Элчүүдийн үйлс
19 Аполыг Коринтод байх зуур Паул уулархаг нутгаар явсаар Эфэст очиж, хэдэн дагалдагчийг олж уулзав. 2 Паул тэднээс «Та нарыг дагалдагч болоход Бурхан агуу хүчээ өгсөн үү?» гэж асуухад «Бурхан агуу хүчээ өгдөг гэж бид огт сонсоогүй юм байна» гэцгээжээ. 3 Паул: «Тэгвэл та нар ямар баптисм хүртсэн юм бэ?» гэхэд «Ёоханы баптисмыг» гэж хариулжээ. 4 Тэгэхэд нь Паул: «Ёохан нүглээ гэмшсэн хүмүүст баптисм хүртээж, араас нь ирэх нэгэн буюу Есүст итгэхийг уриалж байсан шүү дээ» гэж тайлбарлахад 5 өнөөх хүмүүс Эзэн Есүсийн нэрээр* баптисм хүртэв. 6 Паул тэдэн дээр гараа тавихад Бурхан агуу хүчээ өгч, тэд өөр хэлээр ярьж, зөгнөж эхэлжээ. 7 Тэд 12-уулаа байв.
8 Паул гурван сарын турш синагогт очиж үг хэлэн Бурхны Хаант төрийн талаар ойлгуулахын тулд Судрыг тайлбарлаж зоригтой ярив. 9 Гэвч зарим хүн зөрүүдлээд итгэхгүй, Замыг олны өмнө муулаад байхлаар нь Паул тэднээс холдож, дагалдагчдыг тусад нь авч яваад Тураны сургууль дээр өдөр бүр үг хэлж байв. 10 Ийм байдалтай хоёр жил болоход Ази мужийн иудей, грек гээд бүх хүн Эзний үгийг сонсжээ.
11 Бурхан Паулаар агуу гайхамшиг үйлдүүлж байлаа. 12 Хүмүүс алчуур, даавуу зэргийг Паулын биед хүргэчихээд авч яваад өвчтэй хүмүүст хүргэхэд өвчин нь эдгэж, чөтгөрүүд зайлдаг байжээ. 13 Нутаг орноор явж, чөтгөрт эзэмдүүлсэн хүний чөтгөрийг зайлуулдаг хэсэг иудей хүн байв. Тэд: «Паулын тунхагладаг Есүсийн өмнөөс тушааж байна» гэж хэлэн Эзэн Есүсийн нэрийг ашиглах гэж оролддог байлаа. 14 Ахлах тахилч Скю гэдэг иудей хүний долоон хүү бас ийм юм хийдэг байжээ. 15 Нэгэн удаа чөтгөр тэдэнд «Би Есүсийг мэднэ. Паулыг ч танина. Харин та нар хэн гээч вэ?» гэжээ. 16 Чөтгөрт эзэмдүүлсэн хүн тэдэн рүү ухасхийн дайрч хүч түрэмгийлэн бүгдийг нь дийлэхэд гэмтэж бэртсэн өнөөх долоо тэр айлаас нүцгэн шахуу гарч зугтав. 17 Энэ явдлын талаар иудей, грек гээд Эфэсийн бүх хүн мэдээд ихэд айжээ. Эзэн Есүсийн нэр улам их алдаршиж байлаа. 18 Есүсийн дагалдагч болсон олон хүн нүглээ гэмшиж, хийсэн хэргээ илчилжээ. 19 Ид шид үйлддэг байсан олон хүн номнуудаа авчирч олны өмнө шатаав. Шатаасан номны үнийг тооцож үзэхэд 50 000 мөнгөн зоос болжээ. 20 Ийнхүү Еховагийн* үг өргөн далайцтай түгэж, улам олон хүн итгэдэг болж байлаа*.
21 Үүний дараа Паул Македон, Ахейгээр дайрч Иерусалимд, дараа нь Ромд очихоор шийджээ. 22 Тиймээс өөрт нь тусалж байсан хүмүүсээс хоёрыг нь буюу Тимот, Ерастыг Македон руу явуулаад өөрөө Ази мужид хэсэг зуур байв.
