маань боллоо» гэж бүү хэлэг.
«Бид тэрнийг залгилаа» гэж бүү хэлэг.
26 Миний зовлонгоор бахаа хангадаг бүхэн
Ичгүүр шившиг болоосой.
Намайг дорд үздэг хүмүүс гутамшиг болж цөхрөөсэй.
27 Харин зөв юм хийдэгт минь баярладаг хүмүүс баяртайгаар хашхираг.
Тэгээд тэд цаг үргэлж
«Зарцдаа амар тайвныг хүсдэг Ехова алдарших болтугай!» гэж хэлэг.
28 Тэгвэл би таны зөв шударгыг тунхаглаж*,
Өдөржин таныг магтана.