Левит
16 Аароны хоёр хүү Еховагийн өмнө хүндэтгэлгүйгээр дөхөж очоод үхсэний дараа Ехова Мосетой ярьжээ. 2 Ехова Мосед «Чи ах Аарондоо хөшигний цаадах Ариунаас ариун газарт, гэрээний авдрын тагны урд хамаагүй очиж болохгүй гэж хэл. Эс тэгвэл тэр үхнэ. Яагаад гэвэл тагны дээрх үүлэн дунд би үзэгддэг юм.
3 Аарон Ариунаас ариун газар луу орохоосоо өмнө нүглийн төлөөх тахилын залуу бух, шатаалт тахилын хуц авчрах ёстой. 4 Тэрбээр ариун маалинган дотуур дээл, нүцгэн биеэ халхлах маалинган дотуур өмд өмсөж, маалинган бүс бүсэлж, толгойдоо маалинган өмсгөл өмсөх ёстой. Эд бүгд ариун хувцас учраас өмсөхөөсөө өмнө усанд орох ёстой.
5 Аарон Израйлын чуулганаас нүглийн төлөөх тахилд зориулан хоёр залуу эр ямаа, шатаалт тахилд зориулан нэг хуц авах ёстой.
6 Аарон өөрийнхөө нүглийн төлөөх тахил болгон бух өргөнө. Ийнхүү өөрийнхөө болон гэрийнхнийхээ* нүглийг уучлуулах юм.
7 Дараа нь тэрбээр өнөөх хоёр ямааг цугларалтын асрын үүдэнд Еховагийн өмнө аваачна. 8 Тэгээд аль ямааг нь Еховагийн төлөө өргөж, алийг нь нүглийг үүрэгч* ямаа болгохоо шийдэхийн тулд шавга хаях ёстой. 9 Шавга хаяж, Еховагийн төлөө өргөх ямааг сонгогдоход Аарон тэр ямааг нүглийн төлөөх тахил болгохоор тогтоно. 10 Харин нүглийг үүрэгч* ямааг сонгогдоход Еховагийн өмнө амьдаар нь аваачна. Тэр ямаанд ард түмний нүглийг үүрүүлэн, тэдний нүглийг уучлуулахын тулд цөл рүү явуулна.
11 Аарон нүглийн төлөөх тахилын бухаа өөрийнхөө болон гэрийнхнийхээ* нүглийг уучлуулахын тулд авчрах ёстой. Дараа нь тэрхүү нүглийн төлөөх тахилын бухаа нядална.
12 Тэгээд Еховагийн өмнөх тахилын ширээнээс галын гаргуулаар цог дүүргэж аваад сайтар нунтагласан анхилуун утлагаас хоёр атгыг авч хөшигний цаагуур орно. 13 Тэрбээр утлагыг Еховагийн өмнө цогон дээр асгах бөгөөд утлагын утаа гэрчлэлийн авдрын тагийг бүрхэнэ. Ингэснээр тэрбээр үхэхгүй байх юм.
14 Дараа нь бухын цуснаас авч авдрын тагны урд тал буюу зүүн зүг рүү харсан тал руу хуруугаараа цацах ёстой. Ийнхүү авдрын тагны өмнө долоон удаа цуснаас цацна.
15 Тэгээд ард түмний нүглийн төлөөх тахилын ямааг нядлаад цусыг нь хөшигний цаана аваачиж, бухын цусыг цацсан шигээ тагны өмнө цацна.
16 Мөн тэрбээр ариун газрыг израйлчуудын бузар байдал, алдаа зөрчил, нүглээр бузартуулахгүйн тулд ариусгах ёстой. Бузартсан израйлчуудын дундах цугларалтын асрыг ч ариусгах ёстой.
17 Түүнийг Ариунаас ариун газар луу нүглийг уучлуулахаар ороод гарч иртэл цугларалтын асарт өөр хүн байж болохгүй. Тэрбээр өөрийнхөө, гэрийнхнийхээ* болон Израйлын хамаг чуулганы нүглийг уучлуулах юм.
18 Дараа нь Еховагийн өмнөх тахилын ширээг очиж ариусгах ёстой. Ингэхдээ бух болон ямааны цуснаас авч тахилын ширээний дөрвөн булан дахь эврүүдэд түрхэнэ. 19 Тэгээд цуснаас тахилын ширээн дээр хуруугаараа долоон удаа цацаж тахилын ширээг израйлчуудын бузар байдлаас ариусгах ёстой.
20 Аарон Ариунаас ариун газар, цугларалтын асар, тахилын ширээг ариусгасныхаа дараа амьд ямааг авчирна. 21 Тэгээд ямааны толгой дээр хоёр гараа тавин израйлчуудын алдаа, зөрчил, нүглийг наманчилж тэр ямаанд үүрүүлээд томилогдсон хүнд* өгч цөл рүү явуулна. 22 Тэрбээр ямааг цөл рүү явуулах бөгөөд ямаа бүх нүглийг үүрээд цөл рүү явах юм.
23 Ингээд Аарон цугларалтын асар луу орох бөгөөд Ариунаас ариун газар луу орохдоо өмссөн маалинган өмсгөлөө тайлж тэндээ тавина. 24 Тэрбээр ариун газарт* усанд ороод өмсгөлөө өмсөх ёстой. Тэгээд гарч ирээд өөрийнхөө болон ард түмний нүглийг уучлуулахын тулд өөрийнхөө, мөн ард түмний шатаалт тахилыг өргөнө. 25 Тэрбээр нүглийн төлөөх тахилын өөхийг тахилын ширээн дээр шатаан уугиулна.
26 Нүглийг үүрэгч ямааг явуулсан хүн хувцсаа угааж, усанд орсныхоо дараа хуаран руу орж болно.
27 Бух, ямааныхаа арьс, мах, сэвсийг хуарангаас гадагш гарган шатаах ёстой. Тэдгээрийн цусыг нүглийг уучлуулахаар Ариунаас ариун газар луу авч орсон билээ. 28 Шатаасан хүн нь хувцсаа угааж, усанд ороод хуаран руу орж болно.
29 Та нар болон дунд чинь суугаа харийн хүмүүс долдугаар сарын арваны өдөр сэтгэлээ номхотгож*, ямар ч ажил хийх ёсгүй. Энэ нь та нарын үргэлж сахих ёстой зарлиг юм. 30 Энэ өдөр та нарын нүгэл уучлагдаж, ариун гэж зарлуулах юм. Та нар Еховагийн өмнө бүх нүглээсээ ангижирна. 31 Энэ өдөр бол бүтэн амрах Амралтын өдөр бөгөөд та нар сэтгэлээ номхотгох ёстой. Энэ зарлигийг үргэлж сахигтун.
32 Эцгийнхээ халааг аван тослогдож, тахилчаар томилогдсон хүн нүглийг уучлуулах тахил өргөнө. Тэрбээр ариун өмсгөл болох маалинган өмсгөлийг өмсөх ёстой. 33 Тэрбээр Ариунаас ариун газар, цугларалтын асар, тахилын ширээг ариусгана. Мөн тахилчид болон хамаг чуулганы нүглийг уучлуулахын тулд тахил өргөнө. 34 Ийнхүү жилд нэг удаа израйлчуудын нүглийг уучлуулахын тулд тахил өргөх ёстой. Энэ бол үргэлж сахих ёстой зарлиг юм» гэж айлджээ.
Тэрбээр Еховагийн Мосед тушаасан ёсоор гүйцэтгэв.