23 Тэр үед Замаас болж үймээн гарчээ. 24 Артэмисийн сүмийг дуурайлган мөнгөөр жижиг баримал урладаг дархан Деметр бусад дарханд чамгүй их орлого оруулдаг байв. 25 Деметр, дархчуул болон ажил төрлийн холбоотой бусад хүнийг цуглуулж «Та минь ээ, энэ наймааны ачаар л бид өдий зэрэгтэй яваа шүү дээ. 26 Гэтэл Паул гэгч энэ этгээд хүний гараар хийсэн бурхан бол бурхан биш гэж ярьж, ятгаснаас болж ганц Эфэст ч биш, Ази муж даяар олон түмний сэтгэл хувирсныг та бүхэн харж, сонсож байгаа. 27 Тэгэхээр, бидний дарх муу нэр зүүгээд зогсохгүй Ази муж төдийгүй дэлхий даяар шүтдэг агуу их охин тэнгэр Артэмисийн сүр жавхлан буурч, сүм нь ч хэрэггүй болох аюул нүүрлээд байна» гэв. 28 Үүнийг сонсоод тэд ихэд уурлан «Эфэсчүүдийн Артэмис агуу!» гэж хашхирч эхлэв.
29 Ингээд хот даяар үймээн дэгдэж, хотынхон бүгдээрээ театрт яаран очжээ. Хүмүүс Паулын хамтрагч, македон хүн Гаи Аристарх хоёрыг чирч театрт авчирчээ. 30 Паул тийшээ очих гэтэл дагалдагчид явуулсангүй. 31 Тэр бүү хэл, Паулд найрсаг ханддаг, олон нийтэд зориулж баяр наадам, тэмцээн уралдаан зохион явуулдаг түшмэд хүртэл түүн рүү хүн явуулж, театрт очиж, амь насандаа аюул учруулахгүй байхыг хэлүүлжээ. 32 Цугласан хүмүүсийн зарим нь нэг юм хэлэн хашхирч байхад зарим нь өөр юм хэлэн хашхирч байлаа. Тэдний олонх нь яагаад ирснээ ч ойлгоогүй, төөрөлдсөн байв. 33 Хэдэн хүн Александрыг олны дундаас авчрахад иудейчүүд түүнийг түлхэж урагш гаргав. Тэр чимээгээ намдаахыг гараараа дохиод өөрсдийгөө өмгөөлж үг хэлэх гэтэл 34 иудей хүн гэдгийг нь анзаарсан хүмүүс түүнээс урьтаж «Эфэсчүүдийн Артэмис агуу!» гэж хоолой нийлүүлэн хоёр цаг орчим хашхирчээ.
35 Хотын захирагч олон түмнийг чимээгүй болгоод «Эфэс хотынхон, агуу Артэмисийн сүм болон тэнгэрээс бууж ирсэн дүрсийг Эфэс хот хамгаалдаг гэдгийг мэдэхгүй хүн байна гэж үү? 36 Энэ нь хөдөлшгүй үнэн тул та нар тайван байж, хөнгөн хуумгай юм бүү хий. 37 Та нарын авчирсан энэ хүмүүс сүмийг ч тоноогүй, охин тэнгэрийг маань ч доромжлоогүй юм байна. 38 Тэгэхээр, Деметр болон бусад дархан зарга мэдүүлэх гэж байгаа бол шүүхэд очиж, захирагчдаар шүүлгэнэ биз. 39 Харин илүү ноцтой юм байгаа бол хотын оршин суугчдыг цуглахад хуулийн дагуу хэлэлцэг. 40 Эс бөгөөс бид бүгдээрээ энэ явдлаас болж бослого гаргасны буруутан болох гээд байна. Яагаад гэвэл ийм замбараагүй явдал гаргасныг зөвтгөх ямар ч үндэс байхгүй байна шүү дээ» гэж хэлээд 41 цугласан олныг тараажээ.