Иов
4 Хариуд нь теман хүн Елифаз хэлсэн нь:
2 «Хүн чамтай ярих гэвэл тэвчээр чинь алдрах биз.
Гэхдээ би дуугүй сууж чадахгүй нь ээ.
3 Чи олон хүнд зааж сурган
Сул дорой хүмүүст сэтгэлийн тэнхээ өгч байсан нь үнэн.
4 Бүдэрсэн хүнийг чи үгээрээ өндийлгөж,
Сөхөрсөн хүмүүст чи хүч тэнхээ өгдөг байсан.
5 Гэвч энэ нь өөрт чинь тохиолдоход чи цөхөрч,
Энэ нь чамд учрахад чи барьц алдаж байна.
6 Чи Бурхныг сүсэглэн бишрээд түүнд итгэдэг болоогүй гэж үү?
Чи үнэнч шударгаар яваад итгэл найдвартай болоогүй гэж үү?
7 Сана л даа, гэм буруугүй хүн хэзээ мөхөж байлаа?
Шулуун шударга хүн хэзээ устгагдаж байлаа?
8 Миний харснаар, хор хөнөөлийн газрыг хагалагчид,
Гай гамшгийн үрийг суулгагчид түүнийгээ л хурааж авдаг.
9 Бурхны амьсгалаар тэд мөхөж,
Дүрсхийн уурлахад нь тэд сөнөдөг.
10 Арслан хүрхэрч, залуу арслан архирдаг.
Гэвч хүчит арслангуудын шүд ч хугардаг.
11 Арслан идэшгүй болсноос үхэж,
Гүегүүд нь тарж бутарчээ.
12 Нэг үг надад нууцаар ирж,
Шивнээ нь чихэнд минь хүрэв.
13 Хүмүүсийг шөнө дунд гүн нойрсож байхад
Би сэтгэл түгшээм үзэгдэл үзэв.
14 Аймшигт доргионд би чичирч
Айдас хүйдэс хамаг ясыг минь нөмрөв.
15 Нүүрэн дээгүүр минь сүнс өнгөрөхөд
Шар үс минь арзайн босов.
16 Тэгтэл тэр хөдлөлгүй зогслоо.
Төрхийг нь би ялгаж чадсангүй.
Нэг юм нүдний минь өмнө байлаа.
Аниргүйн дундаас дуу хоолой сонсогдлоо.
17 “Мөнх бус хүн Бурхнаас илүү зөв байж чадах уу?
Хүн Бүтээгчээсээ илүү цэвэр байж чадах уу?” гэлээ.
18 Тэрбээр үйлчлэгчдэдээ итгэдэггүй,
Тэнгэрийн элч нараасаа өө эрдэг.
19 Тэгэх тусмаа шавар сууцанд амьдардаг,
Шороо тоосноос бүтсэн*,
Дэнгийн эрвээхэйгээс ч амархан бяцардаг хүмүүнээс тэр өө эрэхгүй гэж үү?
20 Өглөө нь тэд амьд байх боловч орой нь хэдийнээ бяцарсан байдаг.
Тэднийг бүрмөсөн мөхөхөд хэн ч анзаардаггүй.
21 Тэд олсыг нь сулласан майхан шиг биш гэж үү?
Тэд мэргэн ухааныг ололгүй үхэцгээдэг.