Тооллого
14 Тэгэхэд хамаг чуулган дуугаа өндөрсгөн хашхиралдаж, шөнөжингөө уйлалдав. 2 Израйлчууд бүгдээрээ гомдоллож Мосе Аарон хоёрыг эсэргүүцэн «Бид Египетэд эсвэл энэ цөлд үхэцгээсэн ч болоосой! 3 Ехова биднийг яагаад энэ нутагт авчирсан юм бэ? Биднийг илдээр хөнөөлгөж, эхнэр хүүхдүүдийг маань олзлуулах гэж авчирсан гэж үү? Египет рүү буцсан нь дээр юм биш үү?» гэцгээв. 4 Тэд бүр өөр хоорондоо «Удирдагч томилоод Египет рүү буцацгаая» гэж байлаа.
5 Тэгэхэд нь Мосе Аарон хоёр тэнд хуран цугласан израйлчуудын өмнө сөхөрч унав. 6 Тэгтэл Канааныг тандсан хүмүүсийн дунд байсан Нуны хүү Иошуа, Иефуннегийн хүү Калеб хоёр хувцсаа урж 7 Израйлын чуулганыханд «Бидний тандаад ирсэн нутаг үнэхээрийн сайхан нутаг байсан. 8 Ехова биднийг сайшааж байгаа бол тэр нутагт заавал аваачиж, сүү, балаар бялхсан тэр нутгийг бидэнд өгнө. 9 Бид тэднийг ялах учраас Еховад бүү тэрсэл. Тэднээс айх ч хэрэггүй, тэд хамгаалалтгүй болсон. Ехова бидэнтэй хамт байгаа. Тэднээс битгий ай» гэлээ.
10 Гэвч чуулган: «Тэдэн рүү чулуу шидэцгээе» гэцгээв. Тэгтэл Еховагийн цог жавхлан цугларалтын асрын дээр израйлчуудад бүгдэд нь үзэгдэв.
11 Ехова Мосед «Энэ ард түмэн намайг хэр удаан хүндлэхгүй байх юм бэ? Намайг дунд нь гайхамшгууд үйлдээд байхад надад хэчнээн удаан итгэхгүй байх юм бэ? 12 Би тэднийг тахлаар хөнөөнө. Харин чамайг тэднээс илүү агуу, хүчирхэг үндэстэн болгоно» гэжээ.
13 Тэгэхэд нь Мосе Еховад «Таныг ард түмнээ агуу хүчээрээ Египетээс гаргачхаад дараа нь яасныг египетчүүд сонсоод 14 эндхийн оршин суугчдад ярина шүү дээ. Тэд Ехова Бурхан таныг ард түмэнтэйгээ хамт байдгийг, тэдэнтэй нүүр тулан уулздагийг сонссон. Бас таныг Ехова гэдгийг, таны үүл тэдний дээр байдгийг, та өдөр нь үүлэн баганаар, шөнө нь галан баганаар тэдний өмнө явдгийг сонссон билээ. 15 Хэрвээ та энэ ард түмнийг гэнэт устгачихвал таны нэр алдрын талаар сонссон үндэстнүүд: 16 “Ехова энэ ард түмэнд өгнө гэж амласан нутагтаа тэднийг аваачиж чадаагүй учраас цөлд хөнөөчхөж” гэх болно. 17 Ехова минь, та одоо амласан ёсоороо сүр хүчээ үзүүлээч. Та айлдахдаа 18 “Ехова би амархан уурладаггүй, үнэнч хайраар бялхам, алдаа зөрчлийг уучилдаг. Харин гэм буруутай хүнийг шийтгэлгүй орхидоггүй. Эцгийнх нь нүглийн шийтгэлийг үр ач, гурав, дөрөв дэх үеийнхэнд нь буулгадаг” гэсэн шүү дээ. 19 Таны үнэнч хайр агуу билээ. Тийм учраас энэ ард түмнийг Египетэд байхаас нь өнөөг хүртэл уучилсаар ирсэн шигээ одоо бас нүглийг нь уучлаач» гэв.
