Ёоханд илчилсэн нь
5 Сэнтийд залрагч Нэгний баруун мутарт ар өвөргүй бичсэн, долоон лацтай хуйлмал ном байхыг би харлаа. 2 «Лацнуудыг нь салгаж, хуйлмал номыг дэлгэх зохистой нь хэн бэ?» гэж чанга дуугаар тунхаглаж байгаа хүчирхэг тэнгэрийн элчийг бас харлаа. 3 Гэвч хуйлмал номыг дэлгээд харж чадах нэгэн тэнгэрт ч, газарт ч, газар доор ч байсангүй. 4 Хуйлмал номыг дэлгэх юм уу доторхыг нь харах зохистой нэгэн олдоогүй тул би асгартал уйлав. 5 Тэгтэл ахлагчдын нэг нь: «Уйлахаа боль. Иуда овгийн Арслан, Давидын үндэс ялсан тул хуйлмал номыг нээж, долоон лацыг нь салгах зохистой нэгэн мөн» гэж өгүүлэв.
6 Тэгээд би сэнтий, дөрвөн амьд бүтээл болон ахлагчдын дунд зогсох нядлуулсан мэт, долоон эвэр, долоон нүдтэй хургыг харлаа. Нүднүүд нь дэлхий даяар илгээгдсэн Бурхны долоон агуу хүч юм. 7 Хурга урагш гарч, сэнтийд залрагч Нэгний баруун мутарт байгаа хуйлмал номыг авав. 8 Тэгэхэд дөрвөн амьд бүтээл болон 24 ахлагч Хурганы өмнө сөгдөв. 24 ахлагч бүрд босоо ятга, утлагаар дүүрэн алтан сав байлаа. (Утлага нь ариун хүмүүсийн залбирал юм.) 9 Тэгээд тэд ийм нэгэн шинэ дуу дуулав. «Та бол хуйлмал номыг нээж, долоон лацыг нь салгах зохистой нэгэн билээ. Учир нь та нядлуулсан бөгөөд бүх овог, бүх хэл, бүх ард түмэн, бүх үндэстнээс хүмүүсийг Бурханд зориулж цусаараа худалдаж авсан. 10 Та тэднийг Бурхны төлөө хаан, тахилч болгосон бөгөөд тэд хаан болж дэлхийг захирна».
11 Би сэнтийний эргэн тойронд байгаа олон тэнгэрийн элч, амьд бүтээлүүд, ахлагчдыг харж, дууг нь бас сонссон билээ. Тэд үй олуулаа*, мянга мянгаараа байсан. 12 Тэд чанга дуугаар: «Нядлуулсан Хурга эрх мэдэл, эд баялаг, мэргэн ухаан, хүч чадал, хүндэтгэл, сүр жавхлан, магтаал хүртэх зохистой» гэцгээж байлаа.
13 Тэнгэр, газар дээрх болон газар доорх, тэнгис далай дахь бүх бүтээл, тэдгээрийн доторх аливаа бүхэн: «Сэнтийд залрагч Нэгэн ба Хурганд магтаал, хүндэтгэл, сүр жавхлан, хүч чадал үүрд мөнх байх болтугай» гэхийг би сонслоо. 14 Дөрвөн амьд бүтээл: «Амен» гэж хэлэв. Ахлагчид сөгдөж, Бурхныг шүтэв.