Нэгдүгээр Коринт
11 Христийг дуурайдаг намайг дуурай.
2 Бүх зүйл дээр намайг санаж, миний уламжилсан бүхнийг чанд сахидгийг тань магтан сайшаая. 3 Гэхдээ та нар үүнийг мэдэх ёстой. Христ бол эр хүний тэргүүн, эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн юм. 4 Эр хүн толгойдоо юм өмсөөд залбирах юм уу зөгнөвөл толгойгоо гутааж байгаа хэрэг. 5 Харин эмэгтэй хүн толгой нүцгэн залбирах юм уу зөгнөвөл толгойгоо гутааж байгаа бөгөөд үсээ хусуулснаас ялгаагүй юм. 6 Толгойдоо юм өмсөхгүй гэвэл үсээ тайруулаг. Үсээ тайруулах юм уу хусуулах нь шившигтэй байвал толгойдоо юм өмсөг.
7 Бурхан эр хүнийг өөртэйгөө адилхан бүтээсэн бөгөөд эр хүн Бурхны алдрыг тусгадаг учир толгойдоо юм өмсөх ёсгүй. Харин эмэгтэй хүн эр хүний алдрыг тусгадаг. 8 Яагаад гэвэл эр хүн эмэгтэй хүнээс бус, эмэгтэй хүн эр хүнээс бий болсон. 9 Түүнчлэн, эр хүнийг эмэгтэй хүний төлөө бус, эмэгтэй хүнийг эр хүний төлөө бүтээсэн. 10 Тиймд эмэгтэй хүн эрх мэдэлд захирагддагийнхаа тэмдэг болгож толгойдоо юм өмсөх ёстой. Энэ нь тэнгэрийн элчүүдийн улмаас юм.
11 Эзний дагалдагчдын тухайд эр хүн үгүй бол эмэгтэй хүн гэж байхгүй, эмэгтэй хүн үгүй бол эр хүн гэж байхгүй. 12 Яагаад гэвэл эмэгтэй хүн эр хүнээс бий болсон бөгөөд эр хүн эмэгтэй хүнээс төрдөг. Гэхдээ бүх юмыг Бурхан бүтээсэн. 13 Тэгэхээр, эмэгтэй хүн Бурханд толгой нүцгэн залбирах нь зөв үү гэдгийг өөрсдөө бодоод үз. 14 Хүнийг хэрхэн бүтээснийг бодож үзвэл илэрхий биш үү? Урт үс эр хүнийг гутаадаг, 15 эмэгтэй хүнийг чимдэг. Учир нь Бурхан урт үсийг эмэгтэй хүнд толгойн өмсгөл болгон өгсөн. 16 Гэхдээ санал нийлэхгүй маргадаг хүн байвал бидэнд ч, Бурхны хурлуудад ч өөр заншил байхгүй гэдгийг түүнд ойлгуул.
17 Ийм заавар өгөнгөө бас нэг юм хэлэхэд би та нарыг сайшаахгүй байна. Яагаад гэвэл танай цуглаан та нарт тус болохоосоо ус болж байна. 18 Хамгийн гол нь, дунд чинь хагарал гарсан гэж дуулсан. Би үүнийг үнэний хувьтай гэж бодож байна. 19 Тэгэхээр, та нарын дотор бүлгэрхэх явдал гарах нь гарцаагүй бөгөөд улмаар хэн нь Бурхны таалалд нийцдэг нь тодорхой болно.
20 Та нар цугладаг ч Эзний оройн зоог барих гэж цугладаггүй. 21 Яагаад гэвэл та нар зоог барих цаг болоогүй байхад иддэг. Тэгээд нэг нь өлсөж байхад нөгөө нь согтуу байдаг. 22 Та нар идэж уух гэр оронтой биз дээ? Эсвэл та нар Бурхны хурлыг доромжилж, юмгүй нэгнээ ичээх гэдэг юм уу? Би юу хэлэх юм бэ? Та нарыг магтах уу? Үүний чинь төлөө магтахгүй.
23 Би Эзнээс хүлээж авснаа та нарт уламжилсан. Эзэн Есүс урвагчаас болж дайсанд баригдахаасаа өмнө, орой нь талх авч 24 талархаад, талхаа хувааж, «Энэ нь та нарын төлөө өгөх миний биеийг бэлгэддэг. Намайг дурсаж ийнхүү үйлдэж байгаарай» гэж захисан. 25 Дээгүүр өнгөрөх баярын зоог барьсныхаа дараа бас аяга авч «Цусаар минь баталгаажих шинэ гэрээг энэ аяга бэлгэддэг. Энэ аяганаас уух болгондоо намайг дурсаж ийнхүү үйлдэж байгаарай» хэмээсэн билээ. 26 Тэгэхээр, та нар энэ талхыг идэж, энэ аяганаас уух болгондоо Эзнийг иртэл үхлийг нь тунхагладаг гэсэн үг.
27 Тиймээс талх идэж, Эзний аяганаас уухдаа зохисгүй авирладаг хэн боловч Эзний бие, цусыг үл тоомсорлосон болно. 28 Юуны түрүүнд, өөрийгөө шалгаж, ямар байгаагаа магадал. Дараа нь л талх идэж, аяганаас уу. 29 Талх нь Эзний биеийг бэлгэддэг гэдгийг ойлгохгүйгээр идэж уудаг хүн буруудна. 30 Та нарын дунд сул дорой, өвчтэй хүн олон байна. Бас үхсэн* хүн ч цөөнгүй байна. 31 Ямар байгаагаа магадалдаг бол буруудахгүй. 32 Харин магадлаагүйн улмаас буруудсан хүнийг Ехова* сахилгажуулдаг. Үүнийх нь ачаар бид ертөнцтэй хамт ялд унахгүй. 33 Тиймээс ах дүү нар аа, Эзний оройн зоог барих гэж цуглахлаараа нэг нэгнээ хүлээж бай. 34 Өлссөн хүн нь гэртээ ид. Тэгвэл буруудах хүн гарахгүй. Харин бусад хэргийг би очоод зохицуулна.