20 Тэгэхэд нь Ехова: «Би чиний хэлснээр тэднийг уучилъя. 21 Нөгөөтээгүүр, би өөрөөрөө тангараглая. Даян дэлхий Ехова миний цог жавхланг харна. 22 Харин миний цог жавхланг харсан, бас Египет болон цөлд үйлдсэн гайхамшгуудыг минь үзсэн ч намайг арван удаа сорьж, үгийг минь дагаагүй хэн боловч 23 эцэг өвгөдөд нь миний өгнө гэж амласан нутгийг үзэхгүй. Намайг хүндэтгээгүй хэн боловч үзэхгүй. 24 Харин миний үйлчлэгч Калеб өөр хандлагатай байж, намайг үргэлж хоёргүй сэтгэлээр дагасан учраас би түүнийг очиж үзсэн газарт нь заавал аваачна. Үр удамд нь тэр газрыг эзэмшүүлнэ. 25 Амалекчууд, канаанчууд хөндийд амьдарч байгаа учраас та нар маргааш буцаад Улаан тэнгисийн замаар цөл рүү хөдлөгтүн» хэмээн айлджээ.
26 Дараа нь Ехова Мосе Аарон хоёрт 27 «Энэ хорон муу чуулган хэр удаан гомдоллож намайг эсэргүүцэх юм бэ? Намайг эсэргүүцэн юу гэж гомдоллохыг нь би сонссон. 28 Тэдэнд ингэж хэлэгтүн. “Ехова ийн айлдаж байна. «Би өөрөөрөө тангараглая. Та нараас сонссон бүхнийхээ дагуу би та нарт хариу барина. 29 Намайг эсэргүүцэн гомдоллосон 20 болон түүнээс дээших насны бүртгэгдсэн бүх хүн энэ цөлд үхэцгээнэ. 30 Иефуннегийн хүү Калеб, Нуны хүү Иошуа хоёроос өөр хүн миний та нарыг амьдруулна гэж амласан нутаг руу орохгүй.
31 Та нарын олзлуулах вий гэж айж байсан үр хүүхдүүдийг чинь би та нарын голсон тэр нутагт аваачиж, тэд тэр газрыг үзнэ. 32 Харин та нарын цогцос энэ цөлд хаягдана. 33 Та нарыг энэ цөлд үхэж үрэгдэж дуустал та нарын урваж шарвасны гайг үр хүүхдүүд чинь үүрч, энэ цөлд 40 жил хонь хариулна. 34 Та нарын тэр нутгийг тандсан 40 хоног тус бүр нь нэг жилтэй тэнцэнэ. Тиймээс та нар үйлдсэн нүглийнхээ хариуцлагыг 40 жил үүрч, намайг эсэргүүцсэн* хүн яадгийг мэдэх болно.
35 Ехова би айлдаж байна. Намайг эсэргүүцэн цугласан энэ хорон муу чуулган энэ цөлд мөхнө, энд тэд үхнэ. 36 Газар нутгийг тандуулахаар Мосегийн явуулсан эрчүүд буцаж ирэхдээ тэр нутгийн талаар муу мэдээ дуулгасан. Үүнээс болж чуулган Мосег эсэргүүцэн гомдоллосон. 37 Тэр нутгийн талаар муу мэдээ авчирсан тэр эрчүүд Ехова миний өмнө шийтгүүлж үхнэ. 38 Тэр нутгийг тандахаар явсан хүмүүсийн дунд байсан Нуны хүү Иошуа, Иефуннегийн хүү Калеб хоёр амьд үлдэнэ» гэж айлдсан”» гэв.
39 Мосе энэ бүхнийг израйлчуудад хэлэхэд тэд маш их шаналж гашуудав. 40 Бас тэд өглөө эрт босож, уулын орой руу явахаар болж «Одоо Еховагийн амласан нутаг руу явцгаая. Бид Бурхны эсрэг нүгэл үйлджээ» гэцгээв. 41 Харин Мосе: «Та нар яагаад Еховагийн тушаалыг зөрчинө вэ? Наадах чинь бүтэхгүй. 42 Ехова та нартай хамт байхгүй учраас уул руу битгий яв. Та нар дайсандаа ялагдана. 43 Тэнд та нар амалекчууд, канаанчуудтай нүүр тулж, илдэнд нь хөнөөгдөнө. Та нар Еховаг дагаагүй учраас Ехова та нартай хамт байхгүй» гэжээ.
44 Гэвч тэд бардам загнаж, уулын орой руу явцгаав. Харин Еховагийн гэрээний авдар болон Мосе хуаранд үлдэв. 45 Тэгтэл ууланд амьдарч байсан амалекчууд, канаанчууд бууж ирэн тэднийг Хорма хүртэл хөөж бут цохив.