Нэгдүгээр Тесалоник
3 Тиймээс бидний тэвчээр барагдав. Өөрсдөө Афинд үлдэхийг дээр гэж бодоод 2 Христийн тухай сайн мэдээ тунхаглагч, Бурхны үйлчлэгч* Тимотыг та нар луу явуулсан билээ. Та нарыг урамшуулан зоригжуулж, тайвшруулах зорилгоор түүнийг явуулсан нь итгэлийг тань батжуулахын тулд юм. 3 Тэгвэл та нарын хэн нь ч зовлонгоос болж шантрахгүй*. Ийм зовлон туулахаа та нар өөрсдөө мэддэг шүү дээ. 4 Учир нь бид бүгдээрээ зовно гэдгийг хамт байхдаа ярьдаг байсан. Тэгэхээр та нарын мэддэг юм болсон хэрэг. 5 Тэвчээр минь барагдаад Тимотыг явуулсан нь Соригч та нарыг сорьсон байх вий, бидний хөдөлмөр талаар болсон байх вий гэж зовоод үнэнч байгаа эсэхийг тань мэдэх гэснийх юм.
6 Тимот танай тэндээс ирж, та нарын бат итгэл, хайрын тухай ярьж чихэнд чимэгтэй мэдээ дуулгалаа. Бид та нарыгаа үгүйлэн санаж, уулзахын хүслэн болж байгаа шиг та нар ч биднийг санаж, хүслэн болж байгаа юм байна. 7 Тиймээс, ах дүү нар минь, бид гачигдаж дутагдаж, зовж байгаа ч та нарыгаа үнэнч байгааг мэдээд тайвширлаа. 8 Эзний дагалдагч та нар тууштай байгаа болохоор сэтгэл сэргэлээ. 9 Биднийг ийм их баярлуулж байгаа та нарынхаа төлөө Бурхандаа талархаад баршгүй. 10 Нүүр тулан уулзаж, улам бат итгэлтэй байхад тань туслах сан гэж өдөр шөнөгүй шаргуу залбирч сууна.
11 Бурхан Эцэг болон Эзэн Есүс биднийг танай тийшээ явуулаасай. 12 Бид та нарыг хайрладаг шиг та нар ч бие биеэ, бас бусдыг илүү их хайрладаг болоход Эзэн Есүс тусалж, 13 ариун үйлчлэгчидтэйгээ ирчихээд байхдаа та нарыг Бурхан Эцгийн таалалд нийцэхээр тууштай, гэм зэмгүй, ариун болгоосой.