Ёоханд илчилсэн нь
14 Сион уулан дээр Хурга болон 144 000 хүн зогсож байгааг би харлаа. Тэр хүмүүсийн духан дээр Хурга болон Эцгийн нэр бичээстэй байв. 2 Их усны дуу, аянга ниргэх мэт чанга дуу тэнгэрээс гарах нь сонсдов. Надад сонсогдсон дуу бол дуучид босоо ятгаар тоглонгоо дуулж байгаа дуу мэт байлаа. 3 Сэнтий, дөрвөн амьд бүтээл, ахлагчдын өмнө тэдний дуулж байгаа дуу нь шинэ дуу бололтой. Тэр дууг дэлхийгээс худалдаж авсан 144 000 хүнээс өөр хэн ч сурч чадахгүй ажээ. 4 Тэд эмэгтэйчүүдтэй садарлаж өөрсдийгөө бузарлаагүй, ариун* хүмүүс юм. Тэд Хургыг хаашаа ч явсан дагадаг. Тэднийг хүн төрөлхтний дундаас Бурхан болон Хурганы төлөө анхны үр жимс болгон худалдаж авсан билээ. 5 Тэдний амнаас заль мэх олдоогүй бөгөөд тэд гэм зэмгүй юм.
6 Тэнгэрийн дундуур* нисэж яваа өөр нэгэн тэнгэрийн элчийг би харав. Газар дээр суугч бүх үндэстэн, бүх овог, бүх хэлтэн, бүх ард түмэнд тунхаглах мөнхийн сайн мэдээ түүнд байлаа. 7 Тэрээр чанга дуугаар «Бурхнаас эмээж, түүнийг алдаршуулагтун. Учир нь бүх хүнийг шүүх цаг болжээ. Тиймд тэнгэр, газар, тэнгис ба усны эх булгуудыг бүтээсэн Нэгнийг шүтэцгээ» хэмээж байлаа.
8 Дараа нь гарч ирсэн хоёр дахь тэнгэрийн элч: «Тэр нурсан! Садарлан самуурах* хүсэл тачаал буюу дарсаа бүх үндэстэнд уулгасан Агуу Вавилон нурсан!» гэж хэлэв.
9 Тэдний араас гурав дахь тэнгэрийн элч гарч ирээд чанга дуугаар «Араатан болон түүний хөргийг шүтдэг, дух юм уу гар дээрээ түүний тэмдгийг тавиулсан хүн 10 Бурхны дарсыг бас ууна. Энэ дарс нь Бурхны уур хилэн юм. Бурхан энэ дарсыг уур хилэнгийн аягандаа шингэлэлгүй хийнэ. Тэр хүн ариун тэнгэрийн элчүүд болон Хурганы өмнө гал, хүхэр дотор тарчилна. 11 Тэднийг тарчилгадаг галын утаа үүрд мөнх бургилна. Араатан болон түүний хөргийг шүтдэг, нэрнийх нь тэмдгийг тавиулсан хүн өдөр шөнөгүй зовно. 12 Иймд Бурхны тушаалыг биелүүлдэг, Есүсийн итгэлээс чанга зуурдаг ариун хүмүүс тэвчээртэй байх ёстой» гэж хэллээ.
13 Тэнгэрээс «Бич. Энэ цагаас хойш үхэх Эзний дагалдагчид жаргалтай. Тэд ажлаа зогсоож амраг. Учир нь тэдний хийсэн бүхэн мартагдахгүй* гэж Бурхны агуу хүч хэлж байна» гэх дуу гарахыг би сонслоо.
14 Би нэгэн цагаан үүл харав. Тэргүүндээ алтан титэмтэй, гартаа хурц хадууртай, хүний хүүтэй адил нэгэн тэр үүлэн дээр сууж байлаа.
15 Сүмийн ариун газраас өөр нэг тэнгэрийн элч гарч ирээд үүлэн дээр суугаа нэгэнд хандан өндөр дуугаар «Хадаад хурааж ав. Учир нь хураах цаг болсон, дэлхийн ургац бүрэн боловсорсон» гэхэд 16 үүлэн дээр суугч дэлхий дээгүүр хадуураараа ширвэн, ургацыг нь хураав.
17 Тэнгэр дэх сүмийн ариун газраас дахин нэг тэнгэрийн элч гарч ирлээ. Тэрээр бас хурц хадууртай ажээ.
18 Өөр нэг тэнгэрийн элч тахилын ширээнээс гарч ирсэн бөгөөд галыг захирдаг ажээ. Тэрээр хурц хадууртай нэгэнд хандан чанга дуугаар «Усан үзэм боловсорсон тул хурц хадуураараа хадаж, дэлхийн усан үзмийг багцаар нь хураа» гэв. 19 Тэгэхэд тэнгэрийн элч дэлхий дээгүүр хадуураараа ширвэн, дэлхийн усан үзмийг хураагаад Бурхны уур хилэнгийн дарсны том шахуургад хийв. 20 Шахуурга нь хотын гадна шахагдахад шахуургаас цус гарч өндрөөшөө морины хазаарт хүрч, уртаашаа 1 600 стадиа* газар урслаа.